Алдартнуудын артист


“Монгол бахархал” буландаа Лос-Анжелес хотод ажиллаж, амьдардаг нэйл артист Золаг онцолж байна. Түүний байнгын үйлчлүүлэгчдийн жагсаалт Адель, Хейли Бибер, Кендалл Женнер, Сидней Свин,  Сабрина Карпентер, Бейонсе, Кристина Агилера, Ванесса Хадженс, “Blackpink”-ийн Жени нараар үргэлжилнэ. Олны танил бүсгүйчүүдийн нэр төр стиль имижтэй нь шууд хамааралтай байдаг. Оддын цугларалт гэгддэг “Мет Гала 2022”-д оролцсон Жастин Биберийн үзэсгэлэнт найз бүсгүй Хейлигийн хумсыг гэрэл зурагчид, загварын сэтгүүлүүд нэн түрүүнд анзаарч оны трэндээр нэрлэсэн. Өө сэвгүй маникюрээр шүтэн бишрэгчдээ гайхшируулж цахим ертөнцөд жинхэнэ бүүм болов. #HaileyBiebersNails хаштагийг тиктокт 78 сая гаруй удаа үзсэн байна. Хейлигийн хумсыг будсан “OPI”-ийн будгийн борлуулалт ч огцом нэмэгджээ. Минимал шинжтэй, тунгалаг, цахилдаг, сүүн цагаан хумс нэйл артист Золаг мэргэжлийн түвшинд таниулав. Улмаар өөрөөсөө бусдыг хүлцэж чаддаггүй Холливуудын сэхүүн хатагтай нар Золагаас давтагдашгүй, бусдын харааг булаасан дүр төрхийг хүсэх болжээ. Хумс заслаараа дагнасан “Nails by Zola” инстаграм, тикток хаягаа нээсэн нь өдгөө 206 мянган дагагчтай болжээ.

“Nails by Zola”

Нуулгүй хэлэхэд, Холливуудын “халуун тогоон”-д карьераа амжилттай эхлүүлсэн Г.Золзаяа хэмээх бүсгүйн тухай санаандгүй тохиолоор мэдсэн юм. “Blackpink” хамтлагийн Женигийн “Мантра” дуу ид хит болж, дуучин бүсгүйн инстаграмыг үзэж суутал зураг бүрийн дор бичсэн “Nails by Zola” гэж идэвхжүүлсэн танилцуулга нүдэнд туслаа. Сонирхоод үзвэл яах аргагүй монгол бүсгүй байх юм. Хувийн мэдээллээс илүүтэй бидний эчнээ танил кино жүжигчин, дуучин, загварын ертөнцийг тодорхойлогчид “Nails by Zola” урланд нэгджээ. Золагийн бүтээлүүд нэг загварт баригддаггүй аж. Аделийн алтан шаргал хумс, Камерон Диазын даруухан засалт, Жонни Деппийн охин Лили Роузийн бүдэг ягаан сонголт, Кендалл Женнер, Кристина Агилера, Сабрина Карпентер, Кайли Женнер, Ванесса Хадженсын хумсыг хараад эрхгүй бахархах сэтгэл төрөв. Алдартай эрхмүүдээс гадна “Miu Miu”, “Tommy Hilfiger”, “Tiffany & Co.”, “Acne Studios”, “Good American”, “Skims” брэндийн нүүр хуудас, сурталчилгааны зураг авалтын арын албанд ажиллажээ. Түүний урлан энэ хүрээнд зогссонгүй “Allure”, “Glamour”, “Interview”, “Porter Edit”, “The Cut”, “L'Officiel”, “Vogue”, “Elle” сэтгүүлтэй хамтран ажилладаг байна. Хумсны трэндийг танилцуулдаг “Vogue” сэтгүүлийн “Nail Files” буланд “Тэдний хайртай маникюрчин Зола Ганзоригт”  нийтлэлд гарч байв. Түүнийг загварын болон оддын чиг хандлагад нөлөөлсөн артистуудын нэг хэмээдэг.  Зола өнөөдөр хумсны будагны салбартаа өрсөлдөгчгүй тэргүүлдэг “OPI” брэндийн дэлхийн элч  болжээ.

Трэнд тодорхойлогч

Г.Золзаяа АНУ-ыг 25 насандаа зорихдоо маникюрчин болох төлөвлөгөө байтугай бодол ч төрөөгүй гэдэг. Түүний шийдвэрүүд гэнэтийн эргэлтээр дүүрэн. Дунд сургуульдаа сэтгүүлч болохыг мөрөөддөг байж. Дуу хөгжим, бүжиг наадам, тэмцээн уралдаанд оролцох дуртай охин өсвөр наснаасаа хүний дотоод ертөнцийг нээхийг чухалчлав. Ялангуяа өөрийгөө танин мэдэх аяллаа эхлүүлж, дуу цөөнтэй, даруу охин болжээ. Ахлах сургуулиа төгсөх жилдээ сэтгүүл зүйн ангид суралцах хүсэлтэй байсан ч гэр бүлийнхнийхээ ятгалгаар СЭЗИС-д элсэв. Алив бүгдийн ард гарч байж санаа нь амардаг зантай тэрбээр мэргэжилдээ эзэн болж, бизнесийн ёс зүй, мэдлэг туршлага хуримтлуулсны зэрэгцээ өөрийгөө илүү танин мэдэж, бодол санаагаа бусдад зөвөөр илэрхийлэх зэрэг олон чадварт суралцаад амжив. Ингээд 2012 онд их сургуулиа амжилттай төгсөн дадлага хийсэн арилжааны банкандаа эрсдэлийн менежерээр  ажиллах урилга авчээ. Г.Золзаяа 2016 онд Лос-Анжелест суралцахаар анх хөл тавив. Урьд өмнө хилийн дээс давж үзээгүй ч санхүүгийн сургуульд сурч, магистрын зэрэг хамгаалах том зорилго өвөртөлжээ. Солонгос хороололд төвхнөөд удаагүй байтал нутаг буцмаар санагдан шантрах сэтгэл төрсөн гэнэ. Киноноос харсан америк амьдрал нь бараг л эсрэгээрээ, англи хэлний мэдлэгээ ч чамлав. Азаар гэх үү хувь тавилангийн эргэлтээр маникюрийн салонд цагаар ажиллахаар боллоо. Энэ ажлыг үеэл эгч  нь санал болгожээ. Солонгос салондоо чамгүй зүйл сурсан тэрбээр дараагийн салондоо ажилд орж, алдартнуудтай хамтрах их ажлын эхлэлээ тавьжээ. Түүний хамгийн анхны алдартай үйлчлүүлэгч нь дуучин, жүжигчин Сабрина Карпентер. Тэд 2017 оноос хамтран ажиллаж байгаа ба яг л төрсөн эгч дүүс шиг дотно болсон аж. Хоббигоороо эхлүүлж, чин сэтгэлээрээ ханддаг ажил амжилтад хүрэх нь гарцаагүй. Ердөө зургаан жилийн дараа тэрбээр салбарын хамгийн нэр хүндтэй, трэнд тодорхойлогч болон дэвшжээ. “Wall Group”-тэй гэрээ байгуулснаар бүсгүйчүүдийн даган дуурайх дуртай ододтой хамтран ажиллаж байна. Энэ бол Лос-Анжелесдаа тэргүүлдэг, нэр хүндтэй агентлаг бөгөөд үс засалт, нүүр будалт, маникюрийн үйлчилгээг үзүүлдэг. Ажилтнуудынхаа цаг төлөвлөлт, үйлчлүүлэгчид зэрэг менежментийн ажлуудыг бүрэн хариуцдаг аж.

Оддын сонголт

Энгийн биднээс асар холд тэнгэрийн мэт санагдах оддыг тэмдэглэлт өдөр, баяр ёслолд нь тод гялалзахад авьяас, мэдрэмжээ зориулах нь нэг ёсны шалгалт. Үйлчлүүлэгч бүр нь түүний сорилт. Дуучин Кристина Агилерагийн хумсыг 15 минутад амжуулан засаж, будах шаггүй даалгавар түүний ур чадварын шалгалт болжээ. Төлөвлөсөн хугацаанаас хоёр минутын өмнө дуусгахад Кристина Агилера “Миний хамтарч ажилласан хамгийн хурдан, хамгийн гоё хумс хийдэг артист байлаа” гэсэн нь Золад юу юунаас илүү урмын үг байлаа. Өрсөлдөөнтэй  салбарт байнгын үйлчлүүлэгчтэй байхын тулд ур чадвар, тэвчээр шаардах нь гарцаагүй. Нэг удаа амжихгүй гэж хэлэхэд боломж өөр нэгэнд шилждэг хатуу  талбар. Тиймд Зола үйлчлүүлэгч бүрээ алдахгүйг хичээнэ.

Дуучин Адель тоглолтын болон "The Hollywood Reporter" сэтгүүлийн нүүр хуудсыг чимэхдээ Золад хумсаа даатгажээ. Хейли ч олон жил хамтран ажилласан Золад амьдралынхаа онцгой мөч бүрийг даатгадаг. Дуучин Жастин Биберийн бэлэглэсэн хуримын бөгж, хөл хүнд болсноо анх зарласан ховор гэрэл зургийг цацахдаа Золагийн нэрийг мартаагүй. Ахлах сургуулийнхны шүтээн Ванесса Хадженс хумсаа Золагийн байнгын үйлчлүүлэгч. Ванесса 2023 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд “Chanel” брэндийн даашинзтайгаа хослуулан хар, цагаан фрэнч маникюрээр гангарсан.  Ванесса гольфийн тамирчин Коле Такертай өнгөрсөн зун  Мексикт хуримлахдаа Золаг нэйл артистаараа сонгожээ. Шуугиант амьдрал, гял цал байдлаараа олны анхаарлыг цаг ямагт татдаг Кардашьяны эгч дүүсийн хамтран ажиллах дуртай артист бол бас л Зола. Кендалл Женнерийн үс, хумс засал, нүүр будалтыг залуу охид давтаж, яг түүн шиг харагдахыг хүсдэг. Кендалл “Vanity Fair”, “Gucci”, “Жимми Чу”-ийн сурталчилгаанд зориулсан зураг авалтад оролцохдоо зөвхөн өөрт нь зориулж маникюр хүсжээ. Тэгвэл Кайли Женнер нэрийн брэндийнхээ зураг авалтад зориулж Золаг урьсан байна. Мэдрэмжтэй нэйл артист ч тэдний  итгэлийг алддаггүй.


Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана 2 цагийн өмнө
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв 3 цагийн өмнө
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэ… 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж… 23 цагийн өмнө
“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дах… Өчигдөр
Ерөнхий хяналтын сонсголоор цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин б… Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглоло… Өчигдөр
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулн… Өчигдөр
Э.Амарзаяа: Цаг хугацаа уран бүтээлчийг төрүүлдэг Өчигдөр
Хамтран ажиллах санал тавилаа Өчигдөр
Намын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян иргэдийн төлөөлөлтэй уулзав Өчигдөр
Нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд ахмадууд талархаж… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 126 гишүүнтэй шинэ парламент 30 жил гацсан мега төслү… Өчигдөр
“Атар-IV” аяныг хэрэгжүүлнэ Өчигдөр
А.Баяр: Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр агаарын бо… Өчигдөр
О.Дашпагам: Папиллома вирусийн эсрэг вакцин ирээдүйн эрсдэлээс урьдчил… Өчигдөр
Г.Пүрэвбаяр: Богино хугацаанд үр дүнтэй бэлдье-ОНЦ.МН Өчигдөр
Алдартнуудын артист Өчигдөр