ХХ зууны 1960-аад оны эхэнд Хэнтий аймгийн Соёлын ордонд хорин хэдхэн насны, дуучин бүсгүй орж ирсэн нь уг гарвалаараа XIX, XX зууны зааг үеэр Дарьгангын Сүрэгчиний хошуу буюу өнөөгийн Сүхбаатар аймгийн Халзан сумын "Баян уул" гэдэг газар төрж өсөн амьдарч асан өвөг эцэг Аюурын ууган хүү Чулуунбаатар, хадам аавдаа манай "Хар нүдэн бэр" гэж өхөөрдүүлсэн ээж Дугарын Сумъяа нарын арван зургаан хүүхдийн долоо дахь охин нь болж мэндэлсэн нэгэн бяцхан "улаахан" бол өнөө цагийн хоёр зуун дамжин алдаршсан их дууч Шархүүхэн байжихуй. Эднийхний нутагт биерхүү, сураар гэзгээ боосон, монгол ухаанд боловсорч, дэглэм журам сахидаг, оюун бодол талибуун цэцэн цэлмэг хүмүүс сүйх тэрэгтэй сүрлэг сайхан дуулж явахыг "Олныхон" хэмээн онцолдог байсан нь энэ овог удмын Аюурынхны бахархал болсон ажгуу. Олныхны ах, эгч, дүү нарыг Аюурын гал голомтод мэндлэхэд эх барьж авч хүйн ээж болсон буянтан бол Олныхныг захирдаг, морин хуур сайхан тоглодог аав Чулуунбаатарынх нь ах Адьяа залан хэмээх буянтан байсан гэх агаад Шархүүхэний аав Чулуун баатар хааяахан нэрмэлийн охинд халамцсан үедээ "Нарийн шарга" гэдэг дууг дуулдаг байсан ба энэ дуу
"...Энгэр голын эхэнд элдвийн
цэцэг анхилна
Эгч дүү нартаа элбэрэлтэй
явбал
Эгч нь дүүдээ мундахгүй шүү.
Арал голын эхэнд агар зандан
анхилна
Ах дүүдээ энэрэлтэй явбал
Ах нь дүүдээ мундахгүй шүү..."
гэх мэт үг бүхий сургаалийн дуу болой. Шараагийн маань дүү Моохүүг урлаг уран сайхны авьяастай, сумандаа клубийн эрхлэгч байсныг миний бие эрхбиш гадарлаж мэдэх амой. Ч.Шархүүхэн бага ахуйдаа хонь малд явж байхдаа унаа тэмээгээ хэвтүүлчихээд нөмөрт нь дүү нартайгаа дуулж асан "Тэмээн тайз"-аа үл мартах хийгээд арван долоохон настайдаа эгч Цэрэндуламтайгаа сумын клубт дуулж хоёр метр дурдан, хоёр толгой лаагаар шагнуулсан нь түүний анхны том шагнал байжихуй. Тэгж байтал 1958 оны гуравдугаар сард манай улсын орон нутаг дахь театруудын анхдагчийн нэг болох Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч Л.Даваахүү, хөгжмийн зохиолч Ц.Нямбуу, хөгжимчин Г.Жүгдэр зэрэг урлагийн зүтгэлтнүүд тэр үеийн Зөвлөлт холбоот улсад зочлон тоглох тоглолтод оролцох, цаашдаа ирээдүйтэй, дуучин болох залуусыг шалгаруулахад Ч.Шархүүхэн "Жаахан шарга", "Нарийн шарга", "Талын таван толгой", "Янзаган зоотой шарга" зэрэг дууг дуулж "Дуучин болох үндэстэй" гэдэг үнэлгээтэй шалгарч 1958 онд арван естэйдөө Халзан сумаасаа тал нутгийн авьяастнуудын өлгий Дорнод аймгийн Хөгжимт драмын театрыг зорьсноор их дуучийн маань уран бүтээлийн амьдралын алтан шар зам эхэлж Зөвлөлтөд болсон тоглолт ч амжилттай болж сонин сэтгүүлд зураг хөрөгтэй ярилцлагууд нийтэлж байснаар урлаг гэдэг их оргил өөд авирч эхэлвэй. 1960 оны хавар Дорнодын Хөдөө аж ахуйн техникумийг агрономич мэргэжлээр онц дүнтэй төгссөн өндөр цагаан залуутай үерхэж танилцсан нь Шараагийн маань насны хань Гунгаа байжихуй. Дараа жилийн тавдугаар сард театраасаа түр чөлөө авч нөхрийнхөө нутаг Хэнтий аймагт ирсэн үедээ анхны охиноо төрүүлсний дараахан Гунгаагийнх нь ажлын газрын мэргэжилтэн С.Л.Хоронько, Валя зэрэг орос найз нөхөд охиноо асарч сувилахад тусалж сайхан сэтгэлээр хандаж байсныг өөрийн намтар түүхийн тухай номдоо бахархан дурссан байнам. Ч.Шархүүхэн удалгүй Хэнтий аймгийн Соёлын ордны дуучин, жүжигчин болчихоод шөнө дөл болтол шинэ уран бүтээлийн сургууль хийж тараад, харих замдаа үүрэглээд хамт яваа хүнээсээ салаад явчихдаг байсан гэх мэт учрал тохиолдол аль олныг туулсан гэх вэ. Дуучин залуу бүсгүй маань 1960 -аад оны эхээр уран сайханч Бумгаравын хэлснээр сургалтад сурч жолооч болохыг хүссэнээ нөхөр Гунгаадаа хэлэхэд "Үзэгчид чамайг тайзан дээр дуулахад ямар их баяртай хүлээж авдгийг чи мэднэ. Техник гэдэг чинь муугаар бодоход минут секундийн зайд муу зүйл болж өнгөрдгийг би техникийн хүн үчраас мэднэ. Чи урлагаар явах хэрэгтэй, өөр юм бодох нь илүү ажил, сургууль хэрэгтэй бол сурахгүй юу" гэснээр оройн сургуульд суралцсан ба орос хэлний сургалтад хоёр жил явж гайгүй дүнтэй төгссөн гэнэм.
Энэ үед үнэхээр л Шарааг тайзан дээрээс дуулахыг нь сонсоод үзэгч олон талархал дүүрэн хүлээж авдаг байсан хийгээд ёстой л хоолой гэж гургалдай, хуруу гар гэж ятга шанзан дээр яралзаж байхуйц, нуруу туруу тэгш гоолиг бүсгүй байвай. Тэрбээр айл гэр болж, алсын замын харгуй болох урлагтаа хөл тавихын анхны алхмаа ийнхүү үргэлжлүүлсэн. Дорнодын уудам саруул тал нутгийн алдартан хэцүү То вангийн хөг дэгийн сургуулийн дууч аав Сэсэржаагийн өвлүүлж өгсөн То вангийн аялгуу дэг болон зүүн, төв, боржигон, жонон вангийн аялгууны гайхамшгийг шингээж авсан алдарт их дууч, 2024 онд мэндэлснийх нь 125 жилийн ой тохиож байгаа Дамчаа гуайд /1962 онд байх. Л.Б./ шавилахаар анх уулзахад "Чамд дуучин удам бий юү. Элэнц хуланцад чинь дуучин хүмүүс байсан уу" гэж асуухад нь Ч.Шархүүхэн "Манай удамд нутаг усандаа урилгаар очиж дуулдаг, "Их бага Ахай" гэж хүмүүс байсан тухай хэлж өөрийгөө танилцуулахад Дамчаа гуай "Би Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн. То вангийн хошууны хүн, аав минь ардын дуу, уртын дуу заалгах хүсэлтэй хүмүүст гэрээр дуу заадаг байсан. Миний мэдэх юм гэвэл Самын Гомбо гуай, Дугаржав багш нараар заалгасан цөөн юм бий. Чи сурах хүсэлтэй бол зааж өгч болно" гэснээр багш шавийн барилдлагатай болжихуй. Алдарт дууч Дамчаа багш нь "Хэрлэнгийн баръяа", "Алтан богдын шил", "Өвгөн шувуу", "Уртын сайхан хүрэн" гээд уртын сайхан дуунуудаас заагаад "Чи олон дуунд дуртай юу, цөөн дуунд дуртай юу" гэхэд нь "Олон дуунд" гэтэл "Идээний бага нь амттай", "Уртын дуу бол хөөрхөн зүйл биш, нүсэр эд дээ" гээд уртын дууг аль нутгийн хэн дуулах нь гол биш сайн дуулах нь л гол болохыг сургадаг байжихуй. Багш нь мянга гаруй жил дуулсан хэмээн таамагладаг "Хэрлэнгийн баръяа"-г зааж байхдаа "Дууны эх цэвэрхэн, унжуу биш байх нь аятай, зөв байдаг. Энэ дуу Ишдэмчиг, Ишдамба, Их Лувсанбалдан, Лувсангомпил, Дугаржав зэрэг том дуучдын элдүүрт ханасан дуул даа" гэж бишрэнгүй агаад бахархалтайхан ярьдаг байжихуй. Багш шавь хоёр Чингис хаан холын аян дайнд мордох үедээ бага бүрээ татуулж бага цэргээ хурааж, их бүрээ татуулж их цэргээ хурааж "Хэрлэнгийн баръяа"-г дуулуулан хайлах шинжийг бүрдүүлэн, цэргээ мордуулж байсан тухай домог хүүрнэлдэн суудаг байсан гэнэм. Уран бүтээлч хүнд шинийг эрж хайж олох, сурч судлах овсгоо самбаа их хэрэгтэй байдагчлан Ч.Шархүүхэн Хэнтий аймгийн Дархан сумын ардын авьяастан хөгжимчин, дуучин Совдын Шаравжамц гуайгаар "Цэцэн хатны хүлэг" дууг заалган дуулж байсан тухай өчүүхэн би бээр өөрөөс нь /Шаравжамц гуайгаас/ сонсож, Ховдын ЛойХондой, Баянхонгорын Чогжпүрэв зэрэг олон алдартнаас нутаг нутгийн дуунууд сурч урын сангаа баяжуулан эргэцүүлж үзэх, эрэмбэлж судлах завшааныг олжихуй. Ч.Шархүүхэн 1963, 1968 онд болсон Монголын залуучууд оюутны хоёр, гуравдугаар их наадмуудын алтан медалиудаар шагнуулснаас эхлээд урлагийн авьяастны өндөр дэвжээ болох Дэлхийн залуучууд оюутны Сочийн IX их наадамд гурван шатны шалгаруулалтаар монгол ардын есөн дуу дуулж нэг зуун тавин оноо авч алтан медаль хүртэж улмаар өрнө, дорнын арваад орны ардын урлагийн наадмуудад эх орноо төлөөлөн ардын урлагаа сурталчлан оролцоод өндөр зэрэглэлийн шан хүртсэн нь олонтаа ажгуу. 1978 оны зун намраар Хэнтий аймгийн соёл урлагийн өдрүүд Улаанбаатар хотод болсон тоглолтод Ч.Шархүүхэн найрал дуучид, үндэсний найрал хөгжимтэй "Хэрлэнгийн баръяа", "Үхэрчин хүү" дууг хоолойн бяр, ур чадвар, ухааны цараа хослуулан дуу, дуучны гайхамшгийг үзүүлсээр Ардын жүжигчний алдар хүртсэн даруйд нь өвгөн багш Дамчаа гуай "Би ганц шавьтай, тэр нь дэгээ Гончиг, тэр "Өвгөн шувуу"-г өөрөө дуулчихаад багшаа би төгсгөж чадахаа байчихлаа гэхэд нь би яахыг чиний ухаан мэдэж дээ гэсэн юмсан. Одоо би хоёр шавьтай боллоо. Чи Ардын жүжигчин болчихлоо, чиний зам урт аа.
Их ч удаан дуулах байх. Миний нас ч явж байна. Олдвол өлдөнө гэдэг... ингэсхийгээд шавь нарын тухайд одоо болно биз дээ" гэжихүй. Ч.Шархүүхэний уртын дуу дуулах арга барил, уран чадварын талаар алдартнууд, судлаачдын ярианаас эш татваас алдарт уртын дууч Гавьяат жүжигчин Ж.Дорждагва: "Энэ Шархүүхэн сайн "эр" шүү. Энэ сайхны хүчинд... /уртын дуугаа хэлсэн бололтой/ түүгээр л амьдарч байгаа хүн...", хөгжим судлаач, хөгжмийн зохиолч, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, ТХС, Н.Жанцанноров "Ч.Шархүүхэн гуай "Хэрлэнгийн баръяа"-г дуулахдаа энэ л дуунд зохицох барилыг яг олж шуранхай үүсгэлгүйгээр хоолойн чадлаа хуваарилдаг нь үлгэр авууштай арга, шуранхайлах нь хэдийгээр уртын дуучны дээд чадвар байвч аль дуунд хийх эсэх нь урлагийн ч асуудал, ухааны ч асуудал", Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа "Далаад онд ... өглөө эртээр хоолойн дасгал хийж байсан уртын дуучныг орон нутагт Шархүүхэнээс өөрийг тэр үед сонсоогүй...", "Улаанбаатар Таймс" сонинд "Урлаг судлаачид Шархүүхэн бол маш чадалтай хоолойтой хэн дуртай нь... дуурайгаад дуулчихаж чадахгүй өөрийн гэсэн маниартай дуучин" гэж дүгнэсэн байдаг бол гадаадынхан Ардын жүжигчин Б.Норовбанзад, Ардын жүжигчин Ч.Шархүүхэн хоёр жинхэнэ виртоуз /мэргэжлээ төгс төгөлдөр эзэмшсэн/ гэж дуу алдаж байсан удаатай...", Монгол Улсын үндэсний боловсон хүчин, мэргэжлийн ахмад найруулагч Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мушгиа багш "Ч.Шархүүхэн бол уртын дууны аугаа ертөнцийн бэлээс оргил өөд нь зүтгэж, ард түмнийхээ гайхамшигт өв соёлыг дэлхийн сонорт хүргэлцсэн авьяастнуудын нэгэн мөнөөс мөн" гэх зэргээр дуу дуучин хоёрыг алдаршуулан дүгнэсэн нь олонтаа байх ажгуу. Хорьдугаар зууны 1950-аад он буюу эдүгээ цагийн уртын дууны абшиг хүртсэн авьяастан, гавьяат алдартнуудаас эхлээд танил нөхөд, шавь нар нь Ч.Шархүүхэний дуулах эрдмийг үнэнхүү үг гээлгүй бахархан хүүрнэснийг миний бие давхардуулан үглэх нь илүүц бөгөөд тэдгээрийн хэлсэн болгоныг даган баясаж түмэн олонд түүний алдар суу, авьяас билгийг дахин дахин хүргэх гэсэн санаа агуулснаа гүйцэлдүүлэв хэмээн баясаж суухын алдарт энэ их дуучны түүний ур чадвар, уран бүтээлийнх нь тухай бичвэрлэсэн "Хэрлэнгийн баръяа" 2009 он", "Их дууч Шархүүхэн, Уртын дууны нууцад нэвтрэхүйн увдис" 2021 он" номуудаас их дуучийнхаа бодгаль дүр төрх, дуулах эрдмийг тольдон үзэж түүнээс суралцан, мөнхүү судлахыг уншигч абугай нараасаа хүснэм.
Мөхөс бичээч би бээр "Хэрлэнгийн баръяа л гэж
ахын минь нутаг
Хөхрөн хүдэнтсээр харагдана
билүү зээ
Хэнз бага насандаа ах мину
хөөрхий
Хэн хүний үрд хилсээр
хэлэгдэж өнгөрвөө зээ..." гэсэн хэсэгхэн мөр үгсийг тунгааваас учрах, салахуйн жам ёсыг сэтгэлд ургуулах энэ дууны ая аялгуу, үг хэллэгийн учир утгыг мэлмийдээ тодруулж, сэтгэлдээ ургуулан эгшиглүүлж чадсан нь их дуучийн маань байгаль эхээс хувьчилсан хоолойн чансаагаар, урлан бүтээхийн чадварыг үзүүлсэн бүтээлч хөдөлмөр, сэтгэлгээний өндөр чадамж бөлгөө хэмээн бодном. Үзэгч сонсогч абугай минь та хэн ч бай, дэлхий дахины сонгодог хөгжим, дууг сонсох мэт монгол сонгодог дууллын нэг болох "Хэрлэнгийн баръяа" дууг Ч.Шархүүхэний дуулснаар мэлмий сонортоо шингээн, сэтгэл зүрхэндээ зураглан харж нэг сонсоорой, гайхамшигтай шүү. Монгол эх орныхоо дорнын уудам талаас Хэрлэн их мөрнийхөө дөлгөөн тавиун урсгал мэт айзам яруу уянгаар дэлхийн чихийг дэлдийлгэсэн Олныхны их дууч Ардын жүжигчин Ч.Шархүүхэн монгол ардын уртын дуугаа, бас өөрийнхөө авьяас, хүч чадлыг мэдрэн цэгнэж "Уртын дуу мөнх тэнгэрийн хүч учир нутаг нутгийн энгээр хязгаар төгсгөл үгүй" хэмээн гүнзгий агуулга бүхий онч үгсийг уулга алдан өгүүлсэн нь Ч.Шархүүхэний ирээдүйд үлдэх аугаа үнэний ашид орших айлдвар болох буйзаа. Их дууч хийгээд түүний олон шавь нар, үзэгч сонсогч түмэн олны санасан нь бүтэж хүссэн нь биелж монгол ардын уртын дууны урлагт чин үнэнчээр хүчин нэмэрлэж орой нь үгүй оргилд хүрэхийн ерөөлийг талбиж бичвэр юүгээ жаргаан хашвай.
Л.Буянхишигт
/Монгол Улсын Гавьяат жүжигчин/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна