Д.Одгэрэл: Амин сүнс бол мөхдөггүй мөнхийн оюун санаа


Монголын дүрслэх урлагийн салбарт  ганц зургийн үзэсгэлэнгийн тогтолцоог бий болгож, сүнсний сэдвээр дагнасан уран бүтээл туурвидаг нэгэн эрхэмтэй ярилцлаа. Зураач, яруу найрагч, судлаач Д.Одгэрэл бол Монголын утга зохиолын Мөнгөн үеийнхний нэгэн өвөрмөц төлөөлөл юм.

 -Зургийн тань сэдэв сонирхолтой бас этгээд юм. Сүнс гэхээр тэр бүр хүн хараагүй, баргийн хүнд харагддаггүй, зарим нь үгүйсгэдэг зүйл шүү дээ. Энэ чиглэлээр дагнасан уран бүтээл туурвихад юу таныг хөтлөв?

-Амин сүнсний сэдвээр уран зураг, зураасан зураг, чөлөөт зохиомж гэсэн дүрслэх  урлагийн бүтээл туурвиад 32 жилийг үджээ. Оюутан байхдаа 1990 онд “Хурдан морины сүнс” сэдэвчилсэн бэсрэг үзэсгэлэнгээ гаргаснаас хойш сүнсний сэдвээр шүлэг бичиж, судалгаа  хийлээ. Сүнсийг үгүйсгэх эсэх нь хувь хүний сэтгэхүй, ертөнцийг үзэх үзэлтэй холбоотой. Дээд амин хүч буюу сүнс бол мөнхийн зүйл. Бие махбод, яс, амь амьсгал бол түр зуурын, нэгэн насны л хөдөлгөөн байдаг. Урлагийн эрэлхийлэл мухардалд орсон оюутан насандаа сүнсний сэдэв рүү орсон. Бас оюутан цагт биш юм аа. Зургаа, долдугаар ангиас эхэлсэн юм байна. Би Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж өссөн. Модернист яруу найрагч Баатарын Галсансүх, Батжаргалын Одгэрэл бид багын найзууд. Бид Хэнтийн тэнгэр дор шинэ бүтээл, шинэ урлаг,  шинэчлэлийн тухай ярьдаг хүүхдүүд байлаа. Дэлхийн урлаг реалист, модернист эсвэл бодит сэтгэлгээний гэсэн хоёрхон зүйл дээр тогтдогийг сурагч байхдаа л ойлгосон. Үхсэний дараах амьд ертөнц байхгүйг оюутны эрэл хайгуулаар бий болгож амин сүнсний сэдвээр бүтээлээ туурвиж эхэлсэн. Тэгэхээр уран бүтээлийн эрэл хайгуул л энэ чиглэл рүү намайг хөтөлжээ. Өөрөө зориогүй, өгөгдөл юм даа.

-Та дүрслэх урлагийн шинэ чиглэлийг үндэслэсэн. Сүнсний урлагийн онолын амин сүнс нь юу вэ?

-Үхсэний дараах амьд ертөнцөд ус, агаар, био бие гэж байдаг уу гэдгийг тогтсон хэлээр формд оруулж, дүрслэн үзүүлээд, хүний сэтгэхүйд байгаа ертөнцийг урлагаар илэрхийлж өөрийн онолоо тунхагласан.   Их сургуулиа төгсөөд гадаадад амьдарсан. Гадаадын 30 гаруй орноор аялж,  урлагийн суут бүтээлүүдтэй тодорхой хэмжээнд танилцаад оюутан цагийн бодол минь зөв байсныг бататгасан. Дэлхийн урлаг хоёрхон зүйл дээр мухардалд орчихсон байв. Одоо ч тийм. Тэр нь бодит урлаг, сэтгэлгээний урлаг, реалист, модернист урлаг. Эх орондоо ирээд 1995 оны нэгдүгээр сарын 25-нд ганц зургийн үзэсгэлэн буюу “Хурдан морины сүнс 25-Хязгааргүй” үзэсгэлэнгээ гаргасан юм. Ганц зургийн үзэсгэлэнгийн тогтолцоог Монголын дүрслэх урлагт гаргаад үхсэний дараах амьд ертөнцийг дүрслэх онолыг бий болгосон. Багшийнхаа школоор явдаг хүмүүс “Урлаг мухардахаараа онол руу ордог” гэж ярьдаг. Багшийн школ гэдэг циркийн нохойтой адил. Сонгодог бол мөнхийн давтамжтай, байнгын байдаг. Үүнийг манайхан арай л өөрөөр ойлгоод байх шиг. Аливаа урлагийн дээд дэвшил бол шинэ урлагийн төлөөх нэгдүгээр, хоёрдугаар алхмын төлөө уран бүтээлчид тэмүүлдэг. Сургалтаас урлаг ийм байж болно гэдэг анхны мэдэгдэхүүнийг авдаг. Харин хүн төрөлхтөнд яаж сэтгэлгээний өөрчлөлт хийх ёстойгоо уран бүтээлч ойлгож, эрэлхийлснээр урлаг хөгждөг. Үхсэний дараах  амьд ертөнц буюу сүнсний ертөнц гэж орчуулгаар ярьдаг.  Монголчуудын тэнгэр ухаанаар хүн ясан, махан, амин гэсэн гурван сүнстэй. Амин сүнс бол төрдөггүй, мөхдөггүй мөнхийн оюун санаа юм. Миний яриаг хүмүүс, шашны, бясалгалын, зарим нь аймшгийн киноны хүрээнд ойлгодог. Амин сүнсний урлаг бол хүмүүсийн ярьдаг чөтгөр, шуламтай холбоогүй. Дөч хүрээгүй насандаа урлагийн онол бий болгоод бие даасан 13 үзэсгэлэнгээ гаргасан.  Гадаадад ч хэд хэдэн үзэсгэлэнгээ дэлгэлээ. Би удмын өгөгдөлтэй. Удмын өгөгдөл бол энэ хорвоод дуулах, зурах, шүлэг тэрлэх гээд авьяас, чадамжийн  мэдрэмжийг уламжилдаг.

-Нийгмийн шилжилт  таны урлагийн төдийгүй хувь хүний ертөнцийг харах өнцгийг өөрчилсөн үү?

-Нийгмийн шилжилт уран бүтээлч­дэд аймшигтайгаар нөлөөлдөг. Манай мөнгөн үеийн гол төлөөлөгч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, Нацагдоржийн шагналт Жамсрангийн Баяржаргал “Нийгмийн шилжилт иргэний дайны хэмжээний эргэлт байлаа” гэж хэлсэн байдаг. Шилжилт  миний урлагийн шинэчлэл хийхэд эсрэгээрээ нөлөөлсөн. Уран бүтээлч хүн нийгмээс хамааралгүй бүтээлээ туурвиж чаддаг байх ёстой. Тэр үед “Хүмүүс ганзагын наймаанд явж байхад чи юун сүнс яриад байгаа юм” гэж намайг гайхаж байсан. Зарим нь мэдрэл муутай гэж шоолж байсан. Гэхдээ тэр үед миний зурсан сүнсний зургуудын ихэнхийг гаднынхан худалдаж авсан. Зохиогчийн эрхээсээ ч худалдсан. Дэлхийн суут 99 хүний сүнсний зургаа хэзээ нэгэн цагт олон нийтэд үзүүлнэ дээ гээд хадгалж байна. Энэ бүтээлээ 2002 онд зурсан. Өнөөдөр Ази төрхтэй хүнийг “Хятад уу, солонгос уу” гэх хандлага дэлхийд тогтжээ. Алдартай брэндээс дутахгүй бараан дээр “Монголд үйлдвэрлэв” гэдэг шошго байвал хямдхан, “Өмнөд Солонгост үйлдвэрлэв” гэвэл эрэлттэй, үнэтэй авдаг. Энэ жишиг Монголын уран бүтээлчдэд ч үйлчилж байна. Манай урлагийнхны сэтгэлгээ, бүтээлийн чанар  дэлхийн хэмжээнд хүрчихсэн.  Харамсалтай нь зах зээлийн түвшинд “дэлхийн цөм” масс руу манайхан орж чадахгүй байна шүү дээ. Ядуу буурай орон учраас биднийг “дэлхий” рүү оруулдаггүй.  Бид л өөрсдийгөө “дэлхийн” гэж хөөрөгддөг.  Зүгээр л “дэлхийн” гэсэн үг орсон гадаадын төрийн бус байгууллагуудын хэмжээнд эргэлдээд байна. 


-Таны чиг баримжаа чөлөөт яг л мөнгөн үеийнхэн шигээ эд мөнгө, шагнал урамшлаас ангид юм шиг санагдлаа. Гэтэл та ЮНЕСКО, дэлхийн хэмжээний таван ч шагналтай байх юм.

-Монголд уран бүтээлч байх сонин. Угтаа бол урлаг соёл нийгмээ чирч явах ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ. Монголын соёл урлаг нийгмийнхээ ард сүнс сүүдэргүй болтлоо чирэгдээд явж байна. Манай уран бүтээлчид нийгмийнхээ сэтгэхүйн хүрээнд үйлчилж, ард түмний хүслийг дагадаг болжээ. Монголд урлагийн төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа нөхдүүд гавьяа шагнал авдаггүй. Би хүүхдийн номын зургаараа ЮНЕСКО-гийн шагнал авсан. Хар багаасаа л хүүхдийн зураг зурж, хүүхдийн ертөнцөөр аялж ирлээ. Тиймээс хүүхдийн номын зургийн олон улсын уралдаанд оролцох дуртай. Дэлхийн хэмжээний гурван том уралдаан бий.  ЮНЕСКО-гийн Азийн сангаас Японд зохион байгуулдаг уралдаанд шалгарч байлаа. Мөн Италийн “Алтан алим”, Братиславын хүүхдийн номын зургийн уралдаанд оролцоход зохиолоо бичээд зургаа зурдаг.

-Дөрвөн наснаасаа зуржээ. Тэр үед ямар сэдвээр зурдаг байв. Япон улсад зургийн уралдаанд оролцож байсан тухайгаа дурсана уу?

-Дөрвөн наснаасаа хойших мэдрэмжээ мартаагүй. Анх морь зурдаг байлаа. Ээж морь зурахыг зааж өгсөн юм. Ээж, аавын минь удмынхан зурдаг, бичдэг авьяас надад уламжлагдсан. Би таван үе дамжсан айлын ганц хүү. Япон улсад зохион байгуулсан зургийн уралдаанд эх орноо төлөөлөөд  1985 онд анх удаа оролцсон. Гранпри шагнал хүртэж байлаа. Хүүхэд байхдаа хилийн чинадад зохион байгуулдаг уралдаануудад оролцож байсан. Гадаадын 10 гаруй медаль, хориод шагналтай дунд сургуулиа төгссөн.  Тэр үед улсын шилдэг хүүхдээр шалгарч Дэлхийн залуучууд, оюутны их наадамд төлөөлөгчөөр оролцон, “Артек” зусланд амарч байлаа.

-Философичид хүн, ертөнцийн юмс үзэгдлийг гаднаас хараад үнэлж дүгнэдэг. Уран бүтээлчид дотоод сэтгэхүйг гаргадаг. Тэгвэл зураач философич энэ хоёр чанарыг яаж  хослуулдаг вэ?

-Философичид уран бүтээлч, уран бүтээлчид философичид байдаг.  Монгол бөгөөд ази хүн идеалист сэтгэхүйтэй. Европчууд үүлийг байгаагаар нь зурдаг матерлист хүмүүс. Харин дорныхон үүлэн дундах гоёмсог угалзыг зурна. Манарах тоосноос угалз олж харснаа зурагт буулгадаг онцлогтой. Шүлэг яруу найраг нь ч тийм. Жишээлбэл, “Торгууд нутгийн жороо морьдын тоос хүртэл угалзан хээтэй” гэж шүлгэндээ хүртэл зурж чаддаг ард түмэн. Дэлхийн судлаачид урлаг, шинжлэх ухааны нээлтийг Азиас эхтэй гэж ярьдаг. Дорнын философи бол мөн чанарын гүн ухаан юм.

-Яруу найрагчид гоё зурдаг, зураачид бичгийн авьяастай байх юм. Таны хувьд шүлэг, уран зураг хамааралтай юу?

-Яруу найраг, уран зураг мөн чанарынх. Дэлхийн урлагийн тулгын гурван чулуу нь уран зураг, хөгжим, яруу найраг байдаг. Энэ гурав мөнхийн чанарыг Дорно дахинаас олжээ. Хөгжмийн зохиолч яруу найргаа ойлгохгүйгээр бүтээл хийдэггүй. Мэдрэмж, школ хоёр өөр тусдаа зүйл юм. Өндөр мэдрэмжтэй хүмүүс урлагийнхан байдаг. Уран бүтээлчид хүний амьдралыг, дэлхийг бүхэлд нь харж чаддаг авьяастай, онгодтой хүмүүс. Мэргэжлийн сургуулиас илүүтэй төрмөл өгөгдөл гэж бий. Уран бүтээл нь гагцхүү цаг үе, нийгмээсээ хамаардаг. Шүлгийг хүчилж бичдэггүй. Хэн нэгний албадлагаар зурдаггүй. Намайг хэн ч албадаж хүч хүрэхгүй. Манай мөнгөн үеийнхэн өөрсдийгөө золиосолж ирсэн. Амь зуухын зэрэгцээ хэзээ ч өөрт хэрэг болохгүйг хийж ирсэн. Тэтгэвэртээ гарахаар Зохиолчдын эвлэл, Урчуудын эвлэлийн гишүүн болоод, судлаач болох юм. Ихэнх нь хобби маягаар гарч ирээд мэргэжлийнхнээ унагадаг сонин үзэгдэл Монголд л байна. Уг чанартаа бол бүтээл нь ярьдаг байх ёстой. Уран бүтээлийн өмнөөс, хөндлөнгөөс ярих нь илүү хэрэг. Мөнхийн бүтээл үлдээж чадаж уу гэдгийг цаг хугацаа харуулна. Эерэгээр харвал өнөөдрийн нийгэмд мэргэжлийн, төрмөл уран бүтээлчид рүүгээ дайрч давшилсан сонирхогчийн хүрээнийхэн орж ирснээр биднийг хөглөж, хурцалж байна.

-Таны бүтээлүүдээс ажиглаад байхад хорвоо дэлхийд сүнсгүй, дээд хүчгүй юм алга бололтой. Энэ  бас биднийг нүүдэлчин гэж тодотгоод байдаг сэтгэхүйтэй ч холбоотой юм шиг ээ. Уул ус бүхэн эзэн савдагтай гэдэг байх аа?

-Монголчууд эцэг, эхийнхээ дээд долоон үетэй харилцаж, мэдээллээ авч чаддаг учраас хүчирхэг байсан. Товчхондоо, төр доторх төр гэдэг шиг бүтэц нь гэр бүл байжээ. “Шинэ хүн төрөхөд үхэх газрынх нь шороо пур хийнэ” гэдэг үг бий. Энэ бол хүн эхээс төрөхөд хувь заяа кодлогддог гэсэн үг. Кодлогдсон хувь заяандаа хүн дүүрэн сууж чаддаггүй. Таван мэдэрхүйгээрээ алддаг.  Шинжлэх ухаан гэхээр манайхан магистр, докторын зэрэг хамгаалалт шиг зарчим ярьдаг. Гэтэл нүүдэлчин монголчуудын дээд ухаанаар шинжлэх ухааныг аль эрт нээгээд хүншүүлчихсэн. Харьцангуй онолыг  Эйнштейнээс ч өмнө нээчихсэн. Хүн бүхэн ижилгүй, хүлэг болгон жороогүй, Бөө бөөгийн бөөлөлт, бүжин туулайн дэгдэлт ондоо гэдэг үг байна. Нүүдэлчдийн дээд амин ухаан хүнийг араатан бус  байгальтай ойр хүн болгох, сэтгэлийн боловсрол олгох ухааныг бий болгожээ. Тэгэхээр юмсын мөн чанарыг ойлгодог байж энэ тухай ойлгоно. Ойлгоход бэрх. Цаг үе, нийгмийн өөрчлөлт үргэлжилж байгаа учраас ойлгох хугацаа нь ч ирээгүй байна.  Нөгөөтэйгүүр монголчууд сэтгэлийн боловсролгүй болжээ. Манайд гадаадын шашны урсгал, бясалгалын хэлбэрүүд ихээр орж иржээ. Монгол Улсад сүүлийн 30 жилд сэтгэлийн боловсролыг ямар нэгэн шашнаар дамжуулж авах боломжгүй болсон.

Х.ЭРДЭНЭЗАЯА

 


0
angry
1
care
0
haha
5
liked
4
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22