УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд бүрдсэн шинэ парламентын анхны ээлжит бус чуулганыг нээлээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон улсын төсөвт тодотгол хийх гол зорилготой энэ удаагийн чуулганы хуралдааныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлсэн бөгөөд 126 гишүүнтэй шинэ парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа гурван гол зарчмыг баримтлан ажиллана гэдгийг тодотголоо. Тухайлбал, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болохыг зорьж буйг спикер тодотголоо.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 318 хуульд шинжилгээ хийж үзэхэд хүний эрхийг зөрчсөн 800 гаруй зүйл, заалт байна. Эрх зүйн энэ мэт зөрчлийг засаж залруулахад парламент анхаарал тавьж ажиллана гэдгээ Д.Амарбаясгалан дарга онцолсон. Тэрбээр “Манай парламентын шинээр баталж гаргах хууль тогтоомж нь нийтийн эрх ашигт нийцсэн, хэрэгжүүлэх арга механизмыг нь боловсруулсан, нийгмийн харилцааг үр дүнтэй зохицуулж чаддаг, өндөр дээд ёс суртахууныг баримжаалсан байх болно. Иймд шинэ парламентын гишүүд эрх мэдэл гэхээс илүүтэй иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл байж, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй, илүү бүтээлч, ил тод, хурдтай ажиллах шаардлагатай байна” гээд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байгааг тэмдэглэв. Үргэлжлүүлэн энэ удаагийн парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа баримтлах үндсэн чиглэлийг танилцууллаа.
Энэ удаагийн УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ гэв. Түүнчлэн хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргана хэмээн Д.Амарбаясгалан дарга онцолж, үндсэн чиглэл бүрийг дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн одоо хэрэгжиж байгаа зарим хуулийг эргэж харах, хэд хэдэн асуудлаар шинэ хууль боловсруулах шаардлагатайг ээлжит бус чуулганы нээлтийн үгэндээ тэмдэглээд “Иймд, шинэ парламентын гишүүн та бид, эрх мэдэл гэхээс илүүтэй иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл байж, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй, илүү бүтээлч, ил тод, хурдтай ажиллах шаардлагатай байна. Та бүхэн УИХ-ын эрхэм гишүүнийхээ нэр төрийг өндөрт өргөж, “Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл баримтлал бүхий”, “Хууль тодорхой, ойлгомжтой, ижил тэгш үйлчилдэг”, “Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцэхүйц” Монгол Улсынхаа хууль эрх зүйн орчны гурван төгөлдөржилтийг бодит болгох ариун үйлсдээ хувь нэмрээ оруулж, үлгэр дуурайл үзүүлж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д бичгээр хүсэлт тавьсан бол УИХ-ын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ” хэмээн заасан байдаг. Үүний дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 107 гишүүний олонх дэмжсэн юм. Иймд төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 22.1.1, 22.1.2-т заасны дагуу ирүүлсэн саналыг нэгтгэн, нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөж, Байнгын хорооны бүрэлдэхүүний талаарх саналаа нэгдсэн хуралдаанд танилцуулах” хэмээн заасан байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан төслийн талаар танилцуулав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Б.Батцэцэг, У.Отгонбаяр нарыг, Ёс зүй, дэгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс гишүүн С.Лүндэгийг, Инновац, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс гишүүн Б.Заяабал, Б.Уянга нарыг, Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Б.Жавхланг тус тус чөлөөлөхөөр төсөлд тусгажээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, С.Лүндэг, Б.Уянга нарыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр, УИХ-ын гишүүн Б.Жавханг Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүнээр, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр, УИХ-ын гишүүн Б.Батцэцэг, Ж.Ганбаатар нарыг Төсвийн байнгын хорооны гишүүнээр, УИХ-ын гишүүн Б.Заяабал, У.Отгонбаяр нарыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр батлахаар төсөлд тусгасан байна. Ийнхүү төслийг танилцуулаад, батлахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулсан юм. Нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 109 гишүүний 85.3 хувь нь дэмжиж, зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа. Иймд Д.Амарбаясгалан дарга тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав. Дараа нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонссон юм.
Х.Цацрал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна