Бахархлын өдрүүд эхэлж байна. Ийн тодотгохын учир нь Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал дэлхийн тайзнаа гарахад бэлэн болж, уран бүтээлийн эхний хэсэг нь ХБНГУ-ын зүг хүлгийн жолоо заллаа. Дэлхийн тайзан дээрээс Монголын үндэсний тодотголтой бүтээлүүдийг эгшиглүүлж, хүргэхээр болсныг сонссон цагаас уран бүтээлчдийн бэлтгэл идэвхжин хилийн дээс алхах хүртэл бүтээлүүдээ чамбайруулсаар байв. Учир нь, тэд Ази тивээсээ анхдагч нь болж уран бүтээлчдийн хүслэн болсон тайзан дээр гарч, монгол үндэсний урлаг, түүх соёлоороо дэлхийтэй мэндчилэх гэж байна. Мөн монгол хүн бүрийн сайн мэдэх “Алтан өргөө” киноны хөгжмийг анх тоглуулсан газарт дахин эгшиглүүлэх гэж буй нь энэ ажээ.
Монгол, БНАГУ-ын хамтран бүтээсэн өнгөт, уран сайхны кино “Алтан өргөө” 1961 онд гарсан нь цаг үеийнхээ содон үйл явдлуудын нэг болж байв. Гавьяат хөгжимчдөөс Ардын жүжигчин, Төрийн шагнал хүртсэн хөгжмийн зохиолч Л.Мөрдорж Германд урилгаар очиж, уг киноны хөгжмийг герман оркестртой тоглон бичүүлж байжээ. Түүнээс хойш 1993 онд Улсын филармонийн удирдаач, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү Герман улсын Элчин сайдад “Алтан өргөө” киноны хөгжмийн партитурыг авах хүсэлт гаргасан нь ерөөлөөр бүтсэн гэдэг. Тухайн жилээ Герман улсын Элчин сайд хөгжмийн партитурыг удирдаач Н.Туулайхүүд хүлээлгэн өгснөөр 1994 онд Улсын филармонийн тайзнаа эгшиглүүлсэн түүхтэй.
Үндэсний урлагийн их театр, тайз дэлгэцийн түүхэн давхцал гэмээр энэхүү тэмдэглэлт өдрүүдийг хүсэн хүлээсэн хүн цөөнгүй. Тоглолтын бэлтгэлийг эртээс эхлүүлж өдгөө үзэгчдээ хүлээн авахад бэлэн болсон талаар мэдээлж байна. Европын улс орнуудад ажиллаж амьдарч буй монголчууд төдийгүй гаднын үзэгчид “Монголын сайхан орон” тоглолт болох өдрийг хүлээж байгаа юм. Монголын үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн тоглолт ХБНГУ-ын Мэйстерсингерхаллед Нюрнберг хотын Соёлын захирагч проф. Жулиа Ленерийн ивээл дор аравдугаар сарын 27-нд эхэлнэ. Харин 50 жилийн түүхтэй дэлхийн сонгодог урлагийн ноён оргил алдарт театр Берлиний Филармонид аравдугаар сарын 29-нд тоглох хуваарьтай байгаа бол удаах нь Гөрлиц хотын Герхард Хауптман театрт аравдугаар сарын 31-нд “Монгол сайхан орон” тоглолтоо хүргэхээр уран бүтээлчид аян замдаа гараад байна.
Орчин цагийн үндэсний хөгжмийн их найрлыг байгуулжээ
ХХ зууны хоёрдугаар хагас... Монголын нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн санаачилгаар Монголын орчин цагийн үндэсний хөгжмийн их найрлыг байгуулжээ. Харин үүсэл гарлын тухайд Хүннү гүрний үед Монголын анхны төрт улс бий болж, төрийн ёслол хүндэтгэлийг хөгжимтэй холбож ирсэн. Найрал хөгжмийн түүхийн мөчлөгийг Хүннү гүрний үеэс эхлэн ХIII зуун буюу дэлхийн түүхэнд урьд хожид үзэгдээгүй бүтэц бүхий Төрийн ёслол хүндэтгэлийн найрал хөгжмийг бүтээсэн түүхэн оргил үе болох Их Монгол Улсын хаан Эзэн Чингис, түүний үе залгамжлагч Өгөдэй, Гүюг, Мөнх нарын үеийн хөгжмийн хороо, их найрал, Хубилай хааны Их Юань улсын ордны их найрал хөгжмийн түүхээс судлан үздэг. Эдгээр ордны дуу хөгжим, хаадын үе залгамжлалын тухай үнэ цэнтэй баримт Марко Поло, Плано Карпини, Вилъям Рубрук нарын тэмдэглэл бичгийн дурсгал, “Монголын нууц товчоо”, “Юань улсын судар”, “Алтан товч”, “Болор эрхи”, “Хөх судар” зэрэг цаг цагийн түүхэн сурвалж, ном товхимолд хадгалагдсан байдаг.
Чингис хаан, түүний залгамжлагчид байлдан дагуулалтынхаа нүргээн дундаа хүмүүний сэтгэлийн учгийг хөндөж чадах хөгжмийн зэмсгийн хүч чадалд анхааран, эзлэн суусан улс орныхоо шилмэл, шилдэг бүхнийг олж танин, хураан цуглуулж чадсаны үр дүнд өргөө ордондоо олон арван хүнтэй чуулга төдийгүй дөрөв таван зуун хөгжимчинтэй Төрийн их найрал хөгжим бүрдүүлж байсан нь зүгээр нэг зугаа цэнгэлийн хэрэглээ бус шашин шүтлэг, хэл соёлоороо өөр өөр ард түмний сэтгэлийг төвшитгөх, тэдний бишрэл хүндэтгэлийг олох холч санааны илрэл байсныг дурджээ.
Энэ түүх, соёлын уламжлалыг ирээдүй хойчид өвлүүлэхэд анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал байгуулах тухай” зарлигаар өргөжин дахин сэргээсэн нь өнөөдөрт хөтөлж байгаа юм.
Соёлын элчийн том нүүдэл
Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал Берлиний Филармонийн тайзнаа тоглоход ихээхэн хүчин чармайлт гаргасан хүн нь Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ юм. Тэрбээр “Mongolian Step” соёл урлагийн агентлагийг ХБНГУ-д үүсгэн байгуулсан нэгэн. Агентлагийнхаа үйл ажиллагаагаар дамжуулан монгол ардын уламжлалт соёл, урлагийг сурталчлах тэр дундаа ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өвийг Европын орнуудад сурталчлах, олон нийтэд таниулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. СУИС-ийн Хүндэт профессор Ц.Гэрлээ Соёлын элчийнхээ үүргийг биелүүлж буй нь энэ удаагийн тоглолт гэдгийг онцлон Монголын үндэсний оркестрыг дэлхийн алдартай сонгодог концертын танхимд сонсох ямар үнэ цэнийг агуулж буй талаарх сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр “Үндэсний оркестрын хөгжимчид маань мэргэжилдээ хайртай, уран бүтээлийн эрэл хайгуул хийдэг, урлагийн өндөр боловсрол, мэдрэмжтэй артистуудаас бүрджээ. Тэд бол XXI зууны уран бүтээлчид. Учир нь, тэд өөрсдөдөө шүүмжлэлтэй хандаж, урлаг соёлын салбарын болж буйг бас болохгүй байгааг олж харж бас тэмцэж байна. Зориг гаргаж үнэнхүү тэмцэгч гэдгээ харууллаа. Жаран хэдэн залуучууд гэдэг бол хүч юм. Тэдний зориг, хүсэл мөрөөдөл дэлхийн сонгодог алдартнуудын тоглодог танхимд тоглох чин хүсэл зүтгэл бөхөшгүй бат юм. Энэ сайхан залуучууд маань тоглолтоо хийх гээд догдлоод бас маш их хичээж бэлдэж байна” хэмээн бичжээ.
Монголоо таниулсан монголчууд
“Монголын сайхан орон” тоглолт хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт Монгол Улсын XX зууны манлай хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Л.Мөрдорж, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдог, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал, Ц.Нацагдорж, Б.Мөнхболд, хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амар, М.Бирваа, Х.Алтангэрэл, Р.Бат-Эрдэнэ, эвэр бүрээч, хөгжмийн зохиолч О.Чинбат нарын бүтээлийг эгшиглүүлэхээр хөтөлбөрөө гаргажээ.
Тоглолтын бүрэлдэхүүнд Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Энхбаатар, Гавьяат жүжигчин Д.Отгонжаргал нар багтсан. Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Энхбаатар 2008 оноос хойш Үндэсний урлагийн их театрт ажиллаж байна. Монгол Улсынхаа үндэсний урлаг, өв соёлоо сурталчлан таниулах аялан тоглолтуудад оролцдог. “Хөөмэйн түрлэгтэй эх орон”, “Нүүдэл” бүжгэн жүжиг, “Жаран дамжсан дуулал”, “Нүүдэлчдийн аялгуу”, “Ишиг хөөрхөн нэр”, “Хүннү дуулал”, “Мөнх тэнгэрийн Монгол”, “Монголын Их хатад”, “Наран мандах талын Монгол”, “Уул усны шивнээ”, “Есөн эрдэнийн дуурьсал” зэрэг 2008 оноос өнөөг хүртэлх дуулалт, бүжгэн жүжиг болон концертын уран бүтээлүүдэд оролцжээ.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Д. Отгонжаргал ХБНГУ-д болох Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын "Монголын сайхан орон" тоглолтод уригдан оролцож байна. Бүтээлдээ ямагт шинийг илэрхийлж, зүрх сэтгэлээ зориулж байдгийг түүний дуулсан "Өнө мөнх орон, "Хун галуу", "Миний ээж тэмээчин", "Орь залуу нас" зэрэг дуунаас мэдэрч болох юм.
“Монголын сайхан орон” Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох концертын хүндэт гоцлооч нь Монголын хөгжимчдөөс, тэр дундаа оркестрын хөгжимчдөөс төрсөн цор ганц Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан. Тэрбээр уртын дуу болон ардын дууны татлагыг тоглохдоо өөрөө донжийг нь тааруулж, мэдрэмжээрээ чадварлагаар тоглодог цөөхөн хөгжимчдийн нэг, хөдөлмөрч уран бүтээлч юм. Мэнд-Амарын найруулсан “Үүлэн бор” зохиолыг хуурдсанаараа ард түмэндээ танигдсан эрхэм уран бүтээлч 26 дуутай морин хуур, уртын дууны цомог гаргасан түүчээлэгч. Түүнчлэн зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсны олон бүтээлийг тоглож байжээ. Тэрбээр одоо ч өөрийн уран бүтээлийг үзэгч олондоо толилуулсаар байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна