Намар цаг байлаа. Манай хашаанд нэг их сонин дуутай, цүндгэр гэдэстэй ах орж ирэв. Араас нь аав өмчнийхөө хэдэн найзыг дагуулсан яваа харагдана. Хичээл сургууль эхэлчихсэн өглөө, оройн ангийн ээлж солигдох мөч л дөө. Нөгөө сонин дуутай ахыг хартал “Манай” талын ах байж байх нь тэр. Яагаа вэ нөгөө нисгэгч Чинбат. Хичээлдээ явахгүй байхаар шийдлээ. Намайг явсан хойгуур “Өгөр толгой Гүрсэд” хүрч ирээд манай нисгэгчийг хорлочихвол яах юм. Бушуухан арын хаалгаар гүйн гарч гудамжныхаа хүүхдүүдийг цуглууллаа. Бидэнд хүч хэрэгтэй шүү дээ. Ямар ч байсан “Нисгэгч” Чинбатын хамгаалалтад надтай хамт найман хүүхэд зогсохоор болж хичээлээ таслав. Манай нүүрсний амбаар нэлээд гүн харанхуй тул бид тэнд орж нуугдахаар шийдлээ. Гэтэл түүний араас хэн ирсэн гэж санана. “Морьтой ч болоосой” киноны Гончиг. Тэр өдөр “Өгөр толгой Гүрсэд” ирээгүй л дээ. Хамгаалалтад олон “Эрэлхэг цэрэг” зогсож байгааг мэдсэн болоод тэр байж ч мэднэ.
Түмний л нэг буюу тэргүүн бүлэг
Тэр үеийн Улаанбаатар хотын хүүхдүүдэд телевизороор үзэх юм хомс байлаа. Долоо хоногийн мягмар, пүрэв, бямба, ням гарагт л монгол суваг гарах бөгөөд голдуу ЗХУ болон социалист нөхөрлөлийн улсуудын байлдаантай кино гарна. Монгол киног баяр наадмын өдрүүдээр шагнал юм шиг гаргадаг тул хүүхдүүд бид үзээд уйдна гэж үгүй. Гарах дүрүүдийг бүгдийг нь “Манай” ба “Дайсны тал” хэмээн ялган өмчлөх тул манай талын баатрууд одоогийнхоор бол бидний “Од” байлаа. Ийм одуудын нэг бол БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр. Яагаад гэвэл түүний бүтээсэн дүр бүхэн нь хүний сэтгэлд хүрч, амьдралд ямар нэгэн ухаарал бэлэглэдэг. Сайн хүү, түшигтэй аав, сайхан өвөө, сайн дарга, сайн ажилтан гээд түүний дүр бүхэн “Сайн” гэсэн тодотголтой.
“Миний анхны амьдрал бүтэлтэй байгаагүй. Театрт ид гайгүй жүжигчин болж байсан үедээ анхныхаа эхнэртэйгээ ханилж, гурван сайхан хүүхэдтэй болов. Амьдрал өөрөө жүжиг юм хойно алдаатай, оноотой л байж таарна. Аранзал насных минь хайр болсон авааль гэргийн сэтгэл урвасан гэдгийг хожимдож мэдсэн ч байж болох. Би чинь угийн түс тас зантай хүн. Эхнэр дээрээ очоод л чамаас саллаа гэж хэлээд л нуруугаа харуулаад алхчихсан. Түүнээс болж намаас арга хэмжээ авахуулж ч байлаа. Тэглээ гээд би энэ амьдралд шантраагүй” хэмээн тэрбээр ярьсан удаатай.
Үнэхээр тэр амьдралд сөхөрч үзээгүй нэгэн. Аавгүй өсөж, амраг сэтгэлээр өлсөж ч явсан үе бий. Түүний амьдралын зурвасхан энэ хэсэг яг л “Түмний нэг”-ийн Чинбатын амьдрал мэт. Жаахан хөлчүү залуу “Аа муу борооны үүлнүүд” хэмээн цурхиран өгүүлэх мэт уйтай ажгуу.
“Аав гэснээс би тэр хүний тухай нутаг гүйсэн адуу шиг бүдэг бадаг сурагтай л ээжийнхээ дэргэд өссөн дөө. Аав сахил хүртсэн хүн байсан болохоор ээжийг бие давхар болгочихоод бусдад мэдэгдэхгүйн тулд хөндий байхаас аргагүй байсан юм билээ. Энэ түүхийг минь сонссон овлигогүй нэгэн “Ц.Гантөмөрийн аав бол төвөд хүн. Тийм учраас тэр хятад цустай” гэдэг яриа ч гаргаж байлаа. Төвөд хүн хятад цустай байдаг нь ч юу юм. Би Монгол Улсдаа төрж, хоолыг нь идэж агаараар нь амьсгалж өссөн монгол хүн шүү дээ” гэж нэгэн ярилцлагадаа өгүүлж байв.
Түүний аавыг нэлээд номтой, үзэж хардаг лут лам байсан гэж нутгийнхан нь өгүүлдэг байжээ. Ямар сайндаа хүүгийнхээ тавиланг зурж үзчихээд “Энэ хүү сайд дарга болохгүй ч тэдний зиндаанд амьдарч, тэдний хэрэглэдгийг хэрэглэнэ” гэсэн гэдэг.
Энэ талаар тэрбээр “Нутагт байхад нэг хүн ирээд аав чинь энэ хайрцгийг өгүүллээ. Ядарсан цагтаа хагалж доторхыг нь хэрэглээрэй гэж хэлүүлсэн гэсэн. Сонирхоод дор нь хагалаад үзтэл 5000 төгрөг зулаад хийчихсэн байсан. Тэр үед би аав минь намайг харж явдаг л байсан юм байна. Үрээ бодож дээ. Нэг харах юмсан гэж бодож байсан. Гэвч хайх гээд ч нэрийг нь мэдэхгүй юм чинь яах вэ дээ” хэмээн дурссан юм.
Ээж нь хүүгээ өнчин өрөөсөн ч гэлээ хүнд дээрэлхүүлэхээргүй өсгөсөн чинээлэг айлын бүсгүй байж. Ээжийнх нь хөрөнгийг тэp үеийн мөнгөөр тооцвол 90 мянган төгрөгт үнэлэгдэхээр байсан гэхээр ядарсан гэж хэн хэлэх вэ.
“Би чинь Архангайн Хашаат суманд дэггүй, хөдөлгөөнтэйгөөрөө алдаршиж явсан толгой. Бага хүүхэд хөдөлгөөнтэй байгаад юу шалих вэ дээ. Үсрээд л айлын нохой чавхдаа биз. Би ээжээрээ овоглож Төрийн ордонд шагнал авахдаа Цэрэндэжидийн Гантөмөр гэж Ерөнхийлөгчийн зарлигт хадаж чадсан нь миний бахархал” гэсэн нь эрхэм хүмүүний хэлсэн үг ажгуу.
Учрал тохиолоор дүүрэн амьдралын минь хоёрдугаар үзэгдэл
Хашаатын хөдөлгөөнтэй шар хүү Архангай аймагт бүрэн бус дунд сургууль дүүргээд Улаанбаатарт хүн эмнэлгийн техникумд суралцахаар “Ганган” Содов гэдэг хүний “Зис-5” машины ачаан дээр өвөртөө 50 төгрөгтэй 17 настай хархүү болчихсон үсрэн гарав. Алсын замд дөрөө жийсэн атар залуухан эрд амьдрал ямархан хувь тавилан бэлдсэнийг хэн мэдлээ.
Ц.Гантөмөр гуай “Хотод ирээд таньдаг айл байдаггүй ээ. Наашаа гэж харсан жолоочийнд байхаас өөр арга байсангүй. Дараа нь “Хот орвол уулзаарай. Би хоршооллын хороонд ажилладаг” гэж аймагт урлагийн бригад ирэхэд нь танилцсан бүжигчин Чулуунбат гэдэг залуугийн хэлснийх нь дагуу очиход Санжаа гэдэг ахад хэлж гэрт нь суулгав. Санжаа гэж ардын цэрэгт дайтаж явсан партизан байлаа. Тэр их аж ахуйч, хөдөлмөрч хүн байлаа. Амьдралд дөнгөж хөл тавьж буй Чулуунбаатар бид мэтийн ойр дотнын орох оронгүй, идэх хоолгүй залуучуудыг нэг байшиндаа байлгадаг. Би бас тэнд Чулуунбаатарыгаа дагаад нийлчихсэн гэж байгаа. Тэгсэн Чулуунбаатар маань Санжаа гуайн төрсөн дүү Цэндцэрэнтэй эр эмийн холбоотой байсан юм билээ” гэж ярьсан.
Хэдийгээр түүний анхны амьдрал бүтээгүй ч амьдрал түүнд тааварлахын аргагүй учрал тохиолоор дүүрэн хоёрдугаар үзэгдлийг бэлджээ. Энэ нь жүжгээр бол хоёрдугаар үзэгдэл эхлэх мэт. Ямар ч хүний залуу нас хоёр хэсэгтэй байдаг мэт санагддаг. Алдаж, онож явдаг агсам залуу нас нэг хэсэг нь байхад түүнээсээ сургамж авч амаржин тогтох нь залуу насны хамгийн сайхан хэсэг нь аж.
“Театрт тахимаа давсан сайхан гэзэгтэй, алаг нүдтэй дүүмэд бүсгүй харагдах болов. Сайхан гэзэгтэй тэр алаг нүдэн бүсгүй ямар ч эрийн сэтгэлийг соронздон татах увдистай гэмээр. Түүнийг Ц.Мөнхжаргал гэдэг ажээ. Хожим нь харамсахгүйн тулд одоо үзээд алдахад юу нь буруу гэж. Би ч өнөөх л шулуун шударга зангаараа түүн дээр очоод л шууд “Би чамтай сууна гэж шийдсэн” гээд л хэлээд тавьчихлаа. Зориг гарган үгээ хэлсэн тэр цагаас хойш Ц.Мөнхжаргалтайгаа гурван хүүхдийн эцэг эх болтлоо амар сайхандаа жаргав”.
Ухаалаг яриатай, уян сэтгэлтэй хүний хайлан гэмээр энэ бүсгүй Ц.Гантөмөр гуайтай нийлснээсээ хойш анхны эхнэр нь аюулт өвчинд нэрвэгдчихээд байхад төрлийнх нь хүн шиг асарч тэтгэж байсан гэдэг. Хоёр бага хүүхдийг нь өсгөх гэж өөрөө хүүхэд гаргаагүй залуу насандаа хэрэндээ зовсон ч түүнийгээ хувь заяаны эрх гэж зөөллөн бодож явсан гэдэг юм билээ. Амьдралын алдаа болгон ялагдал, оноо болгон ялалт байдаггүй ажээ.
Дэд бүлэг жүжигчин болсон нь
Нэг өдөр зохиолч Л. Ванган хүн эмнэлгийн сургууль дээр урилгаар очиж “Эмч нар” гэж жүжгээ зохиосон талаар лекц уншжээ. Тухайн үед эмч болохоор суралцаж байсан оюутнууд дунд мөнөөх Архангайн хөдөлгөөнтэй шар хүү сууж байв. Багаасаа л унших, цээжлэх сонирхолдоо хөтлөгдөн урлаг уран сайханд автаж явсан хүүг тэр лекц уруу татаж орхив.
“Тэр минутаас эхлээд би жүжигчин болъё гэж шийдсэн. Үүгээрээ Ванган багш намайг урлагт дуудсан. Тэр цагаас өмнө би жүжигчин болно гэж зүүдэлж ч байгаагүй. Нэг л мэдсэн чинь эмч болох хүсэл мөрөөдөл минь утгагүй болж театрыг бүр зүүдэлдэг болсон. Тэр бүү хэл театрын өндөр гэх хочтой хятад манаачийг хүртэл зүүдлээд унтаж чадахаа байчихсан байсан. Хүн нэг юманд тэгж дурладаг юм билээ. Тэгээд бүр хичээл ч хийх дургүй болоод онц сурдаг байсан чинь бүр нойлтоод хичээлээ хийхээ больсон” гэсэн нь Ц.Гантөмөр гуайн яриа.
Театрын үүдэнд Драмын театрт дагалдан жүжигчин авна гэсэн зар гарчээ. Зарлалыг харж зогссон залуу эр театрын шатаар яаран өгсөж гүйн оров. Нэг давхарт байх “Уран сайхны удирдагч” гэсэн өрөөний хаалгыг татан орвол өнөөх Хүн эмнэлгийн сургууль дээр урилгаар очиж “Эмч нар” жүжгийхээ талаар лекц уншсан хүн байж байна. Жүжиг киноны нэрт зохиолч Л. Ванган багш шүү дээ өнөөх нь. Мөнөөх хүн сандран орсон залууг хараад гайхасхийн “За юу гэж явна” гээд нэг их том харлаа.
Ц.Гантөмөр “Би ч яах вэ жүжигчин болох санаатай явна гэсэн чинь ”Юу тийм амархан жүжигчин болдог юм уу. Чи одоо тэгээд жүжигчин болох гэж яваа юм уу, хаана байдаг юм” гээд л их ширүүн байна. Хүн эмнэлгийн сургуульд гэсэн чинь шууд л гар, гар гээд намайг хөөгөөд эхэлсэн. Тэгэхээр нь би та өөрөө намайг жүжигт дуртай болгосон биз дээ гээд л хэллээ. “Эмч нар” жүжгийнх нь тухай лекцийг хэлж байгаа санаа шүү дээ. Гэтэл чиний төлбөрийг хэн төлөх юм гэсэн. Өнчин хүүхдийн төлбөрийг төлөх хүн олдохгүй гээд халгаадаггүй. Би ч гарахгүй л зогсоод байлаа. Тэгж байснаа За алив чи юу чаддагаа үзүүл гэдэг байгаа. Тэгэхээр нь би шүлгээ уншиж гарлаа”.
Ц.Гантөмөр гуай 10 жилийн сурагч байхдаа эмнэлэгт хэвтжээ. Хүүхэд байхад эргэж ирсэн хүнээс чихэр л горьддог доо. Гэтэл Базарпүрэв гэж багш нь “Үнэн” сонин барьчихсан эргэж очсон юм билээ. Хожмоо тэр сонин амьдралынх нь эргэлтийн хүч болох байсан гэдгийг залуу хүү хэрхэн тааварлах билээ. “Үнэн” сонины тэр дугаар дээр “Өвгөн партизаны яриа” гэдэг шүлэг хэвлэгдсэн байж. Өнөөх нь хоёр талтай 15 бадаг жигтэйхэн урт шүлэг. Сонингоо өгчихөөд “За одоо чи сайхан уншдаг болно шүү” гэж хэлчихээд яваад өгсөн. Тэр цагаас хойш л хаана л уулзалт, наадам болно тэр бүхэнд мань хашир “Өвгөн партизаны яриа”-гаа уншиж зогсоно.
Тэрбээр “Л.Ванган багш миний “Өвгөн партизаны яриа”-г сонсож хэсэг дуугай байснаа “За чи маргааш ирж шалгуул” гэдэг байгаа. Би ч дотроо “Намайг явуулах гэж арга зохиож байх шиг байна. Заавал ирж шалгуулна даа” гэж бодоод л гарсан. Ингээд маргааш нь ирж шалгалтад тэнцлээ. Миний дагалдан жүжигчнээр театрт авсан даргын тушаал 1954 оны дөрөвдүгээр сарын 25-нд гарсан даа. Монголын соёл урлагийн алтан үеийн жүжигчид бүгд миний багш. Тэр дотроос миний амьдралд бүр содон тусгалаа өгсөн хүн бол Л.Ванган”.
Улаанбаатарт Хүн эмнэлгийн техникумд суралцаж байгаад Улсын хөгжимт драмын театрт дагалдан жүжигчнээр орсноос хойш түүний уран бүтээлийн замнал эхэлж Л.Ванган, Дашням нарын “Тожоо жолооч”-ийн Шийнэн, Ч.Ойдовын “Далан худалч”-ийн салга ноён, И.Тылийн “Страконецийн хөөрөгт цоорчин”-ы Шванд, А.Штейний “Хувийн хэрэг”-ийн Степан, Ч.Чимидийн “Босгон дээр”-ийн Лувсан, “Сэтгэлийн дуудлагаар”-ын Төмөр, Д.Мягмарын “Найрын ширээний ууц”-ын Дорж, Д.Намдагийн “Ээдрээ”-гийн Сономбаатар, В.Шекспирийн “Отелло”-гийн Отелло, Ч.Чимид, Л.Ванган нарын “Түмний нэг”-ийн Чинбат, Н.Погодины “Буутай хүн”, С.Ермалинскийн “Цаг өөр болжээ” жүжгийн Ленин гэх мэтчилэн тайз, дэлгэцийн олон арван дүрийг бүтээсэн түүхийг бид мэднэ.
“Театрт дөнгөж ажилд орж байтал манайхан амарчихлаа. Тэгсэн би жүжигчин биш дагалдан болохоор театрын хана, тааз угаах гээд нэг хэсэг аж ахуйн сайн, муу ажлыг хийсэн. Тэгж байтал театрынхан цуглаж ирээд нэг дүрд тоглох боллоо. Би чинь бөөн баяр. Гэтэл Ч.Лодойдамба гуайн зохиол “Өөрийн замаар” гэдэг жүжгийн нэгдүгээр залуугийн дүр. /инээв/”.
Ц.Гантөмөрийг “Ээдрээ”, “Галилейн амьдрал”, “Найрын ширээний ууц” жүжгийн гол дүрийг чадамгай бүтээснийх нь төлөө Төрийн шагнал хүртээжээ. 1981 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагналаар шагнав. Түүнийг жүжигчний хөдөлмөрийнхөө хажуугаар СУИС-д олон жил багшилсан гэдгийг урлагийн салбарынхан андахгүй ажээ.
Ингэж л би 50 гаруй жил жүжигчин явлаа даа. Энэ 50 жилд театрын урлагийн ажилтан хүний давж туулах ёстой жаргал зовлон бүгдийг амслаа.
Гутгаар бүлэг буюу архи уудаггүй “Архичин”
Театрын гэр оронгүй, эхнэр хүүхэдгүй залуусыг цуглуулаад нэг байшинд амьдруулах шийдвэрийг захиргаа гаргав. Тэр байшин нь одоогийн Гэсэр сүм. Залуус тэндээ хоол ундаа цуглуулаад л амьдраад байх аж. Амьдралын босго алхаад удаагүй залуус цалин мөнгөө хүргэх ухаан ч дутах нь бий. Заримдаа гэрлийнхээ мөнгийг төлж дийлэхгүй цахилгаанаа хулгайгаар хэрэглэх үе гардаг байж. Тог хулгайлсан нь баригдана, баригдахаараа гэмшинэ. Амьдралын ухаан бага багаар суугаад л яваа хэрэг. Ямар сайндаа түүнийг жүжигчдийн хонь нядалж халтуур хийдэг гэсэн яриа гарч байх вэ дээ. Гэхдээ бас оргүй ч яриа биш байж л дээ.
“Би чинь хөдөөний хүүхэд шүү дээ. Тэгээд л театраас ажилчдад өгсөн шөлнийх нь хонийг төхөөрч өгсөн удаатай. Хүүхэд ч байж дээ. Хонио нудраад л, нусаа татаад л, гараа эсгээд л малын цус, хүний цус нь ялгагдахгүй юм болж л явлаа” гэж ярина.
Мань эр хар залуугийн л архины хэрэглээ багатай нэгэн байж. Гурван хундагаас илүү гардаггүй, гарч ч үзээгүй гэдэг юм. Гэтэл яагаад ч юм түүнийг найгүй уудаг тухай яриа нийгэм даяар гарсан гэдэг. Тэр ч байтугай Засгийн газрын ордонд орсон чинь дарга нар “Нөхөр минь архи уугаад байна уу” хэмээн хөмсөг зангидаж байсан тухай ч яриа бий. Жүжигчний ур чадвартай л холбон ойлгохоос өөр аргагүй юм билээ.
Нэг өдөр автобусанд суугаад харих гэж явтал нэг эмэгтэй “Чамтай цуг бууна аа. Олон хүний хажууд хэлж болохгүй үг байна” гэхээр нь би “Ямар хэрэг хийсэн билээ. Эсвэл надад хайртай болчихоод одоо хэлэх гэж байгаа юм болов уу” гэсэн шиг юм бодоод буутал “Чи архи уудаг болсон гэл үү. Би чиний олон сайхан жүжиг, киног үздэг хүн байна” гэхээр нь “Би хэзээ ч яахаа алдтал архи ууж үзээгүй хүн шүү дээ. Ийм цуурхал тарсанд би учраа ч олохгүй явна. Таны урлагт дуртай, жүжигчдэдээ санаа зовдогт баярлалаа” гэж хэлээд явуулсан. “Хүний мөр” кинонд Чинбатын дүрд тоглоод улам ч согтуугаараа хэлэгдсэн.
Хэрвээ би жүжигчин болоогүй бол яах байсан бол гэж үү. Архи уусан, хулигаан царайлж, авгай эргүүлсэн завхай эр болох биз. Хөрөнгө чинээ, баялаг хангалуун амьдрал намайг эвдээгүйд баярладаг” хэмээн дурсан хүүрнэсэн нь бий.
Манай гудамжны хүүхдүүд тэр өдөр нисгэгч Чинбатыхаа хамгаалалтад зогсох хариуцлагатай үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн билээ. Гэрийн урд талын зам хүртэл бид хоёр талд нь дөрөв дөрвөөрөө эгнэн явж гаргаж өгснийг мэдээгүй л байх. Яагаад гэвэл, бид мэргэжлийн тагнуулын хэмжээнд өөрсдийгөө бэлдсэн болохоор. Тэр хүн хүүхэд бидний хувьд тийм л эрхэм нэгэн байв шүү.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24605/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна