Засгийн газар эрчим хүчний салбарыг татаасгүй болгох реформыг эхлүүлж байна



Монгол Улсыг 2025 онд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд эрчим хүчний үнийг 64 хувиар, дулааны үнийг 28 хувиар нэмэхээр баталсан. Эрчим хүчний үнийг нэмэхийг улстөрчид байтугай иргэд ч толгой дохидог. Тус салбар  хямд өртгөөр эрчим хүч, дулааныг  хэрэглэгчдэд хүргэж, санхүүгийн  уналтад байгааг  үе үеийн УИХ, Засгийн газраас хэлэлцэж ирсэн билээ. Харин энэ удаад тус салбар тэг зогсолт хийхэд бэлэн болж, эрчим хүчний үнийг нэмэхээс өөр гарцгүй түвшинд хүрчээ. Тиймээс ч анхны 126 гишүүнтэй парламент хамтарсан Засгийн газрын өргөн барьсан төслийг хүлээн зөвшөөрч, баталсан.  Ингээд эрчим хүч, дулааны үнийн асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэе. 

Д.Амарбаясгалан: Эрчим хүч, дулааны асуудлыг парламентын түвшинд, улс төрийн намуудын зөвшилцлөөр шийдвэрлэнэ

/УИХ-ын дарга/
-Бид аливаа асуудлыг хэлэлцэхдээ зөвхөн өнөөдрөөрөө харж болохгүй. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдал юу байна вэ. Үүнийг бид хэрхэн шийдэх вэ. Ирээдүйд эрчим хүчний үнэ тариф зах зээлийн зарчмаараа эргэж буурах нөхцөл  боломж нь хэзээ, хэрхэн үүсэх вэ гэдгийг алсын хараатай ярих нь зүйтэй. Зөвхөн өнөөдөр эрчим хүч, дулааны үнийг нэмээд зогсох гэж буй мэт ташаа ойлголтыг олон нийтэд өгч болохгүй. Цахилгаан, дулаан хангамжийн хувьд Монгол Улс бүх түвшиндээ дутагдалтай байна. Энэ дутагдлыг нөхөхийн тулд бидний эхний алхам юу байх. Ирээдүйд эрчим хүч, дулаан хангамжийн дутагдал нөхөгдсөний дараа ямар нөхцөл үүсэх вэ гэдгийг салбарынхан бодитой тайлбарлаж ярих нь чухал. Гэхдээ эдгээр асуудлыг парламентын түвшинд, улс төрийн намуудын зөвшилцлийн үндсэн дээр эцэслэн шийдвэрлэнэ. 
/УИХ-ын чуулган. 2024.10.18 /


Б.Чойжилсүрэн: Тарифыг 34 жил нэмээгүй явж ирснээс болж  асар их хүндрэл үүссэн

/Эрчим хүчний сайд/

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрчим хүчний салбарын асуудлыг шийдвэрлэж дийлэхгүй байсан учир өнгөрсөн жилүүдэд гадаадын зээлээр төслүүд хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын урт хугацаатай өр төлбөр 1.8 их наяд төгрөгт хүрсэн. Сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж байсан. 2023 оны жилийн эцсийн байдлаар 370 орчим тэрбум төгрөгийн богино хугацаатай өр төлбөртэй болсон байлаа. 2024 оны алдагдлаа нэмж  тооцохоор  540 орчим тэрбум төгрөгийн богино хугацаатай өр, төлбөр үүсээд байна. Цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэх, түгээх, дамжуулах хангах зардал нийлээд  нэг кВт цагийн өртөг өнөөдрийн байдлаар 285 төгрөгийн үнэтэй  байна. Үүнийг ард иргэдэд 140 төгрөгөөр борлуулдаг. Дулааны тухайд, айл өрхүүдийн  нэг ам.метр  талбайг 506 төгрөгөөр тооцож борлуулдаг, өртөг нь 1300 орчим төгрөг. Дамжуулан зээлдүүлсэн зээлүүдийг төлөхгүй бол өөр төлөх нөхцөл байхгүй.
Бид Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг БНХАУ-ын Экзим банкны 250 сая орчим ам.долларын зээлээр хэрэгжүүлнэ. Төрийн өмчит энэ компани ирээдүйд зээлээ төлөхөөс өөр замгүй. Өмнөх Засгийн  газрууд улс төрөө бодож эрчим хүчний үнийг нэмэгдүүлж чадахгүй явсаар өнөөдрийн хэмжээний хүндрэлд орсон нь үнэн. 
Цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлэхгүй бол гэр хороололд байгаа айлыг тэндээ бай, энэ салбарт нэмэлт дулаан, нэмэлт цахилгаанд холбохгүй, бусад аж үйлдвэрийн салбарыг дэмжихгүй гэх юм уу. Ийм шийдлийн өмнө ирсэн байгаа. Тийм учраас Эрчим хүчний зохицуулах хороо ойрын өдрүүдэд эрчим хүч, дулааны үнийг нэмэгдүүлэх талаар танилцуулга хийнэ. 
Шаардлагатай тохиолдолд УИХ, Засгийн газарт мэдээлэл хийнэ. Эрчим хүчний зохицуулах хороо Эрчим хүчний тухай хуулиараа хэнээс ч хараат бусаар тариф нэмэгдүүлэх шийдвэр гаргана. 
Өнөөдөр эрчим хүчний үнэ нэмэгдсэн ч энэ нь олон улсад мөрдөж байгаа тарифаас доогуур байх юм. Энэ Засгийн газар эрчим хүчний салбарыг татаасгүй болгох реформыг эхлүүлсэн. Эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх өрсөлдөөнийг бий болгохоор зорьж байна. 
/УИХ-ын чуулган. 2024.10.17 /


Б.Жавхлан: Бүх асуудал эрчим хүчний хязгаарлалт дээр тулаад зогсож байна 

/Сангийн сайд/

-Төсвийн тодотголоор 131 тэрбум төгрөгийг татаас болгон Эрчим хүчний яаманд тавьсан. Хуримтлагдсан асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Хойшлох тусам үнэтэй болно. Эрт хийвэл зардал багатай хийнэ. Үнэнтэйгээ тулаад шилжилтийн арга хэмжээг хийе гэж байна. 
 Эрчим хүч бол цаашдын улс орны хөгжлийн хамгийн том зангилаа асуудал. Бүх асуудал эрчим хүчний хязгаарлалт  дээр очиж зогсож байна. Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэж дийлэхгүй.  Тийм учраас төр, хувийн хэвшлийн шууд хөрөнгө оруулалтаар бизнес болж чадахаар сонирхол татахуйц либерал салбар болох ёстой. 180 тэрбум төгрөгөөр шилжилт хийж чадвал  цаашдаа энэ салбар өөрийгөө санхүүжүүлээд явна. Ингэвэл энэ салбарын супер шилжилт болно. Одоо тулсан асуудал бол энэ. Салбар хоорондоо гинжин өрний асуудалтай байна. Бэлтгэн нийлүүлж байгаа нүүрсний уурхайнууд таг зогсоход хүрсэн ийм эрсдэл бодитоор бий болсон. 
Эрчим хүчний салбар онцлогтой, зам шиг таслаад хийж болдоггүй. Эдийн засгийн үр өгөөжийг нь тооцож байгаад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд босго тавих зэрэг шалгуур тавигддаг учраас  төсвөөр авч явах боломж хязгаарлагдмал.  Ирэх жил төсөв дээр гадаадын зээл тусламжаар суусан 361 тэрбумын төсөл арга хэмжээ байгаа юм. Төсөвт өртгийг нь харах юм бол 7.5 их наяд, замаас хоёр дахин илүү.  Мөн төсвөөс гадуур “Эрдэнэс Тавантолгой”  450 мВт цахилгаан станц, хувийн хэвшлийнхэн мөн хийж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг төсөв зээлийн харилцаагаар зохицуулж байна.Гадаадын хөрөнгө оруулалтаар хийж байгаа хэд хэдэн төслүүд бас бий. Цаг алдалгүй эрчим хүчний төслүүдээ аваад явна. Гадаад зээл тусламжийн орон зайн дээр эрчим хүчээ түлхүү авч явна гэж ойлгох хэрэгтэй. Ирэх дөрвөн жилд 1690 мВт буюу өнөөдрийн суурилагдсан эрчим хүчний эх үүсвэрээ хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөөд, төсөв дээрээ боломжоороо тусгаад явж байна.  
/УИХ-ын чуулган. 2024.10.18 /

Ж.Батсуурь: Эрчим хүчний либералчлалыг дэмжиж байна

/БХБ-ын сайд/

-Орон сууцыг хэчнээн хэмжээгээр ч барьж болж байна. Гэтэл бид эрчим хүч, цахилгааны асуудлаа дийлэхгүй байна. Өнөөдөр Монгол Улс эрчим хүчний хямралд орсон. Эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй явж ирсэн нь эрчим хүчний хямралд орох гол шалтгаан болжээ. Тийм учраас эрчим хүчний либералчлал хийх хэрэгтэй гэдгийг дэмжиж байна.  Сэлбэ дэд төв гэх мэт бие даасан төвүүдийг бий болгох хэрэгтэй. Баянхошуу, Шархад, Дамбадаржаа зэрэг дэд төвийг бий болгосноор тэндээ орон сууцаа барьж, хот руу төвлөрөхгүй, утаа, түгжрэлгүй болно. 

/Төрийн ордон. 2024.10.23 /


Ц.Идэрбат: Төр  хариуцлагын  механизмаа сайжруулах хэрэгтэй

/УИХ-ын гишүүн/
-2025 оны улсын төсвийг хэлэлцэж байна. Улс орны хөгжлийг тэргүүлэх 14 мега төслийг эхлүүлэхээр тусгасан. Улс орныг хөгжүүлэх эдийн засгийн том төслүүдийг иргэд дэмжиж, энэ хэрээр олон нийтийн дунд ч хүлээлт үүсээд байна. Төрөөс мөнгөний бодлогын талаар  2025 онд баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа инфляцыг тав дээр нэмж, хасах хоёр хувиар баталлаа. Эдийн засгийн хөгжлийг түргэтгэх мега төслүүдтэй зэрэгцээд ард иргэдийн амьдралд шууд нөлөөлөх эрсдэлтэй зүйл нь дулаан, эрчим хүчний үнийн нэмэгдэл. Энэ салбарын үнийн асуудлыг инфляц дээр нэг хувийн нөлөөлөл үзүүлнэ гэж бид ярьсан. 
Монгол Улсад валют, бензиний үнэ нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг. Гэхдээ үүнд Эдийн засгийн хөгжлийн яам тооцоо, судалгаа хийсэн байх. Валютын нөөцөө нэмэгдүүлж, ханшийг бага зэрэг бууруулсан. Засгийн газар шатахууны үнийг тодорхой хэмжээнд барьж чадсан. Суурь үнэд нөлөөлөх дулаан, цахилгааны үнэ инфляцад бидний төсөөлж байгаагаас илүү нөлөөлөл үзүүлэх вий гэж эргэлзэж байна. Инфляцын түвшинтэй уялдуулж төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмдэг. ШӨХТГ өнөөдөр үндэслэлгүйгээр үнэ нэмдэг асуудалд анхааралтай хандах хэрэгтэй. Эрчим хүч, дулааны үнийг нэмэхэд төр хяналтын, хариуцлагын  механизмаа сайжруулах хэрэгтэй. 
/УИХ-ын чуулган. 2024.10.18 /

С.Цэнгүүн: Системээ зөв голдиролд нь оруулбал найдвартай эрчим хүчний хангамжтай болно

/УИХ-ын гишүүн, Эрчим хүчний реформын үндэсний хорооны гишүүн /
- Эрчим хүчний салбарт социализмын үеэс хойш огт шинэчлэл хийгээгүй. Шинэчлэл хийгээгүй гэдэг нь зах зээлийн зарчимдаа шилжээгүй л гэсэн үг. Хүмүүс “Эрчим хүчний салбарт төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай” гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, маш том бүтцээр ажилладаг салбарын нэг талыг нь л гаргаж ирээд хараад байна. Заавал энд төрийн оролцоо шаардлагатай гэж ярих хүмүүс байгаа бол зарим нь хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдэж болно гэж тайлбарладаг. 
Бид эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчимд нь шилжүүлье гээд байна. Чөлөөт зах зээлийн гайхамшиг гэж бий. Өнөөдөр цахилгааны үнэ тариф нэмэгдэж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Гэтэл төд удахгүй шинэ эх үүсвэрүүд ороод ирнэ. Энэ зах зээл өрсөлдөөнтэй болоод ирнэ гэсэн үг. Өрсөлдөөн дундаас хэн нь хямд нийлүүлж байна түүнээс  цахилгаанаа аваад явна. Энд хэрэглэгч хожиж байна. Иргэд найдвартай, олон төрлийн эх үүсвэрүүдээс хямд үнээр цахилгаанаа авах боломж нь бүрдээд ирнэ. Тэгэхээр энэ бол цаг зуурын асуудал. Бид системээ зөв голдиролд нь оруулаад хүндрэлээ давчих юм бол түүнээс цаашаа дэлхийн бүх улс орон шиг найдвартай эрчим хүчний хангамжтай болчихно.
Өнөөдөр утааны асуудлыг ярьдаг. Утаа бол эрчим хүчний хомсдол. Эрчим хүчний хомсдолтой холбоотой дулаан, халаалтын асуудлыг зайлшгүй ярих ёстой. Шөнийн тарифын хөнгөлөлтөөр төр өөрөө цахилгааны үнийг хариуцсан. Иргэд цахилгаан халаалтын үнэтэй халаалт тавьсан.  Реформын хүрээнд бид энэ асуудлыг  шийдэхээс өөр аргагүй. 
/ isee.mn сайтад өгсөн ярилцлагаас /

Х.Ганхуяг: Салбарын менежментийг сайжруулах хэрэгтэй 

/УИХ-ын гишүүн/
-Цахилгаан, дулааны үнэ нэмэх асуудлаар хувийн хэвшил, иргэдтэй зөвшилцөх ёстой гэдэгтэй санал нийлж байна. Үнийг бага, багаар нэмэгдүүлэх ёстой гэдэгтэй ч санал нийлнэ.  Өнөөдрийн байдлаар эрчим хүчний систем 47 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Менежментийг нь сайжруулж, компаниудыг хооронд нь нийлүүлэх замаар алдагдлыг бууруулах шийдэл боломжтой гэж харж байгаа юм.
Монголоос бусад оронд цахилгаан үйлдвэрлэгч нь нэг компанийн бүтцээр ажилладаг. Манайх шиг тус тусдаа олон мянган хүн ажиллуулдаг бүтэц ховор. 
/ УИХ-ын чуулган 2024.10.18 /

И.Батхүү: Эрчим хүч, дулааны үнийг нэмснээр инфляц хэт өсөхгүй 

/ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/
-Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэх талаар олон хувилбар ярьж байна. ЭЗХЯ-наас Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагатай хамтраад тооцоолол хийсэн. Эрчим хүч, дулааны үнийг нэмс­нээр инфляцын суурь нөлөөлөл нь 2025 онд явагдана. 
Бид салбаруудын либералчлалтай холбоотой гарч болох үнийн өсөлтийн нөлөөллийг тооцоолсон. Гэхдээ Монголбанк мөнгөний бодлогоор инфляцыг тохируулна. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг олон хүчин зүйлийн үр дүнд инфляц хэт өсөхгүй гэсэн тооцоо гарсан. 
/ УИХ-ын чуулган 2024.10.18 /

 Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 8 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 8 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 8 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 8 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 8 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 8 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 8 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 9 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр