-Төсвийн орлого 3.8 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ-
Дөрвөн жилд нэг удаа болдог сонгууль угаасаа эв нэгдэл муутай, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг толхилцож байдаг, монголчуудын дунд хэрүүлийн гал бадрааж орхидог. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгууль дагасан хэрүүл маргаан, таагүй мэдээлэл олон байна. Өвөрхөнгай аймгийн Сант суманд сонгуулийн ухуулагчийн үнэмлэх авсан залуу тус сумын АН-ын дарга Б-гийн амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг гарлаа. “Халамцуу залууг талийгаач хэл амаар доромжилсон. Хэт их улстөржилтөөс болж энэ хэрэг гарсан” хэмээн гэрчүүд ярьж байгаа ч Монгол Ардын Намын удирдлага энэ хэргийг зүгээр нэг хүн амины хэрэг гэж үзсэнгүй. Энэ мэдээлэл цацагдсаны дараа хөдөө орон нутагт ажиллаж байсан намын дарга Улаанбаатар хотод яаравчлан ирж, УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс татах тухай улс төрийн шийдвэр гаргаж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороонд гардуулж өглөө. “Зовлон болохоор нохой зоолдог” гэсэн үг бий. Харин улс төрийн сонгуулийн үед үхэл, зовлон тохиовол нэр дэвшигчид баярладаг бололтой юм. Өвөрхангайд гарсан хэргийн талаарх мэдээлэл авсан Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр Ардчилсан намын байранд очиж Л.Гантөмөртэй уулзаж эмгэнэл илэрхийлсэн. Гэвч АН-ын зарим нэр дэвшигчид энэ үхлийг улстөржүүлэх, жагсаал цуглаан хийх, үймээн самуун дэгдээх зорилготой байсан бололтой. “Л.Оюун-Эрдэнийг намын байрандаа хүлээж авч уулзлаа, үүднээсээ хөөх ёстой байсан юм” хэмээн уурлаж, Н.Алтанхуяг, Ц.Уянга тэргүүтэй АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид намын даргаа огцруулахаар ээлж дараалан мэдэгдэл хийж, бүр суулт хүртэл зарлав. АН-ын жагсаалтыг өнгөлж байгаа Л.Гантөмөр УИХ-ын гишүүн болно. Тиймээс түүнийг огцруулах санаархал олон хүнд байгаа бололтой. Нэгхэн хоногийн өмнө “Айлын намын даргыг огцруулъя. Радикал байр сууриа илэрхийлье” гэж орилоод байсан хүмүүс гэнэт нэг байрандаа 100 хувь эргэж, “Манай намын даргыг огцруулъя” гээд жагсаал хийж байгаад тус намын гишүүн дэмжигчид учраа ч олохоо болин төөрөлдөж эхлэв. Сонгуулийн сурталчилгаа хаахад хэдхэн хоног үлдээд байхад ахиад л даргын сандал ширээгээ булаацалдаж байгаа нь олон хүний урмыг хугалж байгаа нь тодорхой. Үүнээс гадна Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагч нас барсан харамсалтай хэрэг мөн гарлаа. Нэр дэвшигчийгээ дэмжих гэж очсон хүмүүс нийлж наргиж цэнгэж, архи дарс ууснаас үүдэн хүн амь насаа алдсан байж болзошгүй гэдэг дүгнэлт гараад байна. Ямартаа ч цацсан шагай шиг цөөхөн монголчуудад талцсан их хэрүүл, үймээн самуун хэрэггүй гэдэгт олон нийт санал нэгдээд байна.
Энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч байгаа иргэд ч саналаа өгч, оролцоно. Одоогийн байдлаар дэлхийн 34 улсаас 13095 хүн саналаа өгөхөөр бүртгүүлээд байгаа аж. Хилийн чанадад оршин суугаа иргэдийн саналыг 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр авч дуусах юм.
Сонгуулийн маргааш амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Бидний амьдрал хэр байх нь эдийн засгийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Тэгвэл төсөв санхүүтэй холбоотой сайхан мэдээ байна. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 42.1 хувь буюу 3.8 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Мөн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 12.1 их наяд төгрөгт хүрч, 3.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Завхан аймгийн Улиастай суманд гэнэтийн үер бууж, олон айл орон гэргүй болж, Улсын онцгой комиссынхныг шуурхай хуралдаан зарлахад хүргэв. Онцгой комиссын шийдвэрээр орон гэргүй болсон 40 өрхөд гэр, хүнсний багц, 120 тонн ариутгалын бодис, хувцас, хэрэглэл, үерийн гамшгийн дараах хор уршгийг арилгахад зориулан 400 сая төгрөг олгохоор болж, тусламжийн бараа ачсан цуваа Завхан аймгийг зорилоо.
Энэ жил олон жилийн дунджаас их хур тунадас орно гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байж, гол уснаас хол, үерийн гамшгаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24603/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна