Тэмдэглэлт ой
Хан Тайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Алтайчууд 100 жилийн ойн баяраа хүн бүрд хүргэж чадлаа. Баяр наадмын нээлтийн тоглолтод 600 гаруй хүүхдээс гадна төрийн албан хаагчид, урлаг соёлынхон гээд уугуул иргэдээ түлхүү хамруулсан бол наадамчин олныг хүлээж авах бэлтгэл ажилд хүн бүр хичээн зүтгэсний хүчинд тэгш ойн баяраа сэтгэл тэнэгэр тэмдэглэн өнгөрүүлснээ хуваалцаж байна. Баяр наадмын нээлтийн өглөө бороо ширүүсэн шивэрсэн ч наадамчин олон товлосон цагт цэнгэлдэхээ дүүргэн цугласан байв.
Ийнхүү баяр наадмын өдрүүдэд хур орсон нь алтайчуудын баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон юм. Говь-Алтайчууд тэгш ойн баярынхаа бэлтгэлийг богино хугацаанд базаасан ч маш өндөр зохион байгуулалттайгаар бэлтгэл хангасан нь олон талаар ажиглагдаж байв. Аймгийн төв рүү орж ирсэн наадамчин олонд зориулан баяр наадмын хөтөлбөрийг төв цэнгэлдэхийн байршил, эргэн тойрны бүх мэдээллийг харуулсан самбар байршуулснаас авахуулаад зочин гийчид тухлах 400 гаруй гэр барьжээ. Энэ мэтчилэн наадамчин олны тав тухыг тусгайлан бодолцож бэлтгэн базаасанд олон нийт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
Хан Тайшир уулын аймгийн 100 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд 256 бөх хүч үзсэнээс Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын аварга О.Хангай түрүүлсэн юм. Хан Тайшир уулын аймгийн 100 жилийн ойн бөхийн барилдаан нэлээд онцлог, сонирхолтой болсон. Тухайлбал, тус наадамд улсын цолтой 40 бөх зодоглосон бөгөөд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь тэргүүтэй С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, О.Хангай нарын дөрвөн аварга зүлэг ногоон дэвжээндээ хүч үзэн уран мэхийг уралдуулав.
Д.Амарбаясгалан: Бүс нутагтаа хөгжлөөрөө тэргүүлэх, үлгэр жишээ аймаг байхын төлөө хамтдаа хичээх нь чухал
Хан Тайшир уулын аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нээсэн бол Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нээлтийн үг хэлснээр баяр наадмын арга хэмжээ албан ёсоор өндөр үүдээ нээсэн юм.
Д.Амарбаясгалан дарга Хан Тайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийнхээ ойг тэмдэглэхээр хуран чуулсан нутгийн ард иргэд, уугуул суугуул алтайчууддаа баяр наадмын мэндчилгээ дэвшүүлээд өдгөөгөөс 100 жилийн өмнө халхын дөрвөн аймгийн нэрийг уул усны нэрээр өөрчилж, тэр дундаа Засагт хан аймгийн нэрийг Хан Тайшир уулын аймаг болгосон нь хуучин цагийн ноёд, тайж нарын өв уламжилдаг ёсыг халж, шинэ цагийн ардчилсан засаг захиргааг төвхнүүлж эхэлснийг илтгэх түүхийн чухал үйл явдал болсныг тодотгосон.
Энэхүү өөрчлөлт шинэчлэл улс орон даяар өрнөсний дотор Хан Тайшир уулын аймгийнхан томоохон үүрэг оролцоотой байж, угаас эх оронч, эрэлхэг зоригоороо ялгаран тодорч байсан нь түүхийн хуудаснаа тод тэмдэглэгдсэн байдаг. Тухайлбал, Хан Тайшир уулын аймгийн төв болох Говь-Алтай нутгаас Монгол Улсын хамгийн олон генерал төрсөн нь үүний томоохон баталгаа юм. Газар нутаг, уул усны онцлог маань биднийг хар багаас биеэ даах, хөдөлмөрлөх, хүн бүр үүрэг оролцоотой, нэг нэгэндээ тус дэмтэй байхад сургадаг байсан нь Засагт ханы хөх харчууд, зартай нутгийн сайн эрс гэж дуудагдахад хүргэдэг байсныг ч онцолсон юм.
Халхын дөрвөн аймгийн нэг Хан Тайшир уулын аймаг нь газар нутгийн хувьд одоогийн Говь-Алтай аймаг бүхэлдээ, Увс аймгийн Баруунтуруун, Өндөрхангай, Зүүнхангай, Завхан, Цагаанхайрхан сум, Ховд аймгийн Дарви, Чандмань, Мөнххайрхан сум, Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Баянзүрх, Улаан-Уул, Чандмань-Өндөр, мөн Завхан аймгийн 21 сум харьяалагдаж байсныг олон эх сурвалжид дурдсан байдгийг мөн тодотгож байв.
Ийнхүү одоогийн Говь-Алтай аймаг бол Засагт хан, Хан Тайшир уулын аймгийн гол цөм газар нутаг байсан нь тодорхой байх тул энэ оны зургадугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 221 дүгээр тогтоолоор Хан Тайшир уулын аймгийн 100 жилийн ойг Говь-Алтай аймагт зохион байгуулахаар тогтсон билээ. “Түүхийн чухал үйл явдлыг эргэн санах, үр хойчдоо үндсэн агуулгыг нь ухуулан таниулах, эцэг өвгөдийнхөө хийсэн бүтээсэн, санаж зорьж байсныг ойлгож, үргэлжлүүлэх нь аливаа ой, баяр наадмын гол утга учир байх ёстой.
Түүнчлэн түүхэн үйл явдлын тэгш ойг тохиолдуулан судалгаа, эрдэм шинжилгээний үр дүнгүүдээ нэгтгэж, өөрсдийн үнэн зөв түүхийг гаргаж ирэн эх түүх, удам судраараа бахархах, бүрэн дүүрэн итгэлтэй болох, үе хойчдоо өвлүүлэхэд анхаарах нь тун чухал юм. Бидний хувьд дан ганц Говь-Алтай аймаг бус зэргэлдээх олон аймагтайгаа хамтран ажиллаж, бүс нутагтаа хөгжлөөрөө тэргүүлэхийн тулд нутгийн уугуул, суугуул иргэд нэг санаа бодол, зорилготойгоор урагш алхаж чаддаг, үлгэр жишээ аймаг байхын төлөө хамтдаа хичээх нь ихээхэн чухал байгааг онцлохыг хүсэж байна” хэмээгээд Алтай нутгийн хөгжилд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэйг онцгойлон сануулсан юм.
Ийнхүү баяр наадмын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Буудай уулыг төрийн тахилгат хайрхан болгосныг зарлан мэдээлсэн нь алтайчуудын хувьд баяр дээр баяр нэмсэн үйл явдал болов. Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ ажилласан бол наадмын нээлтийн тоглолтыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар найруулан тавьсан юм.
“Хан Тайшир 100” баяр наадмын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар “Манай наадмын агуулга нь баруун Алтайд ирэгсдийг Боорчоор захируулах тухай Чингис хааны зарлигаар эхэлсэн. Ингээд тухайн үеийн баатрууд ард түмнийхээ дотор орж, хаадынхаа зарлигийг сонордуулан тамга тэмдгээ үзүүлж байгааг кино хэлбэрээр харуулахын зэрэгцээ бүжиг, дуу хөгжмөөр баяжуулан найруулж тавилаа” хэмээн тайлбарласан. Наадмын тоглолтын хүрээнд их Алтайн уул ус, хайрхан, их говиудаа магтан дуулсан шинэ магтаалыг мөн бий болгосон байна.
Алтай нутгаа хөгжүүлэх зургаан сэргэлтийг хэлэлцэв
Хан Тайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн баяр наадмын арга хэмжээ долдугаар сарын 30-нд “Хуурын эгшиг” яруу найргийн наадмаар эхэлсэн юм. Тус наадамд 2020 оны “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Жамбалдорж тэргүүн байр эзэлсэн.
Түүнчлэн “Говь-Алтай миний сайхан нутаг” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг шинэхэн музейдээ дэлгэн, олны хүртээл болгов. Говь-Алтайчууд тэгш ойн хүрээнд томоохон бүтээн байгуулалт хийсэн бөгөөд наадмын өдрүүдэд нээлтийг нь хийж, олны хүртээл болгосон юм. Үүний хамгийн том жишээ нь 3500 хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэн. Түүнчлэн Алтай нутгийн хүүхэд залуучуудад зориулсан “Хан Тайшир” спорт цогцолборыг шинээр барьж байгуулжээ.
Хан Тайшир уулын аймаг, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойдоо зориулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Говь-Алтай аймгийн үүх түүх, үүсэл гарлын талаар тал бүрээс нь хэлэлцэн ярилцаад зогсохгүй Алтай нутгаа хэрхэн хөгжүүлэх талаар тухайлан хэлэлцсэн нь алтайчуудын бүтээлч хандлагыг бүрнээ илтгэсэн гэхэд болно. “Хан Тайшир уулын аймаг 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нээж, “Төрөлх Алтай хөдөөгийн сэргэлт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
Цаашид Говь-Алтай аймаг хэрхэн хөгжих вэ гэдэг асуултын хүрээнд “Төрөлх Алтай” төрийн бус байгууллагын зүгээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллага болон эрдэмтдийг оролцуулсан бодлогын судалгааг хийлгэсэн байна. Энэ нь эцсийн судалгаа биш бөгөөд санал болгон дэвшүүлж байгаа судалгаа гэдгийг Д.Амарбаясгалан дарга илтгэлийнхээ эхэнд тодотгосон.
Энэхүү бодлогын судалгаагаар гарсан судалгааг УИХ, Засгийн газар төдийгүй орон нутгийн түвшинд хэлэлцүүлсэн бөгөөд цаашид бодлогын цөм болгон авч явах бүрэн боломжтой гэж үзсэн учраас ийнхүү алтайчуудад танилцуулан, хэлэлцүүлж буйгаа тодотгож байв. Ингэснээр цаашид Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогод тусгахаас гадна улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт хүртэл тусгах бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж.
Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг “Чингис хаан” музейн захирал, академич, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуун тавилаа.
Тэрбээр илтгэлийнхээ хүрээнд одоогийн Говь-Алтай аймгийнхан Монголын тусгаар тогтнолд ямар үүрэг гүйцэтгэсэн тухайд Засагт хан аймгаас Хан Тайшир уулын аймаг байгуулах хүртэлх түүхэн үйл явдлуудын талаар өгүүлсэн. Тодруулбал, Засагт хан аймгийг XVI зууны сүүл үед байгуулж, XX зууны эхэн үед 1923 он хүртэл Засагт хан аймаг гэж нэрлэж явсан.
Энэ хугацаандаа Засагт хан аймаг өмнө талаараа Манж чин улстай, хойд талаараа Хаант Орос улстай хил залгаж, өргөн уудам нутгийг хамран оршдог байлаа. Нэгэн цагт Засагт хан аймгийн нутаг, одоогийн ОХУ-ын Красноярскийн хязгаар, Енисей мөрний сав нутаг хүртэл өргөжиж байсан. Хойд зүгийн Засагт ханы ноёд Оросын эзэн хаадтай эн тэнцүү харилцаж, дипломат бодлогоор Орос улсыг Тагна, Тувагийн нуруу, Хөвсгөл, Увс нуурыг эзлэхээс хамгаалан сууж байсан.
Мөн Засагт ханыхан өмнө талдаа Манж чин улстай эн тэнцүү харилцахыг хүсэж, 1691 онд Халхын ханууд Долон нуурт чуулахад Засагт ханы Гэндэн хунтайж тэргүүтэй хүмүүс дөрвөн жил Сэлэнгийн сав нутагт суусан байх жишээтэй. Ингээд Засагт ханыхан Монголын түүхэнд, тусгаар тогтнолд онцгой түүхэн үүрэг гүйцэтгэсэн.
Тэгэхээр Засагт хан аймгийн голомт бол Хан Тайшир уулын аймаг. 1912 онд Хан Тайшир уулын аймаг гэж нэрлэгдэж байсан түүхтэй” хэмээн тайлбарлав.
Ийнхүү байгаль дэлхий өнгөө засаж, хүн зон нь сэтгэл тэнэгэр наадсан Хан Тайшир уулын аймгийнхан “Насаараа дурсах наадам”-тай боллоо. Алтайчууд тэгш ойн баяраараа үүх түүх, өв соёлоороо бахдан шинэ зууны түүхээ бичиж эхэллээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24559/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна