Манай сонины ойн баярын дугаарт зориулан судлаач, сэтгүүлчид үгээ хэллээ


Х.Цэвлээ: “Монголын үнэн” чөлөөт хэвлэлийн суурийг тавьсан 
/Монгол Улсын Хөдөлмөрийн баатар/


-Би сэтгүүл зүйд “Үнэн” сониноор дамжин орж ирсэн.  Намайг “Үнэн” сонин хүн болгосон, хүмүүжүүлсэн, надад эрдэм зааж өгсөн, намайг сэтгүүлч болгосон. Миний сэтгүүл зүйн ажлын анхны байр. Би “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгчээр 10 жил ажилласан. Үүний долоон жилд нь “Тоншуул” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгчийг хавсран гүйцэтгэж байлаа. Энэ үед Монголын өөрчлөн байгуулалтын адармаатай цаг хугацаа давхацсан. Энэ үеийг “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Л.Түдэв бид хоёр тэргүүлэн чиглүүлсэн. Монголын хэвлэл мэдээллийн байгууллага “Үнэн” сонины гаргасан замаар явж байлаа. 
Тэр үед “Л.Түдэв ба түүний нөхөд биднээс түрүүлээд өөрчлөн байгуулалтыг ард түмний тархинд хийж, зохион байгууллаа” гэж Төрийн соёрхолт, яруу найрагч Д.Пүрэвдорж үнэлсэн байдаг. Би “Монголын үнэн” сониноос хүмүүжил авч, “Шинэ хүн” болсон. “Үнэн” сонинд би 48 настай ирээд 10 жил ажиллаад гарсан. “Үнэн” сонин бол чөлөөт хэвлэлийн суурийг анх тавьсан. Учир нь 1988 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн “Үнэн” сонины дугаарт “Хорин захидлын” нүүр гэдэг багц нийтлэл хэвлэгдэн гарч, нийгмийг гэнэтхэн цочирдуулсан явдлыг ийнхүү чөлөөт хэвлэл мэдээлэл гэдэг шинэ ертөнц хэмээн онцолж байна. Энэ нийтлэлд нам, төрийн найман тооны том даргыг нэр заан шүүмжилсэн учраас нийгмийг дуу алдуулсан юм. 
 Энэ бол Л.Түдэв тэргүүтэй “Үнэн” сонины хамт олон ямарваа нэгэн эрсдэл учрахаас болгоомжлохгүй, чин сэтгэлээрээ зориглон хэрэгжүүлж, монгол төрийн үйл ажиллагаан дахь дур зоргоороо захиргаадах дэглэмийг халж, ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдлын зарчмыг нэвтрүүлэх үүд хаалгыг нээж өгснийхөө хувьд өнөөдөр үлэмжийн их ач тустайд тооцогдох шинэ ертөнцийн алдрыг гоё нэрээр нь “чөлөөт хэвлэл”, шууд утгаар нь чөлөөт шүүмжлэл гэдэг.  
Бүх нийтийн хувьсгал хийхэд  улс төрийн чөлөөт хэвлэл  байх хэрэгтэй  гээд анх 1920 онд арваннэгдүгээр сарын 10-нд  “Монголын үнэн” сониныг гаргаж байсан. Тиймээс “Үнэн” сонин бол Ардын хувьсгалыг манлайлсан. Социалист өөрчлөн байгуулалтыг мөн “Үнэн” сонин манлайлж байсан. Ардчилсан хувьсгалын өөрчлөн байгуулалтыг ч анх “Үнэн” сонин дэлгэрүүлсэн.

Д.Батмөнх: Чөлөөт сэтгэлгээний тэсрэлт 
/ШУА-ийн Философийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор/Ph.D/, профессор/


-”Монголын үнэн” сонины 103 жилийн түүхэн замналын эхний 60 жилийн үйл явдлыг хангалттай судалж, олон зуун эрдэм судлалын бүтээл туурвил хэвлэгдэж гарсан байх тул сүүлийн 40 жилд өрнөсөн үйл явцын талаарх хувийн санаа бодлоо ойн баярын энэ өдөр та бүхэнтэй хуваалцах завшаан тохиосонд баяртай байна.
МУИС-ийн философийн ангийг дөнгөж төгссөн намайг “Үнэн” сонины хамт олон хүлээн авч, цаашдын уран бүтээлийн зам мөрийг минь гаргаж өгсөнд талархаад баршгүй. 1980-1990 онд тус сонины сурвалжлагч, 1993-1996 онд “Бодрол, бясалгал” сэтгүүлийн эрхлэгч, 1998-2002 онд “Үнэн” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, нийтлэлийн бодлого хариуцсан орлогч эрхлэгчээр ажиллахдаа сэтгүүл зүйн том төлөөлөл болох сод орчуулагч Ц.Намсрай, суут сэтгүүлч Л.Түдэв, Х.Цэвлээ, эрдэмтэн сэтгүүлч Д.Нямсүрэн, Г.Төртогтох, шог зохиолч Г.Дамба нарын гараар орж, элдүүр нь ханасан зөөлөн бор сур болтлоо нухуулсны хүчинд сэтгүүлчийн хугацаагүй албанд дөч гаруй жил зүтгэжээ. Ийнхүү сэтгүүл зүйн салбарын дов толгодыг дамжиж явахдаа хийсэн үйл явдлын тайлбар, он дарааллын тэмдэглэл, цуглуулсан баримт, судалгааны материал хуримтлагдсаар нэлээд зузаан, баялаг сан хөмрөг болон хувирчээ. Баримтыг нягтлахад, нийгмийг ардчилах, өөрчлөн байгуулах үйл явц 1990 онд биш, харин 1980-аад оны “Үнэн” сонины  нийтлэлээс эхтэй гэж үзэх олон зуун эх сурвалж хадгалагдан үлджээ. Энэ бол аливаа хөгжил дэвшлийн үр хөврөл өмнөх юмс, үзэгдлийн дотор үүсэж бүрэлдэн, улмаар өөрийгөө үгүйсгэж шинэчлэгддэг жам ёсны дагуу олон нийтийн санаа бодлыг өөрчлөн шинэчилж, шинэ дэвшилт үзэл санааг монголын нийгмийн оюун санааны хөрсөнд соёолуулахад “Үнэн” сонин түүхэн чухал үүрэг гүйцэтгэснийг харуулна.
Нэг. “Үнэн” сонин Монголын сэтгүүл зүйд чөлөөт сэтгэлгээний тэсрэлт хийж, хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн зам мөрийг Монголд анхлан тавьсны үр дүнд уншигчдын эгнээ хэдэн арав дахин өсжээ. 1980-1990 онд “Үнэн” сонины дугаар өдөр бүр 200 мянга гаруй хувь хэвлэгдэж, шуудангийн болон худалдан борлуулах цэгээр дамжин уншигчдын гарт хүрдэг болжээ. Тухайн үеийн нэг өрхийг дунджаар таван ам бүлтэй гэж тооцвол хоёр сая хүн амтай Монголын нийгмийн бүх давхаргыг  хамарсан, хамгийн хүртээмжтэй, мэдээллийн гол хэрэгсэл болж хөгжсөн байна.
Хоёр. “Үнэн” сонины нийтлэлүүд ная, ерээд оны Монголын нийгмийн сэтгэл зүйг үндсээр нь өөрчилж, ардчилсан өөрчлөн байгуулалтын үр соёог уншигчдынхаа оюун санаанд суулгаж чадсан явдал энэ үеийн сэтгүүлчдийн түүхэн гавьяа юм. Нийгмийг сэрээж, уран бүтээлчдийг хөдөлгөөнд оруулсан Л.Түдэв тэргүүтэй сэтгүүлчдийн баг өөрт ногдсон түүхэн үүргээ онцсайн биелүүлж, хурц дайчин нийтлэлээрээ чөлөөт сэтгэлгээний давлагаа үүсгэж, реформын шинжтэй өөрчлөлт хийсэн байна. 
Гурав. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг улс төрийн намууд зөвшилцөн баталсан нь чөлөөт хэвлэлийн хөгжлийг түргэтгэв. Энэ үед сонины Ерөнхий эрхлэгч Г.Төртогтохын тэргүүлсэн баг хэвлэлийн зах зээлийн өрсөлдөөний шинэ нөхцөлд “Үнэн” сониныг шинэчилж, дахин сэргэлтийг авчрахад бүхнээ зориулжээ. 
Дөрөв. 1980-аад онд “Үнэн” сонинд нийтлэгдэн шүүмжлэгдэж байсан нийгмийн тулгамдсан, хурц сэдвүүд одоо ч асуудал дагуулсан хэвээр байна. Гучин жилийн өмнө нийтлэн дуулиан үүсгэж байсан “Дархан цаазтай ууланд зарлигаар халдагсад” нийтлэлийн шүүмжлэл одоо ч үргэлжилсэн шинжтэй байна. Өмнөх нийгмийн үед ч хурцаар шүүмжилж анхааруулж байсан ажлын хариуцлага, шударага ёс, хяналт шалгалтын ажил өнөөдөр ч үгүйлэгдсэн хэвээр, хүсэмжилсэн үнэт зүйл болсон байна.
Монголын сэтгүүл зүйг ХХ зууны турш манлайлж, чөлөөт сэтгэлгээний өнгө будгийг тодорхойлж ирсэн “Монголын үнэн” сонины өнөөгийн уран бүтээлч хамт олон XXI зууны сэтгүүл зүйн хөгжлийн ноён оргилд гарна гэдэгт итгэж байна. 

Ж.Батбаатар: “Монголын үнэн” сонин бол Монголын сэтгүүл зүйн дэг сургууль
/ МУБИС-ийн ректор, профессор/


-“Монголын үнэн” сонин бол манай анхдагч тогтмол хэвлэлийн нэг. “Монголын үнэн” сонин хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, Монголын анхны өдөр тутмын сонин. Хоёрдугаарт, Монголд сэтгүүл зүйг мэргэжлийн түвшинд хүргэхэд бие даасан, том институцын үүрэг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, 1990-ээд оноос өмнөх үеийн коммунист сэтгүүл зүйн үндсийг бүрдүүлсэн. Тэр үеийн сэтгүүлчдийг, хэвлэл мэдээллийн тогтолцоот системийг бий болгоход интституцын үүргийг гүйцэтгэж, Монголын сэтгүүл зүйн дэг сургууль бий болгосон байлаа. 
Гуравдугаарт, 1980-аад оны сүүлчээр Ардчилсан хувьсгалын урьдач нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн үзэл санаанд шинэчлэлийг төлөвшүүлэх,   түгээн дэлгэрүүлж, нөлөө үзүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн. Энэ бол Монголын чөлөөт хэвлэл үүсэн бүрдэх  хувьсгалыг хийсэн байдаг. 
Цаасан хэвлэлээс  цахим сэтгүүл зүйд шилжиж байгаа өнөөдрийн цаг үед 100 гаруй жилийн түүхтэй “Монголын үнэн” сонин одоо ч хэвлэгдэн гарч, сэтгүүл зүйн  тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд  нэн чухал үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс “Монголын үнэн” сонин 103 жилийн түүхэндээ Монголын нийгэм болоод сэтгүүл зүйн салбарын цаг үе бүрд өөрийн үүргээ гүйцэтгэж ирсэн тод томруун дүр юм. 

Ц.Ядамсүрэн: “Монголын үнэн” 24 нүүртэй болж өргөжсөнд ихэд олзуурхаж байна

/Ахмад сэтгүүлч/


-Би сонины шинэ дугаарыг авч унших дуртай. Учир нь, сониноос маш их мэдээлэл, мэдлэг олж авдаг. Үүгээрээ сониныг амьдрал, ажилд минь их хүч сэлбэдэг “багш” гэж хэлмээр санагддаг юм. Өнөөдөр би ардчилал шинэчлэлийн залуурч болох “Монголын үнэн” сонины дөрвөн үеийн уншигчийн төлөөлөл нь болж явна. Тус сониныг үндэслэн байгуулсны 103 жилийн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Ийм тэмдэглэлт өдөр уншигчийн хувиар, идэвхтэй захиалагч бичигчийн үүргээ ухаарч “Монголын үнэн” сонины тухай бодролоо бичсэн нь энэ юм. Сониныг ард түмэн, уншигч олныг соён гэгээрэлд хөтлөх үнэ төлбөргүй "сургууль" гэж би хувьдаа боддог. “Монголын үнэн” эрх баригч намын төв хэвлэл ч нийтлэлийн бодлого,  хүртээмжит байдлаараа Монголын нийт ард түмэнд хүрсэн ууган, уншууртай, бодлого нийтлэл сайтай сонин юм. Ялангуяа ахмад, залуу, дунд гурван үеийнхний унших дуртай сонин байж чадаж байгаад энэ сониныг  55 жил захиалан уншиж буй хүний хувьд баяртай байна. Үүнтэй санал нийлэх мянга мянган уншигч нөхөд байгаа болов уу. Учир нь, энэ сониныг захиалагч хэн ч нийтлэлийн чанар чансаа,  бичлэгийн агуулга, зөвхөн нэг намын бодлогын хүрээнд явцуурахгүй залуу үе рүү  хандсан шинжлэх ухаан, танин мэдэхүй, соёл боловсрол, урлаг, түүх угсаатны зүйн өргөн агуулгаар нь сонгон авч уншдаг байх.   Мөн хот хөдөөгийн амьдралын толь, 24 нүүртэй болж өргөжиж байгаад уншигчид ихэд олзуурхаж буйгаа сонины ойн өдөр хэлмээр санагдлаа. “Монголын үнэн” улстөржиж туйлшраагүй ганц сонин гэвэл ташаарал болохгүй биз ээ. Угаас энэ сонины аль ч нүүрнээс бусдыг өөнтөглөн муулсан, бусдад бурууг тохсон, таны миний гэх хувьчилсан аминч үзлээр хандсан нэг ч нийтлэл үг үсэг олж харахгүй байгаа маань “Монголын үнэн” сонины  цаг үеийн шалгарлыг даадаг, нийгмийн амьд толь болсон гэдгийн тод баталгаа нь болж байгаа юм. "Монголын үнэн" сонин бол монгол айл өрх, гал голомтын үе үеийнхний удам дамжуулан  уншиж ирсэн сонин гэдгийн баталгаа болгон үүнийг бичигч би дөрвөн үедээ энэ сониныг тасралтгүй захиалан уншиж ирснээ тэмдэглэн хэлэхэд таатай байна.  Миний аав “Үнэн”-г 48 жил, би 52 жил, миний хүү 22 жил, хүүгийн хүү ач минь найм дахь жилдээ  “Монголын үнэн” сониныг захиалан уншиж байна. Ингэж  бидний дөрвөн үе “Монголын үнэн”-ий тууштай захиалагч, уншигч явж, манай гэр бүл аав хүүгийн амьд холбоо энэ сонинтой давхардсан хугацааны чуулбарт 103 жилд нь хамт байжээ. Ингээд бодохоор  “Монголын үнэн” сонин бол МАН-аас үл хамаарч монгол хүний, Монголын удам дамжсан гэр бүлийн уншдаг тулгуур сонин байсаар байгаа нь үүнээс харагдаж байгаа юм. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24573/





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 3 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 6 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 6 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 6 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 6 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 6 цагийн өмнө
SDY Calling you... 7 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 7 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 7 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 7 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 7 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22