БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир-тай ярилцлаа.
-Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд жил болж байна. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
-УИХ-аас Боловсролын багц хуулийг 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр баталсан. Боловсролын багц хуулийг дагалдан батлагдсан хуулийн нэг нь Дээд боловсролын тухай хууль. Өмнө нь байгууллага суурьтай хууль байсан бол Дээд боловсролын шинэчилсэн найруулгаар хүн, суралцагч төвтэй болсон. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дээд боловсролтой холбоотой Засгийн газрын тогтоолууд батлагдаж, бүх журмыг шинэчлэн баталлаа. Энэ хүрээнд их, дээд сургуульд элсэн суралцагчийг суралцуулахад тэтгэлэг, дэмжлэг үзүүлэх, зээл олгох тухай Засгийн газрын тогтоол батлагдсан.
-Элсэлтийн шалгалт улс орон даяар зохион байгуулж байна. Их, дээд сургуулиудын босго оноонд өөрчлөлт орсон уу?
-Их сургуулиудад оюутан, суралцагчаа элсүүлэхдээ босго оноо тогтоодог. Босго оноог тогтоохдоо өмнө жилийнхээс бууруулахгүй байх талаар хуульд тусгаж өгсөн. Тиймээс цаашид их сургуулиудын босго оноо буурахгүй, тогтмол өсгөж байх ёстой. Энэ нь сургалтын чанарт сайнаар нөлөөлнө гэж үзэж байна. Энэ жилийн тухайд тодорхой мэргэжлүүд нэмэгдсэн. Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлүүдийг нэмээгүй. Хөдөлмөрийн зах зээлд эрэлт ханасан мэргэжлүүдийг нэмсэн. Мөн багшийн мэргэжлийн хөтөлбөрийг тодорхой хэмжээгээр нэмсэн. Орон нутгийн сургуулиудын хөтөлбөрийг өмнөх жилүүдийнхээс 10 оноогооор босгыг нэмж тогтоолоо. Тухайн хөтөлбөрөөр элсэх шалгалтын оноо болон хэмжээг өмнөх жилийнхээс ерөнхийдөө өөрчлөөгүйгээр тогтоосон гэж ойлгож болно.
-Их, дээд сургуулиудын сургалтын чанарт өөрчлөлт орсон уу?
-Шинэчилсэн хуулиар сургалтын хөтөлбөрийг боловсруулахад тавигдах шаардлагыг БШУЯ-наас баталсан. Энэ хүрээнд их сургуулиуд долдугаар сарын 1-ний дотор сургалтын хөтөлбөрөө шинэчлэн баталж, ирэх хичээлийн жилээс мөрдөх салбарын сайдын тушаал гарсан. Сайдын тушаалыг сургуулиудад хүргэсэн байгаа. Шинэчилсэн хөтөлбөрөөр суралцахад суралцагч нарт өргөн боломж олгосон зохицуулалтыг сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагад тусгасан. Тухайлбал, онц сурч байгаа, өндөр оноотой суралцагч бакалаврын түвшинд суралцаж байхдаа магистрын хөтөлбөрт, магистрт сурч байхдаа докторын хөтөлбөрт хамрагдан, зэрэгцүүлж судлах боломжийг нээлээ. Ингэснээр тухайн суралцагчийн мөнгө болон цаг хугацааг хэмнэж байна. Мөн техникийн болон дэд бакалаврын дипломоор суралцаж байгаа суралцагч бакалаврын түвшинд элсэлтийн шалгалт өгөлгүй үргэлжлүүлэн суралцаж болно. Мөн мэргэжлийн ур чадвар, дадлагын хичээлийг бакалаврт дүйцүүлэн тооцох боломж олгож байна. Энэ мэтчилэн суралцагчдад ээлтэй байх олон зохицуулалтыг тусгаснаар сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж байна.
-Ямар мэргэжил, хичээлийг дүйцүүлэх вэ?
-Жишээлбэл, цахилгааны техникч-ээр суралцсан хүүхэд цахилгааны инженерийн ангид үргэлжлүүлэн бакалавртаа суралцаж болно. Энэ тохиолдолд цахилгааны чиглэлийн дадлага, ур чадвар шаардсан хичээлүүдийг бакалаврт нь дахин тусгахгүйгээр өөр хичээл сонгох боломжийг олгож байна. Шинэчилсэн хуулиар тогтолцооны өөрчлөлт хийж, тавигдах шалгуур нь сургалтын чанарыг өөрчлөх үндсэн шаардлага болж байгаа юм. Тиймээс сургалтын чанарт өөрчлөлт орно.
-Одоо бакалавр, магистрт суралцаж байгаа суралцагчид магистр, докторын хичээлийг сонгон үзэж болох уу?
-Өмнө нь магистрт элсэж байгаа суралцагч бакалаврын зэрэгтэй байх шаардлага тавьдаг байсан. Шинэчилсэн хуулийн зохицуулалтаар бакалаврт суралцаж байхдаа бакалавр, магистрын нийлмэл агуулга бүхий хичээлийг сонгох боломжийг олгож байна. Эсвэл бакалаврт суралцаж байхдаа голч оноо өндөртэй суралцагч гуравдугаар курсээсээ магистрын хичээлийг сонгон үзэх боломжтой.
-Суралцагчид ямар мэргэжлийг түлхүү сонгож байна вэ?
-Их сургуульд элсэн суралцагчид мэргэжлээ сонгохдоо ирээдүйн орчин, нөхцөлөө харж байх шиг байна. Банк санхүү, эдийн засаг, хуулийн мэргэжлийг сонгож байна. Гэтэл энэ нь зах зээл дээр эрэлт нь ханасан мэргэжлүүд. Тиймээс төгсөөд ажлын байргүй болох магадлалтай. Ялангуяа математикийн босго оноо багатай хүүхэд банк, санхүүгийн мэргэжил сонгон суралцахаар төгсөөд ажлын байрны олдоц нь эрсдэлтэй. Тиймээс залуус улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг сонгон суралцах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
-Ковидын дараагаар сэтгэл зүйч мэргэжил эрэлттэй болсон. Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжилд ямар мэргэжлүүд багтаж байна вэ?
-Хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн хомсдолд орсон мэргэжлийг эрэлттэй мэргэжил гэдэг. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сургуулийн өмнөх боловсрол, сувилахуй зэрэг нь эрэлттэй мэргэжилд хамрагдана. Тэргүүлэх мэргэжилд молекул, биологи, хиймэл оюун ухаан, инженерчлэлийн чиглэл орж байна. Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг баталсан.
-Дээд боловсрол эзэмшсэн төгсөгчдийн хэд нь мэргэжлээрээ ажиллаж байна вэ?
-Дээд боловсрол эзэмшин төгсөж байгаа суралцагчийн хөдөлмөр эрхлэлт мэргэжил сонголтоосоо хамаарна. Өнөөдрийн байдлаар гаалийн удирдлага, гадаад худалдааны чиглэлийн хөтөлбөрөөр 1000 гаруй хүүхэд суралцаж байна. Гэтэл гаалийн удирдлагаар төгссөн суралцагч ажлын байранд очоод гаалийн дарга болох боломжгүй. Тиймээс төгссөн мэргэжлээрээ ажиллах боломжгүй гэсэн үг. Энэ нь эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцах сонголт хийгээгүйтэй холбоотой.
Нийт 286 бакалаврын хөтөлбөрийн 126 нь эрэлттэй болон тэргүүлэх мэргэжил байгаа. Гэтэл эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцагсад нийт суралцагчийн 20 хүрэхгүй хувь нь байна. Энэ нь эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийг сонгохгүй даатгал, банк, санхүү, гааль, татвар гэсэн анги сонгодог. Энэ сонголт нь төгсөөд ажлын байргүй байх асуудал үүсгэж байна.
-Ажлын байрны хүртээмж ямар байдаг бол?
-Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр төгссөн суралцагчдад ажлын байр хангалттай байгаа юм. Хамгийн гол нь суралцагчид мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй.
-Устаж байгаа мэргэжил байна уу. Зарим мэргэжлийн ангид ганц хүүхэд сурч байна гэсэн.
-Урт хугацаандаа устаж алга болох мэргэжил бий. Янз бүрийн гараар хийх үйлдэл цахимд шилжилж байна. Тухайлбал, тооцооны, цалингийн нягтлан цаашдаа автоматаар хийгдэнэ. Тиймээс нягтлан бодогч нар ахисан түвшинд суралцах шаардлага гарна.
-Бага ангийн багш дутагдалтай байна гээд үнэ төлбөргүй сургахаар болсон. Энэ мэргэжлээр төгсөгчид нэмэгдсэн үү?
-Бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсрол, сувилагч нар хомсдолтой байна. Тиймээс төрөөс багш мэргэжлээр суралцагчдад тодорхой хугацаанд дэмжлэг үзүүлэхээр журамласан. Ингэхдээ төгсөөд мэргэжлээрээ ажиллах нөхцөлийг тавьж байна. Орон нутагт гурван жил, Улаанбаатарт таван жил мэргэжлээрээ ажиллахыг зөвшөөрвөл тэтгэлэгт хамрагдах боломжтой. Хэрвээ мэргэжлээрээ ажиллаагүй бол тэтгэлгийг буцаан төлөх юм.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонин №25/24604/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна