Парисын зуны олимпын XXXIII наадам хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болно. Баг тамирчид олимпын эрхийн сүүлийн тэмцээнүүддээ оролцож, ирэх долдугаар сард Парисыг зорих эрхээ өвөртөлсөн зарим нь их бэлтгэлдээ гарчээ. Манай улсын хувьд “Парис-2024” наадамд спортын 12 төрлөөр нийт 45 эрх, дөрвөөс таван медаль авах зорилго тавиад байна. Түүнчлэн паралимпын спортын долоон төрөлд 12 эрх, хоёроос гурван медаль авах зорилго тавьжээ. Одоогоор манай улсын баг тамирчдаас 23 нь олимпод оролцох эрхээ баталгаажуулаад байна. Хамгийн сүүлд дугуйн спортынхноос олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр олимпын наадамд оролцох эрхтэй боллоо. Тэрбээр Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд түрүүлснээр Парисыг зорихоор болж байна. Б.Тэгшбаярын хувьд Монголоос зуны XXXIII олимпод уралдах хоёр дахь дугуйчин бөгөөд өмнө нь “Ханжоу 2022” Азийн наадмын засмал замын уралдаанд олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц хүрэл медаль хүртсэн амжилтаараа Парисыг зорихоор болсон юм. Ийнхүү Монголын дугуйчид “Атланта 1996” олимпоос хойш 28 жилийн дараа олимпын замд ур чадвараа сорих гэж байна. С.Жамбалжамцын хувьд бөөн гараатай уралдаанд, Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараатай тэмцээнд хурд хүчээ сорих юм.
Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг эцсийн байдлаар албан ёсоор зарлалаа. Манай хүндийг өргөлтийнхнөөс 81 кг-ын жинд дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг олимпын наадамд оролцох эрхээ баталгаажууллаа. Хүндийг өргөлтөөр эрэгтэй, эмэгтэй тав таван жинд туйванчид өрсөлдөх бөгөөд жин тус бүрд 2022-2024 онд тив, дэлхийн аварга, олон улсын тэмцээнүүдэд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчинд олимпын эрх олгосон юм. Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн өрсөлдөх 81 кг-ын жинд Эквадор, Египет, Норвеги, Австрали, БНСУ, Куба, Бразил, Доминикан, Узбекистаны тамирчид Парисын наадамд өрсөлдөх эрх авчээ.
Дани улсын нийслэл Копенгаген хотод марафоны “Парис 2024” олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн боллоо. Тус тэмцээнд Монголын марафонч, олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарсан бол Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14 дүгээр байр эзлэв. Б.Сэр-Од өнгөрсөн Хофугийн марафонд 2:10:11, Осакагийн марафонд 2:10:10 цаг гүйсэн амжилтаар Олон улсын хөнгөн атлетикийн холбооны чансаагаар 80 дугаар байрт жагсаж, Парисыг зорих эрхийн болзол хангаад байна. Харин Г.Хишигсайханы хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд болсон Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар найм, Б.Мөнхзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд болсон Сөүлийн марафонд 2:24:45 цагийн амжилтаар шилдэг аравт шалгарч олимпод оролцох болзлоо биелүүлээд байгаа юм.
Чөлөөтийнхний хувьд олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Туркийн Станбул хотод болж өндөрлөв. Тэмцээнд Монголын долоон тамирчин ур чадвараа сорьсноос Б.Хулан, Э.Даваанасан, Т.Тулга нар “Парис 2024” олимпын наадмын эрхээ өвөртөллөө. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртэж Парисыг зорихоор болсон бол өнгөрсөн сард Киргиз улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулсан Азийн бүсийн тэмцээнээс П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар олимпын эрхээ баталгаажуулсан билээ.
“Парис-2024” зуны олимпын XXXIII наадамд оролцох эрх нь баталгаажсан тамирчид
1. Олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд (Азийн наадам алтан медаль, БНХАУ-Ханжоу)
2. Олон улсын хэмжээний мастер О.Есүгэн (Азийн наадам хүрэл медаль, БНХАУ-Ханжоу, эмэгтэй 50кг)
3. Олон улсын хэмжээний мастер Д.Отгонжаргал (“Белград-2023” чөлөөт бөхийн ДАШТ, мөнгөн медаль 50кг)
4. Олон улсын хэмжээний мастер Б.Хулан / Туркийн Станбул 53 кг/,
5. Олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа (“Белград-2023” чөлөөт бөхийн ДАШТ, мөнгөн медаль 68кг)
6. Олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан / Туркийн Станбул 76 кг/
7. Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Тулга / Туркийн Станбул 65 кг/,
8. Олон улсын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ (“Бишкек-2024” чөлөөт бөхийн Азийн эрхийн тэмцээн, 86кг)
9. Монгол Улсын Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл (“Бишкек-2024” чөлөөт бөхийн Азийн эрхийн тэмцээн, 125кг)
10. Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон (“Бишкек-2024” чөлөөт бөхийн Азийн эрхийн тэмцээн, 62кг)
11. Олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц (Азийн наадам хүрэл медаль, БНХАУ-Ханжоу, ганцаарчилсан төрөл)
12. Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү (“Жакарта-2024” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, хүрэл медаль, 10м хийн гар буу)
13. Олон улсын хэмжээний мастер Н.Баяраа (“Жакарта-2024” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 9-р байр, 50м 3 байрлал урт буу)
14. Олон улсын хэмжээний мастер О.Есүгэн (“Баку-2023” буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 9-р байр, 50м 3 байрлал урт буу)
15. Олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан (“Токио-2024” Марафон 8-р байр)
16. Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа (“Сөүл-2024” Марафон 7-р байр)
17. Гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од (“Токио-2024” Марафон)
18. Олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр (Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний ганцаарчилсан гараа)
19. Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг (Хүндийг өргөлт)
Паралимпын тамирчид
1. Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ / “Ханжоу-2022” Азийн наадмын пара таэквондо /
2. Олон улсын хэмжээний мастер У.Сүрэнжав /“Ханжоу-2022” Азийн наадмын пара таэквондо /
3. Олон улсын хэмжээний мастер Д.Сэлэнгээ / Пара байт харвааны дэлхийн чансаа IV /
4. Олон улсын хэмжээний мастер Б.Оюун-Эрдэнэ / Пара байт харвааны дэлхийн чансаа XIV/
Б.Сийлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна