Газрын багц хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв


Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.12.01) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 34 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.

   Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Чуулганы 2022 оны арван нэгдүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тус төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр дуусч, хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байгаа юм. Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн Байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 44 гишүүний 37 нь 84.1 хувийн саналаар дэмжив. Иймд Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

   Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн мөн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжилсэн. Чуулганы 2022 оны арван нэгдүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тус төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр дуусав. Тухайн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн байсан тул хэлэлцүүлэг санал хураалтаар үргэлжиллээ. Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 44 гишүүний 37 нь дэмжлээ. Иймд Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

   Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлсэн. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг чуулганы 2022 оны арван нэгдүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр дөрөв хоногийн завсарлага авч, завсарлагын хугацаа өнөөдөр дууслаа. Тухайн нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүд дээрх хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Иймд санал хураалт явуулахад чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 84.1 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

   Дараа нь Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг үргэлжилсэн. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг чуулганы 2022 оны арван нэгдүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тус төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийн үеэр дөрөв хоногийн завсарлага авсан нь хугацаа өнөөдөр дууссан. Иймд ч хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн Байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 84.1 хувь нь Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.


Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцууллаа.

   Газрын төлбөрийн тухай хууль 1997 онд баталсны дагуу газрын суурь үнэ, төлбөртэй холбоотой харилцааг зохицуулж ирсэн бөгөөд бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор нийт 29 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тоо жил бүр өсөн нэмэгдэхийн хэрээр газрын төлбөр төлөгчийн бааз суурь нь өргөжиж, төр өөрийн өмчийн газраа бүртгэл, зураглалд хамруулан, түүнээс орлого олох, иргэд газрыг хамгаалах, нөхөн сэргээх, санхүүгийн үүсвэрээр хангагдах бодит боломж бүрдэж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд тэмдэглэжээ. 1998 онд улсын хэмжээнд нийтдээ 283.6 мянган газар эзэмшигч, ашиглагч бүртгэлтэй байсан бол 2021 оны эцэст 663.1 мянган газар өмчлөгч, 486099 газар эзэмшигч, 2232 газар ашиглагч бүртгэлтэй байгаа аж. Мөн улсын хэмжээнд газрын төлбөрийн орлогоос улсын төсөвт нийт 1.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байсан бол 2021 онд өссөн дүнгээр 112.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

   Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын төлбөрийн тухай хуулийг 1994 онд батлагдсан Газрын тухай хуулийн үзэл баримтлал, агуулгатай нийцүүлэн 1997 онд баталсан бөгөөд тодорхой хугацаанд зорилтоо бүрэн хангаж, газрын суурь үнэ, төлбөртэй холбоотой харилцааг зохицуулж ирсэн боловч газрын төлбөрийг зах зээлийн эрэлт нийлүүлэлт, инфляцын түвшинтэй уялдуулан тогтоох, улмаар газрын төлбөрийг эдийн засгийн хөшүүрэг болгон ашиглахтай холбоотой асуудлыг бүрэн зохицуулахад учир дутагдалтай байгаа хэмээн Б.Мөнхбаатар сайд танилцууллаа.

   Иймд Газрын төлбөрийн тухай хуулийг Татварын ерөнхий хууль, Төсвийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нийцүүлэх, Газрын ерөнхий хуулийн болон Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулан боловсруулах, хуулийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа зөрчил, дутагдлыг арилгах, зах зээлийн нийгмийн шаардлагад нийцүүлэн улам боловсронгуй болгох замаар уг хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах шаардлага үүссэн байна.


   Газрын төлбөрийн тухай хуулийн төсөлд дараах асуудлыг тусгажээ. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа газрын суурь үнэлгээтэй холбоотой харилцааг олон улсын жишгийн дагуу Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаж, Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай харилцааг дутуу тодорхойлсныг илүү өргөн хүрээнд тодорхойлсон. Газрын төлбөрийн хувь хэмжээг тодорхой хязгаарт багтаан нэмэгдүүлж, энэ хязгаар дотор багтаан хөгжлийн онцлог, хүн ам, газар ашиглалтын байдалд нийцүүлэн газрын төлбөр хэд байхыг тухайн орон нутаг өөрөө шийдвэрлэдэг байх зохицуулалтыг тусгасан. Энэ зохицуулалттай холбогдуулан Татварын ерөнхий хуульд “газрын төлбөрийг Засгийн газар тогтоодог байсан заалтыг хасаж, ИТХ тогтоодог” байхаар нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төслийг боловсруулахдаа төрийн өмчийн газрыг аливаа хэлбэрээр ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ямар нэгэн байдлаар төлбөр төлдөг байх, төлбөрийн бааз суурийг өргөтгөх замаар улсын төсөвт газрын төлбөрийн орлогоос орох орлогыг нэмэгдүүлэх зарчмыг баримталсан. Газрын болон татварын асуудал эрхэлсэн байгууллагууд хоорондын эрх, үүргийг оновчтой болгож, газрын төлбөр, татварын мэдээллийн нэгдсэн тогтолцоог байгуулах, дундын мэдээллийн сангаар дамжуулан төрийн болон бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох, газрын төлбөр, татварыг ногдуулах, төлбөр хураах, хяналт тавих, маргааныг хянан шийдвэрлэх зэрэг асуудлуудыг нарийвчлан тодорхойлсон. Хууль зөрчсөн этгээдэд ногдуулах хариуцлага, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалтыг мөн тусгасан байна. Хууль хоорондын харилцан уялдаагүй байдлыг шийдвэрлэсэн.

   Төлбөр төлөгчийн бааз суурийг өргөтгөх, төлбөр ногдуулалт, барагдуулалтыг цахим болгох, дундын мэдээллийн сангаар дамжуулан харилцан мэдээлэл солилцдог байх харилцааг зохицуулсанаар төрийн үйлчилгээ түргэн шуурхай, төлбөр төлөгчид хүндрэлгүй хялбар болж, цаг хэмнэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзсэн байна. Мөн хуулийн төсөлд газрын төлбөр тооцох үзүүлэлт, төлбөрийн хувь, хэмжээ, газрын төлбөр ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, төвлөрүүлэх, тайлагнах, хяналт тавих талаар тодорхой зохицуулалтуудыг тусгасан болохыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг харьяалах Байнгын хороо арван нэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг Г.Мөнхцэцэг гишүүн танилцуулсан.


   Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд “Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах” дэгийг хуульчилсан байдаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6-д “Гишүүн Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асуухаар бол урьдчилан мэдэгдэж дараалалд орно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, Ц.Цэрэнпунцаг, Ц.Мөнхцэцэг, Ж.Батжаргал нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авлаа. Газрын төлбөрийн тооцооллын дагуу тодруулсан гишүүдийн асуултад Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариулт өгсөн. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад иргэн, хуулийн этгээдийн хязгаарлагдмал эрх болон гэрээгээр ашиглуулах газарт төлбөр ногдуулна. Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолоор газрын төлбөрийн тооцооллыг хийдэг байна. Энэ тогтоолоор нийслэлийн газар үнэлгээний 16 бүсэд хуваагдсан байдаг бөгөөд бүс тус бүрд үнэлгээний ангилал байдаг байна. Төслөөр газрын төлбөрийн суурь үнэлгээний дээд хязгаарыг 2 дахин нэмэгдүүлж, аймаг, нийслэлийн ИТХ нь хэмжээг тогтоох эрхийг өгч байгаа гэлээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай уялдуулан орон нутгийн эрх хэмжээг тодорхой түвшинд өргөжүүлэхээр Сангийн яамтай удаан хугацааны турш зөвшилцөн, судалгаа, тооцоо хийсний үндсэн дээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан болохоо ажлын хэсэг тайлбарлав. Аймаг, нийслэлийн ИТХ-ууд бүгд газрын төлбөрийн дээд үнэлгээгээр тогтоовол 458.8 тэрбум төгрөг, бүгд доод үнэлгээгээр тогтоовол 22.2 тэрбум төгрөг, дунджаар 240.5 тэрбум төгрөгийн газрын төлбөр улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой гэдэг тооцооллыг мөн танилцуулсан. Цаашид гурван жил тутам газрын суурь үнэлгээг шинэчлэх зохицуулалт мөн төсөлд бий гэдгийг хэлсэн.


   Төрийн өмчийн газрыг хууль бусаар бусдад шилжүүлэх асуудлын талаар ямар зохицуулалт тусгасныг гишүүд тодруулахад Газрын ерөнхий хуулийн төсөлд төрийн өмчийн газрыг дур мэдэн захиран зарцуулахыг хориглох заалт оруулсан гэлээ. Ийм асуудал үүссэн тохиолдолд тухайн орон нутгийн удирдлага газрыг шууд чөлөөлүүлэх арга хэмжээ авах бөгөөд төрийн өмчийн газрыг дур мэдэн ашигласан этгээд тухайн газарт учруулсан хохирол, чөлөөлөхтэй холбоотой гарсан зардлыг бүрэн хариуцана гэлээ. Үүний зэрэгцээ Зөрчлийн тухай хуульд газрын харилцаатай холбоотой хариуцлагын санкцуудыг тусгахаар холбогдох төслийг боловсруулсан гэлээ.

   Төслийн 7.4-т “Хот, тосгон, бусад суурины газрын ногоон бүс болон тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж барьсан бол газрын төлбөрийг хоёр дахин өсгөж тооцно” гэсэн заалтын талаар С.Ганбаатар гишүүн тодруулахад Монгол Улсын нийслэл улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай холбоотойгоор энэ заалт одоо хэрэгжиж буй Газрын төлбөрийн тухай хуульд байгаа, энэ шалтгаанаар төсөлд туссан болохыг ажлын хэсэг тайлбарласан юм.

   Газрын төлбөрөөс хөнгөлөх зохицуулалтын талаар гишүүд асуулт асуусан. Хуулийн төсөлд газрын төлбөрөөс хөнгөлөх талаар холбогдох зохицуулалтууд орсныг тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчийн бүх шатны боловсролын байгууллага, асрамжийн газрын үндсэн үйл ажиллагаа явуулах зориулалттай газар, малчин өрхийн хадлангийн газар, түүх, соёлын дурсгалт барилга, байгууламжийн доорх газар, мод тарих, үржүүлэг, ойжуулалтын зориулалтаар гэрээгээр ашиглуулж байгаа газар болон нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч иргэний энэ хуулийн 6.1.2-т заасан газрын төлбөр;  Газрын ерөнхий хуулийн 47.1.2-т заасан зориулалт, хэмжээгээр төрийн өмчийн газар дээр барилга байгууламж барих эрхээр олгосон газрын төлбөрийг тус бүр 100 хувиар хөнгөлөх юм байна.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11-т “Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн 3 хүртэл, эсрэг байр суурьтай 3 хүртэл гишүүн үг хэлнэ” хэмээн заасан байдаг бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж буйгаа илэрхийлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл нар үг хэллээ.

   Ийнхүү гишүүд төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлсний дараа Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 48 гишүүний 34 нь 64.6 хувийн саналаар дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. 


   Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тодорхой асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр:  

   Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

   Улсын Их Хурлыг даргалж байгаагийн хувьд Та бүхний анхаарлыг дараах хэдэн асуудалд хандуулах зайлшгүй шаардлага байна гэж үзэж, цөөн үг хэлэхийг хүссэн юм. Улс орны байдал хүнд байна. Үнийн, валютын ханшийн өсөлт, орлогын хомсдол үргэлжилсээр байна. Энэ байдал ирэх онд ч үргэлжилж мэдэхээр байгаа.

   Ийм нөхцөлд:

   -Иргэдээ төлөөлж төрийн эрхийг барьж буй УИХ-аас, биднээс олон зүйл шалтгаална гэдгийг чин сэтгэл, зүрхээрээ мэдэрч ажиллах хэрэгтэй байна. Хуралдаан цагтаа эхэлдэг болсон. Ирц хүрээгүйгээс хойшлох, тасалдах байдал үндсэндээ зогссон. Үүний үр дүнд чамгүй олон хууль баталж байгаа. Гэвч баталсан хуулийн зарим зүйл, заалт амьдралд нийцэхгүй байна гэсэн санал, хүсэлт иргэдээс ирсээр байна. Энэ бол хуулиар зохицуулах харилцаагаа уг углуургаар нь бүрэн мэдэрч чадаагүй, гоомой дутуу хандсанаас болж байгаа нь ойлгомжтой.

   Хуулийн төслийн чанарт анхаарах хэрэгтэй байна. Хууль санаачлагчид түүхий, дутуу төслөө “Их Хурал учрыг нь олно биз” гээд, парламентын босго давуулан шиддэг байдлыг зогсооё. Эрдэмтэн судлаачид, иргэдийнхээ саналыг авахгүйгээр яаран өргөн барьдгийг эцэслэе. 80 гаруй зүйл, заалттай хуулийн төсөлд 90 шахам засвар өөрчлөлт оруулсан талаар би энэ индрээс хэлж байсныг Та бүхэн санаж байгаа байх. Муу боловсруулсан хуулийн төслийн “бөөс хуурсыг” парламентын танхимд түүж суух ёсгүй.

   Мөн хууль батлахдаа дагасан маш олон хуулийн өөрчлөлтийг УИХ-аар нэгбүрчлэн хэлэлцдэг нь маш их цаг авч байна. Саяхан Монгол Улсын 2023 оны төсвийг батлахад, дагаж 103 хууль, 6 тогтоолд өөрчлөлт орсон. Тэдгээр өөрчлөлтийг цахим технологи ашиглаж хуульдаа тусгадаг болъё.  


   -Ёс зүй, сахилга хариуцлагаа сахиж, нийгэмд үлгэр дуурайл болох хэрэгтэй байна. Хуралдааны үеэр үлгэргүй байдал гаргах, зүй зохисгүй үг хэрэглэх, бусдыгаа гутаан доромжлохоо зогсооё. Хоосон маргалдах, баталгаагүй мэдээллээр олныг төөрөгдүүлэх, эсвэл хэт мэргэн түргэн хүн болох гэж оролдох нь өөрийнхөө болон парламентын нэр хүндийг унагаж байна.

   Гишүүд хэлэх үгээ урьдаас бэлтгэж, гарцаагүй чухал, үндэслэлтэй санал хэлдэг болмоор байна. Бэлдээгүй бол дэмий зүйл ярьж, цаг үрэх хэрэггүй.

   -Хуралдаан хангалттай ирцтэй эхэлсэн ч санал хураах болоход 10 гаруйхан гишүүн байдаг нь хэвийн үзэгдэл боллоо. Саналаа хэлчихээд өрөөндөө орж, бусад ажлуудаа цэгцлэх, дотоод сүлжээгээр хуралдаанаа сонсож, хардаг, сонгогчидтойгоо болон албаны уулзалт хийх зэрэг шалтгаан гишүүдэд байдаг. Гэхдээ энэ нь арван хэдхэн хүн хууль хэлэлцэж байна гэж ард нийтэд харагддаг.

   Өнгөрсөн баасан гарагт Газрын тухай хууль хэлэлцэх үеэр яг ийм байдал гарсныг иргэн Дамбадаржаагийн Жаргалсайхан буюу “де факто” шүүмжилсэн. Энэ хуулийг хэлэлцэхээс зугтаж байгаа гишүүдийг газрын наймаатай холбоотой гэж үзэхээс өөр аргагүй гэж олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлсэн. Надад шаардлага тавьсан. Би үүнийг шударга, зөв шаардлага гэж үзэж байна.

   Тиймээс хуралдаандаа гишүүд тогтмол, биечлэн сууж оролцдог болъё.

   Сүүлийн хоёр 7 хоногт олон гишүүн гадаад, дотоодод явснаас ирц бүрдэхгүйд хүргэлээ. Улс орны гадаад бодлого, олон талт харилцаанд Монгол Улс оролцож байх нь зүйн хэрэг. Гэхдээ олон чухлаас зайлшгүй чухлыг сонгож оролцдог болъё. Улс орны байдал амаргүй байгаа энэ үед төсвийн мөнгөөр гадаад явахаас татгалзах хэрэгтэй байна. Эхний ээлжинд намрын чуулган өндөрлөх хүртэл нэн шаардлагатайгаас бусад арга хэмжээнд оролцохыг зогсоох арга хэмжээ авч болно гэж бодож байна. Ингэвэл Төсвийн хэмнэлтийн тухай хуульд ч нийцнэ.

   -Намын бүлгүүд олон, цөөнөөрөө хуваагдах биш, оюун ухаан, ойлголт зөвшилцлөөр, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах шаардлагатай байна. Олноороо түрээ барих, цөөнхөөрөө сөрөх хоёрын аль аль нь Монголын эрх ашигт нийцэхгүй.

   -Бидэнд Монголын ард түмэн төр улсын эрхийг итгэж атгуулсан гэдгийг өдөр тутам санаж ажиллая.  Энэ үг үнэмлэхүй олонх болсон манай намд илүү хамаарна. Английн гүн ухаантан, суут сэтгэгч Фрэнсис Бэконы “Намууд өөдөө гарахдаа тулгуураа олохыг бодох хэрэгтэй. Оройд гараад тэнцвэрээ олох ёстой” гэсэн үгийг зориуд эшэлж хэлье.


   Улс орныхоо өнөөдрийг бодолцож, маргаашийг харж, өөрийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт хийж ажиллацгаая. Улс орноо, ард иргэдээ бодож, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, зөвхөн улсаа, ард түмнээ бодож зүтгэе.

    Энэ парламентад УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас гадна Сайд нарын 65 хувь нь сууж байна. Тэгэхээр УИХ-аас УИХ-ын өөрийн, Засгийн газрын, цаашлаад Монгол Улсын нэр хүнд, хувь заяа хамаарч байгааг ухамсарлацгаая.


   Эцэст нь Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, философич Бүдрагчаагийн Даш-Ёндон тэртээ 1993 онд УИХ дахь Намын бүлгийн гишүүддээ хандаж хэлсэн үгэндээ дурдсан “УИХ-ын гишүүн бол бүхний дээр байгаа эрх мэдлийн бурхан тэнгэр биш ээ. Хэрэв УИХ-ын гишүүнд ихээхэн эрх мэдэл байдаг бол түүнийг зөвхөн төрийн бодлогын сонирхлын үүднээс ашиглах ёстой” гэснийг сануулья

Хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

   Ийнхүү чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулав.


   Засгийн газраас 2021 оны арван нэгдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2022 оны долдугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын хороо 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн гэв. Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн болохыг Ц.Цэрэнпунцаг гишүүн хэллээ.

   Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нар асуулт асууж, Зам, тээврийн хөгжлийн сайд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 9 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 12 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 12 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 12 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 12 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 12 цагийн өмнө
SDY Calling you... 12 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 13 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 13 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 13 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22