Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ай Си Ти групп” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Иргэд эрүүл мэнд, боловсрол үйлчилгээг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлж, төлбөр тооцооны цахим үйлчилгээ, үндэсний хэмжээний дата төв, клауд системд тулгуурлан Үндэсний газар зүйн болон хэл хөрвүүлгийн систем зэргийг хэрэглээнд нэвтрүүлснийг Ерөнхийлөгч сайшаав.
Мөн технологийн дэвшлийг ашиглан монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьж байгаа тус хамт олныг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
53 аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн “Ай Си Ти групп” ХХК эрүүл мэнд, боловсрол, санхүүгийн салбарт 380 орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд харилцагч, хэрэглэгчийн тоо 2.8 саяд хүрээд байна.
Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.Лхамсүрэн, цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийн зэрэгцээ “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнд мэдээллийн технологийн дэвшил, шийдлийг нэвтрүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
“Фибо Клауд” ХХК Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа холбооны хамгийн том оператор компаниудын нэг болох “Транстелеком” ХК-тай гэрээ хийсэн байна.
Энэ нь Монголын технологийн компани Төв Азид цахим бүтээгдэхүүнээ нийлүүлэх анхны гэрээ гэдгийг “Фибо Глобал” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар энэ үеэр танилцуулав.
Үндэсний аж ахуйн нэгжүүд нэгдэж ажилласнаар 2027 онд цахим үндэстэн болох бүрэн боломжтой гэж үздэгээ “Ай Си Ти групп” ХХК-ийн төлөөлөл илэрхийлэв.
Тус компанийн өнгөрсөн 10 жилд бүтээсэн системүүдийг эрүүл мэндийн салбарын 85, боловсролын салбарын 20, банкнаас бусад санхүүгийн салбарын 50 хувийн эцсийн хэрэглэгч, харилцагч хэрэглэдэг. 2021 оноос хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт зориулсан технологийн шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байна.
Эх сурвалж: President.mn