ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Баярболдтой ярилцлаа.
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахын тулд сүүлийн таван жил эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх ёстой гэдэгт зарим иргэн шүүмжлэлтэй ханддаг. Улмаар иргэд авах гэж буй тусламж үйлчилгээнээсээ хамаарч “Тав эсвэл сүүлийн нэг жилийнхийг төлөх зохицуулалт байж болохгүй юу” гэсэн санал ч гаргах болсон. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Иргэд хуульд заасны дагуу эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагдах ёстой учраас ямар нэгэн зохицуулалт, өөрчлөлт хийх боломжгүй. Эрүүл мэндийн даатгал эв санааны нэгдлийн зарчимд тулгуурладаг тул тухайн хүн төлсөн шимтгэлийнхээ хэмжээнээс үл хамаарч, тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 2015 онд шинэчлэн баталж, эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын хамрагдалт албан журмынх байх ёстой гэдэг зохицуулалт тусгасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн бүр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ заавал төлөх ёстой гэсэн үг. Ингэхдээ 2019 оноос хойших буюу сүүлийн таван жилийн ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлж байж, Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцдаг тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой. Харин гадаадын болон харьяалалгүй иргэн өөрийн хүсэлтээр буюу сайн дураар эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрхтэй.
-Хуулиар ЭМД-ын шимтгэл төлөлтийг албан журмынх болгосноор хамрагдалтын түвшин өөрчлөгдөж байна уу?
-Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хүн амын 93 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан тоон мэдээлэл бий. Эрүүл мэндийн даатгалд хамруулах зорилтот бүлэгт малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид багтдаг. Тиймээс манай байгууллагаас томоохон худалдааны төвүүдэд ажиллаж, даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулсан. Өвчин хэлж биш хийсэж ирдэг тул иргэд ЭМД-ын шимтгэлээ төлснөөр шаардлагатай тусламж үйлчилгээг санхүүгийн хүндрэл, бэрхшээлгүйгээр авах боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Иргэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд хуулийн хэрэгжилтийг хэн хангуулах ёстой вэ?
-Хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг харьяа сум, хорооны Засаг дарга хариуцах ёстой байдаг. Гэхдээ иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдахгүй бол тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсэж, төлөх ёстой шимтгэлээсээ илүү их хэмжээний мөнгө зарцуулна гэдгийг ойлгож, ухамсраараа шимтгэлээ төлөх нь зүйтэй.
-Сүүлийн таван жилийн ЭМД-ын шимтгэлээ төлөхөд өмнөх онуудынхыг тухайн үеийн тогтоосон үнийн дүнгээр төлөх үү?
-Тэгнэ. Тухайн цаг үед мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцож, төлнө. Тухайлбал, 2019 онд сарын 3200, 2020-2022 онд 4200, энэ онд 5500 төгрөгийн шимтгэл төлөх ёстой. Олон улстай харьцуулахад манай улсын эрүүл мэндийн даатгалын шимтгэл харьцангуй бага.
-Эрүүл мэндийн даатгалыг нэг худалдан авагчийн тогтолцоо руу шилжүүлснээр ямар ахиц дэвшил гарч байна вэ. Иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилт хангагдаж чадаж байна уу?
-Нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнээр нэн шаардлагатай тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцах нөхцөл бүрдсэн. Нэн шаардлагатай тусламж үйлчилгээ гэдэгт тархины харвалт, зүрхний шигдээс, эрхтэн тогтолцооны бүх төрлийн хорт хавдрын мэс засал, эм эмчилгээ, яаралтай болон түргэн тусламж гэх мэт үйлчилгээ багтдаг. Ийм тогтолцоо руу шилжихээс өмнө нэн шаардлагатай тусламж үйлчилгээг авахад иргэн санхүүгийн хүндрэлд ордог байсан бол одоо энэ мэт бэрхшээл гарахгүй нөхцөл бүрдсэн.
Мөн ЭМД-д хамрагдсан иргэн жилд хоёр сая төгрөг хүртэлх тусламж үйлчилгээ авдаг байсан бол холбогдох хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ийм хязгаар тогтоохоо больсон. Энэ зохицуулалт бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүгийн хүндрэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй авах боломжийг иргэнд олгож байгаа юм. Жишээлбэл, Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцдаг оношийн хамааралтай бүлгийн жагсаалтаас хамгийн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ бол эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал байдаг. Нийт зардал болох 113 сая төгрөгийн 87 саяыг Эрүүл мэндийн даатгалын сан, үлдсэнийг нь иргэн өөрөө хариуцдаг. Даатгалын гол зорилго бол иргэнийг эрүүл мэндийн улмаас үүдэлтэй санхүүгийн эрсдэл буюу ядууралд оруулахгүй байх явдал юм.
-Энэхүү тогтолцооны өөрчлөлтийн хүрээнд хувийн хэвшлийн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ үзүүлдэг болсон. Гэхдээ иргэдийн дунд энэ талаарх ойлголт мэдээлэл бага буй нь ажиглагдаж байна. Одоогоор хэдэн эмнэлэг даатгалаар үйлчилгээ үзүүлж байна вэ?
-ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг төрийн болон хувийн хэвшлийн нийт 328 байгууллага бий. Эдгээр нь манай байгууллагаас явуулсан сонгон шалгаруулалтад тэнцсэн, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг газрууд. Үзүүлж буй тусламж үйлчилгээг төр, хувийнх гэж ялгахгүйгээр нэг ижил тарифаар тооцож, гүйцэтгэлээр нь санхүүжилт олгодог. Түүнчлэн хэвтүүлэн эмчлэх хугацаанд тухайн иргэнээс эм, эмнэлгийн хэрэгслийн материал гэх мэтийг гаргуулахгүй, мөн ямар нэгэн нэмэлт төлбөр авахгүй байх заалтыг хуульд мөн холбогдох тогтоолд ч тусгасан байгаа. Хэвтүүлэн эмчлэх зардал гэдэгт шууд болон шууд бус бүх зардал багтсан байдаг. Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлж буй нь тусламж үйлчилгээг сайжруулах нэг хөшүүрэг. Гүйцэтгэлээр санхүүжилт олгоно гэдэг нь чанар үр, дүнд суурилж буй гэж ойлгож болно.
-Холбогдох хууль, тогтоомжид ийм зохицуулалт тусгасан ч зарим эрүүл мэндийн байгууллага иргэнээс нэмэлт эм, тариа, материал зэргийг гаргуулах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд хаана хандах ёстой вэ. Зарцуулсан мөнгөө эргүүлэн авах боломжтой юу?
-Буцаан авах боломж бий. Хэвтүүлэн эмчлэх хугацаанд нь тухайн иргэнээс нэмэлт зардал гаргуулсан тохиолдолд буцаан олгох зохицуулалт хуульд бий. Иргэнээс нэмэлт зардал гаргуулсан, мөн буцаан олгохгүй байгаа тохиолдолд ЭМДЕГ-т хандаж болно.
-Эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдийн гүйцэтгэл үнэн бодит эсэхэд хэрхэн хяналт тавьдаг вэ. Гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх гэх мэт олон талын хөшүүргийг ашигласнаар эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж өмнөхөөсөө илүү сайжирч чадаж байна уу?
-Хамгийн анхан шатны хяналтын нэгж бол иргэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө иргэний төлсөн шимтгэлийн мөнгөнөөс бүрддэг. Тэрхүү мөнгө маань эрүүл мэндийн байгууллагаар дамжиж, тусламж үйлчилгээ байдлаар эргээд иргэнд хүрдэг учраас чанартай эсэхэд тэд өөрсдөө анхан шатны хяналт тавих эрхтэй. Хэрэв, тухайн эмнэлгээс авсан тусламж үйлчилгээнд сэтгэл ханамжтай бус байгаа тохиолдолд даатгуулагч маань манай байгууллагад санал гомдол гаргаж, тус зөрчлийг хамтарч арилгах боломжтой.
Эрүүл мэндийн байгууллагууд иргэнд үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ мэдээллийг манай байгууллага руу цахимаар илгээдэг. Бид эхний ээлжид тэрхүү дата мэдээлэлд, дараа нь зорилтот түүврийн аргаар нарийвчилсан хяналт тавьдаг. Шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж, шалгалт хийдэг. Ийм байдлаар, үе шаттайгаар хяналт тавьж баталгаажуулсны дараа санхүүжилтийг нь олгох зарчмаар явдаг.
-Өнгөрсөн жил Эрүүл мэндийн санд хэчнээн төгрөг төвлөрүүлсэн бэ. Энэ жил хэдийг төвлөрүүлэхээр төлөвлөөд байна вэ?
-Эрүүл мэндийн даатгалын сан бусад сангаас онцлогтой. Орсон орлого нь хуримтлагдахгүй. Эргүүлээд зарцуулагддаг. Тиймээс өнгөрсөн жил төвлөрсөн 1.2 их наяд төгрөгийн орлогыг эргүүлээд зарцуулсан. Харин энэ жил 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, зарцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Иргэд хаана байгаагаас үл хамаарч, ЭМД-ын шимтгэлээ түргэн шуурхай төлөх боломжоор хэрхэн хангаж байна вэ?
-Төрийн үйлчилгээг иргэнд ойртуулах зорилгоор цахим систем ашиглан ЭМД-ын шимтгэлээ төлөх боломжийг бүрдүүлсэн. Тодруулбал, иргэн хаана, хэзээ гэдгээс үл хамаарч ebarimt болон emongolia, мөн ЭМДЕГ-ын цахим системд хандаж, өөрийн регистрийн дугаараа оруулахад шимтгэл төлөөгүй жил, сар нь харагдах бөгөөд түүнийг зааврын дагуу төлснөөр 15-20 минутын дотор мэдээлэл нь баталгаажна. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй болно.
-Монголд эмчлэх боломжгүйгээс үүдэн иргэнд учирч буй санхүүгийн дарамтыг хөнгөвчлөх, улмаар гадагшаа урсаж буй мөнгөн урсгалыг багасгах зорилтын хэрэгжилт ямар байна вэ?
-Сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмж шинэчлэгдэж, боловсон хүчин сайжирч байна. Үүний үр дүнд Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалт багасаж байна. Тухайн тусламж үйлчилгээг эх орондоо үзүүлэх боломж нөхцөл нь бүрдсэн, нутагшуулсан тохиолдолд бид өртгийн тооцоолол хийж, мөн Эрүүл мэндийн даатгалын сангийнхаа эрсдэлийг тооцож, даатгуулагчид хэрэгтэй гэж үзвэл оношийн хамааралтай бүлгийн жагсаалтад оруулж, санхүүжүүлдэг.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24559/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна