Үнийн чөдөрт орооцолдож, өрийн тойрогтоо гацсан эрчим хүчний эх үүсвэр амь тэмцэн дэнжигнэж байна



Одоогоос 45 жилийн тэртээ эзгүй зэлүүд байсан Нүүрэнтэйн хөндийд Багануурын уурхайн их бүтээн байгуулалтын ажил анх эхэлж, уурхайн хот үндэс сууриа тавьсан түүхтэй. Энэ жил Багануурын нүүрсний нөөцийг олж тогтоосны 50 жил, уурхай байгуулагдсаны 45 жилийн ой тохиож байна. Хагас зуун жил дамнасан түүхтэй Багануурын уурхай Монгол Улсын эрчим хүчний 60, төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангадаг. Нийтдээ 1000 гаруй ажилтантай, 800 гаруй сая тонн нүүрсний нөөцтэй том уурхай. Энэ уурхайг 200 жил ажиллах нөөцтэй гэж зарим мэргэжилтнүүд үздэг. Гэвч өнөөдөр уурхайн нөхцөл байдал хүнд, 200 жил бүү хэл хоёр жил энэ хэвээрээ ажиллахад ч хүндрэлтэй нөхцөл байдалд ороод байна. Энэ бол мөнгө санхүүгийн асуудал. Уг нь сайн ажиллаж, ихийг хийх тусам ямар ч байгууллага их ашиг олдог. Харин Багануурын уурхайн хувьд эсрэгээрээ. Их ажиллаж, их нүүрс олборлож зарах тусам алдагдал хүлээдэг гаж тогтолцоотой. Энэ нь нүүрсний үнэ тарифтай холбоотой. Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний нүүрсний үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоодог. Эрчим хүчний зохицуулах хорооноос “Багануур” ХК-ийн нэг тонн нүүрсний үнийг 43 мянган төгрөгөөр тогтоож өгчээ. Гэтэл нэг тонн нүүрс олборлох зардал 49 мянган төгрөг. Тиймээс тус уурхай нэг тонн нүүрснээс 5500-6000 төгрөгийн алдагдал хүлээдэг. Нэг хоногийн дотор 40 сая төгрөгийн алдагдалтай ажилладаг энэ уурхай өнөөдрийн байдлаар 200 гаруй тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөртэй болжээ. Эрчим хүчний зохицуулах хороонд Багануурын уурхай болон Шивээ-Овоо, Шарын гол, Адуун чулууны уурхайнууд жил бүр л үнээ нэмүүлэх хүсэлт гаргадаг. Гэвч гал унтраах байдлаар асуудлыг шийдвэрлэж, нүүрсний үнийг бодит өртгөөс доогуур барьсаар өдий хүрчээ. Эрчим хүчний зохицуулах хороо дотоод нөөц бололцоогоо шавхаж ажиллах, зардал танах үүргийг жил бүр өгдөг. Зардлаа танаж болох ч заавал хийх ёстой засвар үйлчилгээ, худалдаж авах ёстой тоног төхөөрөмж гэж бий. 45 жилийн настай уурхайн тоног төхөөрөмж, машин механизмууд хуучирч муудан, нүүрсний нөөц доошлохын хэрээр олборлох зардал нь жилээс жилд өсөж байна.


 

Валютын ханшийн савлагаа ч бас уурхайг нэрмэж, 2022 оны байдлаар дизель түлшний үнэ 54, тос тослох материалын үнэ 40, тэсрэх материал 121, туслах материал төмрийн бэлдэц 35 хувиар тус тус нэмэгджээ. Алдагдалтай ажиллаж байгаа энэ уурхай нийгмийн даатгал, татвар шимтгэл, тоног төхөөрөмжийн зээлийн өрөнд орж, олон жил ажилласан туршлагатай боловсон хүчнүүдээ ээлж дараалан алдаж байна. Гэвч тэдэнд зогсох эрх байхгүй.


Хэрвээ Багануурын нүүрсний уурхай зогсвол “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” гэсэн том станцууд бүгд зогсох аюултай. Дан ганц Улаанбаатар хот ч биш Монгол Улс бараг тэр чигээрээ гэрэл цахилгаангүй болох, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн том хотууд хөлдөх эрсдэл үүсээд байна. Нүүрсний уурхайнуудад тохиолдоод байгаа энэ зовлон дан ганц уурхайн ч зовлон биш. Дулааны станцууд, түгээх, дамжуулах станцуудад ч бас учирч буй бэрхшээл. Эрчим хүчний зохицуулах хороо муудаа, эсвэл нүүрсний уурхайнуудад дургүйдээ ч нүүрсний өртгийг бодит үнээс нь хямд тогтоогоод байгаа юм биш. Эрчим хүчний үнэ хэт хямд, үнэ нэмэх гэхээр байнга хэл ам, хэрүүл тэмцэл гардаг, эрчим хүчний үнийг улс төржүүлдэг, цахилгаан дулааны үнэ нэмэхэд бүх бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг зэрэг шалтгаанаас болж үнэ тарифыг нэмж чадахгүй хий дэмий л гал намжаах байдлаар олон жил явж байгаа. Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний систем тэр чигээрээ үнэ тарифын чөдөрт орооцолдож өрийн тойргоосоо гарч чадахгүй гацаанд орчихоод байгаагийн жишээ нь Багануурын нүүрсний уурхай. Өнөөдөр энэ чөдрийг тайлахын тулд үнэ чөлөөлдөггүй юм гэхэд эрчим хүчний үнийг нэмж, уурхай, цахилгаан станцуудаа аврах, эсвэл улсаас татаас өгөх замаар асуудлыг шийдэх хоёр л гарц бий. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Шинэ бүтээн байгуулалтын ажлууд ч төлөвлөж, шинэ орон сууц үйлдвэрүүд барих төсөл хөтөлбөрүүд шил шилээ даран хүлээгдэж байна. Гэхдээ эрчим хүчний салбараа, эрчим хүч үйлдвэрлэж буй станцуудын ажиллах гол эх үүсвэр болох эрчим хүчний нүүрс олборлож байгаа уурхайгаа өөд татахгүйгээр бид ямар ч сайхан төлөвлөгөө байсан хэрэгжүүлж чадахгүй.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
17
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоо… 2025/05/29
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 2025/05/29
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн т… 2025/05/29
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын сис… 2025/05/29
Улаанбаатар 22 хэм дулаан байна 2025/05/29
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… 2025/05/28
Сонгодог урлагаар сунгуулсан "Хамар" Дэмидээ 2025/05/28
Доктор Л.Түдэвийн долоон үг........ 2025/05/28
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 2025/05/27
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 2025/05/27
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 2025/05/27
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 2025/05/27
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/05/27
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 2025/05/27
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 2025/05/27
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 2025/05/27
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … 2025/05/26
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа 2025/05/26
Дэлхийн уран гулгалтын одод Монголд 2025/05/26
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… 2025/05/26