Кишидагийн дипломат өв Төв Ази руу чиглэлээ


Японы өмнөд хэсэгт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж,  хагас цагийн дараа Кюшю арлын өмнөд эрэг, Шикокү арлын дагуу  цүнами үүссэн.  Цаг уурын агентлагаас Номхон далайн эрэг дагуу  газар хөдлөх эрсдэл нэмэгдсэнийг анхааруулжээ. Мега газар хөдлөлт болох анхааруулгын дараа Ерөнхий сайд Фүмио Кишида Төв Азид хийх айлчлалаа цуцалсан.  Тэрбээр энэ сарын 9-12-нд Казахстан, Узбекистан, Монгол улсад айлчлахаар төлөвлөж, Астана хотод болсон “Төв Ази + Япон” бүлгийн уулзалтын гол зочин байв. Фүкүшимагийн гамшгаас хойш атомын цахилгаан станцтай газруудад газар хөдлөлт түгшүүр төрүүлэх болсон. Тиймээс Кюшю, Шикокү арал дээр байрладаг цөмийн 12 реактор хэвийн ажиллаж байгааг Засгийн газраас онцлон танилцуулжээ.


 Эдийн засгийн хөшүүрэг

Байгалийн хий, газрын ховор элементийн нөөцөөр тэргүүлдэг, Европ, Азийн худалдааны зам дамжин өнгөрдөг, стратегийн ач холбогдолтой энэ бүс нутагт томоохон тоглогчид нөлөөгөө бэхжүүлэхээр өрсөлдөж байна. Ялангуяа Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор Төв Азийн геополитикийн ач холбогдол нэмэгдсэн. Москвагийн харилцаа тодорхой хэмжээгээр суларсан энэ цагт Төв Азийн улсууд бусад түнштэйгээ хамтран ажиллах замаар үр ашгаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж эхэллээ. Казахстан улс өрсөлдөөнөөс илүүтэй талуудын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээрийг дэмжсэн тэнцвэртэй, прагматик гадаад бодлого баримталж байна. Хятад улс “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд худалдаа, дэд бүтцийг хөгжүүлсэн. Харин Европын холбоо тогтвортой байдалд суурилсан нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж байна. АНУ газар зүйн хувьд алслагдсан  ч бүс нутгийг хөгжүүлэхээр идэвхийлсэн.  Япон улс өрсөлдөөнөөс хоцролгүй Төв Азитай харилцаагаа сайжруулах сонирхолтой байна. Токио 1990-ээд оны эхээр Төв Азийн орнуудтай дипломат харилцаа тогтоожээ. “Төв Ази+Япон” бүлэгт Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Туркменистан, Армени, Япон улс багтдаг. 20 жилийн ойн уулзалтыг тохиолдуулан Японы Ерөнхий сайд хоёр тэрбум ам.долларын бизнесийн дэмжлэг үзүүлэх стратегийн багц танилцуулах байсан. Энэ бол эдийн засгийн хөшүүргээр дамжуулан Японы дипломат ёс, бизнесийг бүс нутагт чиглүүлэх зорилго юм. Энэ жилийн хурлыг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев даргалж, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Берды Мухамедов, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар оролцсон. Өрнөдийн орнууд Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авахыг Япон дэмжиж, Курилийн арлуудын маргаан хурцадсан. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Токиогийн тэргүүлсэн дээд хэмжээний уулзалтыг “Төв Ази руу нэвтрэх оролдлого” гэж шүүмжилсэн. Дээд хэмжээний уулзалтын шинэ хүрээ нь гадаад бодлогын алхам мэт санагдаж болох ч энэ нь үнэндээ Японы дотоод улс төрийн хүчин зүйлээс шалтгаалж байна. Ерөнхий сайдын санал болгож буй хамтын ажиллагаа бодлогын зорилтыг үндсээр нь өөрчлөхгүй. Кишида ирэх сард товлосон Либерал ардчилсан намын даргын сонгуульд бэлтгэхийн тулд дипломат өв бий болгохыг эрмэлзэж байж болох юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Төв Азийн байгалийн баялаг,  худалдаа, аюулгүй байдал дахь стратегийн үүрэг дэлхий нийтийн сонирхлыг татаж эхэлсэн. Иймд Япон улс бүс нутагт илүүрхдэг ОХУ, БНХАУ-ын давамгайллыг сөрөхийг эрмэлзэж байна. Гэхдээ Төв Азийн орнууд эдийн засаг, аюулгүй байдлын үүднээс Бээжин, Москватай тогтоосон харилцаагаа тэргүүнд тавьдаг. Бүс нутгийн Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан гэсэн дөрвөн улс  БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн. Үүний зэрэгцээ Орос улс эрчим хүчний экспорт, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, бүс нутгийн аюулгүй байдал, ялангуяа Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Казахстан, Киргиз дэх цэргийн оролцоо зэргээрээ ихээхэн нөлөөтэй.  Бээжингийн эрх баригчид 2023 оны тавдугаар сард Төв Азийн удирдагчидтай дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. 

Эрчим хүчний тогтвортой байдал

Япон улс Төв Азийн эрчим хүчний шилжилтийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа салхи, нарны эрчим хүчийг ашиглах асар их нөөцтэй Казахстан улс 2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармагжилтад хүрэх зорилт тавьжээ. Ногоон хөгжлийн шилжилтээ Японы технологи, зээлээр хөнгөвчлөх төлөвтэй байна. Астанагийн цөмийн эрчим хүчний амбиц нь хамтын ажиллагааны өөр нэг боломжит талбарыг санал болгосон. Тус улс анхны атомын цахилгаан станцаа барих эсэхийг бүх нийтийн санал асуулгаар энэ намар шийднэ. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын зарласан  санаачилга нь чулуужсан түлшний хараат байдлыг багасгах, эрчим хүчний хольцыг төрөлжүүлэх, CO2 ялгаруулалтыг бууруулах зорилготой юм. Цөмийн технологийн арвин туршлагатай Япон улстай хамтран ажиллавал дэвшилтэт технологи, аюулгүй байдлын хатуу протокол,  инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөрөөр хангах боломжтой. Түүнчлэн  Туркменистан болон Узбекистаны газрын тос, байгалийн хийн дэд бүтцэд  хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлбэл Токио эрчим хүчний хараат байдлаа бууруулна. Японы Засгийн газар цөмийн эрчим хүчний чухал нөөц болох уран олборлолтоор Казахстантай хамтран ажиллаж байна. Логистик, тээврийн зардлаас шалтгаалан нийлүүлэлт цаг алддаг. Япон улс Каспийн тэнгисээр дамжин өнгөрөх далайн тээврийн зам Дунд коридор буюу Транс-Каспийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Энэ чиглэл бүрэн ашиглалтад орсноор худалдааг хөнгөвчлөх, тээврийн зардлыг бууруулж, улмаар Европын зах зээлд Төв Азийн бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Үүнийг дэмжихийн тулд Каспийн тэнгис дэх Казахстаны Актау, Курык боомтуудыг хөгжүүлэх юм. Логистик болон худалдааны урсгалыг сайжруулах, гаалийн горимыг боловсруулах дижитал технологийг Токио хариуцаж магадгүй. 

Стратегийн түншлэл

Токио тогтвортой байдал, харилцан уялдаа холбоо, хүний нөөцийн хөгжилд чиглэсэн олон талт түншлэлээрээ хүчирхэг гүрнүүдийн өрсөлдөөнөөс ялгардаг. Бүс нутгийн улсууд ч Японы туршлага, дэмжлэгийг ашиглан олон улсын түншлэлээ төрөлжүүлэх, зах зээлээ нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг сайжруулахыг эрмэлзэж байна.  Энэхүү хамтын ажиллагааны амжилт нь геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлыг даван туулах, их  гүрнүүдийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүйгээр биелүүлэхээс хамаарна. Японы Төв Азитай харилцах харилцаа нь хүний нөөцийн хөгжилд ч хамаатай. Барууны Москвад тавьсан эдийн засгийн хориг бүс нутаг ажиллах хүчээ төрөлжүүлэх шаардлагатайг сануулсан. Эх орондоо гол үүрэг гүйцэтгэж буй Төв Азийн олон удирдагч, мэргэжилтнүүдийг бэлтгэхийн зэрэгцээ Жайка хөтөлбөрүүдээр дамжуулан боловсрол, манлайллын хөгжлийг дэмждэг. Хүний нөөцийн хөгжилд ийм анхаарал хандуулах нь ач холбогдолтой. Японы улс Төв Азийн мэргэжилтэй ажилчдыг ажиллах хүчиндээ нэгтгэх замаар ажиллах хүчний хомсдолоо бууруулж, эдийн засгийн өсөлтөө тогтвортой барина. Бүс нутгийн орнуудын хувьд энэ нь ажил эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих стратегийн боломж юм.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал… 20 цагийн өмнө
“Жангар” туулийг 600 метр урт цаасан дээр хулсан үзгээр бичжээ 20 цагийн өмнө
Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлж байна 20 цагийн өмнө
“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно Өчигдөр
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эх… Өчигдөр
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборууд… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр су… 2024/10/08
Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц б… 2024/10/08
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа 2024/10/08
​ Монголбанк 2023.6 кг үнэт металл худалдан авав 2024/10/08
Улаанбуудайн хураалт 56, төмснийх 64 хувьтай байна 2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу… 2024/10/07
Багануурын 50 МВТ-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачаал… 2024/10/07
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан ста… 2024/10/07
А.Номин-Эрдэнэ: Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би 2024/10/07
Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой за… 2024/10/07
Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалта… 2024/10/07
Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил” 2024/10/07