Гадаа хүйтэн ч улс төрийн амьдралд “гал ассан” өдрүүд


Хүйтний эрч огцом чангарч, сүү­лийн 47 жил тохиогоогүй хүйтэн Зав­хан аймгийн Тосонцэнгэл суманд боллоо. Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээс харахад зарим газар 47-51 хэм хүртэл огцом хүйтэрчээ. Цочир хүйтнийг дагасан түгжрэл, бухимдал цахим орчинд өрнөж, сургууль, цэцэрлэг нэг өдрийн хичээлээ завсарлахад хүрэв. Гадаа хүйтэн ч улс төрийн амьдралд “гал ассан” үйл явдлууд өрнөж байна. 


Өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлын нэг нь яах аргагүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын их хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ үеэр хоёр тал нийт 16 баримт бичигт гарын үсэг зуржээ. Тодруулбал, “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж” барих төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр”, Монгол Улсын “Үндэсний урлагийн их театр” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай, Ерөнхийлөгчийн нэрэмжит “Хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг БНХАУ-ын Засгийн газраас олгох бу­цалтгүй туслам­жаар хэрэгжүүлэх, Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх нэмэлт гэрээ гэх мэт их хэмжээний хөрөнгө оруулалтын асуудлыг энэ удаагийн айлчлалаар шийдвэрлэсэн байна. 

Улс тунхагласны 98 жилийн ойн өдөр Төрийн ордон хүүхдүүдийн хөлд дарагдаж өнжлөө. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн андгай өргөж байгаа 800 хүүхдэд баяр хүргээд “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй мега төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байна. Мэргэжил сонголтоо бодитоор тооцож хийх нь Та бүхэнд төдийгүй Монгол Улсын ирээдүйд нэн чухал” хэмээн захисан юм. Энэ долоо хоногт өрнөсөн өөр нэг чухал үйл явдлын нэг нь яах аргагүй Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр замын нээлт байлаа. Монгол Улсын экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард дууссан. Гэтэл бараг адилхан урттай Ханги-Мандалын 226.9 км төмөр замыг найман сарын хугацаанд барьж болдог гэдгийг монголчууд хамтдаа харлаа. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон нь Замын-Үүд-Эрээний төмөр замын боомтыг 1956 онд байгуулснаас хойш 66 жилийн дараа шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг монголчууд бид бүтээн байгуулж чадсан гэдэг агуулгаараа түүхэн ач холбогдолтой төсөл болж байна. 

Нийтдээ 120 гаруй аж ахуйн нэгж, инженер, техникийн 600 гаруй ажилтан, ажилчин, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, 3000 гаруй оюутан залуучууд, нутгийн иргэд, малчдын хүч хөдөлмөрийн үр дүнд наймхан сарын дотор баригдсан төмөр замын нээлтийн ажиллагаа Ерөнхий сайдыг омогшуулж чадсан гэхэд болно. УИХ-д Аялал жуулчлалын тухай багц хуулийн төслийг өргөн барьж, монголчууд сүүлийн 30-аад жил айсан казино, мөрийтэй тоглоом, бооцоот уралдааны тухай хуулиудыг батлах тухай мэдээлэл энэ удаа олны анхаарлыг тун их татаж байна. Урьдчилсан мэдээллээс үзэхэд 24 жилийн дараа дахин амилах гэж байгаа Казиногийн тухай хуулийг Макаогийн казиногийн дүрмээр батална гэсэн яриа Төрийн ордноос гараад байна. 

Өнгөрөгч долоо хоногт нүүрсний хулгайн асуудал олны анхаарлын төвд байлаа. Сайд нар эхнээсээ хулгайг зарлахаа илэрхийлсэн ч нүүрсний хулгайн асуудалд төдийлөн ахиц гарахгүй байгааг иргэд шүүмжилж байгаа. Тэгвэл Улсын ерөнхий прокуророос Ерөнхий сайдад хүсэлт ирүүлсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн нь бас л олны анхаарлыг татаж байна. Энэхүү хүсэлтэд хоёр улсын прокурорын байгууллага Монгол Улсаас гарч буй нүүрсний гаалийн мэдүүлэг, БНХАУ руу орсон нүүрсний гаалийн мэдүүлэг хоёрыг тулган нягтлах ажлыг хамтарч хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.

Мөн долоо хоногийн хамгийн сайн мэдээ гэвэл Хөгжлийн банктай холбоотой асуудал байлаа. Засгийн газар, хууль шүүхийнхэнтэй нийлж байж Хөгжлийн банкны зээлдэгч нараас мөнгийг нь эргүүлэн төлүүлж байгаа. Энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 760 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ мөнгөөр “Чингис” бондын өрийг бүрэн төлж дуусаж байгаа гэнэ. Баяр ёслол ойртож байгаа энэ өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагаас эхлээд Их хурлын дарга хүртэл архидан согтуурахтай тэмцэх тухай асуудлыг хөндөөд байна. 

Манай улсад жилд дунджаар 4500 хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас бардаг. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хордлогоор өдөрт нэг, сард 30, жилд 363 хүн амь насаа алдсан. Сүүлийн таван жилд архины хордлогоор 1718 хүн амь насаа алдсан харамсалтай тоо мэдээ байдаг юм байна. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 

Энэ хуульд “Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтуурсны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно” гэдэг заалт орсон талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өгсөн нь цахим орчинд бас л хэрүүлийн алим болон өнхөрч байна. 

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24528/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 9 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 11 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 12 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 12 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 12 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 12 цагийн өмнө
SDY Calling you... 12 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 12 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 13 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 13 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22