Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас цахимаар удирдан зохион байгуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, хотын гол дөрвөн өргөн чөлөө буюу Энхтайван, Чингис, Ард Аюуш, Чингэлтэйн өргөн чөлөөний хоёр эгнээ замыг гурав болгон нэмэгдүүлэх ажлыг судлах үүрэг өгсөн. Энэ хүрээнд дөрвөн өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний газрыг чөлөөлөхөд нийт 195 нэгж талбар өртөх тооцоо судалгаа гарчээ. Чингэлтэйн өргөн чөлөөний хувьд зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах шатандаа явж байгаа бол үлдсэн гурван өргөн чөлөөний ажил үе шаттайгаар хэрэгжиж байна.
Мөн Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд 564 алба хаагч хоёр ээлжээр ажиллан, хөдөлгөөн зохион байгуулсан. Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан эхний өдөр хөдөлгөөний эрчим 31 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Түүнчлэн олон нийтийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 86 гудамж, замд 74,999 ам метр тэмдэглэгээ хийхээс 69 гудамж, замд 54,813 ам метр хэвтээ тэмдэглэгээ хийгээд байна.
Өвөлжилтийн бэлтгэл хангахаар 658 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Тэрбээр:
-Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд 84.6 хувийн биелэлттэй байгаа. Үүнээс Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, 2023 оны зуны их, урсгал засварын төлөвлөгөөг Эрчим хүчний яамтай хамтран баталсан. Улс, нийслэлийн хөрөнгө болон гадаадын зээл тусламжаар 19 байршилд 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэх, шинээр татах ажлыг энэ оны тавдугаар сарын 15-наас эхлүүлсэн. Өдгөө засвар, шинэчлэлийн ажил 89.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр ашиглалтын хугацаа дууссан 15.7 км дулааны гол шугамын өргөтгөл, шинэчлэл 97.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Харин ЕСБХБ-ны санхүүжилтээр хоёр байршилд 3 км дулааны хос шугам шинээр татахаар төлөвлөсөн бөгөөд худалдан авах ажиллагааг зарласан.
Ус сувгийн удирдах газраас өвөлжилтийн бэлтгэл хангахаар шугам сүлжээ, барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээтэй холбоотой нийт 32 нэр төрлийн ажил төлөвлөснөөс биелэлт 83.1 хувьтай хэрэгжиж буй.
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хувьд 2023 оны зуны засвараар найман байршилд 3.6 км хос шугам сүлжээ болон бусад засварын ажлыг гүйцэтгэж байгаа. Инженерийн шугам сүлжээний их болон урсгал засвар 83 хувийн биелэлттэй байгаа бөгөөд есдүгээр сарын 15 гэхэд 100 хувь дуусгахаар ажиллаж байна. Мөн инженерийн шугам сүлжээ, ариутгах татуургын худгийн засвар, түвшин тааруулах ажил 75 хувийн биелэлттэй байгаа.
Мөн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хот тохижилтын газар, дүүргүүдийн болон хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 6057 тонн бодис, 6235 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1121 тонн бодис, 3025 тонн давс нөөцлөөд байна.
Зам талбайн цэвэрлэгээний 25 байгууллагын 290 тусгай зориулалтын тоног төхөөрөмжид засвар, үйлчилгээ хийн, өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна. Нэмэлтээр БНХАУ-аас бодис цацах 11 техник, зам талбайн шүүрт машин зургааг захиалсан гэв.
Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн их болон урсгал засварын ажлыг хугацаанд нь хийж, машин механизм, тоног төхөөрөмжүүдийг яаралтай татан авах, давс бодисын нөөцөө сайтар бэлтгэх хэрэгтэйг анхааруулав.
81 мянган тонн сайжруулсан түлшний нөөц бүрдүүллээ
2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран 100,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Үүний дагуу өнөөдрийн байдлаар түрээсийн 46 агуулахад нийт 81,885 тонн түлшний нөөцийг бүрдүүлээд байна. Есдүгээр сарын 15 гэхэд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэлт 100 хувьд хүрнэ. Мөн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт хийх 31 компанитай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 310 тээврийн хэрэгсэл үйлдвэрээс борлуулалтын цэг, үйлдвэрээс агуулах, агуулахаас борлуулалтын цэг гэсэн үндсэн гурван циклээр, өдөрт дунджаар таван удаагийн рейсээр сайжруулсан шахмал түлш тээвэрлэнэ. “Таван толгой түлш” ХХК-ийн зүгээс 2023-2024 онд ажиллах борлуулалтын цэгийг сонгон шалгаруулахаар www.burtgel.ttt.mn цахим хаягаар материал хүлээн авч байгаа. Бүртгэл наймдугаар сарын 17-31 хүртэл үргэлжилнэ гэдгийг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.
Дулаан хангамжийн тоноглолын бэлтгэл 90 хувьтай байна
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан:
-Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь 370 км дулааны шугамаар нийслэлийн дөрвөн цахилгаан станцаас дулаан дамжуулж байна. 2023-2024 оны халаалтын улиралд 3501 ккал дулааны эрчим хүчийг 13,400 барилга, объектод дамжуулан ажиллана.
2023 онд баталсан их болон урсгал засварын төлөвлөгөөний дагуу 15 магистрал шугам, салбар шугам тоноглолд иж бүрэн засвар үйлчилгээ хийж буй. Тухайлбал, төв магистрал шугамын засвар 100 хувьтай, насос станцуудын цахилгаан тоноглолын засвар 95 хувьтай, хэрэглэгчийн шугам тоноглолын ажил 73 хувьтай буюу нийт дулаан хангамжийн тоноглолын бэлтгэл 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Дэлхийн банкны санхүүжилтээр хийж буй дулааны шугам сүлжээний шинэчлэлттэй холбоотой тохижилтыг есдүгээр сарын 4 гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байна хэмээв.
Нийслэлийн Засаг дарга шугам сүлжээний шинэчлэлийн дараа ногоон байгууламж, явган замтай холбоотой тохижилтын нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийх хэрэгтэйг онцолж байлаа.
Үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэн шилжүүллээ
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг:
-Нийслэлийн Засаг дарга иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд нийт 132 байршлын 2355 гарааш чөлөөлөх тухай захирамж гаргасан. Захирамжийн хүрээнд 102 байршлын 1813 гараашийг чөлөөлж, ажлын явц 77 хувийн гүйцэтгэлтэй байна.
Түүнчлэн 111 байршлын 8771 метр стандартын бус хашаа, хайс буулгахаас 110 байршлын 8651 метр хашааг чөлөөлсөн. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Долоон дүүргийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд 2900 айлын нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 2165, зөвшөөрөлгүй 735 нэгж талбар байна. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэн шилжүүлсэн. Үлдсэн айл өрхүүдийг долоон дүүргийн 29 байршлын 427 га газарт нүүлгэн шилжүүлэхээр газрын байршил, нөөцийг тодорхойлж, дүүрэг болон нийслэлийн ИТХ-аар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлуулсан. Мөн Сэлбэ, Дунд голын үерийн эрсдэлтэй бүсийг тусгай хэрэгцээнд авах ажил үргэлжилж байна. Сэлбэ, Дунд гол дагуу 50.6 км урттай, онцгой болон энгийн хамгаалалтын бүс дэх 1850 га талбай бий. Үүнээс онцгой хамгаалалтын бүс дэх 534 га талбайг байгалийн нөөц газрын ангиллаар Орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан бөгөөд НИТХ-д өргөн барихад бэлэн болсон. Таван дүүргийн хэмжээнд Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсэд 1887 нэгж талбар өртөөд байна гэлээ.
“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 23 байршилд гарлаа
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 31 байршилд зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 23 байршилд төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарчээ. Эдгээр байршилд нийт 770 гаруй тонн хүнсний ногоог борлуулж, 2.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Хотын даргын зүгээс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрд зохион байгуулах ажлыг эрчимжүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийхийг үүрэг болгосон юм.
Шугам сүлжээний засварын дараа нөхөн сэргэлтийг чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна