Э.Халиун: Бяр чадлын хувьд эн тэнцүүхэн тамирчидтай тивийн дэвжээн дээр өрсөлдлөө


АНЭУ-ын Абу Даби хотод болсон жюү жицүгийн насанд хүрэгчдийн найм, өсвөр үе, залуучуудын анхдугаар Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцоод ирлээ. Тэмцээний залуучуудын ангиллын 63 кг-ын жинд аваргалж, алтан медаль хүртсэн “Гаруда” академийн тамирчин Э.Халиунтай ярилцлаа. 

-Юуны түрүүнд баяр хүргэе. Жюү жицүгийн залуучуудын анхдугаар наадмын өрсөлдөгчид хүчтэй байв уу? 
-Баярлалаа. Өрсөлдөгч тамирчид их хүчтэй байлаа. Бяр чадал, хүч техникийн хувьд эн тэнцүүхэн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Энэ удаагийн Азийн аваргаар залуучуудын ангиллын шилдэг тамирчдыг анх удаа тодруулснаараа онцлогтой. Миний хувьд тэмцээний залуучуудын ангиллаас гадна насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож өөрийгөө сорилоо. Насанд хүрэгчдийн ангиллын хувьд оноолт чанга, тамирчид нь хүчтэй байсан. Энэ ангилалд харамсалтайгаар хожигдсон ч залуучуудын тэмцээнд өрсөлдөж жингийнхээ аварга болсондоо баяртай байна. 


-Шийдвэрлэх тулааныг аль улсын тамирчинтай хийсэн бэ? 

-Надад бүх барилдаан чухал байсан. Яагаад гэвэл аль нэгд нь ялагдвал финалд шалгарах боломжгүй болох байв. Тиймээс бүх барилдаандаа ялахын төлөө хичээж оролцсон. Тэр дундаа Казахстаны тамирчинтай хийсэн барилдаан их онцлогтой байлаа. Барилдааны үед найман оноогоор дутуу явсан учраас багагүй сандарсан. Тиймээс аль болох тайван байхыг хичээсэн юм. Оноо дутуу явахад багш челленж авч бичлэг ухрааж үзэх хооронд өөртэйгөө ажилласан. Үүний үр дүнд барилдааны сүүлийн мөчид Казахстаны тамирчныг боох мэхээр ялсан. Финалын шатанд би зохион байгуулагч орны тамирчинтай барилдсан. Тэр тамирчны онцлог нь надаас нэг шатаар илүү бүстэй. Дээр нь дээд жингээс орж ирсэн тамирчин байсан юм. 


-Тулалдахын өмнө дасгал­жуулагч ямар зөвлөгөө өгөв. Тэмцээний үед төлөвлөсөн тактикаараа ажиллаж чадсан уу? 
-Дасгалжуулагч бэлтгэлийн үеэр хийдэг техникүүдээ л ашиглахыг зөвлөсөн. Миний хувьд хэвтээ барилдаандаа илүү учраас “гарт орсон” мэхээ хийгээсэй гэж бодсон байх. Би муай-тай, кикбоксоор хичээллэдэг. Тиймээс энэ удаагийн тэмцээнд жюү жицүгээс гадна контакт файтинг төрөлд хүч үзэхээр бүртгүүлсэн юм.  Жюү жицүгийн тэмцээний өмнөх сандралаа давахын тулд тулааны ангилалд нь бүртгүүлсэн гэж ч ойлгож болно. Гэхдээ тулааны үеэр торгуулийн цохилт хийж тэмцээнээ өндөрлүүлж контакт файтинг төрөлд медаль авч чадаагүй. 


-Хориглосон мэх хийсэн гэсэн үг үү?
-Өрсөлдөгчийнхөө нүүрэн тус газарт хүчтэй цохихыг хориглодог. Миний хувьд санаандгүйгээр хүчтэй цохисны улмаас тэмцээнээс хасагдсан. Энэ удаагийн Азийн аваргын үеэр олон төрлийн тэмцээн зохион байгуулсан нь их сонирхолтой байлаа. Анх удаа олон улсын томоохон тэмцээнд оролцоод туршлага дутсан байж магадгүй. Түүнээс биш надад ялах боломж байгааг мэдрүүлсэн тэмцээнүүдэд оролцлоо.  
-Азийн аваргын медалиа зүүх мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ, баярын нулимс унагаж байгаа харагдсан?
-Тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож жиндээ түрүүллээ. Дээр нь алтан медалийг О.Болд-Эрдэнэ багш гардуулж өгсөн. Багш маань медалиас адис аваад надад зүүж өгсөн нь гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Энэ удаагийн Азийн аваргад бид Монголоос олуулаа явсан. Найзууд, ах эгч нар тэмцээний турш надтай хамт байж, намайг дэмжиж байсан нь олон талаар тус болсон. Төрийн дууллаа сонсоход сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй мэдрэмж төрдөг юм билээ. Азийн аваргыг зорихдоо медалийн тавцанд зогсоно чинээ санаагүй. Олон улсын тамирчдаас туршлага судална, өөрийгөө сорино гэсэн бодолтойгоор оролцсон. Медаль авсан өдрийнхөө орой нь гэрийнхэнтэйгээ утсаар яриад тэднийхээ ямар их баяртай байгааг сонссон. Ер нь энэ удаагийн тэмцээнээс олон зүйл сурлаа, цаашид улам илүү хичээх ёстойгоо ч ойлголоо.  


-Та хэдэн настайгаасаа жюү жицүгээр хичээллэсэн бэ? 
-Би анх 15 настайдаа жүдогоор хичээллэсэн. Нэг их удалгүй эгэмнийхээ ясыг гэмтээгээд хэсэг хугацаанд спортоосоо хөндийрсөн. Гэхдээ “Сурсан юмыг сураар боож болдоггүй” гэдэг. Хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор спортоосоо удаан хол байж чадаагүй. 2019 оноос жюү жицүгээр хичээллэж эхэлсэн. Энэ спорттой намайг танилцуулсан хүмүүс бол “Их шавь” клубийн Нарангэрэл, Даваадорж багш нар. Тухайн үед өмнө нь бэртэл авсан учраас дахиад гэмтчихвий гэсэн айдас төрж байсан. Гэхдээ зөв техниктэйгээр ажиллаад сурчих юм бол дахин алдахгүй, гэмтэхгүй гэсэн бодолтойгоор жюү жицүгээр хичээллэж эхэлсэн. Дээр нь бэлтгэлийн үед шаардлагатай амин дэм дутагдсан учраас бэртэх шалтгаан болдог. Тиймээс бэлтгэлээс гадна нойр, хоол, амралтаа зохицуулах ёстойгоо ойлгоод бүгдийг хамтад нь хэрэгжүүлэхийг хичээсэн. 


-Уян хатан чанар шаардсан спортын төрөл. Бас ямар ч нөхцөлд өөрийгөө хамгаалах боломжийг олгодог. Жюү жицүг энгийнээр хэлбэл, мэдрэмжээ илэрхийлэх спортын төрөл юм. Энэ спортын төрлийн онцлог нь бүсний ангилал­тай. Төрлөөсөө хамаараад хэдэн ч насны, ямар ч хүн байсан хичээллэх боломжтойгоороо давуу талтай. 


-Таны тулалддаг 63 кг-ын жин өрсөлдөөн ихтэй. Түрүүлж самбаачлахгүй л бол өрсөл­дөгчдөө боломж олгох эрсдэлтэй байдаг? 
-Энэ жинд Монголд өнгийн бүстэй хүн цөөн. Монголоос 63 кг-ын жинд хамгийн анх хар бүс авсан тамирчин бол BB академийг үүсгэн байгуулагч Буяндэлгэр. Би тэр хүнээс үлгэр дуурайл авдаг. Тэр хүнтэй өөрийгөө харьцуулж түүнээс суралцахыг хичээдэг юм.


-Муай-тай бокс таны хувийн сонирхол, өөр хобби юу?
-Манай “Гаруда” клуб муай-тай кикбокс, жюү жицү гэсэн хоёр ангитай. Муай-тай кикбоксыг анх илүү хөдөлгөөн хийхийн тулд сонирхон хичээллэж байв. Энэ хоёр спорт бүх булчинг жигд хөгжүүлдгээрээ адилхан. Би жюү жицүгийн Азийн аваргад оролцохын өмнө муай-тай боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод хүрэл медаль хүртсэн. Манай охид энэ спортын төрлөөр идэвхтэй хичээллэдэг нь ямар өрсөлдөөн гарч байгаагаас нь харагдаж байсан юм.  


-Халиунаа айлын бага уу?
-Дунд хүүхэд, айлын ганц охин. 


-Охиноо тулааны спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бол? 
-Гэр бүлийнхэн маань миний жюү жицүгээр хичээллэхийг дэмжсэн. Спортоор хичээллэнэ, дээр нь өөрийгөө хамгаалж сурна гэсэн бодлоор аав, ээж намайг дэмжсэн байх. Мэдээж  хүүхдээ бэртэж гэмтэхээр тайван байдаг эцэг, эх гэж хаана байх вэ. Анх хичээллээд гэмтэл авсны дараа “Спортоор хичээллэхээ боль, бэртэж гэмтэх аюултай юм байна” гэж хэлж байсан удаа бий. Гэхдээ миний сонголтыг манай гэр бүлийнхэн дандаа ойлгож, хүндэлдэг.  


-Азийн аваргын дараа ямар тэмцээнд оролцохоор зорьж байна даа?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бий. Тэмцээний зардлаа өөрсдөө хариуцдаг болохоор дэлхийн аваргад оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тэмцээн ирэх намар, аравдугаар сард болно. Түүнээс өмнө зардлаа шийдэж чадвал АНЭУ руу явна. 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24598/


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 6 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 7 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 8 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө