“Монголын үнэн” сонин “Болор цом-42” наадмыг дэмжин ажиллана



Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом-42” яруу найргийн наадам арваннэгдүгээр сарын 26-нд Улаанбаатар хотод болно. “Монголын үнэн” сонин энэ удаагийн наадмыг дэмжин ажиллах бөгөөд мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэхээр зорьж байна. Энэ хүрээнд сонины дугаар бүрд “Болор цом” наадамтай холбоотой сонирхолтой мэдээ мэдээлэл, ярилцлага бэлтгэн хүргэх юм. Энэ удаа “Болор цом” наадамд сүүлийн гурван жил түрүүлсэн шүлгийг хүргэж байна.
“Болор цом-42” наадамд шүлгээ сойх, оролцох хүсэлтэй хүмүүс энэ онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр бүтээлээ арваннэгдүгээр сарын 20-ны 20.00 цагаас өмнө mze.khoroo@gmail.com цахим шуудангийн хаягаар илгээх эсвэл Монголын зохиолчдын ордны 207 тоотод овог нэр, холбоо барих утсаа тодорхой, гаргацтай бичиж ирүүлэх боломжтой. Уран бүтээлчдэд наадамд сойх бүтээлээ урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлээгүй байх шаардлага тавьжээ. “Болор цом-42” яруу найргийн наадмын эхний шатны дүнг арваннэгдүгээр сарын 22-нд танилцуулна. Цомын эзнийг тодруулах сүүлийн шатны шалгаруулалт Улс тунхагласны баярын өдөр Соёлын төв өргөөнд тодорно.

  
“Болор цом-41” наадмын тэргүүн шүлэгч С.Начин 

Уучлалын шүлэг

Орчлонд өчнөөн од харваж болох байсан
Гэвч биднийг хооронд нь мөргөлдүүлсэн
Гэрэл заагч сар нь чи байсан
Онцгой учрал, энэ амьдралаас хүсэж таашаах бүхний
Эхний амьсгал нь яаж эхэлснийг чи хийгээд бид мэдээгүй
Эх хүн үрээн тэврэхдээ ямархан ариусалд умбадгийг
Эмэгтэй хүний сэтгэлийн байгальд зочилж мэдрэх сэн
Цайнаас савсах уур өрөөн дэх агаарыг хөгжимдөнө
Цэх завилаад нүдээ аниваас
Цохолж ирэх үйлийн үр боловсорч дуусаад
Царам хэцэд амь эцэслэх гэж буй
Эцсийн амьсгалаа татраахаасаа өмнө
Эх болсон тэнгэрээ бүртгэн ширтээд
Газар шороондоо шингэх гэж буй бүргэдийн
Ганцхан ахиад дэвж үзэх сэн гэх сүүлчийн хүсэл ч юм билүү
Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн өнгийн хувирал
Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн тоосонцрын гялаан
Бид хүртэж болох ч амсаж боломгүй аз жаргал
Бид амталж болох ч хүртэж боломгүй уй гуниг гээд
Ээ дээ энэ амьдралаас авч болох бүхэн яасан их байна вэ?
Эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, эхнэр хүн гэдэг
Эр хүний сэтгэлийн овоон дээр л сэмэрч байдаг хадаг ч юм билүү
Чи жишээ нь яаж уйтгарладгийг
Чимээгүй нулимс унагахдаа
Ямар чимээ хацрыг чинь зүссээр
Зүрхэнд чинь шингэдгийг
Яруу найраг шиг ойлгох нэгэн гэдэгт би итгэдэг
Зам татуулан урсах тэр нулимс
Заримдаа бидний сэтгэлийн горхитой нийлэхээрээ
Зах хязгааргүйг сэтгэх хөлгийн далбаа ч болдог юм билүү
Залуу явах гэдэг эргээд тэртээ холоос
Тэмүүлж наддаа буцан ирээч гэж гар даллахад
Тэрүүхэнд гэрэлтэх үед нь чи инээгээд одсон шүү дээ гэж
Тохуурхан мушилзах доогтой хөгжөөн болж ч магадгүй гэхээс
Тодорхойлж таамаглашгүй тэр л цаг хугацааг
Тогтоож энэ л үедээ бид барьж авч чадахгүйг бодохоор
Өрөвдмөөр өр зүрх хөндүүрлэн урагдмаар мэдрэмж төрүүлж байгаа биз
Өвдөг нугарна, гэвч бохирч сөгдсөн мэдрэмжээ цагаатгах гэж бид босно
Өчнөөн сар жилүүдэд чи миний сэтгэлийн дотор амьдарч
Өрцөн цаанаа би түлээчин мэт бодлын чинь ойд унасан гишүүдийг түүж алхана
Гал зээглэн тулгандаа тогоогоо тавьж
Гараа ээх хүүхдүүдийнхээ инээдийг сонсож
Гарчиглаж суух сонинуудаа үдэж, ач зээдээ хэрэгтэй мэдээллийг нь хайчилж
Гарынхаа салаагаар урсан одох цаг хугацааны урсгалыг сэлүүрдэнэ
Амьдрал баялаг гэж чи хэлдэг
Чинийхээ санааны цэцэрлэгт үр цацаж
Цацсан үрээ би өдөр бүр услагч цэцэрлэгч өвгөн байхыг хүснэ
Цамцаа өмсөөч дээ даарчихлаа шүү дээ гээд чиний ирэх хөлийн чимээнд
Цаг хугацаа дөрвөн улиралтайгаа чамайг хөтөлсөөр надад ирнэ
Ахиад бид амьдрахгүйгээс хойш авсанд дотроо ч хамт нойрсохоор одох юм шүү
Хайртай гэж хэлэх амархан, хайрлах хэцүү
Хайрлах л хэцүү, хэлж болдоггүй хайрын үгс гэж хүртэл бий
Үгэнд заримдаа итгэх хэцүү
Үйлдэл заримдаа үгнээс ч чухал
Сум мэт үгс цээжийг чинь шархдуулавч
Суниагаад босох чинь хөгжим мэт яруу
Бягтрууланд венийн вальс эгшиглэж
Баяр бүхнийг чиний гараар бүтээгдсэн идээгээр дүүргэхсэн
Эрвээхэй суусан цэцэг нисэхэд нь дохигноод үлдэх шиг
Эмзэг турьхан хурууд чинь хувцсаа сэгсрэхийг
Ээмгээ тайлж, үснийхээ боолтыг мулталж
Үдэш оройн энгэсгийг үргээж
Үүр цүүрийн гүнд цээжинд минь шүлэг зурахыг
Худал унтсан мэт дүр эсгээд, аньсан нүдэндээ чинийхээ үйлдлийг өхөөрдөж
Хувь төөргийнхөө хүрдийг эргэцүүлж нойрсохсон
Зүүдэндээ ч үнсэхээс цэрвэж, жигд амьсгалах амьсгааг чинь
Тагтаар сийгэх салхинаас харамлаж
Таны зүрхний цохилтыг дэрэндээ шингээж
Зуун зуунд үлдэх мөр бадгуудыг ноотлох дэвтрийнхээ хуудсыг сөхөнгөө
Талхаа зүсэж, аягаа угааж, тоосоо арчиж
Хөшгөө ярахад өрөө нэвтлэх цэл залуухан нарны тусгалд
Хайрт минь эдгээр гэрлийг хардаа гэж хүүхэд шиг догдлохсон
Уяан дээр эрвэлзэж дэрвэлзээд
Онгодын минь хүлэг сүсэгтний дүрээр үүрсэнэ
Одоохон явчхаад ирье хайрт минь
Орчлонгийн оргүй хоосонд ч бид хүрэлцэхгүй алс байлаа ч
Уйтгар гунигаа баяр ерөөл болтол амьдрах хувь төөрөгтэй билээ бидэн
Учиртайхан харцаар нэг л шагнаач намайг
Уянга дуу, эгшиг найргийн чинь охь, бүх насны тань эзэн явъя гэх
Ухаан санааны минь гүнээс тэнгэр өөд цоролзон өндийх моддын сүүдэрт хамт хэвтээч
Цас бударсаар, бударсаар, бударсаар
Цайдам хөндийг хучина
Царай зүс тань толигор өнгөлөг гэрэлтэй
Зулайдаа сансар огторгуйг эрхлүүлж
Зулзаган шинэсний залуухан мөчир мэт гунхах чиний
Зураг дүр чинь цээжин гүний минь гуунд завилаатай
Өргөх ёстой дээж минь гэвэл чи
Өгсөж дээш мацах оргил минь чи
Өдөр бүрд залбирах залбирал минь чи
Өргөө гэрийн минь унь багана нь чи
Өргөж асарсан бүхнээ энэрэгч нь чи
Өршөөж соёрхох нигүүлсэнгүй сэтгэлтэн минь ч чи
Өр зүрхний хаалгыг минь нээгч нь ч чи
Бодоогүй бүхэн энэ амьдралд ирдэг
Болзож уулзсан хувь төөрөг минь
Бурхны алдаагүй зурсан зураг гэдэгт би итгэдэг
Ирээдүй биднийг гэрэлт харгуйд урин дуудна
Инээмсэглээд ахин нэг алхахад
Ирмэг цолгиухан цэл залуухан насууд минь даанч гоёхон санагдана
Алдсан байж болно бид
Алдрайхан нас шүү дээ
Уучлал гэдэг хэзээд оройтдоггүй санагдана
Ухаан санаанд минь уужимхан голын шанд бургилна
Тэр голын эхэнд тэргүүндээ гараа духдуулаад
Тэнгэрийн хаяаг саравчлан зогсох
Тэнгэрлэг ариун үзэсгэлэнт минь
Ухааны тань уулын бүсэлхийг нар зөв ороож гуйя!
Болгоогооч амь амьдралыг минь


“Болор цом-40” наадмын тэргүүн найрагч М.Амархүү

Ургийн мод хэмээх тоон хэлхээс

Есөн үед гурван зуун жил ургасан энэ ургийн мод
Ертөнцийн хатан хэвлийд өн удаан цэцэглэсэн юм
Алтан нар, мөнгөн сар хүрэл мичдийг чамд л харуулах гэж
Анхилхан мөчрөн биеийг чинь нахиалуулж ирсэн юм
Таван зуун арван хоёр мөчиртэй энэ аварга модны орой одоо
Таашгүй өндөрт тэнгэрийн цэцэрлэгт цэцэглэж байдаг юм
Өндөр өвөг эмэг чинь болох хоёр зуун тавин зургаан зэсэн 
мөчир
Өдгөө диваажингийн төгөлд мөнх навчсаа салхилуулж байдаг 
юм
Гарьд начингийн өвөг шувууд салаа бүр дээр нь суугаад
Гал улаахан жимснүүдийг нь цацруулан тоншиж байдаг юм
Холбоо өвөг эмэг чинь болох зуун хорин найман гуулин мөчир
Хойд насны ойд ангаахайн үүрийг бүүвэйлж байдаг юм
Хангарьдын өвөг луун шувууд далавчаараа сэвээд
Хан боргоцойг нь унагалгүй эрхлүүлж байдаг юм
Хулан өвөг эмэг чинь болох жаран дөрвөн оюу мөчир
Хурмаст тэнгэрийн хаалгыг сахин энх навчсаа будруулж 
байдаг юм
Арслан заануудын өвөг сүнсэн биетнүүд нааш цааш холхин
Агаар гэрэлтсэн биесээрээ шөргөөж байдаг юм
Элэн өвөг эмэг чинь болох гучин хоёр номин мөчир
Эдүгээ Шамбалын цэцэрлэгт сувдан бороонд гэрэлтэж 
байдаг юм
Үлэг гүрвэлүүдийн өвөг хийн биетнүүд урагш хойш гүйлдэн
Үнэр түгээсэн биеэсээрээ шүргэж байдаг юм
Элэнц хуланц өвөг эмэг чинь болох хорин дөрвөн танан мөчир
Энхжин Шамбалын хүрээлэнд галбирваасан модонд 
салаалаад
Хувилгаан орчлонд үлдээсэн дөрвөн салаа мөчрөө
Хугарч унахыг нь чагнаж зуун жилээр хүлээнэ
Ээж аав чинь гэх хоёр мөчрийг салаалуулсан
Эмээ өвөө чинь гэх дөрвөн салаа буурал мөчрүүд
Үр ач нь гэх залуу ногоон мөчир чамайг улам улам
Үзэсгэлэнтэйеэ ургахад чинь уярч баясаж жаргаад
Үлдсэн нас нь уртсаж цэнгэлийн манлайг эдэлнэ ээ
Энэ таван зуун арван хоёр мөчир хэмээх өндөр өвөг дээдэс 
чинь
Энх орчлонд чамайг л төрүүлэх гэж эсэн мэнд амь зуухдаа
Эртний болор бороонд хэдэн удаа мөр нь нороо бол
Ээмэг зүүлт, малгайн залаанаас нь хэчнээн дусал ус дусаа 
бол
Тэр хоёр зуун тавин зургаан мөчир хэмээх өндөр өвөг дээдэс 
чинь
Тэргэл хорвоод чамайг л мэндлүүлэх гэж энх тунх аж 
төрөхдөө
Тэсгим хүйтэн жаварт хэдэн удаа хацраа хайруулж даараа бол
Тэрбум тэрбум цасан ширхгийн хэчнээн нь толгойг 
бууралтуулж лавсаа бол
Мөнөөх л зуун хорин найман мөчир хэмээх өндөр өвөг 
дээдэс чинь
Мөнгөн ертөнцөд чамайг л эрхлүүлэх гэж хавар намаргүй 
нүүж суухдаа 
Модон тэрэгнийх нь дугуй хэдэн удаа эргэж, хэчнээн өвс 
налуулаа бол
Морин шоргоолж шүргэж хэчнээн олныг түйвээгээ бол
Өнөөх л жаран дөрвөн мөчир хэмээх өндөр өвөг дээдэс 
чинь
Өргөн замбуулинд чамайг л тарвалзуулах гэж өвөл, зунгүй 
өвөлжиж, зусахдаа
Өвөр хоорондоо хэдэн удаа шивнэлдэж, хэчнээн зул чимхээ 
бол
Өчнөөн арслан чимээг нь чагнаж авдрынхаа нүүрэнд 
хулмайгаа бол
Гучин хоёр, арван зургаа, найман мөчир хэмээх өндөр өвөг 
дээдэс чинь
Гурван зуун жилийн өдөр шөнөөс өнөөдөр чамайг л авчрах 
гэж
Гуниг баярын орчлонд зүрхнүүд нь хэдэн удаа цохилж, 
хэчнээн жил гэрэлтээ бол
Гутал, оймсоо элээж, хэдэн удаа гүйж, хэчнээн жил алхаа 
бол доо
Элэнц, хуланц, элэн хулан өндөр өвөг эмгийн үргэлжлэл 
үр минь
Энэ тоонуудын нийлбэр бөөм чиний л цусаар гүйж байгаа
Энэ тоонуудын залгамж тавилан чиний л зүсээр гэрэлтэж 
байгаа…


“Болор цом-39” наадмын тэргүүн шүлэгч Б.Болорцэрэн

ХАВРЫН ДЭЛХИЙ

Хадаг ерөөл хоёр ханьсах дээдийн хүндлэлтэй
Цацал сүү хоёр цалгих мөнхийн учралтай
Хаврын сар халгиасаар хаашдаа л ирэх нь үнэн дээ
Цагийн сайхан золгохоор цахилаад айсуй нь мөн дөө
Нар цас найрсаад шар тос өрөм зөөхий
Намуун салхи намисаад хур чийг урь дулаан
Үүлс тогтуун суулгаад өвс ногоо сааль сүү
Өргөн тал уясаад айраг цагаа хадлан тариа
Алаг шаазгай үгсээд сайны дохио айсуй
Амны бэлгэ өргөөд сайхан цаг айсуй
Хургачин охиноо хөтлөөд хусамны хүү айсуй
Хувьтай үрсээ дагаад хурмастын хишиг айсуй
Өвлийн урт шөнө хаврын анхны шувууд болов
Үндсээ ургаж гүйцэхийг хүлээж ядсан цэцгүүд болов
Өдрийн богино туйл хацрын халуун туяа болов
Үнсүүлсэн уруулаа ширтэхийн хүслэнд автсан уяа болов
Хоёр хурга тэврээд хонины хүн айсуй
Ууган төл нь ихэрлээд уулын чинээ урамтай
Хорвоог намилзтал хатируулаад адууны хүн айсуй
Учраа бэрхээ туулаад улсын баатар шинжтэй
Отор нүүдэл болоод ирэв ээ онд мэнд эсэн энх
Олон бүгд шинэлээд ирэв ээ идээ унд элбэг өнгөлөг
Овооны найр товлоод ирэв ээ намраар нэг самар жимс
Оёдол үйл олдоод ирэв ээ наадмаар нэг гоёл чимэг
Өвлийг давлаа нэмнээ л гээв хээл хаясангүй
Өлхөн давлаа нэгнээ л дэмнэв төл хорсонгүй
Өсөх малын зүс өөрөө л ижилсээд ирэв ээ
Өлчир сүргийн хөл цаанаа л чангараад ирэв ээ
Малын гал илчнээс мандсаар наран буцахгүй
Манай танай гэлгүй элбэсээр тус багадахгүй
Хаврын салхи нэвт ч авсаар одоо даарахгүй
Хатууг нэгэнт давсан ч алсуур бодлоо мартахгүй
Элгэвч нэмнээ бээлий гээсэн газар бүхнээс
Энэ зуны эрвээхэй эрхлээд удахгүй ниснэ ээ
Эхтэйгээ бэлчээрт гарсан шинэ хурганы уутнаас
Ирэх намрын сар хоргодоод буцахгүй удна аа
Хүний хишиг гуйгаад хаврын сар ирэв ээ
Хүүхнээ эртлэн гуйгаад цэргийн зар ирнэ ээ
Хашир малчны хүсэл биелээд гүйцээд ирэв ээ
Хангайдаа эртлэн гарах нь ээ биежээд хөрвөжөөд ирэв ээ
Онгод шиг гэнэтхэн ороод л ирэв ээ бороо
Охин шиг хөнгөнхөн гараад л гүйвээ сэтгэл
Ой модод салхины тусаар хэлд оров оо
Онгон хайр сарын дундуур хөлд оров оо
Өвөл зун хоёрын үр нь билээ хавар
Үнэн ариун хайрын нар нь билээ хавар
Өнтэй сайхан жилээ зарлан суугаад цэнгэх
Өнөр баян намрын өнгө нь билээ хавар
Хүүхнээ гуйсан хурим нь одоохон хөдөө минь
Хүлгээ сойсон наадам нь хаяанд нутаг минь
Хүүгээ түшсэн тэнгэр нь ойрхон хөдөө минь
Хүний сайхан сэтгэл харагдаад андашгүй ээ
Жил тойрон саасан малын цагаан буянтай
Жин даран тэвээрсэн талын нөөц бэлчээртэй
Жинхэнэ чанга өвөлтэй халз тулалдах нь сүртэй
Жирийн нэгэн монгол малч удмаа бид
Сажиг тусдаа айлгүй ажил үйлс тасрахгүй
Салж нүүсэн ч улам элгэмсэх түмэн минь
Санахад хол замгүй ядрахад буруулах нэгэнгүй
Садан төрөлсөөд удам сайлах олон минь
Нас буянаа хайрлаад сар шинэ хуучрахгүй
Намба жудгаа харуулаад сайхан заншлаа алдахгүй
Найрын заллага таслахгүй жам ёсоороо тухална аа
Саалийн даллага хагсаахгүй сав шимээрээ жаргана аа
Сугаа цочтол дэвсээр ирсэн шувуудын
Сууж амраагүй их тэвчээр юм хавар
Сунаж унатлаа тэмцсээр боссон дээдсийн
Сул нэг ч орхиогүй эх орон юм хавар.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 7 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 7 цагийн өмнө
Тохуурхал 7 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 7 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 7 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 7 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 7 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 7 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 7 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 7 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр