Аялал жуулчлалын чиг хандлага загварын ертөнц шиг жил, улирлаар өөрчлөгдөж байдаг. 2024 оны аялал жуулчлалын чиг хандлагыг тур агентлагууд “Өөрийгөө нээх” гэдэг үгээр тодорхойлж байна. “Booking.com”-д бичсэнээр алдартай аялагчид энэ жил санаанд оромгүй аялал төлөвлөжээ.
Ази Номхон далайн бүсийн удирдах захирал Лаура Хоулдсвортын хэлснээр, жуулчдын шилжилт хүн бүрийн үл мэдэх орнуудыг чиглэж байна. Судалгаагаар жуулчдын 18 хувь нь өөрийгөө нээхээр аялдаг. Ийм төрлийн аялал 2024 онд тэргүүлэх чиглэл болох нь ээ. Зардал ихтэй хөтөлбөр, таван одтой зочид буудал бус үр ашигтай, хэмнэлттэй газруудыг сонгох хандлага нэмэгджээ.
Аялагчдын 67 хувь нь байгальд ээлтэй, уламжлал, түүх, гар урлалыг харуулсан байранд буудаллахыг илүүд үзэж байна. Аялалд амт нэмдэг хоол хүнс жуулчдын шийдвэрт нөлөөлдөг. “Booking.com”-ийн судалгаанд оролцогчдын 67 хувь нь өв соёлыг харуулсан хоол амтлахыг эрмэлздэг бөгөөд 85 хувь нь туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Эцэст нь эдгээр судалгааны хариулт Монголыг чиглэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Агаарын тээврийг үе шаттайгаар либералчлах, аялал жуулчлалд дижитал технологи нэвтрүүлэх, аялал жуулчлалын стандартыг мөрдүүлэх, Монгол Улсыг олон улсын түвшинд сурталчлах зэрэг нь эерэг үр дүнгээ өгч байна.
Бодит жишээ бол “Lonely Planet” сэтгүүлээс Монгол Улсыг 2024 онд зочлох хамгийн шилдэг орноор шалгаруулсан явдал. Үзэсгэлэнт байгаль, түүхэн ач холбогдлоороо алдартай ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхон голын хөндийг онцлон танилцуулжээ.
Олон улсын сайн жишигт үндэслэн гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж 25 улсын энгийн паспорттай иргэд, 63 улсын дипломат, албан паспорттай иргэдэд визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн. Монголд ирж байгаа нийт жуулчны дийлэнх нь зуны дэлгэр цагт тодруулбал, зургаагаас есдүгээр сард ирдэг. Иймд өвлийн саруудад огцом буурдаг жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд санал болгож тэг зогсолтоос гарч бүрэн эргэлтэд орж байж аялал жуулчлалын салбарт эерэг дохио өгч байна.
Ариун дагшин, сүнслэг газар Шамбалад хүрэх зам
“Форбс” сэтгүүлийн нийтлэлч Бреанна Вилсон Монголын тухай нийтлэлдээ “Та -35 хэмийн хүйтэнд Монголоор аялах тухай бодож үзсэн үү. “Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл шүү дээ” гэсэн үгийг ойр тойрныхноосоо сонсох байх. Би зуны цагт Монгол орноор аялахаар төлөвлөж байсан ч өвлийн ид хүйтнээр Цагаан сарыг угтан аяллаа.
Дэлхийн хамгийн сүнслэг газруудын нэг Шамбалад мөргөл хийхээр шийдсэн юм. Монголд хэрхэн очих, аяллын төлөвлөгөө зэрэг мэдээлэл бага учир би Буддын аялал жуулчлалаар мэргэшсэн “Monastery Stay” жуулчны товчоотой холбогдлоо. Тэдний зорилго бол буддизмыг сурталчлан таниулах, гадаадын иргэдэд шашны талаар биечлэн суралцах боломж олгох. Би Хамарын хийд хүртэлх дөрвөн өдрийн богиносгосон маршрутыг захиалж, Улаанбаатараас Сайншандын шөнийн галт тэргэнд суув.
Өглөө эрт Сайншандад буухад үйлчилгээний төвүүд хаалттай байсан тул жолоочийн гэрт сүүтэй цай, буузаар дайлуулаад мөрөөдлийн газар руугаа шууд очив. Хамарын хийдэд лам нар шинэ жилийн баярыг угтан, залбирал үйлдэхээр ирсэн нутгийн иргэдэд тусгайлан ном уншиж байлаа. Хийдийн хөтөч Д.Данзанравжаа хутагтын тухай тайлбарлан ярилаа. 1800-аад оны эхээр Буддын улаан малгайтны дэг сургуулийг Монголд зааж, сүм хийд босгосон нь өнөөдөр ч оршин тогтнож байна. Коммунист дэглэмийн үед хаасан сүм хийдүүдийг 1990-ээд оноос сэргээн мандуулжээ.
Шамбалын алтан хаалгаар алхах цаг ирлээ. Данзанравжаа хутагт байгуулсан гэх энэ газар оюун санааны онцгой энергитэй, лам нар ойр орчмын агуйнуудад удаан хугацааны турш бясалгадаг. Хөтчийн заавраар бид тахилга хийж, будаа, архинаас авахуулаад хүслээ шивнэлдэж, дуу дууллаа. Зарим хүн хамгийн хүчтэй энергитэй газар хэвтэж, биедээ шингээн авч байв. Шамбалаас мөнгөн хаалгаар гарахдаа бүх муу үйлээсээ ариусдаг гэдэгт монголчууд итгэдэг. Үүнийг баттай хэлэхэд хэцүү ч оролдоод үзэхэд гэмгүй. Дорноговь аймагт хоёр өдөр аялахдаа нутгийн иргэдтэй уулзаж, Данзанравжаагийн музей, нутгийн үнэт чулуун үзмэрийг үзээд галт тэргээр Улаанбаатар руу буцлаа. Сүнслэг эрч хүчээр бүрэн цэнэглэгдсэн Шамбалын мөргөл оюун санааны тухай төсөөллөө эргэн харахад нөлөөлсөн юм” гэжээ.
Залуучууд алслагдсан газруудыг сонгон аялдаг
Залуучууд инстаграмын аялал жуулчлалын эринд амьдарч эхэллээ. Шинэ мянганыхан Зүүн Азийн нээлттэй орон зай Монгол Улс руу хошуурч байна. Гэрэл зурагчин, аялагч Лаурен Жексон “Нью-Йорк Таймс”-д хэвлүүлсэн аян замын тэмдэглэлдээ энэ тухай дурджээ. Тэрбээр манай улсыг автомашинаар тойрон аялах зуураа шинэ мянганы төлөөлөл болсон жуулчидтай уулзсан байна.
Түүний тэмдэглэлийг хураангуйлбал “Үеэл Коул Филадельфид, би Лондонд амьдардаг ч жил бүр шинэ газраар аялдаг уламжлалтай. Энэ жил бид Монголд машинаар аялахаар шийдсэн. Бидэн шиг шинэ мянганыхан буюу 1981-1996 оныхон Монгол шиг алслагдсан газруудыг зорин аялж байна. Санторини, Эйфелийн цамхаг, Колизейд олон түмэнтэй чихэлдэх нь сонирхолтой санагдахаа больжээ. Монголын Засгийн газар залуучуудын хүслийг ашиглахыг хичээж байна. 23-40 насны хүмүүст чиглэсэн дижитал маркетингийн кампанит ажилд хөрөнгө оруулжээ.
Мөн олон нийтийн сүлжээнд нөлөөлөгчдийг Монголд урьж, ногоон тал, цэнхэр нуурууд, шар элсэн манхнуудын зураг, бичлэгээр тэднийг дуудах болсон. Судалгаагаар Монгол Улсад ирсэн жуулчдын 49 хувь нь дөчөөс доош насныхан байжээ. Аялал жуулчлалын операторууд өсөн нэмэгдэж буй энэхүү сонирхлыг анзаарчээ. Европ, Ази даяар болдог "Монгол ралли"-д нэгдэх, “Монгол дерби” морин уралдаанд оролцохыг санал болгодог. Бид долдугаар сарын сүүлээр Улаанбаатарт ирэхэд нисэх буудал жуулчдын хөлд дарагдаж байлаа.
Жуулчдын дийлэнх нь Орос, Өмнөд Солонгос, Казахстан зэрэг ойрын орноос ирдэг. Сүүлийн жилүүдэд Европ, АНУ-аас ирсэн жуулчдын тоо өсөж байна. Миний уулзсан анхны жуулчин Бали арлаас 36 настай Сангжай Чоегял байлаа. Монголд найман удаа аялсан тэрбээр “Дэлхий жижгэрч, хүн бүр шинэ хил хязгаарыг хайж байна” гэсэн юм. Орегон мужаас ирсэн 25 настай Оливиа Ханкел “Монгол Дерби”-д оролцохоор иржээ. Харин Хойд Каролина мужид палеонтологийн чиглэлээр сурдаг 28 настай Вилли Фраймут чулуужсан олдворуудыг судлахаар хоёр дахь жилдээ эргэн ирсэн байна.
Үндэс угсаагаа хүндэтгэдэг орчин үеийн хот
Монгол Улсын нийслэл Улаанбаатар орчин үеийн, загварлаг хот болон хөгжиж байгааг Хятадын “South China Morning Post” сонинд дурджээ. Хотын хөгжлийн хурдыг эх орноо дэлхийн жишигт хүргэх, элэг нэгтнүүддээ урам зориг өгөх хүсэл эрмэлзэлтэй монголчуудын санаачилга, оролцоотой холбон үзжээ. Нийтлэлд “Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Улаанбаатарыг чиглэн давхихад мал сүрэг ногоон хээр талд бэлчинэ.
Нийслэлийн захаар ороход өндөр барилгууд сүндэрлэнэ. Газар хомс хотоос ирсэн хүний хувьд би Монголын эцэс төгсгөлгүй тал нутгаар давхих сайхан байсан. Хоёр дахь удаагаа долдугаар сард ирэхдээ Улаанбаатар хоттой танилцахаар шийдлээ. Хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг Улаанбаатар хотыг замын түгжрэл, тоосжилт, утаатай учир жуулчид удаан саатдаггүй гэдэг.
Үнэндээ жуулчид хотод сэтгэлээ сэргээхээр ирдэггүй. Ихэнх аялагчид өргөн уудам тал, говийг зорьдог. Тэгвэл яагаад Улаанбаатарыг зорих ёстой вэ. Уламжлал, үндсээ хүндэтгэдэг улам бүр орчин үеийн, загварлаг хот аж. Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд улсын баяр наадам үзсэн юм. Улаанбаатар хотын талаар цахим орчинд англи хэлээр маш бага мэдээлэл байдаг нь гадаадын иргэдэд тухлан саатах сэдэл төрүүлдэггүй болов уу. Хот өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна.
Цар тахал дуусаж, амьдралын хэв маяг ч өөрчлөгджээ. Дэлхийн тансаг зэрэглэлийн брэндийн дэлгүүрийн нээлт сар тутам болдог. Брэндүүд дэгжин улаанбаатарчуудад зориулж цуглуулгаа улирал тутам шинэчилнэ. Дэлхийд тренд болж буй хоолны нэр төрлүүд хотын төвийн рестораны цэсэнд хэдийнэ оржээ” зэргээр нийслэлд саатах шалтгаануудыг онцолсон байв.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24590/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна