Азийн гурван улс хамтын ажиллагаагаа эрчимжүүлэв


БНХАУ, БНСУ, Япон улсууд ховор тохиох дээд хэмжээний уулзалтаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээ илэрхийлж байна. Сөүлд болсон дээд хэмжээний уулзалтад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида нар оролцсон. Энэ нь 2019 оноос хойш анх удаа болж буй гурван талт хэлэлцээр юм. Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Юн Сук Ёол, Фүмио Кишида нар БНАСАУ-ыг пуужин хөөргөхөө зогсоохыг шаарджээ. Хамтарсан мэдэгдэлд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгоо дахин бататгаж, худалдааны харилцаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон тухай эх сурвалжуудад тоймлож байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд БНХАУ Умард Солонгосын цөмийн туршилтыг буруушааж, зэвсгийн хөгжлийг нь хязгаарлах хориг арга хэмжээг дэмжиж байв. Сүүлийн жилүүдэд Хятад улс АНУ-тай харилцаа муудаж, Пхеньяны эсрэг хатуу хориг арга хэмжээ авах Вашингтоны хүчин чармайлтыг үл ойшоодог. Солонгосын хойгийг бүхэлд нь цөмийн зэвсгээс ангижруулах уриалгыг Бээжин дэмжиж ирсэн. Харин Өмнөд Солонгос улс цөмийн зэвсэггүй. Гэхдээ АНУ-ын цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцууд байрладаг. АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтыг бүс нутгийн хурцадмал байдлыг улам дэвэргэсэн гэж Бээжин буруутгах болсон. Нөгөөтэйгүүр Сөүлд хийсэн хамтарсан мэдэгдлийг гурван улсын үзэл бодлын зөрүүг тодорхой харуулсныг зарим шинжээч дүгнэлээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Зүүн хойд Азийн орнууд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг ахиулах эерэг дохио гэж дүгнэж байна. Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, технологийн шинэчлэл, дижитал шилжилт дэх хамтын ажиллагааг дэмжих, хиймэл оюун ухааны салбарт харилцаа холбоо тогтоох зэрэг асуудлаар гурван тал нийтлэг ойлголтод хүрлээ. Мөн гурван орны Шинжлэх ухаан, технологийн сайд нарын уулзалт, Мэдээлэл, харилцаа холбооны сайд нарын уулзалтыг сэргээх асуудлыг ярилцаж, 2025-2026 оныг Хятад-Япон-Өмнөд Солонгосын соёлын солилцооны жил болгохоор тохиролцож, 2030 он гэхэд гурван орны хүмүүсийн солилцоог 40 саяд хүргэхээр зорьж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

Худалдааны харилцаа

Ким Жон Уны дэглэмийг хэрхэн зохицуулах талаар шуурхай зөвшилцөлд хүрэх амаргүй. Улс орнуудын дипломат болон аюулгүй байдлын байр суурь ялгаатай. Ямартаа ч Сөүл, Токио, Бээжин гурван талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа нь Пхеньяны цөмийн сэдвээр ирээдүйд хэлэлцээр байгуулах сайн дохио юм. Талууд эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж чадвал аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллах боломжтой. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг түргэтгэх тухай хэлэлцээр хийж, дээд хэмжээний уулзалтуудыг тогтмол зохион байгуулбал  гурван талын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ. Энэ тухай Хятадын Ерөнхий сайд Ли Цян “Эдийн засаг, худалдааны асуудлыг улс төрийн тоглоом, аюулгүй байдлын асуудал болгон хувиргахгүй байх, ивээх үзлийг үгүйсгэх, нийлүүлэлтийн сүлжээг салгах, таслах талаар тохиролцсон” гэж “Синьхуа” агентлагт ярьжээ. Хэлэлцээрийн дараа  улс хоорондын худалдааг нэмэгдүүлэх зорилготой бизнесийн дээд хэмжээний уулзалт болсон. Токио, Сөүлийн эрх баригчид худалдааны хамгийн том түнштэйгээ эдийн засгийн ашиг сонирхлоо хангах, АНУ-тай аюулгүй байдлын холбоогоо бэхжүүлэхийн хооронд тэнцвэртэй байхыг хичээж байна. Япон, БНСУ бол Ази, Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын гол  холбоотон. Хоёр  улстай нягт хамтран ажиллах АНУ-ын хүчин чармайлтыг Бээжин эсэргүүцдэг. Иймд Япон, Өмнөд Солонгосын удирдагчид Вашингтон, Бээжингийн хооронд өрнөж буй эдийн засаг, цэргийн өрсөлдөөнийг зохицуулах, тэнцвэржүүлэхийг оролдож байна.  Хэдийгээр тэд АНУ-ын аюулгүй байдлын холбоотон бөгөөд АНУ-ын хамтын ажиллагааны цэргийн сургуулилалтыг эрчимжүүлсэн. Бүс нутгийн хувьд тэд Хятадыг худалдааны хамгийн том түнш гэдэгт найдаж байна. 25 жилийн өмнө 1999 онд Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчид АСЕАН болон Хятад, Япон, БНСУ-ын 10+3-ын уулзалт хийж гурван талт хамтын ажиллагааг эхлүүлж байв. Тухай үед тэд  Азийн банк санхүүгийн хямралыг даван туулах зорилго тавьж байсан юм. Өнгөрсөн хугацаанд гурван орны хамтын ажиллагаа хүнд нөхцөлд ч урагшилж, бүс нутаг, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж, бүс нутгийн интеграцад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм. 

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний номын баяр болж байна 15 цагийн өмнө
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 18 цагийн өмнө
“Ногоон” амьдрал бүтээгчид 18 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 20 цагийн өмнө
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа Өчигдөр
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 2025/05/14
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 2025/05/14
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 2025/05/14
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12