Хөөрхөн болохоор хийлгэсэн хөмсөг, уруулын шивээс сэтгэлд нь хүрсэнгүй юү. Хэдэн сарын өмнөөс төлөвлөсөн найзуудын зугаалга болох өдөр тулчихсан ч гоо сайхны ямар салонд хандахаа сайн мэдэхгүй зав муутай явна уу. Хэрвээ тийм бол танд “Зулаагийн салон”-оор зочлоод үзээрэй гэж зөвлөе. Урьдаас төлөвлөж цаг авсан хүмүүстээ чанар амлаж ашиг бус байнгын харилцаатай хамтдаа урагшлахыг чухалчилдаг учраас үйлчлүүлсэн хүмүүс нь тэднийхийг анддаггүй. Тиймээс Ч.Золзаяагаар хөмсгөө шивүүлсэн хүмүүс ам сайтай байдаг юм. Ингээд олон зүйлийн талаар нуршилгүй түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Охид бүсгүйчүүдэд хүссэн дүр төрхөө бүрдүүлэхэд нь туслах артистаар хэдий үеэс ажиллаж эхэлсэн бэ?
-Би “Гүн шим” сургалтын төвийг 2007 онд гоо засалчаар төгссөн. Үүнээс гадна 2018 онд гоо сайхны шивээс хийдэг артистаар сурч, төгссөнөөс хойш энэ чиглэлээрээ тасралтгүй ажиллаж байна. Хүмүүсийг хүссэн дүр төрхөө бүрдүүлэхэд нь туслах нь миний зорилго. Тиймээс 10 гаруй жил хоббигоороо ажиллаж байна.
-Анх ямар төрлийн шивээсээр дагнаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ?
-Гоо сайхны шивээсийг дотор нь уруулын, контур, хөмсөгнийх гэж ангилдаг. Би эдгээр шивээсийг хамтад нь хийж хөгжүүлэхийг хичээсэн. Өнгөрсөн хугацаанд олон төрлийн шивээс хийж, ур чадвараа хөгжүүлж байна.
-Хүн бүр дахин давтагдашгүй, өөрийн гэсэн онцлогтой. Та тухайн онцлогт нь тохируулан шивээсээ хийхдээ юунд илүү анхаарал хандуулдаг вэ?
-Мэдээж хүн бүрийн дүр төрх харилцан адилгүй, хөмсөгний хэлбэр нь ч өөрийн гэсэн онцлогтой. Тиймээс шивээс хийж эхлэхийн өмнө тухайн хүний дүр төрх болон арьс, үсний өнгийг анхааралтай харж, ажиглана. Үүний дараа шивээсээ ямар техник ашиглан хийх болон будгийн сонголтоо тохируулдаг тогтсон дадалтай.
-Сүүлийн үед хүмүүс үстэй мэт харагдуулах хөмсөгний шивээсийг сонгон үйлчлүүлэх болсон. Ийм төрлийн шивээс хийхдээ таны бусдаас ялгарах давуу тал юу вэ?
-Би хөмсгийг үстэй мэт харагдуулахын тулд хэтэрхий сийрэг байдлаар шивэхээс татгалздаг. Мөн харахад л шивсэн нь мэдэгдэх тийм шивэлтээс зайлсхийхийг хичээдэг. Харин байж болох хамгийн натурал арга техник ашиглан ажиллахыг зорьдог юм. Ингэж ажилласны үр дүнд шивсний дараа хөмсөг яг л төрөлхийн мэт харагддагаараа давуу талтай. Үүнд нэг зүйлийг анхааруулахад, хүмүүс шивээс хийлгэсний дараа шууд л төрөлхийн мэт харагдана гэж ойлгодог. Гэтэл тодорхой хугацаа өнгөрсний хойно, шивэлт хийсэн арьс эдгэрсний дараа ажлын үр дүн бүрэн харагддаг гэдгийг ойлгох нь чухал юм.
-Хөмсөгний шивээс ямар байх нь тухайн хүний нүүрний хувирал, үзэгдэх байдал ихээхэн үүрэгтэй. Гэтэл үүнд хангалттай сайн анхаарал хандуулаагүйгээс зарим хүний шивээс зохиогүй болсон тохиолдол байдаг. Та тийм шивээсийг засаж, дахин зөв хэлбэрээр нь шивэх үү?
-Яг үнэн. Тухайн хүний нүүрний төрх болон ажил мэргэжил, арьс, үсний өнгө шивээс хийхэд нөлөөлнө. Тэр битгий хэл ааш зан нь хүртэл шивээс хийхэд чухал нөлөөтэй. Тиймээс шивээс хийх гэж байгаа артист мэдрэмжтэй, үйлчлүүлэгчтэйгээ ярилцах нь маш чухал. Ингэж ажиллаагүйгээс үр дүнд сөргөөр нөлөөлдөг талтай. Онцгүй болсон эсвэл таалагдахаа больсон хуучин шивээсийг өөрчлөх төвөгтэй байдаг ч аль болохоор засаад шивдэг. Бүр засагдахааргүй шивээсэнд лазер хэрэглэнэ.
-Шивээс хийлгэж байгаа үйлчлүүлэгч нар будагны чанарт ихээхэн анхаарал хандуулдаг шүү дээ. Та аль улсын, хэдэн төрлийн будаг ашиглаж хүмүүсийн хүссэн дүр төрхийг бүрдүүлэн өгч байна вэ?
-Миний бодлоор олон төрлийн будаг гэхээс илүү хэрхэн шивж байгаа техник нь маш чухал. Хэчнээн сайн будаг ашигласан ч буруу техникээр шивсэн бол эдгэсний дараах үр дүн хүссэнээр харагдахгүй. Харин зөв техникээр шивэхэд ямар ч будаг ашигласан тухайн арьс эдгэсний дараа маш гоё харагддаг. Миний хувьд анх шивээс хийж эхлэхдээ л Америкийн биотеч будаг хэрэглэсэн. Одоо ч энэ будгаараа тууштай дагнаж шивээсээ хийдэг. Будгаа хамгийн найдвартай, баталгаатай газраас авч хэрэглэдэг нь миний нэг онцлог болох байх.
-Зарим хүн туршлагагүй, мэргэжлийн бус хүнээр шивүүлснээс болоод хөмсөгний хэсгийн үс ургалт нь багассан тохиолдол бий. Энэ тохиолдолд та ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Оливын тос эсвэл кокосын тосонд лимоны шүүс бага зэрэг холиод хөмсгөндөө түрхээд 15-20 минут болоод угаана. Үүнийг өдөр бүр үдэш унтахаасаа өмнө хийвэл мэдэгдэхүйц өтгөрч ургадаг. Эсвэл сонгино, сармисны шүүсийг бага зэрэг шахаад хөмсөгний хэсэгтээ түрхээд байгаарай. Энэ аргуудыг тууштай хэрэглэвэл долоо хоногийн дараагаас мэдэгдэхүйц үр дүнд хүрэх болно.
-Бидний ярилцлага олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа ээжүүдийн баярын үеэр таарч байна. Та тэдгээр одонтой ээжүүдийн баярыг хуваалцан, зөвхөн тэдэнд зориулан бэлэг бэлтгэсэн гэсэн. Энэ талаараа сонирхуулж болох уу?
-Би гурван хүүхдийн ээж. Их хэцүү амарждаг төрлийн хүн. Тиймээс олон хүүхэдтэй алдарт ээжүүдээрээ маш их бахархдаг. Тиймээс ээжүүддээ бэлэг барих зорилгоор тэдэнд зориулан хөмсөгний шивээсээ 70 хувь болгон хямдруулаад байгаа юм. Заавал одонгоо авсны дараа манай салонд хандах шаардлагагүй. Алдарт эхийн одон авахаасаа өмнө хөмсгөө шивүүлээд хүссэн дүр төрхөө бүрдүүлээд Төрийн ордондоо ороорой гэж танай сониноор дамжуулан уламжилъя.
-Зуны цагт хүмүүс амрахын зэрэгцээ гоо сайхандаа анхаарал хандуулдаг. Танай салон үйлчлүүлэгчдэдээ зориулан өөр ямар үйлчилгээг санал болгож байна вэ?
-Манай салон олон төрлийн үйлчилгээ явуулж байна. Заримаас дурдвал, бид арьсны балансыг тэнцвэржүүлэн батгыг хатааж, сэвх нөсөөг бүдгэрүүлэн цайруулж, залуужуулах карбон филл үйлчилгээг санал болгож байна. Мөн арьс гэмтээхгүйгээр сэвх, биеийн болон гоо сайхны шивээсийг арилгах усан лазераар үйлчилдэг. Охид бүсгүйчүүдийн гэлтгүй бүхий л хүмүүсийн санааг зовоодог үү ургацаг түүх, мэнгэ авах, мэнгэ тавих гоо сайхны засал хийж байна. Үүний зэрэгцээ үрчлээ болон арьсны язрал татдаг хүйтэн лазер гэх плазмагаар үйлчилж байгааг дуулгахад таатай байна. Түүнчлэн хөмсөг, сормуусны хими, чих цоолох үйлчилгээг ч хийж байгаа.
-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн санааг үү, ургацаг зовоодог болсон. Олон зүйлээс шалтгаалан гардаг тэдгээр асуудлыг шийдэхэд таныг тусалж байгаа гэж сонслоо. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Бидний хүрээлэн буй орчин, хэрэглээ шаардлага, эрүүл мэнд гээд аль ч зүйлээс шалтгаалан гарч болдог арьсны асуудлуудын нэг яах аргагүй үү ургацаг, сэвх нөсөө байдаг. Манайх аль алийг нь хүйтэн лазер буюу плазмагаар авдаг. Лазераар авдаг тул эргэж тэр газраа дахин гардаггүйгээрээ давуу талтай. Одоогоор хүүхэд маань бага байгаа болохоор цаг авсан хүмүүстээ л хүрч үйлчилж байна. Ер нь бүхий л насны эмэгтэйчүүддээ хамгийн боломжит үнээр мэргэжлийн, чанартай гоо сайхны үйлчилгээ үзүүлэх нь миний зорилго. Учир нь, эмэгтэй хүн бүр өөртөө итгэлтэй, гоё, сайхан харагдаасай гэж хүсдэг юм.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сийлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна