Э.Түвшинчулуун: Эрчим хүчний салбар 2023 онд 74 орчим тэрбумын алдагдал хүлээхээр байна


Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.ТҮВШИНЧУЛУУН-тай ярилцлаа.

 

-Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс цахилгаан, эрчим хүчнийхээ хэдэн хувийг дотооддоо үйлдвэрлэж байна вэ?

-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувийн өсөлттэй байгаа бөгөөд нийт хэрэглээний 79 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 21 хувийг импортоор хангаж байна. Дотоодын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 90.8 хувийг дулааны цахилгаан станцууд, үлдсэн 9.2 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр тус тус үйлдвэрлэж байна. Импортын цахилгаан эрчим хүчний 66 хувийг “Оюутолгой” ХХК-ийн хэрэглээ, 34 хувийг бусад бүс нутгийн хэрэглээ эзэлдэг. Харин дулааны эрчим хүчний хэрэглээ өмнөх оноос найм орчим хувиар нэмэгдэж 17.6 сая гкал-д хүрсэн.

Жил бүр өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, эрчим хүчний хэрэглээг бид аль болох дотоодынхоо үйлдвэрлэлээр хангах, дотоодын хүчин чадлаа өргөтгөх, шинэ эх үүсвэр барих бодлого баримтлан ажиллаж байна. 

-ОХУ болон Хятад улсаас эрчим хүч импортолж байгаа. Энэ эрчим хүчний үнэ хэр тогтвортой байдаг вэ?

-Улсын хэмжээнд 2022 онд ОХУ-аас 694 сая кВт.ц цахилгаан эрчим хүч худалдаж авсан нь өмнөх оноос  42.6 хувиар өссөн. Түүнчлэн БНХАУ-аас 1467 сая кВт.ц цахилгаан эрчим хүч худалдаж авсан нь өмнөх оноос 6.7 хувиар нэмэгдсэн байна. Хоёр хөршөөс нийтдээ 2162 сая кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авсан нь өмнөх оноос 300 сая кВт.ц-аар буюу 16 хувиар нэмэгдээд байна.

ОХУ-аас импортоор худалдаж авсан цахилгаан эрчим хүчний төлбөрт 2022 оны дүнгээр 206 тэрбум төгрөг, БНХАУ-аас импортоор авсан цахилгаан эрчим хүчний төлбөрт 2022 онд 468 тэрбум төгрөг, нийт 674 тэрбум төгрөгийг төлөөд байна. Нийт төлбөрийн 67 хувь нь Оюутолгойн импортолсон цахилгаан эрчим хүчний төлбөр гэж ойлгож болно. Энэ оны хувьд ОХУ-аас худ
алдаж авах цахилгааны чадлын үнэ зургаан хувиар, энергийн үнэ 18 хувиар тус тус нэмэгдээд байна.

-Эрчим хүчний зохицуулах хороо ямар чиг үүрэгтэй ажиллаж байна вэ?

-Эрчим хүчний зохицуулах хороо нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн есдүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд хуулийн этгээдийн өмчийн хэлбэрийг үл харгалзан эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах, үнэ тарифыг хянаж баталдаг. Одоогийн байдлаар дэлхийн 150-аад улс оронд эрчим хүчний бие даасан зохицуулах байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

-Манай цахилгаан эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээс давж байна. Хэрвээ дулааны цахилгаан станцуудад ямар нэг гэмтэл саатал гарвал яах вэ?

-Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар тогтвортой өсөж байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2023 оны хамгийн их хүйтэрсэн нэгдүгээр сард 1474 МВт хүрч байсан бол энэ оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 19 цагт 1506 МВт хүрснээс харахад хамгийн их хүйтрэх үед үүнээс илүү буюу 1600 МВт-руу дөхөхөөр байна. Уг хэрэглээний өсөлтийг одоо ажиллаж байна эх үүсвэрүүдээр бүрэн хангах боломжгүйн дээр дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа, нөөц тоноглолгүй ажиллах, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний тоноглол хуучирсан, насжилт өндөр байгаа зэргээс хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлах нөхцөл үүсэх эрсдэл өндөр байна.

Өөрөөр хэлбэл, оройн оргил ачааллыг давахын тулд бэлтгэл тоноглолгүйгээр 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа нь системийн хэмжээний аваар саатал гарахад улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч тасрах, эх үүсвэр дутагдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй юм. Бид одоогоор оргил ачааллын үед ОХУ-аас импортоор эрчим хүч авч байгаа бөгөөд энэ нь өөрөө дамжуулах шугамаас хамаараад тодорхой хязгаартай байдаг.

-Эрчим хүчний хүрэлцээ муу байна. Гэтэл нүүрсний уурхай, төмөр зам, станцууд, түгээх дамжуулах компаниуд бүгд л эрчим хүчний үнэ тариф хямд байна гэсэн гомдол гаргаж байгаа. Хэрэглэгчийн тарифт өнгөрсөн онд ямар хэмжээнд өөрчлөлт оруулсан бэ? Бодит өртөгтөө хүрч чадсан уу?

-Улсын хэмжээнд эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан сүүлийн жилүүдэд буюу 2019 оноос 2022 оны арваннэгдүгээр сарыг хүртэлх хугацаанд цахилгаан, дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулалгүйгээр салбарын хэмжээнд өөрсдийн бололцоог ашиглан импортын цахилгааныг бууруулах, эрчим хүчний компаниудын засвар, хөрөнгө оруулалт, шинэчлэлийн зарим ажлыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг хэмнэх, дотоод хэрэгцээний цахилгаан болон дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 

Гэвч сэлбэг материал, түлш, шатахууны үнийн өсөлт болон зардлын бодит хүчин зүйлсийн улмаас 2020 онд 88.1 тэрбум төгрөг, 2021 онд 77.8 тэрбум төгрөг, 2022 онд 187.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан ба 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 74 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. 2022 оны арваннэгдүгээр сард айл өрхийн цахилгаан, дулааны тарифт огт  өөрчлөлт оруулалгүй, харин үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны тарифыг сарын хэрэглээнээс хамааруулан 14-28 хувиар, дулааны тарифыг 28 хувиар тус тус нэмэгдүүлсэн. 

Нэгж цахилгааны бодит өртөг 2022 онд 224 төгрөг байсан бол 2023 оны тооцоогоор 243 төгрөг болж байна.  Хэрэглэгчдэд борлуулах цахилгааны дундаж үнэ 175 төгрөг байсныг 215 төгрөг болгоод байна. Энэ нь бодит өртгөөс 13 хувиар доогуур түвшинд байна. Эрчим хүчний үнэ тарифт уурхайн нүүрс олборлохоос эхлээд төмөр замын тээвэр, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах, түгээх бүх зардал багтдаг юм.

-Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний сэргэлт  гэсэн тусгай бодлого туссан байгаа. Энэ бодлогын хүрээнд эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэх талаар тусгасан уу?

-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилго бүхий Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлнэ, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлж улирал тутам шинэчилнэ, үнэ тарифыг улирал тутам индексжүүлсэн байна гэж заасантай холбогдуулан цахилгаан, дулааны эрчим хүчний тарифыг бодит өртөгт нь хүргэх шаардлага үүсээд байна.

Хэрэглэгчийн цахилгаан, дулааны эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулж бодит өртөгт нь хүргэх, цаашид тарифыг индексжүүлснээр Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан эрчим хүчний шинэ эх үүсвэр, өргөтгөлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж, санхүүгийн эх үүсвэр бүрдэхээс гадна улсын төсөвт дарамт болохгүйгээр шинээр баригдах эх үүсвэрүүдийн эрчим хүчний төлбөр болон зээл, хүүгийн төлбөрийг төлөх, эрчим хүчний салбар санхүү эдийн засгийн бие даасан тогтолцоонд шилжин ажиллах боломжтой. 

-Эрчим хүчний зохицуулах хорооны хувьд хэрэглэгчдийн эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулах чиглэлээр ямар бодлого баримталж байна вэ?

-Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны тарифыг цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэхээс гадна үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг хэмнэх чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Манай улсын нэг айл өрхийн цахилгаан эрчим хүчний сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц, мөн нэг кВт.ц цахилгаан эрчим хүчний тариф 140 төгрөг буюу бодит өртгөөс 103 төгрөгөөр доогуур байгаа тул тарифыг хэрэглээнээс нь хамааруулан ялгавартай тогтоох хувилбарыг боловсруулсан. Тухайлбал, сарын 300 кВт.ц-аас дээших хэрэглээний тарифыг бодит өртөгт нь ойртуулах байдлаар хэрэглэгчийн хэрэглээнээс хамаарсан шатлалыг нэвтрүүлэх юм. Мөн айл өрхийн цахилгааны хэрэглээнд эрчим хүчний системийн оргил цагийн тарифыг нэвтрүүлэх тооцоо, судалгааг хийж хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.

Мөн Улаанбаатар хотын нэг гкал дулааны нэгжийн өртөг 48 мянган төгрөг байхад борлуулалтын дундаж үнэ 30 мянган төгрөг буюу бодит өртгөөс 38 хувиар доогуур, Дархан хотын нэг гкал  дулааны нэгжийн өртөг 59 мянган төгрөг байхад борлуулалтын дундаж үнэ 22 мянган төгрөг буюу бодит өртгөөс 63 хувиар доогуур, нэг гкал  дулааны нэгжийн өртөг 45 мянган төгрөг байхад борлуулалтын дундаж үнэ 17 мянган төгрөг буюу бодит өртгөөс 62 хувиар доогуур түвшинд байна. Иймээс дулааны үнэ тарифыг зайлшгүй нэмэх шаардлагатай байгаа.

-Эрчим хүчний зохицуулах хороо Эрчим хүч хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэгч гол байгууллага. Танай байгууллага эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар эрчим хүчний хэмнэлтийн чиглэлийн эрх үүргийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх 24 удаагийн сургалт хийж эрчим хүчний 113 аудитор, 458 менежер бэлтгэсэн. Эрчим хүчний аудитын 18 байгууллага, эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн гурван байгууллагыг тус тус магадлан итгэмжилж, эрчим хүчийг хэмнэх үүрэг хүлээсэн 279 байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

 Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиар үүрэг хүлээсэн хэрэглэгч гэдэг нь эрчим хүчний жилийн хэрэглээ нь Засгийн газрын тогтоосон босго хэмжээнээс давсан иргэн, хуулийн этгээдийг гэж тодорхойлсон. Энэ хуулийн хүрээнд цахилгаан, дулааны эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх үүрэг хүлээдэг хуулийн этгээд гэж ойлгож болно. Эрчим хүчний зохицуулах хорооноос эрх олгосон аудитор, магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллагууд нь үүрэг хүлээсэн хэрэглэгчид 173 эрчим хүчний аудитын үйлчилгээг үзүүлэн ажиллаж, тэдгээрт эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх тайлан, зөвлөмжийг өгч тодорхой үр дүнд хүрч байна.

Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос 2022 онд зохион байгуулсан “Эрчим хүчний хүрэлцээ ба хомстол” сэдэвтэй тус зөвлөгөөнөөр томоохон чадлын эх үүсвэр баригдаж ашиглалтад орох хүртэлх хугацаанд буюу ойрын 4-5 жилд эрчим хүчний хэмнэлтээр хангамжийн хомстлыг нөхөх, хэмнэлтийн үйл ажилла­гааг эрчимжүүлж, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах шаардлага үүсээд байгааг тодорхойлсон. Энэ хүрээнд эрчим хүчний хэмнэлтээр хэрэглээг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

-Эх үүсвэрийн дутагдлыг хэм­нэлтээр нөхөх бодлого барим­талж байх шиг байна. Үнэхээр хэмнэлт хийснээр  оргил цагуудад эрчим хүчний ачааллыг бууруулж чадах уу?

-Эрчим хүчний хэмнэлт нь хамгийн бага хөрөнгө оруулалтаар эрчим хүчний шинэ эх үүсвэрийг богино хугацаанд барьсантай дүйцэх бодлогын арга хэмжээ гэж дэлхийн улс орнууд тодорхойлон нөөцийн буюу эрчим хүчний хангамжийн хомстолд орсон үед “Хэрэгцээг удирдах“ хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа юм. Манай улсын хувьд өвлийн оргил ачааллын 17:00-22:00 цагуудад цахилгаан эрчим хүчний ачааллыг бууруулах зохицуулалтыг хэрэгжүүлэх, хэрэглэгч, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөн цар хүрээнд зохион байгуулах замаар эрчим хүчийг хэмнэх дадал хэвшил бий болгох, улмаар эцсийн хэрэглэгчийн хэрэглээг хязгаарлахгүйгээр хэрэглээний өсөлтийг хэмнэлтээр хангах боломжийг бүрдүүлж эх үүсвэрийн чадлын дутагдал, импортын эрчим хүчний хэмжээг багасгах зорилготой “Хэрэгцээг удирдах” арга хэмжээг нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Эрчим хүчний салбараас “Хэрэгцээг удирдах” арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, “Оргил ачааллын үеийн хэрэглээг бууруулах, диспетчерийн удирдлага, шуурхай зохицуулал­тыг хэрэгжүүлэх”, “Хэрэглэгч, олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаа зохион байгуулах, амьдралын дадал, хэвшил, зан төлөвт нөлөөлөл үзүүлж оргил ачааллын хэрэглээг бууруулах” гэсэн үндсэн гурван чиглэлээр ажлын хэсэн байгуулж салбарын хэмжээнд үйл ажиллагааны уялдааг ханган ажиллаж байна. 

Энэхүү арга хэмжээний үр дүнд өвлийн оргил ачааллын үеийн хэрэглээний өсөлтийг 2023-2024 оны түвшинд 30-50 МВт-аар, 2024-2025 оны түвшинд 70-100 МВт-аар тус тус бууруулах тооцоог гаргаад байна.

-Монголчууд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нөөцөө ашиглахгүй байна гэсэн шүүмжлэл их байдаг. Үүн дээр хорооны зүгээс ямар бодлого баримталж байгаа вэ?

Олон улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлагаас Монгол Улсын эрчим хүчний яамтай хамтран бэлтгэсэн Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээний тайланд дурдсанаар Монгол Улс нар, салхины эрчим хүчний арвин их нөөц байгаа талаар дурдсан байдаг. 

Монгол Улсад тархмал эх үүс­вэрийг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнтэй холбоотойгоор эрчим хүчний найдвартай хангамж, үр ашгийн хүрээнд тархмал эх үүсвэр хөгжүүлэх, тэр дундаа бүс нутгийн хэмжээнд бие даасан бага, дунд чадлын СЭХ-ний эх үүсвэрүүдийг хөгжүүлэх шаардлагатай байна. Том хэмжээний мега төсөл хийхээс илүү бага болон дунд чадлын бие даасан эх үүсвэрүүдийг бий болгох, хөгжүүлэх нөхцөл, санхүүгийн орчныг бүрдүүлж эрчим хүчний хангамж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой.

Монгол Улс нар, салхины эрчим хүчний арвин нөөцөө ашиглаж “Азийн супер сүлжээ” төслийг олон улстай хамтарч хэрэгжүүлэх, уг төслийг амжилттай хэрэгжүүлбэл Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс үйлдвэрлэсэн цахилгаан, эрчим хүчийг экспортлох бүрэн боломжтой юм. Ер нь энэхүү нөөцийг ашиглаж сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэх ёстой гэж боддог.

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль бол үнэ тарифыг нь ам. доллароор тооцсон хууль. Энэ хуулийг бүрэн өөрчилж, СЭХ-ийг цэвэр өрсөлдөөний зарчим руу оруулсан уу?

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг анх 2007 онд баталсан бөгөөд тус хуульд нарны цахилгаан станцын үнийг 15-18 цент, салхин цахилгаан станцын үнэ 8-9.5 цент гээд заачихсан байсан. Өнөөдрийн байдлаар олон улсад СЭХ-ний үнэ тариф буурч байна. Тийм учраас 2019 онд дээрх хуульд өөрчлөлт оруулж НЦС-ын үнэ 0-12 цент, СЦС-ын үнэ 0-8.5 цент байхаар өөрчилсөн. Хуучин хуульд үнийг тодорхой хязгаарт хатуу зааж өгсөн тул тарифын зохицуулалт хийх боломжгүй байсан бол шинэ хуулиар үнийн өрсөлдөөн үүсэх боломжтой болсон байна. Мөн нар, салхины эрчим хүчний тарифыг уян хатан болгосноор айл өрх, албан байгууллагууд өөрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашиглах, мөн өөрийн хэрэглээнээс илүү гар­сан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд худалдах зэрэг болом­жийг бий болгоод байгаа юм.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/


0
angry
0
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 8 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 8 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 8 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 9 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 9 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 9 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 9 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 9 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр