Төлөвлөөгүй аялал


Түрүүч нь №029 дугаарт

Их борооны дараа байгаль дэлхий сэргэж, Хархорин сумын хуучин, шинэ барилга байгууламж өнгө ороод ёстой л нүүрээ угааж, үсээ самнасан эхнэр шиг цэмцийж харагдана. Өнөөдрийн төлөвлөгөөг аяллын багийн удирдах зөвлөл урд орой хэлэлцээд,  тушаал шийдвэрээ гаргаад, тунхаг бичгээ тэрлээд хоножээ. Хөгшин Орхоныг орхиод Хөшөө цайдмыг чиглээд явах тушаал, зарлиг гарсан байна. Явах газар хол, үзэх юм их, цаг давчуу, цас бороо орж ч мэднэ гэж давчдуулсаар байгаад, хурмастаар угаалгасан хун цагаан тэргэндээ хуугаар нь ачаад хөдөллөө. Хөшөө цайдам орох уг нь гайгүй л дээ. Зам нь дардан, жолооч нь туршлагтай юм хойно. 

Өндөр богдын сэтгэлийн амраг Аминаа биш байгаа
Бидний явах зам Эрдэнэзуу хийдийн үүдээр өнгөрнө. “Эрдэнэзуу эрт онгойно ч гэж байхгүй дээ, өглөөний хурлын дуу сонсож, аян замаа даатгуулаад авбал ч” хэмээн Итгэлт баян шиг цээжний бангаар бодож, хэдэн өдрийн бороонд нуурлаж тогтсон шалбааг туучин аажуухан гэлдэрсээр хаалганы ойролцоо ирвэл хол замд аяншиж ядарсан царайтай хэдэн монгол, зургийн аппарат сэлт зүүсэн өндөр хамартай гадаад хүн ирчихсэн музей хэдийд онгойхыг тааж ядан буй мэт Гурван зуугийн хаалгыг ширтэж зогсоно. Урдаас нь нэгэн бор арьстай гялалзсан нүдтэй бүсгүй нүүр лүү нь ширтэн зогсжээ. Хянамгай харвал урд орой намайг ээрээд буудал санал болгоод байсан бүсгүй дүрээрээ. Зүгээр гэр буудалдаа хүн олж яваа бизнесмэн бүсгүй байсан л даа. Өглөөний нар сүмийн алтан ганжирт цохлон тусаад, түүнээс гэрэл ойн цацарч хавь ойроо нэлэнхүйд нь шаргал гэгээнд булхаж орхих нь ямар нэгэн үлгэрийн гэмээр шидэт орчин бүрдүүлэх амуй. Мөнөөхөн шаргал гэгээг туучин нэгэн бүсгүй ирж явна. Арай Өндөр Богдын сэтгэлийн амраг Аминаа биш байгаа...

“Монгол” гэдэг нэрийг бүтэн “Эрх чөлөөт нутаг” гэж утгачлах юм сан
Сайндаа ч бид Эрдэнэзуугаар яваагүй бололтой. Манай санхүүгийн том дарга, жасын нярав бүсгүй хэн нэгэнд бэлэг дурсгал авахаа мартсан бололтой. Мартсан уу хэн нэгэнд туньсан уу гэдэг нь тодорхойгүй түр зогсолт хийж нандин бэлгээ нууцлан цүнхэлсээр морилов. Ийнхүү их эзэнт гүрний гал голомт, эх орны минь ирээдүйн гал голомт болох өндөр богдын авшигт сум, сууринг орхин хөдөллөө. Арын суудлаас манай албан бус хөтөч болоод байгаа Заяа “Хэрвээ бид жаахан зүүн гар тал руугаа даялаад явсан бол Харбухын балгас үзэж болох байсан. Нэлээд наагуур эргэчих шиг боллоо” хэмээн тайлбараа эхэллээ. Багт нэг яаруу, нэг тайван нь дэндчихсэн хүн яваа. Ганцхан хоногийн дараа олон жил уулзаагүй хүү нь ирэх гэж байгаа оператор “Адгуу” Дууяагийн бодол санаа аль хэдийнэ Хөшигийн хөндийн нисэх буудал дээр очсон, бие нь л миний дэргэдэх суудал дээр яваа бололтой. Нүдээ аниад л яваа харагдана бодвол “Астраль” аялал хийж байгаа бололтой шүү. Арын суудал дээрээс тайван нь дэндчихсэн менежер Энхээ “Үзэх юм байвал үзээд үзээд явъя” л гэнэ. Тийм цаг зав гарахгүй л дээ, томилолтын хоног дуусаж байна, Дууяагийн хүү ирэх гээд байна Энхээ. Сумаас гараад километр ч явалгүй торон хашаа залгав. Торон хашааны зах хязгаар үл харагдана. Шувууны баасанд бууралтсан шон хоорондын зай гурван метрээс хэтрэхгүй бололтой. Гэхдээ ямар том, уудам талыг хашаалж орхио вэ. Өөрийн эрхгүй л машин доторх уур амьсгал, инээд хөгжил дарагдаж монгол орны уудам тал нутаг, уул, ус гэлтгүй хашаалж эхлээд байгаа тухай яриа хөөрөө хар зөнгөөрөө л гарч эхэллээ. Хотоос гарахад л замын хажуугаар үргэлжилсэн өргөст торон хашаанууд хэдэн уул, гүвээ, хөндий талыг гатлан үргэлжилж харагдсан, энд ч мөн адил. Бидний яриа явсаар “Эрх чөлөө”-ний тухай эргэцүүлэлд тулаад бүгд дуугаа хураачихав. Бүгд л дор дороо “Эрх чөлөө” гэгч юун тухай болохыг эргэцүүлж яваа нь лавтай. Өнөөгийн бидэнд хашаалаагүй л бол хаана ч гэсэн майхнаа бариад, машинаа тавиад хонох хагас ч атугай эрх чөлөө минь байна. Ирээдүй хойч минь ямархан газар нутаг дээр амьдрах бол гэж бодохоос сэтгэл тавгүйрхэнэ.  “Монгол” гэдэг үгийг “Бүрэн эрх чөлөөт нутаг” гэж утгачлах юм сан. Хашаалсан газар тав, зургаан километр орчим яваад дууслаа. Барагцаагаар 300 метр тутамд нэг шонгийн орой дээр үлий сахисан сар суух. Түүнийг хараад “Бэлчээрийн ганц дайсан болдог үлийн цагаан оготныг устгадаг гайхалтай анчин шувуу даа” гэсэн бодол л өегшүүлж байх шив.
 


Хөшөө цайдамын онгон

Аяллын турш дуугаа хураана гэж юу байх вэ, хэдхэн донслоод л манайхан сэргээд ирлээ. Хаа сайгүй жижиг тогтоол ус мэлтэлзэн, ганц нэг үхэр мөнөөхөн тогтоолын дэргэд зогсоод алсад налайн бэлчих хонин сүргийг хараачлан байх мэт. Ийм зураглал адгуу давчуу өнөөгийн ертөнцөөс тэс өөр амгалан ахуйд өөрийн эрхгүй автан тайтгарах аж. Тэртээ алс энгэрт ганц нэг айлын хонд бууц харлан харагдах бөгөөд өнгөрсөн өвлийн бэрхийг сануулах мэт замын хажуугаар ганц нэг үхсэн малын хатсан зэм үзэгдэнэ. Хатсан тарз, үдээрийг нь үнэг хярс мэрээд дуусгах л байх даа гэсэн бодолтой хамт “Цайдам” нүдний өмнө торойгоод ирэв. “Хөдөөний баг гэхэд том газар байна” гэж жасын даамал дуугарч байгаа сонсогдоно, мэдэж байгаа л даа, жасын нярав юм чинь. Билигэ хааны онгон санасныг бодвол тун аятайхан үзмэртэй, хүүхэд залууст тодорхой мэдлэг өгчих тайлбартай газар юм гээч. Мянган жилийн салхинд эмтрээгүй сүрлэг тахилын чулуу, онгоны ойр орчмоос олдсон эд өлгийн зүйл гээд үзүүштэй түүхийг нь судлах сэдэл төрмөөр газар юм. Энэ тухай тусад нь бичих тул ингэсхийгээд орхие. Музей үзэж, үзсэнээ баталгаажуулах орчин цагийн шинэ соёл болсон зураг хөргөө татуулах ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Бүсгүйчүүд булагнаж нэг, бөөнөөрөө нэг зураг хөргөө авцгааж дуусаад унаандаа заларцгаалаа. Одоо хаачих билээ гэтэл “Өө хаяанд нь ирсэн юм чинь Өгий нуур орчихоод хойд замаараа буцчихъя”гэдэг санал гаргаж санал 100 хувиар дэмжигдлээ. Тэгэлгүй яах вэ, дарга хаашаа гэнэ жолооч тийшээ юм хойно давхиад байж дээ. 

Хөтөл тоссон Хонгор
Зам Хархориноос Билигэ хааны онгон хүртэл төрсөн ээжийн минь алга шиг ямар сайхан өөгүй тэгшхэн, дардан байсан юм бэ. Харин Билигэ хааны онгоноос Өгий нуур хүрэх зам руу ороод үнэхээр хачин хүнийрхүү сэтгэлийг тултал мэдэрч авах шив. Үнэхээр гомдмоор нарийхан, энхэл догол ихтэй тавьсан зам. Тэр зам дээр хоёр машин зөрөхөөр болбол хурдаа сааж аажуу, уужуу зөрсөн нь дээр. Гэр хорооллын давчуу нарийн гудамж шиг гээд төсөөлчихөд болно доо. Зам хөтөл, онь руугаа ойртох тусам улам нарийсаад явчихна. Нарийсах тусам нь бид өргөнөөс нь иддэг монгол дарга нарын онигоог ярьж инээлдсээр яваад сая нэг шороон замдаа орж авлаа. Газар тэврээд үгсмээр санагдсаныг яах вэ. Өгий нуур руу давдаг хөтөл өгсөж явтал нутгийн залуухан хархүү шогшиж яваад манай бүсгүйчүүдийн анхаарлыг татаадахлаа. Зам зөв эсэхийг лавлах санаатай дөхөж явтал өөрөө гар өргөж байна. Монгол хүний ёсоор цаг агаар, нутаг ус гээд далан долоон юм ярьж дуусаад замаа асуувал зөв явж байгааг минь баталж өглөө. За болж хө, зөв зам дээрээ явж байгаа юм байна. Нутгийн хархүү харваас нас бага цус шингэн нэгэн ажээ. Хонхтой, дамартай хэдэн тэмээ сураглангаа хэвлүүхэн нь аргагүй гал асуугаад авч байна. Би гал өгөнгөө дамшигламаар санагдаад “Ийм залуухан хархүү тамхи татдаг хэрэг үү” гэтэл бантсандаа эмээлийнхээ олонцог хавьд нэг зүйл шатааж буй дүр үзүүлснээ шийдсэн хоолойгоор“Ахаа та ер нь галаа үлдээчих” гэж байна. Одоо үлдээхээс яах вэ. Луу гүний Итгэлт баяны хүү ч гал дээрэмдээд явж байдаг даа. 


Өгий нуурын загас,  жараахай
Алсуураа өгсүүр намхавтар хөтөл дээр гаруут Өгий нуурын их усан мандал нүдний өмнө мэлсхийн үзэгдэх ажээ. Сэтгэл хөдлөл ихтэй хүн бол нулимс нь мэлтэрч мэдэхээр тийм үзэсгэлэнтэй дүр төрх. Ахиад л “Эх орон, эрх чөлөө”-ний тухай яриа сөхөгдөж ирэв. Гэхдээ энэ удаагийн яриа бахархал омогшлоор дүүрэн. Майхан бариад эндээ хоноё гэвэл дэмжигдээд явчихаар л байна. Хүүе хөдөлье та минь гэж шавдуулан байж уулнаас чирч буулгалаа. Нуурнаас яаж салгаж авч явах ухаанаа олох л үлдэх шив. 
Нуурын мандал мяралзаад л амгалан гэж жигтэйхан. Бараг зун болгон шахуу нуурын эрэгт ирж хонож, өнжиж явдаг нөхдүүд хүртэл ийм амгалан мандлыг харж байсангүй л гэнэ. Нуурын эрэгт хөвдөг тавцан байрлуулж, түүн дээр хэдэн залуу зогсоод уурга дэгээ шидэж харагдана. Бүсгүйчүүд маань эрэгт буугаад үлдэв. Би машинаа эргээс зайдуухан тавиад нийтийн 00 орохоор болоод хөдөллөө. Нийтийн 00 руу очоод ой гутчихав. Бас л нөгөө хүнийрхүү сэтгэл. Ариун цэврийн цаас, хэрэглэл, хүүхдийн памперс хөглөрсөн орчин. Бороонд норсон цааснууд хүндэрсэн тулдаа л нуур луу хийсэж ороогүй байна. Хуурай халуун, салхитай үед хийсээд ордог байх. Нуур луу орчих байх гэдгийг яагаад боддоггүй юм бол. Би ирээд явлаа нууранд орчихлоо, одоо яах нь хамаагүй гэдэг арчаагүй хандлага эндээс үнэртэнэ. Ийм аминч муухай монгол зангаа хэзээ бид хаях бол. Хэдхэн жилийн дараа амьгүй өмхий ногоон замаг болчихвол төр засгаа хараагаад сууж байх хүн л ийм хандлага гаргаж байгаа гэж бодогдоно. Эргээд очтол бүсгүйчүүд маань аль хэдийнэ загасчин залуус дээр очоод ам хэлийг нь сугалчих шахаад зогсож байна. Хог, жорлонгийн асуудал ярьж хөөрсөн сэтгэлийг нь сүйтгээд яах вэ гэж бодоод дуугарсангүй. Загасчид олныг барихдаа гол нь биш гэнэ. Зүгээр л ингэж зогсох нь таатай учраас гэдэг хариулт өгөөд таг болчихлоо. Дуу муутай улс юм. Бүсгүйчүүд хөл нүцгэлэн нуурын эргээр алхацгаана. Дээр үеийн орос кинон дээр харсан зураглал шиг санагдаад байх юм. Болдог бол Өгий нууранд загас жараахай болон сэлэх санаатай даг шүү. Орчлонгийн эм амьтас гэдэг ямар ч үед гоо сайхан харагдах дадлаа гээдэггүй бололтой. Ялангуяа загасчин залуус харж байхад..


Төлөвлөгдөөгүй хуушуурдалт
Буцах замдаа орж шуударлаа. Томилолтын хугацаа дуусаж бид ч арвин их олз омогтой буцаж явна. Менежер маань гэнэт “Манай багын найз энэ хавьд байгаа гэсэн. Булганд зам тавьж байгаа. Дашинчилэн гэсэн байхаа” гэдэг барьцгүй зүйл ярьснаа найзтайгаа холбогдон очихоор болсноо дуулгалаа. Би Дашинчилэн гэдэг баримжаа авчихсан учир газар яагаа ч үгүй гэж бодлоо. Хотоос 247 дахь километр дээр бид түр зогсов. Залуусын хувьд тун ч утга учиртай байж мэдэх энэ тоон дээр Доржбат, Түмээ гэдэг гэр бүлийн хоёр найзтайгаа явж байгаад зургаа татуулж байж билээ. Энэ түүхээ ажлыхандаа ярьж бид ч бас зургаа татуулав. Манай менежер эндээс бизнес санаа халааслаад хөдөлснөө хожим дуулгаж билээ. 
“Номын булаг”-ийн гуанз дээр ирээд очих ёстой газраасаа зөрөөд ирчихсэнээ мэдлээ. Өөр цаг үед бол бухимдан уурлах байсан ч магадгүй. Гэхдээ энэ удаад харин ч хөгжилтэй зүйл боллоо гэж хүлээж авлаа. Сэтгэл санаа өөдрөг байхад чулуу зажилж, чоно унахад ч бэлэн байдаг даа. Бидний очих ёстой газар Булганы Гурванулаг сум руу салдаг хэсэгт байх ажээ. Эргээд тун ч удалгүй олоод оччихлоо. Нүдэнд дулаахан инээд алдсан эр биднийг тоссон нь зам ангийн тогооч Бүрэнбаяр. Цагтаа Улаанбаатар хотын нэртэй сүртэй ресторануудад залагдаж явсан толгой гэнэ. “Нас яваад ирэхээр биеийн амрыг харах гээд байх болж, найзын хүсэлтээр энэ зам ангид ирээд 30-хан хүний хоол хийгээд жаргаж байна” гэж яриад бүсгүйчүүдийн амыг ангайлгаад тавьчихав. Биднийг ирэх сургаар сав дүүрэн хуушуур хайраад тавьчихаж. Амттай гэж жигтэйхэн. Цатгалан байсан ч гэдсээ илж ухарсангүй гөвж өглөө дөө. Илэн далангүй яриатай, юм үзсэн бололтой, ёстой дүнжгэр эр байна. Хуушуур өгсөн болохоор нь ингэж байна гэж бодох вий дээ. Мань эр биднийг дагуулан явж орчинтойгоо танилцуулаад зам ангийн хийх гэж байгаа ажлыг үзүүлэв. Хэзээ нэгэн цагт энэ замыг ашиглалтад орсон тухай мэдээ бичээд сууж байх ч юм билүү хэн мэдлээ. Эргээд уулзахын ерөөл өргөөд бид хөдлөв, эр хүний замын хүзүү урт гэдэг амьдрал ялалт, тэмцлийн хаа нэгтээ бид уулзана. 
Албаны ганц нэг ажлаа амжуулаад хотын зүг хүлгийн жолоо залснаар бидний ажил, амралтын гурав хоног дуусав. Манай хэд ядарчээ. Аяллын турш дуугараагүй манай оператор Одбат замын хань болж надтай хүүрнэсээр л яваа. "Монголын үнэн" сонины амьд түүх болсон хүн л дээ. Одбат маань 30 шахам жил энэ сонинтой хамт явсан гэхээр амьд түүх гэхэд буруудахгүй. Гуравхан хоногт маш олон зүйл үзэж, мянга гаруй километр аялаад иржээ. Бидний аялал хожим түүх болон яригдана.


 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувьд хүргэнэ 21 минутын өмнө
Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх… 38 минутын өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогт… 42 минутын өмнө
Я.Цэлмэн: Оюун санаа, хүний эрхийн хувьд нийгэм одоо л солигдож байна 1 цагийн өмнө
Оросын оюун санааны дууч 1 цагийн өмнө
Нүд “ичиж”, чих дөжрөх нь 1 цагийн өмнө
М.Даваасүрэн: Монгол хүний оюуны өмчийн бүтээлүүдийг эдийн засгийн эрг… 22 цагийн өмнө
Монгол тэмүүлэл монгол ухаанаар оршихуй 22 цагийн өмнө
Статистикийн салбар хөгжлийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэн алхахдаа б… 22 цагийн өмнө
Үндэсний Статистикийн Хорооны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй он… 23 цагийн өмнө
Б.Батдаваа: Статистикийн салбар хөгжлийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэ… 23 цагийн өмнө
Төсөв тойрсон хэрүүл, уран дагасан улстөржилттэй долоо хоног 23 цагийн өмнө
Хоноцын сэтгэл ба үгүйлэгдсэн хайр 2024/11/08
Т.Баасансүрэн: “Монголын үнэн” сонин өнгөрсөн зууны толгой, өнөө зууны… 2024/11/08
ТУМБААШЛАГ ТӨР 2024/11/08
Эрдмийн эрдэнэ эгэл ардад байдаг 2024/11/08
Мэндчилгээ 2024/11/08
Мэндчилгээ 2024/11/08
Шинэ зууны түүчээ-залуустаа илгээх захидал 2024/11/08
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Санд… 2024/11/07