Ц.Эрдэнэбаяр: Засгийн газар боомтын асуудалд анхаарал хандуулснаар экспортын хэмжээ нэмэгдсэн


Манай улс  Боомт хариуцсан сайдтай болж,  Боомтын сэргэлтийн  үндэсний хороог байгуулсан нь  бодит үр дүнгээ өгч эхэлжээ. Тухайлбал,   нийт экспортын 72 хувь нь Замын-Үүд, Гашуунсухайт боомтоор гардаг.  Цар тахлаас үүдэлтэйгээр БНХАУ  “Тэг ковид” бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь улсын төсвийнхөө талаас илүү хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос төвлөрүүлдэг манай  улсын эдийн засагт асуудал дагуулж эхэлсэн юм.  Тэгвэл Монгол Улсын  Засгийн газраас  энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, асуудал эрхэлсэн сайд, түүний дэргэд зөвлөл байгуулснаар боомтуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх тухайд хоёр хөрштэйгөө бодлогын түвшинд харилцан ойлголцохоос гадна  зарим зохион байгуулалт хийж эхэлснээр  өдгөө нүүрсний экспортын хэмжээ харьцангуй нэмэгдсэн дүн мэдээтэй байна.  

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, боомтуудаа олон улсын жишигт хүргэх тухайд  цаашид хэрхэн ажиллах вэ.  Энэ асуудлын эргэн тойронд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Ц.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Монгол Улс Боомтын сэргэлтийн үндэсний хороотой болоод их хугацаа өнгөрөөгүй ч чамлахааргүй үр дүн харагдаж эхэлсэн.  Энэ хороог байгуулснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийнхээ талаар та  манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-Хилийн тухай хуулийн дагуу Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээнд   Боомтын үндэсний зөвлөл гэж байсан. Харин Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийн үндэсний хороо болж байгуулагдсаны дагуу бүтэц, бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаа явуулж байна. Манай хороог шинэчлэн байгуулсны гол ач холбогдол нь Шинэ сэргэлтийн бодлогын эхэнд Боомтын сэргэлт гэж бий. Үүний хүрээнд хилээр нэвтэрч буй ачаа барааны экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх,  тухайн боомт дээрх дэд бүтцийн ажлыг сайжруулах үндсэн зорилготой. Боомтын сэргэлтийн үндэсний хороог байгуулж, асуудал эрхэлсэн сайд ажиллаж эхэлснээс хойш тодорхой үр дүнгүүд гарч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон ажлуудаас дурдахад, Гашуунсухайт боомтоор гарах нүүрсний экспортын тээвэрлэлт 20 гаруй мянган тонноор нэмэгдлээ.  Гашуунсухайт боомт Монгол Улсын  нүүрсний экспортын  бараг 30-аад хувийг дангаараа бүрдүүлдэг.  Тэгвэл бид ажиллаж эхэлснээр энэ боомтоор нэвтрэх экспортын хэмжээг бодитоор нэмэгдүүллээ. Энэ бол Засгийн  газар, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа хамгийн том алхамт ажил.  

Өдрийн экспортын хэмжээ 70 гаруй мянган тонн байсан бол одоо 90 гаруй мянгад хүрээд байна.  Үүнээс гадна бид  хэдхэн хоногийн өмнө туршилтын тээвэрлэлт хийж үзлээ, маш амжилттай болсон. Үүний тулд бид БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод талын боомтынхонтой ярилцаж   зөвшилцсөний үндсэн дээр өдрийн экспортын татан авалтыг нэмэгдүүлэх туршилтыг хийж үзсэн юм. Ингэснээр өдрийн, энгийн тээвэрлэлтээс 20 гаруй мянган  тонноор  экспортыг нэмэгдүүлж чадсан. Энэ нь нэг өдөрт 100 гаруй мянган тонн нүүрсийг  тээвэрлэн гаргасан гэсэн үг. Өдөрт ойролцоогоор 800-гаад машинаар тээвэрлэлт хийдэг байсныг  1000  гаруйд хүргэж болохыг харлаа. Ингэж нэг өдөрт гарч байсан экспортын хэмжээ нэмэгдэж байгаа нь бодлого, зохион  байгуулалттай  шууд хамааралтай.

Түүнчлэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомт хариуцсан сайдын зүгээс анхаарал хандуулан ажиллаж байгаагийн бодит жишээ юм. Үүнийг шууд утгаар нь үр дүн гэж ойлгож болно. Нөгөө талдаа битүүмжлэгдсэн буюу бөмбөлгийн тээвэрлэлтийг эхлүүлсэн. Үүнд 20 хүртэлх тооны машинд бөмбөлгийн тээвэрлэлт явуулна гэсэн үг. Энэ нь эмх замбараагүй байдлыг цэгцлэх үндсэн зорилготой ажил. Дараалал алдагддаг, урдуур хойгуур дайрдаг  байдлыг цэгцэд нь оруулсан.  Өөрөөр хэлбэл, жолооч нар бие биеэ хянадаг болсон.

-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс Гашуунсухайт, Ганцмодны боомтод ажиллах үеэр тэнд ажиллаж, амьдарч байгаа ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулна гэдгээ  хэлж байсан. Нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд тэнд ажиллаж байгаа иргэддээ анхаарал хандуулах нь зүй ёсны шаардлага байх л даа?

-Хэдийгээр хуримтлагдсан асуудлуудыг бага багаар зохицуулалтад оруулж байгаа ч цаашдаа улам сайжруулах шаардлагатай олон ажил байна. Тиймээс бид зөвхөн нүүрс тээвэрлэлтийн экспорт гэхээсээ илүү хил дээр ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчид болон хил, гааль, Гадаадын иргэн харьяатын газрын ажилчдын аж ахуй, ар гэрийн асуудлыг давхар авч үзэх шаардлага зүй ёсоор тулгараад байна. Том зургаараа, асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.  Бид тал  талдаа нүүрсний экспортод анхаараад байдаг. Гэтэл ард нь хүний амьдрал өрнөж байна шүү дээ. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ар гэрээсээ хол байна, заримынх нь гэр  аймаг, хотод ч байна.  Тийм учраас энэ хүмүүсийн нийгмийн асуудалд анхаарал  хандуулах цаг болсон. 

Ажилчид тогтвор суурьшилтай ажиллаж байж үр дүн гардаг.  Хүний ахуй амьдрал асуудалгүй байсан цагт ажлын бүтээмж өндөр байдаг учраас бидний бодлогын цөм нь  боомтын ажилчид байх болно. Нийгмийн асуудлыг нь шийдэж, боломж бололцоотой болгож байж тогтвор суурьшилтай ажиллуулах учиртай шүү дээ

Манай эрхэлсэн сайд Д.Амарбаяс­галангийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу бид дээрх асуудалд ач холбогдол өгч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор бид ХЦЕГ-ынхантай уулзлаа. Цаашид гааль, ГИХАЭГ зэрэг төрийн байгууллагынхантайгаа  ажлын уулзалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.  Бид  ажлаа хоёр үе шаттайгаар хийж, хэрэгжүүлэхийг зорьж байна. Нэгдүгээрт, МАН хүний эрхийг дээдэлсэн нам болохоо тунхаглан зарласан. Тэгвэл Ганцмодны боомтод хүний эрх ямар түвшинд  байна вэ, монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадаж байна уу гэдэгт төр анхаарлаа хандуулна.  Үүний хүрээнд бид ирэх жилээс жишиг кэмпэд шилжүүлж, стандартын түвшинд хүргэснээр  тээвэрчдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлнэ.  Үүний зэрэгцээ өдөрт гарч байгаа экспортын тоо, хэмжээг нэмэгдүүлэх нь  хэзээд бидний үндсэн зорилго байна.

Ингэснээр улсын төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэнэ. Боомтуудад ажиллаж, амьдарч байгаа төрийн байгууллагын ажилчдын орчин нөхцөлд анхаарал хандуулна. Ингэж байж төрийн хяналт дор бүх үйл ажиллагаа өрнөнө. Нөгөөтэйгүүр боомтуудад үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн  бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулах шаардлагатай. Гуравдугаарт, төр, хувийн хэвшил гэлтгүй иргэдийн амьдрах орчин нөхцөлийг  хангахын тулд гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. Жишээлбэл, Цагаан хадны суурьшлын бүсэд тээвэрлэлт үргэлжилсээр байна. Гэтэл тэнд хүмүүс амьдраад байдаг.

Нүүрс ачилт, буулгалтын талбайн суларсан хөрснөөс гардаг маш их хэмжээний тоосжилт дунд амьдрал өрнөж байна шүү дээ. Ийм л учраас тэнд зохицуулалтын, бодлогын  арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс аргагүй байгаа юм. Орон нутгийн удирдлагууд, ард иргэдтэй ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр суурьшлын бүсийг нүүрсний талбайгаас гаргаж, холдуулж болно. Зөвхөн нүүрс ачилт, буулгалтын  тээвэрлэлтийн бүс болгох боломжтой.  Баяннуур аймгийн Ганцмодны боомтод гаалийн нүүрс ачилт, буулгалтын талбайгаа  сэндвичээр битүүлсэн байх жишээтэй.  Тиймээс бид ирэх жилээс өөрийн талын гаалийн хяналтын талбай дахь задгай ачаагаа  энэ жишгээр битүү болгохоор  ажиллаж байна.

-Туршилтын тээвэр маш үр дүнтэй байжээ. Цаашид тогтворжуулах боломж бий юү,  тээвэрлэлтийн тоо нэмэгдэж л байвал эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь тэлэх учраас асууж байна л даа?

-Туршилтын тээврийг хоёр талын харилцан ойлголцлын үндсэн дээр зохион байгуулдаг. Хамгийн гол нь худалдан авагч тал буюу Баяннуур аймгийн Ганцмод боомтынхны зүгээс “Бид татан авалтаа нэмэгдүүлье, нөөцөө  бүрдүүлье” гэдэг саналыг гаргасны дагуу зөвшилцөж байж  хоёр талаасаа үйл ажиллагаа явуулдаг. Хоёр улсын хоорондын асуудал байх нь байна шүү дээ. Том зургаараа Бээжин, Улаанбаатарын хооронд Ерөнхий сайд, сайд нарын түвшний чиглэл, үүрэг өгөгдсөн байдаг. 

Доод шатандаа тухайн аймаг буюу Боомтын захиргаанаас өдөр тутмынхаа үйл ажиллагааг хангаад явдаг гэсэн үг. Ингэж хоёр талаас зөвшилцсөний дүнд туршилтын тээврийг явууллаа. Ингэснээр  БНХАУ-ын талд  “Бид өдөрт 20 гаруй мянган тонноор экспортоо нэмэгдүүлэх боломжтой шүү” гэдэг итгэлийг төрүүлчихэж байгаа юм.  Цаашид өдрийн экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх талаар Баяннуур аймгийнхантай ярилцаж байна.

-Боомтын сэргэлттэй холбоотойгоор хийх бүтээн байгуулалтын ажил хэр урагшилж байна вэ.   Экспортынхоо зам, урсгалыг нэмэгдүүлэх нь үр дүнд нөлөөлөх нэг чухал хөшүүрэг болчихоод байгаа шүү дээ?

-Одоогоор бид зөвхөн авто замаар нүүрсээ тээвэрлэж байна. Уурхайн амнаас уртын болон богинын тээврээр хил хүртэл болон хилээс цааших буюу хил хоорондын тээвэрлэлтээ хийж байна. Төмөр замын тухайд манай талаас Гашуунсухайт хүртэлх төмөр замаа ашиглалтад оруулчихлаа. Дотоодын хил хүртэл бид нүүрсээ тээвэрлэх бүрэн боломжтой болсон. Цаашид хил дамнасан төмөр замын асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.

Ингэснээр   бидний гарц нэмэгдэнэ, сонголттой болно. Төмөр замаар нүүрсээ тээвэрлээд эхэлбэл  авто машины тээвэр зогсох нь гэдэг  буруу ойлголт үүсээд байсан. Тийм зүйл байхгүй. Бид хоёр сувгаа давхар ашиглана.  Ингэж байж экспортын хэмжээгээ нэмэгдүүлж, цаг үеэ олсон, эдийн засагт үр  өгөөжтэй алхмуудыг авч хэрэгжүүлнэ.

-Нүүрснээс гадна ачаа тээврээ нэмэгдүүлэх чиглэлд манай улс ямар бодлого баримталж байна вэ. Цар тахлаас үүдэлтэйгээр урд хөрш  хилээ хаасан нь инфляцын өсөлтөд нөлөөлж байгаа?

-Замын-Үүд Эрээний боомтод ковидтой холбоотойгоор  төрийн зүгээс 30 шар машин хил хоорондын тээвэр хийж байна. Энэ нь хоёр давуу талтай. Нэгдүгээрт, ачаа тээвэрлэлтийг тогтвортой байлгах. Хоёрдугаарт, үнийн хөөрөгдлийг бий болгохгүй байх. Өнгөрсөн хугацаанд Замын-Үүдийн тээвэрлэлтийн үнэ ханш нэлээд өссөнөөс гадна ачаа тээвэр саатах ч тохиолдол байсан. Тиймээс цаашид бидний зүгээс Замын-Үүдэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Ингэснээр хариуцлагыг  сайжруулах буюу эзэнжүүлэх ач холбогдолтой. Юуны  түрүүнд зохиомол үнийн өсөлт бий болгоод, ачаа тээврийг гацаачихвал яах вэ гэдэг болгоомжлол байна. Цаашлаад ковидын халдварыг тархаахгүй байх нь бидэнд юу юунаас чухал хэвээрээ байна. 

Хэрвээ халдвар алдвал  БНХАУ-ын тал хилээ хаах хэмжээнд хүрчихвэл яах вэ. Тиймээс том зургаараа хоёр улсын хоорондын харилцааны түвшинд бодлогоо чиглүүлж ажиллана.  Бусад боомтын хувьд үйл ажиллагааг нь өргөтгөх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх  тухайд анхаарч ажиллана. Жишээлбэл, Ховд аймгийн Засаг даргаас бидэнд хүсэлт ирүүлсэн. Ярантын боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлье гэдэг санал гаргасан.  Манайх уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж байж  улсынхаа төсвийг бүрдүүлдэг улс шүү дээ. Ер нь Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд  экспорт хийдэг  боомтуудад  гол ачааллаа өгөхөөс гадна цаад талын буюу БНХАУ-ын талтай ойлголцож ажиллах нь хамгийн чухал асуудал болчихоод байна.

-Манай улс хоёр хөрштэйгөө хэчнээн боомтоор харилцаж байна вэ. Мэдээж эхний ээлжид Гашуунсухайт, Ганцмодны боомтод гол анхаарлаа хандуулан ажиллах байх. Бусад боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн эрэмбэлэв?

-Монгол Улс агаарын болон газрын 42 боомттой. ОХУ-тай хиллэдэг 29 боомтоос есөн боомтоор ачаа тээвэр, зорчигчийн хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байна. Харин БНХАУ-тай 13 боомтоор хиллэж байгаагаас долоон боомтоор ачаа тээвэр хийж  байна. Үүний дээр түр буюу улирлын ажиллагаатай 13, дамжин өнгөрөх таван боомт бий.  Ер нь бид  бодлогын хүрээнд эдийн засгийн хувьд аль нь илүү үр өгөөжтэй байна вэ гэдгийг эрэмбэлэх учиртай. Өөрөөр хэлбэл,   БНХАУ-ын  аль аймаг, хошууныхан экспортын ямар бүтээгдэхүүнийг  манай улсаас авах сонирхолтой байна вэ гэдгийг бид бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. 

Нөгөө талаасаа импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнээ аль боомтуудаар   оруулж гаргах вэ гэдэг кординацыг сайтар томьёолж гаргая  гэж байгаа юм. Эрэлттэй бараа бүтээгдэхүүнээ ганц боомтоор биш зэрэгцүүлж явуулах боломтой. Нөгөө талаас боомтыг бид зөвхөн ачаа тээвэр гэж харж болохгүй.  Энд аялал жуулчлал давхар өрнөж  байдаг.  Жуулчид олноор орж ирдэг. Тэр дундаа манай улсад ирдэг жуулчны урсгалын дийлэнх нь   БНХАУ-ын зүгээс Замын-Үүд боомтоор,  ОХУ-ын  зүгээс Сүхбаатар боомтоор орж ирж байна.

Тэгвэл бусад боомтоор жуулчдын урсгал ямар байна вэ, ачаа тээврийн эргэлтээ давхар  дүгнэсний үндсэн дээр боомтуудаа эрэмбэлье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ачаа бараа тээврийн болон аялал жуулчлалын  чиглэлээр нь хөгжүүлнэ. 

Түүндээ таарсан бодлого, бүтээн байгуулалтын ажлыг өрүүлнэ.    Цаашид БНХАУ-тай залгаа хилийн олон улсын боомтуудыг нээх, нэмэгдүүлэх арга хэмжээг шат шатад нь авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.

-Боомтын сэргэлттэй холбоотойгоор цаашдаа ямар томоохон бүтээн байгуулалтуудыг хийх вэ?

-Хамгийн эхэнд бид Гашуунсухайтын боомт дахь дэд бүтцийн асуудалд гол анхаарлаа хандуулна. Мөн Цагаандэл уулын боомтод ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Зам тавина, тавихгүй гэдэг тухайд нутгийн иргэдтэй зөвшилцөж ойлголцох асуудал бий. 

Цагаандэл  уулынхан цаанаа Хятадын талтай  харилцаад бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа хийчихсэн байгаа. Энэ боомтыг ашиглалтад оруулчихвал уурхайгаас арай дөт замаар нүүрсээ  тээвэрлэх боломжтой. Ингэснээр дараагийн Гашуунсухайт болгох түвшинд  боомтын гарц, гаргалгааг нэмэгдүүлэх бодлогыг барьж ажиллаж байна. Гэхдээ бид боомт  гэхээр зөвхөн хил дээрх асуудал гэж харж болохгүй. Хилээр ачаа тээвэр орж ирээд Улаанбаатар хот руу авто зам болон төмөр замаар гаалийн хяналтын бүс рүү тээвэрлэлтээр орж ирдэг. Тиймээс бидний бодлого энэ хүрээнд байх учиртай.

Ер нь цаашдаа хилээр гарах, орохыг цахимжуулах, шилэн болгох, хариуцлагын системийг аль болох дээшлүүлэх чиглэлэд анхаарлаа хандуулж ажиллана. Тэр дундаа Гашуунсухайт зэрэг нүүрсний экспорт хийдэг боомтуудад төрийн оролцоог багасгах чиглэл рүү явна. Аль болох үйл ажиллагааг нь цахимжуулаад аж ахуйн нэгжүүд ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай байгаа юм. Аливаа алдаа завхрал гардаггүй байх, гарсан тохиолдолд аж ахуйн нэгжүүд өөрсдөө засаад явдаг байх цаг нь болсон.

-Олон улстай харьцуулахад манай боомтын хөгжил ямар шатанд байдаг юм бэ. Энэ чиглэлд та  бүхний цаашдын алсын харааг сонирхъё?

-Монгол Улс хоёрхон улстай  боомтын харилцаатай. Бидэнд хуурай газрын, агаарын замын гэсэн хоёр л боомт бий. Тиймээс бид ОХУ болон БНХАУ-тай маш зөв бодлого барьж ажиллах шаардлагатай. Энэ хоёр улсын боомт манай улсаас хэдхэн километрийн зайд байна.  Тэд  маш сайн бүтээн байгуулалт хийчихсэн байхад таван алхмын зайд бид хөгжил сул байгаа нь нууц биш. Тиймээс бид  боомтынхоо хөгжлийг хоёр хөршийнхөө түвшинд авч явах шаардлагатай. Үүнийг дагаад экспорт, импортын хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн коридор үүсээд явах учиртай юм. Үүний дээр нэмээд мэдээж тухайн боомтод ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг бодлогынхоо цөм болгож явна. Товчхондоо, боомтын сэргэлтийн хүрээнд бид хүндээ чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Боомтын асуудал эрхэлсэн сайдтай болж, Засгийн газрынхаа бодлогын түвшинд асуудлыг шийдсэнээрээ “Нэг бодлого-нэг цонх”-д орж, цэгцэрч эхэллээ  гэж ойлгож болно. Гэхдээ цаг хугацаа хэрэгтэй. Үүний дараа бидэнд үр дүн маш сайн харагдана.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24523/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 3 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 3 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 4 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 4 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22