​ А.Очир: Бид цэцэрлэгүүддээ онцгойлон анхаардаг



 Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Очиртой ярилцлаа.

 -Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэчнээн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна вэ. Сургуулийн өм­нөх насны бүх хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулж чадаж байна уу?

-Дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгож буй төрийн өмчийн 40 цэцэрлэг байна. Үүнээс одоогоор 38 нь хүүхдүүдээ хүлээж аваад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Үлдсэн хоёрын тухайд нэг нь барилгын ажил дуусаагүй буюу ирэх хичээлийн жилд ашиглалтад орно. Нөгөөх нь дахин төлөвлөлтөд орсон буюу шинээр буулгаж барих зорилгоор үйл ажиллагааг нь түр зогсоосон. Түүнчлэн төрийн бус өмчийн 12 цэцэрлэг манай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Ингээд нийтдээ сургуулийн өмнөх боловсролын 52 байгууллагад 10 мянга гаруй хүүхэд хамрагддаг гэсэн үг. Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх насныханд цэцэрлэг хүрэлцээтэй, хүсэлт гаргасан бүх хүүхдэдээ сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Нэг ёсондоо цэцэрлэггүйн улмаас гэртээ үлдсэн хүүхэд байхгүй. Энэ бол нийслэлийн хэмжээнд дээгүүрт ордог үзүүлэлт. Монгол Улсын Засгийн газраас цэцэр­лэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, гэртээ үлддэг хүүхдийн тоог багасгах, улмаар энэ дүр зургийг бүрэн халах бодлого, зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Манай дүүрэг ч мөн Засгийн газрын энэ бодлого, шийдвэртэй үйл ажиллагаагаа уялдуулсны нэгээхэн жишээг сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийн дүн мэдээнээс харж болно. 

Энэ хүрээнд дүүргийн зүгээс цэцэрлэг, сургуулиудын ялгаатай байдлыг арилгах бодлогыг хэрэг­жүүлдэг. Үр дүнгээ өгч байгаагийн нэг илрэл нь хүүхдүүдийн цэцэрлэгт хамраг­далт 100 хувьтай байгаа үзүүлэлт юм.

-Сургуулийн өмнөх боловс­ролын хүртээмж сайтай юм байна гэж ойлголоо. Тэгвэл та бүхэн сургалтынхаа арга барилд хэрхэн анхаарч ажил­ладаг вэ?

-Энэ тухайд маш өндөр хэмжээнд анхаарч ажилладаг. Тиймдээ ч бид нийслэлийн дүүргүүдээс анхдагч болж, олон улсын гурван ч хөтөлбөрийг бүх цэцэрлэгтээ хэрэгжүүлж байна. Тодруулбал, “Монтессори”, “I’m break”, “Steam” гэсэн гурван хөтөл­бөрийг дүүргийн хэмжээний бүх цэцэрлэгт хэрэгжүүлээд гурван жил болж байна. Энэ нь улсын хэмжээнд анхдагч болсон үзүүлэлт. Учир нь олон улсын дээрх хөтөлбөрүүдийг нийслэл, орон нутагт тодорхой хэмжээнд хэрэгжүүлдэг ч бүгдийг хамруулж чадаагүй байна. Нэг дүүрэгт хоёр, нэг аймагт нэг гэдэг байдлаар цөөн цэцэрлэгт энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бол манай дүүргийн бүх цэцэрлэг олон улсын хөтөлбөрөөр сургуулийн өмнөх боловсролыг олгож байгаа нь бидний хувьд давуу тал. Өнөөдрийн байдлаар бид олон улсын хоёр дахь шатны хөтөл­бөрийг хэрэгжүүлэ­хээр хөрөнгө оруулалт, төсөв төлөвлөгөөгөө боловсруулаад ажиллаж байна. 

-Олон улсын хөтөлбөрийг хувийн цэцэрлэгүүд хэрэг­жүүл­дэг гэдэг ойлголтыг халж, ул­сын цэцэрлэгүүдэд жишиг болж байгаа юм байна. Тэгвэл гур­ван хөтөлбөрийг цэцэр­лэ­гүүд­­дээ хэрхэн хуваарилсан бэ?

-Нэгэн үе хувийн цэцэр­лэ­гүү­дэд л “Монтессори” хөтөлбөр хэрэг­жүүлдэг гэдэг ойлголтой байлаа шүү дээ. Өндөр төл­бөртэй, хувийн цэцэрлэгт хүүхдээ явуулбал олон улсын хөтөлбөрт хамрагдаж, улсын цэцэрлэгээс илүү орчин нөхцөлд, илүү шинэ зүйлийг сурна гэж ойлгодог байсан бол одоо тийм биш болсон. Жишээлбэл, “Мон­тессори” хөтөлбөрийг дүүр­гийн хэмжээний найман цэцэрлэгт хэрэгжүүлж байна. “I’m break” хөтөлбөрийг 10, “Steam” хөтөл­бөрийг 21 цэцэрлэгт хэрэгжүүлж байна. Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх нь маш олон давуу талтай. Тухайн хүүхдүүдийн сурах орчноос авахуулаад сургалтын чанарт маш өндөр үзүүлэлт гаргах боломжтой. Олон улсын хөтөлбөр хэ­рэг­жүүлдэг цэцэрлэгийг жирийн цэцэрлэгтэй харьцуулахад сур­галтын чанар асар их ялгаатай. Тийм ч учраас бид дээрх гурван хөтөлбөрийг дүүр­гийн хэм­жээний бүх цэцэрлэгт хэрэг­жүүлэх нь зүйтэй гэдэг шийдэлд хүрсэн. Одоо нутаг­шуулах, улам боловс­ронгуй болгох, шинэчилж сайж­руулах ажлыг тасралтгүй хэрэг­жүүлээд ажиллаж байна. 

-Цэцэрлэгүүдийн сургалтын орчин бүрдүүлэх тухайд хэр­хэн анхаарч байна вэ. Зөөлөн эдлэлийн хүрэлцээнээс авахуу­лаад шийдэх асуудал тулгардаг шүү дээ?

-Цэцэрлэгийн хувьд сур­гал­тын орчин маш чухал бай­даг. Манай дүүрэг олон улсын хө­төлбөрүүдийг бүх цэцэрлэгтээ хэрэгжүүлэхээр болсны нэг үндэслэл нь энэ байсан. Өөрөөр хэлбэл, олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэхийн давуу тал нь сургалтын орчин дагаад сайжирдагт оршино. Нөгөөтэйгүүр бид дүүргийн хэмжээний бүх цэцэрлэгээ зөөлөн эдлэлээр бүрэн хангасан. Өмнө нь стан­дартын бус хөнжил, гудастай л байлаа шүү дээ. Ирээгүй хүүхдийнхээ гудас, хөнжлийг сэлгэж хэрэглэдэг гэх мэтээр хүрэлцээ муутай байсан л даа. Тиймээс дүүргийн ЗДТГ-аас энэ асуудалд онцгойлон анхаарсны дүнд бүх цэцэрлэгт хүүхдийн тоогоор зөөлөн эдлэл олгосноор өмнө нь тулгардаг байсан асуудлаа шийдэж чадсан. Ингэж цэцэрлэгүүдэд хөнжил, гудас хүрэлцээтэй болсон нь хүүхдүүд сургуулийн өмнөх нас­ны боловсрол эзэмшихэд нь то­моохон дэмжлэг болж байгаа юм. 

-Олон улсын хөтөлбөр хэрэг­­жүүлэхэд шаардлагатай сур­галтын хэрэглэгдэхүүний хан­галтыг хэрхэн шийдэж байна вэ? 

-Олон улсын гурван хөтөл­бөрийн хувьд тус бүрдээ сур­галтын хэрэг­лэгдэхүүнтэй байдаг. Үүний дагуу тухайн хөтөлбөрийг аль нэг цэцэрлэгт хэрэгжүүлж эхэллээ гэхэд анхнаасаа орчноо бүрдүүлдэг буюу сургалтын бүх хэрэглэгдэхүүнээр бүрэн хангадаг. Өөрөөр хэлбэл, “Steam” хөтөлбөрийг нэг цэцэр­­лэгт хэрэгжүүллээ гэхэд нэг ангийг тэр чигт нь “Олон улсын Steam хөтөлбөрийн танхим” гэж хаягжуулаад бүрэн тохижуулдаг гэсэн үг. Ингээд тухайн цэцэрлэгийн зүгээс хуваарь гаргаад тухайн танхимд хүүхдүүдээ оруулж хичээллэдэг. Бид анх олон улсын гурван хөтөлбөрийг бүх цэцэрлэгт хэрэгжүүлж эхлэхдээ цэцэрлэг бүрд нэг ангийг тохижуулж байсан бол хоёр, гурав болгон тоог нь нэмээд явж байна. Нөгөө талаас хөтөлбөр хэрэгжүүлж буй цэцэрлэгүүдийн хувьд өөрсдөө илүү идэвх санаачилгатай ажил­лаад сургалтын хэрэглэг­дэхүүнээ нэмэгдүүлээд явдаг. Манай дүүргийн хувьд 293 дугаар цэцэрлэг зургаан бүлгийнхээ тавыг “Монтессори” хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой байдлаар тохижуулсан. Ингэснээр бүх ангидаа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна гэсэн үг. Цаашдаа дүүргийн зүгээс олон улсын хөтөлбөрийнхөө хоёр дахь шатыг хэрэгжүүлэхээр төсөв санхүүжилтийг нь шийдээд явж байна. Нэмж хэлэхэд сургуулийн өмнөх насны хүүхдэд олгох сургалтын хөтөлбөрийг салбар яамнаас боловсруулан гаргадаг. Манай дүүргийн бүх цэцэрлэг олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг ч гэлээ үндэсний хөтөлбөртэйгөө бүгдийг уялдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, сургалтын арга зүйг аль аль талд нийцсэн байдлаар боловсруулан ажилладаг гэсэн үг. Тиймээс цэцэрлэгийн хүүхдүүд баталсан хөтөлбөрийн дагуу үндэсний ахуйн соёл талаас авах ёстой бүх мэдлэгийг олж авдаг. Нэмээд олон улсын хөтөлбөрөөр суралцаж байна гэж ойлгож болно. 

-Дүүргийн хэмжээнд цэцэр­лэггүй хороо гэж бий юү. Цааш­­даа хэчнээн цэцэрлэгийг шинээр нэмж барихаар төлөв­лөж байна вэ?

-Энэ тухайд төлөвлөсөн ажил цөөнгүй бий. Тухайлбал, одоогоор Чингэлтэй дүүргийн хоёр ч хорооны нутаг дэвсгэрт барилгын ажил нь өрнөж байгаа буюу ирэх оны долдугаар сард бүрэн ашиглалтад орохоор төлөвлөсөн хоёр цэцэрлэг бий. Тодруулбал, XII, XIX хороонд сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиг­лалтад оруулахаар төлөвлөөд ажил нь үргэлжилж байна. Нэмэлтээр хэд хэдэн цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Мөн дүүргийн XIII хороонд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зо­риулсан төрөлжсөн цэцэр­лэгийг шинээр барихаар шийдвэрлэсэн. Одоогоор газар чөлөөлөлтийн ажил ид өрнөж байна. Эдгээр ажлыг бүрэн дуус­гаж, хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлснээр Чингэлтэй дүүрэг ойрын жилүүдэд цэцэрлэгийн хувьд үндсэндээ бүрэн хүр­тээмжтэй болно гэсэн үг. Өнөөдрийн байдлаар бидэнд анги дүүргэлтийн асуудал байгаа болохоос цэцэрлэггүйн улмаас хүүхэд гэртээ үлддэг асуудлаа бол эцэслэсэн. Цаашдаа дүүргийн ЗДТГ-аас хийж буй менежмент, бодлого шийдвэрийн үр дүнд хороо тус бүрд цэцэрлэгтэй болоод ирэхээр боловсролын хүртээмжийн асуудал үндсэндээ цэгцэрнэ гэж ойлгож болно. 

-Сургуулийн өмнөх боловс­ролын салбарт хүний нөөцийн ямар бодлого хэрэгжүүлж байна вэ. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн багш нар хангалт­тай байж чадаж байна уу?

-Чингэлтэй дүүргийн хувьд сургуулийн өмнөх боловсрол олгож буй буюу бүлгийн 496 багш ажиллаж байна. Хүний нөөцийн асуудал бүх салбарт тулгамдаж эхэлсэн учраас бид тусгайлан анхаарч шийдээд явж байна. Өөрөөр хэлбэл, бид МУБИС-тай хамтран ажиллаж байна. Ингэснээр төгсөх дамжааны оюутнуудыг авч ажиллуулж байгаа юм. Үүний дүнд хүний нөөцийн хувьд дутагдалд орохгүй байх боломжтой болсон буюу орон тоогоо нөхөөд явж байна. Нөгөө талаас багш нараа хөгжүүлэх, чадавхжуулах чиглэлийн ажлыг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, дүүргийн ИТХ-аас 2020 онд “Чадварлаг багш” цогц арга хэмжээг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэхээр баталсан. Үүний дагуу дүүргийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэгийн багш нарт үндсэн мэргэжил дээшлүүлэх сургалтыг тогтмол явуулахаас гадна мэргэжил дээшлүүлэх сургалтад ч хамруулж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд дүүргийн IV цэцэрлэгийн эрхлэгч Япон улсад долоо хоногийн хугацаанд мэргэжил дээшлүүлээд ирлээ. Энэ бүхэнд дүүргийн удирдлагуудын зүгээс дэмжлэг үзүүлж ажилладаг. Мэргэжил дээшлүүлээд ирсэн багш нар бусдадаа сурч мэдсэн зүйлсээ хуваалцаж, түгээн дэлгэрүүлдэг жишигтэй. 

-Нөгөө талаас багш нараа урамшуулах, нийгмийн батал­гаа хангах чиглэлд ямар байд­лаар анхаардаг вэ?

-Энэ тухайд дүүргийн хэм­жээнд уламжлал болгон зохион бай­гуул­даг арга хэмжээ гэж бий. Тод­руулбал, “Нийгмийн баталгаа” нэртэй арга хэмжээг бид жил бүр зохион байгуулдаг. Энэ нь дүүр­гийн хэмжээний боловсролын байгууллагын ажилтнуудад зориул­сан арга хэмжээ л дээ. Энэ хүрээнд бид үр бүтээлтэй, бусдадаа жишиг болохуйц ажилласан шилдэг багш нараа шагнаж урамшуулдаг. Энэ хүрээнд шилдэг, тэргүүний багш нарынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхэд ихээхэн анхаардаг. Ингэхдээ орон сууцанд ороход, эсвэл хашаа байшингаа тохижуулахад нь дүүргийн зүгээс жил бүр 10 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлдэг. Энэ арга хэмжээний хүрээнд хөдөлмөрөө үнэлүүлсэн багш нарын тоо жилээс жилд өсөж байна. Өнгөрсөн жил таван багшид энэ төрлийн дэмжлэг олгосон бол энэ жил 10 болгон нэмэгдүүлсэн. Ингэж шагнаж урамшуулахдаа ажлын бодит үр дүнд тулгуурладаг. Тухайлбал, энэ жил гэхэд элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдаа амжилттай бэлдсэн багш нараа шагнаж урамшуулсан. Манай дүүргийн хэмжээнд энэ жил нийт 32 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтдаа 800 оноо авсан. Тэдгээр хүүхдийг бэлтгэсэн 17 багшид дээрх урамшууллыг олгосон байх жишээний. Ерөөсөө сургуулийн өмнөх боловсролын байгууллагынхан бол “Хүнээр хүн хийдэг” маш чухал бөгөөд хариуц­лагатай ажил хийдэг хүмүүс байдаг. Тийм ч учраас дүүргийн төдийгүй дүүргийн удирдлагуудын зүгээс үргэлж анхаарал хандуулдаг. Үүний нэг жишээ нь бид дүүргийнхээ төсвийн зургаан төгрөг тутмын нэгийг боловсролын салбартаа зарцуулж байна. Энэ нь боловс­ролын байгууллагуудын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд томоохон суурь, түлхэц болж өгдөг гэж ойлгодог.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тог… 13 цагийн өмнө
“Эрдэнийн товч”-ийг 91 метр урт цаасан дээр хуулан бичжээ 19 цагийн өмнө
Зүүн Сүнидийн зураач бүсгүй Хонгорзул цахим сүлжээнд алдаршиж байна 19 цагийн өмнө
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв 22 цагийн өмнө
Кени улсад болсон үерийн улмаас 71 хүн амь насаа алдаж, 110 хүн эмнэлэ… 22 цагийн өмнө
Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ 22 цагийн өмнө
“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолой… 22 цагийн өмнө
Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно 22 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 22 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 23 цагийн өмнө
Малчдын хоршоо цаг үеэ олсон санаачилга юм Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Монгол хүн баялагтаа эзэн болох эхлэлийг тавилаа Өчигдөр
БОАЖЯ-аас мод тарилтын төлөвлөлтийн талаар мэдээлэл хийж байна Өчигдөр
Цахиурын хөндийн шинэ титан Өчигдөр
Монголын урлагийг дэлхийд сурталчлах нэг гүүр нь Венецийн биенналь Өчигдөр
Г.Гантүвшин: Өсвөр насныхан цахим орчинд сэтгэлзүйн дайралтад өртөж ба… Өчигдөр
Сенат 95 тэрбум ам.долларын багц батлав Өчигдөр
​ Чинээлэг орнууд Дэлхийн банканд 11 тэрбум ам.доллар амлав Өчигдөр
Хятадын үйлдвэрлэлийн бүс үерт автжээ Өчигдөр
Бодох урлагийн суутан Өчигдөр