Х.Болорчулуун: Импортын татварыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрүүдээ төрийн хамгаалалтад авна


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Сайдын ажил хүлээж аваад удаагүй байгаа ч хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гаргасан байх.  Хамгийн түрүүнд ямар асуудалд төвлөрөн ажиллаж байна вэ?

-Манай яам  хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Бид тариа, ногоогоо өөрсдөө тарьдаг ч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа нь нууц биш. Шуудхан хэлэхэд хүнсний хангамж талаасаа гаднын хараат байна шүү дээ. Улаанбуудай, хүнсний ногооноос бусдыг экспортоор авдаг. Жилд тэрбум ам.долларын хүнс гаднаас орж ирдэг гээд бод доо.  Тиймээс бид юуны түрүүнд өөрсдөө тарьж ургуулж, үйлдвэрлэж, бүтээж чадах бүхнийг Монголдоо үйлдвэрлэх зорилго, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох асуудал чухал боловч цогц шийдэл биш.  

Харин  дотоодын үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг гаднаас орж ирэх урсгалаас хамгаалах шаардлагатай байна. Аль юм болгоныг гаднаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хэрэглэх вэ.   Иймээс импортын барааны урсгалыг сааруулах, боломжтой бүх зүйлийг дотооддоо үйлдвэрлэдэг болоход яамны гол бодлого чиглэнэ. Валютын нөөц гадагшлах урсгалыг сааруулах, ажлын байр нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрүүдээ дэмжих үүднээс эхний ээлжид импортын татварт өөрчлөлт оруулахаас аргагүй. Ингэж байж үндэсний үйлдвэрлэл хөгжинө.

-Импортын татварыг нэмэгдүүлэх тухайд хуулийн төслөө боловсруулж дууссан уу. Хуулийн төслөөр импортын татвар нэмэгдүүлэх барааны жагсаалтыг нарийвчилж гаргах уу?

-Яамны зүгээс хуулийн төслөө боловсруулж  дууссан, энэ намрын чуулганаар хэлэлцүүлнэ. Уг хуулийн хүрээнд импортын татвар нэмэгдүүлэх барааны жагсаалт гаргана.  Ингэснээр ямар ургамал, хүнсний импортын татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх вэ  гэдгийг тодорхой болгоно гэсэн үг. Тухайлбал, манай улс 70 сая  малтай атлаа бяслаг, тараг гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг гаднаас авч байна. Ийм байдлаар цааш явж болохгүй гэдгийг бид өнгөрсөн хугацаанд улсаараа харлаа шүү дээ. 

Цар тахал, дайн байлдаан гээд дэлхий нийтийн өнөөгийн нөхцөл байдал том сургамж болж байна.  Улс орон ядаж хүнснийхээ хэрэгцээг дотоодоосоо хангадаг байх ёстойг харууллаа. Хойд, урд хөршийн хил  зэрэг хаагдлаа гэхэд юу болох вэ  гэдгийг бид тооцоолсон л байх учиртай.  Тиймээс өмнө нь  хийж чаддаг байсан болон чадах бүхнийг өөрсдөө  үйлдвэрлэдэг болох зорилт манай яамны бодлогын цөм байх болно. Үүний тулд холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,  санхүүгийн дэмжлэгтэй холбоотой асуудлыг яамны зүгээс боловсруулж УИХ-д оруулна.

-Импортын татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх нь гарцаагүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ эдийн засаг тааруу, инфляц өндөр байгаа одоогийн нөхцөлд олон  нийтэд таатай сонсогдохгүй болов уу. Хэрвээ импортын татварыг нэмэгдүүлэхгүй бол  юу болох вэ гэдэгт хариулт өгөөч?

-Ганцхан  жишээ хэлье. Социализмын үед манай улс импортын бараа бүтээгдэхүүнд 30 хувийн татвар тавьдаг байсныг 1997 онд тэглэснээр үндэсний аж үйлдвэрийн салбар гурваас дөрвөн жилийн дотор л нуран унасан. Энэ нуралтын шокноос одоо ч бүрэн гарч чадаагүй байна. Бид өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон давсныхаа 95 хувийг гаднаас авдаг. Гэтэл манай оронд давсны орд өчнөөн бий. Боловсруулах, дотооддоо өөрсдөө хийж, бүтээх шаардлагатай байна. Ингэж байж бид ажлын байр, ажиллах хүчнийхээ тоог нэмэгдүүлнэ. 

Ид хийж бүтээх насны залуусаа гадагшаа алдах бус эх орондоо ажилтай, орлоготой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Импортын татварыг нэмэгдүүлснээр  дотоодын үйлдвэрүүдээ төрийн хамгаалалтад авна гэж ойлгох хэрэгтэй. 

Манайх шиг ийм  импортын татвар багатай улс бараг байхгүй. Зах зээлд хэн ч, юу ч хийж болно. Гагцхүү борлуулна гэдэг хялбар ажил биш. Үйлдвэрлэгчдийнхээ зах зээлийг хамгаалаагүй байж үйлдвэр хөгжүүлнэ гэж ярих нь хэтэрхий өрөөсгөл ойлголт болчихоод байгаа юм. Жишээлбэл, ОХУ гэхэд 30+ хувь, БНХАУ аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд 49, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд 50-65 хүртэлх хувийн  импортын татвартай.

 Харин манай улсын импортын татвар ердөө таван хувь. Үйлдвэрлэгчид маань бүтээгдэхүүнээ гадагшаа гаргаж чадахгүй байгаагийн учир энэ.  Бид  өөрсдийн бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байхад хоёр хөрш орноос хүнс, бараа бүтээгдэхүүн чөлөөтэй орж ирсээр байна.  Хоёрдугаарт, ам.долларын нөөц багасаж байна, цаашид бүр байхгүй болчихвол яах вэ.   Тэр үед бид төгрөгөөрөө гаднаас юу худалдаж авч чадах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Иймээс дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэрүүдээ хөгжүүлж, бараа бүтээгдэхүүнээ экспортод  гаргахад төр, засгийн зүгээс бодлогоор дэмжихэд анхаарах хэрэгтэй байна.  Импортын татвар нэмэх шийдвэрийг үйлдвэрлэл эрхлэгч бүр таатай хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 10 гаруй үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр үйлдвэрлэгчид “Биднийг гаднын зах зээлээс хамгаалж өгөөч. Гаднаас татвар багатай орж ирээд, зах зээл эзлээд байгаа экспортын урсгалыг хязгаарлаач. Хөнгөлөлттэй зээл, тусламжийг бид өөрсдөө болгоно” гэж ярьж байна. Тиймээс бид шийдвэрээ гаргаж, дотоодын үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих цаг болсон.

-Тэгэхээр импортын татварыг хэзээнээс, ямар байдлаар нэмэх вэ?

-Хангамжтайгаа холбогдуулаад татварыг үечилж нэмнэ. Иргэдэд дарамт багатай тусах үүднээс хоёроос гурван жилийн дотор  аажмаар нэмнэ гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс импортын татвар нэмэгдсэн гэх шалтгаанаар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх асуудал үүсэхгүй гэсэн үг. Үр дүнд нь бид ойрын хоёроос гурван  жилийн дотор өндгөө 100 хувь дотоодоос хангадаг болно. 

Үйлдвэрлэж чадах хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангадаг болно. Иргэд маань эх орныхоо хөрсөнд ургасан хүнсний ногоог идэхээс гадна чанар, аюулгүй байдал талдаа ч сэтгэл ханамжтай байх нөхцөл бүрдэнэ. Цаашлаад энэ бодлогын хүрээнд маш олон ажлын байр бий болно, валютын гадагшлах урсгал тогтворжино гээд олон талын эерэг нөлөөллийг үзүүлнэ.

-Таны хариуцсан салбар бол өргөн бүтэцтай, том аппарат.  Эхлээд  хоёулаа хүнс,  хөдөө аж ахуйн салбарын талаар зарим мэдээллийг нарийвчилъя. Монгол Улс махны экспортыг нэмэгдүүлэх, малаа амьдаар нь гадагш гаргах талаар  ярьдаг ч төдийлөн үр дүн харагддаггүй. Энэ тухайд яам ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ. Жишээлбэл, мал, махаа чанаржуулах  талд бодлогын ямар шийдэл байна вэ?

-Хамгийн чухал нь мал, махаа эрүүлжүүлэх тухай ойлголт. Эхний ээлжид эрүүл бүс байгуулж, махаа чанарын шаардлага хангадаг болгосноор Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн газрын хяналт дор махаа үнэ цэнтэйгээр, бусдын адил гадагш гаргах боломж бүрдэнэ. Энэ ажлыг хийлгүйгээр шууд бэлчээрээс нь экспортолно гэдэг ойлголт олон улсад байхгүй. Одоогийн нөхцөлд  БНХАУ руу дулааны аргаар хагас боловсруулсан байдлаар махаа гаргаж байгаа.

Цаашид улс дотроо эрүүл бүс бий болгох бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжид баруун гурван аймгаас гадна Дорнод аймагт эрүүл бүстэй болно. Тус аймгуудад байгалийн тогтцоор нь, эсвэл хашаажуулах замаар тодорхой хязгаарлалт тогтооно гэсэн үг. Орчин үед том, хүнд тороор хашаа хийхээ больсон. Долгион бүхий хоёр утас л явуулна. Халх голын районд 100 мянган үхрийн аж ахуйг эрүүл бүс болгохоор төлөвлөөд байна. Гол замуудад мал эмнэлэг, хорио цээрийн цэгүүд байгуулна.

Малыг үе шаттайгаар эрүүлжүүлэх буюу вакцин, тарилга, туулгыг цаг тухайд нь тогтмол хийснээр манай улс эрүүл бүстэй болно. Энэ ажлыг дунджаар нэгээс хоёр жилийн хугацаанд хийснээр эрүүл бүстэй боллоо гэдгээ дотооддоо төдийгүй дэлхийд зарлах юм. Үүний дараагаар дэлхийн Мал эмнэлэг, эрүүл мэндийн газар давхар ажиллана.

 Ингэснээр энэ улсын, энэ хэсэгт эрүүл бүс бий боллоо гэдгийг импортоор мах авдаг газруудад зарлана. Энэ ажлыг хийхийн тулд эхлээд аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалт явуулна. Он гарахаас өмнө эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. 

-Яагаад заавал  баруун гурван аймаг гэж, мал аж  ахуй бүхий  бүс нутгаа  тэр чигээр нь эрүүлжүүлэх шаардлагатай юм биш үү?  

-Энэ ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Хашаажуулах ажлаас авахуулаад төсөв хөрөнгө шаардлагатай. Баруун гурван аймаг гэхээр голж болохгүй. Өргөн хүрээний газар нутаг хамаарч байгаагаас гадна 10 сая малыг эрүүлжүүлэх ажил ярьж байгааг ойлгох хэрэгтэй. Цаашид мал аж ахуйн бүс нутгаа бүхэлд нь эрүүл бүс болгох ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлнэ. 

-Манай улс хүнсний ногоо, улаанбуудайгаа дотоодоос бүрэн хангадаг гэдэг ч бодит тоо өөр байдаг юм билээ. Энэ тухайд  та нэмэлт мэдээлэл өгнө үү?

-Улаанбуудайн нөөцийг урьдчилж хэлэхэд хүндрэлтэй байдаг. Учир нь, цаг агаараас бүрэн хамаардаг. Тухайн жилдээ цаг агаар таатай байгаад ургац сайн хураавал дотоодын нөөцөө хангаад зогсохгүй гадагш гаргах ч үе бий. Эсрэгээрээ ган гачигтай жилд ургац бага авбал дотооддоо дутагдал үүсэж, гаднаас авах тохиолдол гардаг.   Харин төмс, хүнсний ногоог тоон дүнгээр ч, бодит байдалд ч бүрэн хангаж болно. Одоогоор дотоодынхоо төмсний хэрэгцээг бүрэн,  бусад хүнсний ногоог 65-70 хувиар хангах ерөнхий тооцоотой байна. 

Улмаар ойрын хоёр жилийн хугацаанд хүнсний бүх төрлийн ногооныхоо дотоодын хэрэгцээг 100 хувь хангахаар төлөвлөж, зоорь саваа  бэлдэх ажлыг бодлогоор  эхлүүлсэн. Олон улсын зээл, тусламж болон төсвийн хөрөнгө оруулалтаа ч ашиглана.  Энэ бол ганц миний, манай яамны зорилго бус иргэд маань ч бидэнтэй ижил хүсэл эрмэлзэлтэй байгаа гэж ойлгож байна. Учир нь бид гаднаас орж ирсэн чанартай, чанаргүй, баталгаатай эсэх нь эргэлзээтэй бараа, бүтээгдэхүүнийг амин чухал хоол хүнсэндээ хэрэглэсээр л байна шүү дээ. 

-Манай улс ноос, ноолуураар баялаг. Гэсэн атлаа байгаа баялгаа үнэд хүргэж чаддаггүй нь нууц биш. Энэ тухайд ноосоо боловсруулах, ноолуураа угааж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон гаргах чиглэлд  ямар бодлого баримтлах вэ?

-Монгол Улс дэлхийн ноолуурын 50 хувийг гаргадаг гээд бод доо. Жилдээ 10 мянган тонн ноолуур гаргадаг. Урьд нь зөвхөн угаасан ноолуур гаргаж байсан, зүүн аймгийнхыг бараг угаалгүй гаргаж байв даа. Одоо энэ байдлыг өөрчлөх цаг болсон. Тиймээс бид ирэх  жилээс угаасан биш, самнасан ноолуур гадагш гаргана. Үүний эхлэл болгож  техникийн зохицуулалтыг Засгийн газрын хуралдаанд оруулаад явж байна. 

Бид самнасан ноолуураа гаргаад эхэлбэл ганц урд хөрш бус баруун Европод ч гаргах боломжтой. Ингэснээр маш олон талын эерэг үр дүн гарах юм. Жишээлбэл, угаасан ноолуураа самнасан хэлбэрт оруулахад л 4400 ажлын байр энэ салбарт нэмэгдэх тооцоололтой байна. Цаашлаад ноолуураа ээрэхээс авахуулаад бэлэн бүтээгдэхүүн рүү орох ёстой. Ингэж бид алхам алхмаар урагшилж, аль болох богино хугацаанд  хөнгөн үйлдвэрийн салбараа хөгжүүлнэ. 

-УИХ-аас Үнэ тогтворжуулах тухай  хуулийг батлан  гаргасан.  Мах, гурилын үнийг тогтвортой байлгахад Засгийн газраас аж ахуйн нэгжүүдтэй ямар байдлаар хамтран ажиллаж байна вэ. Зах зээлийн зарчмаараа гурилын үнэ өсөхөөс аргагүй байгааг та мэдэгдэж байсан, цаашид хэрхэх бол?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-аас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэх шийдвэр гаргасан ч, өнөөдрийн байдлаар, гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг олгоогүй байна. Тиймээс үйлдвэр, аж ахуйн нэгжүүд маань өөрсдийн нөөц бололцоогоор буюу банкны зээлийн зарчмаар ажиллаж байна. Ер нь батлагдсан хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоод асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжлээ гэхэд, тухайлбал нэг аж ахуйн нэгж банкнаас 15 хувийн хүүтэй зээл авлаа гэхэд 10 хувийг нь хөнгөлөөд, таван хувийн хүүтэй зээлийг гурилын үйлдвэрүүдэд олгосноор тарианы аж ахуйнууддаа дамжуулдаг. 

Энэ нь инфляцын өсөлтийн 10 хувийг тогтоон барьж байна гэсэн үг.  Гэтэл улаанбуудайн тариалалтын хамгийн гол зардал болох шатахууны үнэ  40, ургамал хамгааллын бодис 80, бордоо бүр 100 хувиар нэмэгдчихлээ. Ингээд улаанбуудайн тариалалтын зардал дунджаар 60 орчим хувиар өсжээ. Тэгэхээр гурилын үнэ яалт ч үгүй дагаад өсөж байна. Тиймээс “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” бол еэвэнгийн нэг тал. Нөгөө талаасаа газар тариаланчид, гурил үйлдвэрлэгчид давуу эрх эдлээд байгаа юм огт байхгүй. Манай улсад гурилын 20 гаруй үйлдвэр байдаг учраас монопольдож, үгсэн хуйвалдаад үнээ өсгөх боломжгүй юм. Харин ч энд цэвэр өрсөлдөөн өрнөдөг учраас хамгийн боломжит түвшинд зардлаа хэмнэж байж борлуулалтаа хийдэг. 

Тиймээс гурил, будааны үнийг зохиомлоор өсгөөд байгаа зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.  Хоёрдугаарт, ХХААХҮЯ гурилын үнийг тогтоон барих ёстой юм шиг, социализмын үеийнх шиг бодоод байж болохгүй. Зах зээлийн нийгэмд тийм  зохицуулалт  байх боломжгүй шүү дээ.  

-Ярилцлагын төгсгөлд ХХААХҮЯ өвлийн бэлтгэлээ хэр хангаж байгаа талаарх мэдээллийг өгнө үү?

-Улсын хэмжээнд 400 гаруй мянган га талбайд улаанбуудай тариалж, 440 мянган тонн ургац хурааж авахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар төлөвлөгөөгөө 95 - 100 хувь биелүүлэх таатай мэдээтэй байна. Ирэх жил гадаадаас улаанбуудай худалдан авах шаардлагагүй, дотооддоо бүрэн хангачихна гэсэн үг.  Төмсний хувьд 100 хувь дотоодын хэрэгцээгээ хангах баланс гарсан. 

Хүнсний ногооныхоо 65-70 хувийг хангана. Улаанбуудайн тодорхой хувийг нөөцөлж, аж ахуйн нэгжүүдээс 30 мянган тонн улаанбуудай авахаар тооцоолсон. Мөн 2023 оны төсөвт 30-35 мянган тонн улаанбуудайг нэмж худалдан авахаар төлөвлөсөн. 50-60 мянган тонн улаанбуудайг нөөцлөх учраас  дутагдах асуудал гарахгүй  гэсэн үг.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24523/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22