Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай ярилцлаа.
-Таны хувьд Ерөнхий сайдын арын албанаас Монгол Улсын анхны эмэгтэй Засаг дарга, 1990-ээд оны төлөөлөл болсон залуу хүн төрийн өндөр албан тушаалд томилогдлоо гэх тодотголтойгоор нийтэд танигдсан. Тэгвэл үүнээс өмнөх буюу олны танихгүй Болормаатай танилцъя?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Миний аав Ховд аймгийн Мөст сумын уугуул. Эмээ, өвөө хоёр маань одоо ч Ховд аймагтаа амьдарч байна. Дунд сургуулиа төгсөөд Монголын олон залуучуудын адилаар өөрөө хөөцөлдөж, материалаа бүрдүүлж, гаднын тэтгэлгээр АНУ-д суралцсан. Бакалавраа эдийн засаг, магистраа хөгжлийн бодлого төлөвлөлтөөр буюу яг өнөөдөр миний эрхэлж байгаа ажилтай холбоотой мэргэжлээр сурч төгссөн. Сургуулиа төгссөний дараа олон улсын байгууллагуудад багагүй хугацаанд ажилласан. Тухайлбал, анх Дэлхийн банканд сонгон шалгаруулалтаар орж байв. Тухайн үед орон орны 14 мянган хүн ажлын хүсэлт өгснөөс 14 хүн шалгарсны нэг нь болж, ажилд орж байлаа. Олон улсын байгууллагад ажиллах гараагаа ингэж эхлүүлсэн түүхтэй.
Үүнээс хойш уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлээр түлхүү ажиллаж байгаад Дэлхийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албанд орж ажилласан. Энэ хугацаанд Дэлхийн банкнаас гаргадаг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх анхны төлөвлөгөөг гаргах, 13 тэрбум ам.долларын дахин санхүүжилт босгох зэрэг томоохон ажлуудын гүйцэтгэлд оролцож байлаа. Дараа нь БНСУ-ын Сөүл хотод төвтэй НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд Ази, Номхон далайн бүс хариуцаж ажилласан. Манай улсаас УИХ-ын гишүүн, сайд асан С.Оюун энэ байгууллагад ажиллаж байгаа. Мөн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Бээжин дэх төв салбарт анхны монгол ажилтан болж ажиллаж байлаа.
Ингээд нийтдээ 16-17 жил гадаадад сурч, ажиллаж, амьдарсан байна. Манай монгол эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролд маш их анхаардаг. Үүний адилаар аав, ээж хоёр маань миний боловсролд маш их анхаарсан, түүнчлэн өөрийн хичээл зүтгэлээр гадаадад сурч, боловсрол эзэмшсэн. Манай улсын олон залуучууд тэтгэлэг авч, гадагшаа сурдаг. Эх орондоо эргэж ирээд сурч мэдсэнийхээ хэргийг гаргах юмсан гэсэн чин хүсэлтэй залуус ч олон байдаг. Олон улсын байгууллагуудад мэргэжлээрээ багагүй хугацаанд ажилласан минь бусдаас ялгарах онцлог болж Монгол Улсын Ерөнхий сайдаас ажлын санал хүлээж авах үндэслэл, боломж болсон юм болов уу.
Ерөнхий сайдын саналыг залуу хүний хувьд том боломж, хариуцлага гэж хүлээж авсан
-Өндөр хөгжилтэй оронд, сайн цалин хангамжтай ажиллаж байсан нь ойлгомжтой. Тэр бүхнээ орхиод Монгол руу ирэх шийдвэр гаргахад эргэлзэх зүйл байв уу. Ерөнхий сайдын Ажлын албанд ажиллах саналыг хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдохдоо намайг нутагтаа ирж, Ажлын албаны даргаар ажиллах саналыг тавьсан. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг байсан учраас дуртай хүлээн авсан. Ингээд ямар ч эргэлзээгүйгээр эрхэлж байсан ажлаа хүлээлгэж өгөөд Монголдоо ирж, Ерөнхий сайдын Ажлын албыг хариуцан ажилласан. Олон улсын байгууллагуудын цалин хангамж өндөрт тооцогддог. Тиймээс цалин хангамж хангалттай, амьдралын орчин тав тухтай байлгүй яах вэ. Хүний амьдралын сэтгэл ханамж, аз жаргалын индекс ба цалин орлого хоёр тодорхой түвшин хүртэл хоорондоо шууд хамааралтай байдаг. Тодорхой түвшнээс дээш орлоготой болоход урвуу хамааралтай болдог талаар судалгаа сонсож байсан юм. Өөрөөр хэлбэл, хүн хязгааргүй шуналтай биш байх нь байна шүү дээ. Амьдралын суурь баазаа хангахын тулд орлого, аз жаргал хоёр холбоотой байдаг. Түүнээс цаашаа холбоо хамаарал багасдаг гэсэн үг.
Миний хувьд өөрийнхөө хэмжээнд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн учир эх орондоо эргэн ирж, төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэх шийдвэр гарахад харьцангуй амар байсан. Сурч мэдэж, боловсорлоо, олон улсын төлөө зүтгээд сэтгэл ханамжийн хувьд гоё ажиллалаа, одоо нутаг буцъя гэсэн бодол байх үед Ерөнхий сайдаас санал ирсэн л дээ. Тэр дундаа өвөг дээдсийнхээ, аавынхаа төрж өссөн нутагт, өвөө эмээгийнхээ амьдарч байгаа газарт сурсан мэдсэнийхээ хэргийг гаргах боломж гарч, Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа маань ч их сайхан тохиол гэж хувьдаа боддог.
Анх Ерөнхий сайдын ажлын саналыг би үнэхээр талархалтай, хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Монгол төрийнхөө төлөө зүтгэнэ гэдэг маш том нэр хүндийн хэрэг. Тэр дундаа Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын алба бол маш том үүрэг, хариуцлага. Үүнийг би залуу хүний хувьд надад олгосон том боломж гэж хүлээж авсан. Тэр хэрээр бид маш хариуцлагатай ажиллах ёстой. Өөрийнхөө чаддаг мэддэг зүйлээ зориулж, монгол төр гэх том айлын нэг хэсэг болж явах нь нэр хүндийн хэрэг.
-Залуу, эмэгтэй хүн, анх удаа аймгийн Засаг дарга болох нь гэдэг мэдээллийг олон нийт олон талаас нь сонирхсон л доо. Өмнө нь аавыг тань БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилох гэж байгаад больсон. Аавынхаа томилгоонд шууд бусаар нөлөөлөх үед ямар мэдрэмж төрж байв?
-Миний аав байгаль орчны салбарт маш олон ажил хийсэн хүн. Өнөөдөр ч яамандаа ажиллаж байгаа. Мэргэжлээрээ, салбартаа хамгийн удаан ажилласан цөөн хүний нэг нь манай аав байх. ЗХУ-д ойн чиглэлээр төгсөөд, дараа нь АНУ-д байгаль орчин хамгаалах чиглэлээр магистр хамгаалсан, салбарынхаа мэргэжлийн хүн.
Төрд зүтгэхийн ач холбогдол, үнэ цэнийг надад бодитоор харуулсан хүн дээ. Охин нь гадаадад сурч ирээд Ерөнхий сайдын Ажлын албанд ажиллах болсон нь их сонин байсан байх л даа. Аав маань төрийн захиргааны албан хаагч. Гэтэл охин нь улс төрийн албан тушаалтан болоод ажиллах болсон. Тухайн үед томилгоотой холбоотой тийм зүйл болох нь болсон. Гэлээ гээд ажил, амьдралын асуудлыг ялгаж салгаж ойлгох ёстой. Аав бид хоёрын хувьд ажил, амьдралын асуудал тусдаа сэдэв учраас аавын томилгоонд миний эрхэлж байгаа ажил нөлөөлсөн эсэх талаар ярилцаагүй.
-Ерөнхий сайдын Ажлын албыг ахалж байхдаа та нам жим орчинд ажиллаж байсан байх. Гэтэл Ховдын Засаг даргаар томилогдох тухай мэдээлэл гарсан цагаас сошиал орчинд маш их шуугисан. Намжмал орчинд амьдарч байгаад нийгмийн сүлжээний сэдэв болчихсон, тухгүйтсэн үү?
-Ер нь маш их зүйлийг сурсан. Ерөнхий сайдын Ажлын албаны дарга бол арын алба. Ил гарч ирж нүүр царай болдоггүй ажил. Ерөнхий сайдын том бодлого хэр хэрэгжиж байна. Ерөнхий сайдын үйл ажиллагааны бэлтгэл ямар байна гэх зэргээр араас нь “хөөцөлдөх” замаар хэрэгжилт хангадаг ажил. Өдөр тутмын цагийг нь төлөвлөхөөс авхуулаад арын албаны бэлтгэл хангагчаар ажиллаж байлаа шүү дээ. Мөн миний хувьд Ерөнхий сайдын Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа тусгайлан Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байлаа. Энэ үед ажилдаа төвлөрөх боломж илүү байсан юм шиг.
Харин Засаг даргаар ажиллах болоход олны өмнө ил гарах шаардлагатай болсон. Тухайн үед олны өмнө ил гарч ярихаас жаахан санаа зовж эмээж байсан. Өөрийгөө илтгэх, илэрхийлэх гэдэг чухал чадвар шүү дээ. Тиймээс өөрийгөө илэрхийлэх, ярих чадвараа сул талдаа гэж үздэг учраас олон нийтийн өмнө гарахад эмээх тал байсан. Хүмүүс хэн нэгэн рүү яаж дайрч давшилж байгааг хажуугаас нь хардаг байсан бол өөрөө дунд нь ороод сэдэв болоод явчихна гэхээр эмээсэн. Сэтгүүлзүй ч, олон нийт ч эрх чөлөөт нийгэмд хүссэнээ хэлж, ярих нээлттэй. Гэхдээ эрх чөлөөг дагаж хариуцлага, бусдын эрх байдгийг бид санах ёстой. Томилгооны хувьд надад их сонирхолтой байсан. Өөрөөр хэлбэл, залуу хүн, эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар томилогдох тэр процессыг гуравдагч байр сууринаас буюу хөндлөнгийн хүний нүдээр ажигласан гэх үү дээ.
Энэ томилгооны эргэн тойронд өрнөсөн яриа, санал, шүүмжлэл бүгд анхаарал татсан. Яг л нийгэмд тулгамдсан олон асуудал энэ хүрээнд өрнөсөн. Тухайлбал, нутгийн өөрөө удирдах ёс гэж юу вэ, энэ нь манай улсын хөгжилд яаж нөлөөлөөд байгаа юм, ямар боловсон хүчин гараад аймгийнхаа хөгжлийг ямар түвшнээс хааш залуурдсан бэ. Бусад орны хүний нөөцийн бодлого үүнтэй хэрхэн уялдах вэ гэх мэт хэлэлцүүлэг өрнөсөн. Жишээлбэл, олон улсын байгууллага ч гэлээ Дэлхийн банк тухайн орны хүнийг хэзээ ч өөрийнх нь төрсөн оронд нь оффисын захирлаар томилдоггүй. Ашиг сонирхлын зөрчил байх магадлалтай гэдэг үүднээс тэр л дээ. БНХАУ гэхэд удирдах албан тушаалтнуудаа бэлтгэхийн тулд эхлээд орон нутагт томилдог. Энэ бол хүний нөөцийн бодлого. Үр дүн нь ямар байхыг харуулах нь миний ажлын нэг хэсэг гэж хардаг. Нөгөө талдаа эмэгтэйчүүдийн асуудлыг хөндсөн. Тухайлбал, ганц бие эмэгтэй гэдэг нь сэдэв болж байх жишээний. Гэтэл ганц бие эрэгтэй хүн байсан бол хэрхэн хүлээн авах байсан бол, эсвэл гэрлэсэн эмэгтэй юм уу эрэгтэй байсан бол нийгэмд ямар хэлэлцүүлэг өрнөх байсан бол гэх мэтээр би өөрийнхөө томилгооны эргэн тойронд өрнөсөн элдэв яриаг гуравдагч байр сууринаас нэлээд ажигласан л даа. Эцэст нь олон хэрэгтэй зүйлс нийгмийн хэлэлцэх сэдэв болж өрнөсөн болов уу гэж бодсон доо.
Анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болсон нь үнэхээр нэр төрийн хэрэг. Гэтэл яагаад эмэгтэй хүн аймаг, нийслэлийн Засаг даргаар ажиллаж болохгүй гэж, яагаад Монгол Улс өнөөдрийг хүртэл эмэгтэй хүнийг аймгийн Засаг даргаар томилоогүй байсан юм бэ, яагаад байж болохгүй гэж. Манай улсын төрийн үйлчилгээний албан хаагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд. Гэтэл удирдах түвшинд үнэхээр хомс. Бид 2022 онд анхны эмэгтэй, аймгийн Засаг даргынхаа талаар ярьж байна шүү дээ. Тэр нь Болормаа байна уу, хэн байх нь чухал биш. МАН-ын хувьд үгээр биш үйлдлээрээ энэ тухайд манлайлж байна гэж харж байгаа.
Засаг дарга улс төрийн гэхээсээ хөгжлийн бодлогын чиглэлийн ажил
-Өөрийн томилгооны хүрээнд өрнөсөн олон процессыг та нэлээд глобал түвшинд хүлээж авчээ. Тэгвэл тухайн үед үнэхээр санал нийлэхгүй, хариу тайлбар хийчихмээр ташаа мэдээлэл хэр их гарсан бэ?
-Тийм зүйл зөндөө байсан. Улстөрчид “Харлуулж, гүтгэж байна” гэж их ярьдаг. Гэтэл би тийм байдлыг биеэрээ мэдэрсэн. Гэхдээ тэр болгоны араас хөөцөлдөөд байх цаг зав надад үнэндээ байхгүй. Засаг даргын ажил бол цаг наргүй. Ялангуяа бид хүнд өвлийн өмнөх бэлтгэл ажлыг сайтар базаах ёстой. Бүхэл бүтэн 90 мянган хүний амь, амьдралыг дааж яваа алба шүү дээ. Ийм байтал сошиал ухаад суух зав надад байхгүй. Харин миний хувьд иргэд маань аливаа мэдээлэлд ул суурьтай ханддаг байгаасай. Мэдээллийн сүлжээ хэрэглэгчид маань илүү няхуур нямбай байгаасай гэж хүсдэг.
Аливаа мэдээлэлд учир утгагүйгээр шуурдаг, сэвдэг энэ байдал зарим тохиолдолд бидний хөгжлийг арагш татах нэг шалтгаан болоод байна уу даа гэж хардаг. Намайг Ховд аймагт анх томилогдоход Ерөнхий сайдын ажлын албанаас хаа байсан Ховдод очиж байгаа нь цаанаа нэг учиртай, өөр ямар нэг ашиг сонирхол байна гэх мэтээр хардсан л даа. Монголчууд бид өөрсдөө хот, хөдөөгийн ялгааг ингэж харах нь жаахан харамсалтай санагдсан. Миний хувьд сурсан мэдсэнийхээ дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийнхөө чиглэлээр ажиллах гоё боломж. Ахлан боловсруулсан Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэх боломж гарч ирлээ.
-Тухайн үед таны ХОМ нэлээд анхаарал татсан. Гадаадад амьдрах хугацаандаа багагүй хуримтлал үүсгэжээ гэж таны ярианаас ойлголоо?
-Би ХОМ-ээ үнэн бодитоор нь л мэдүүлсэн. Миний ХОМ-т байгаа зарим хадгаламж болон үл хөдлөх хөрөнгө ам.доллароор байдаг учраас төгрөгт хувиргахаар илүү өндөр тоо гараад байгаа юм. Байрны үнэ манайд өсөж байгаа учраас миний үл хөдлөх хөрөнгийн өртөг өндөр гараад байгаа гэсэн үг. Ер нь би Монголд ирэхдээ л ийм хөрөнгөтэй байсан. Харин ч энд ирснээс хойш сар бүрийн тогтмол орлого буурсан. Одоогоор төрийн албан хаагчийн цалингаараа амьдарч байна. Машин, газар, малгүй хэвээрээ буюу ХОМ-т өөрчлөлт ороогүй.
-АНУ-д үл хөдлөх хөрөнгөтэй болоход амаргүй байх гэж төсөөлөөд байна. Орон сууцаа хэзээ, ямар боломжоор авч байв?
-Дэлхийн банканд ажиллаж байхдаа моргейж буюу ипотекийн зээлээр орон сууц авч байсан. НҮБ болон Дэлхийн банкны ажилчдад зориулсан тусгай зээлийн хөтөлбөр гэж байдаг. Эдгээр байгууллагаас ажилтнуудаа амьдрах байраар хангахын тулд тусгай хөтөлбөр боловсруулдаг юм л даа. АНУ-д анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэнд таван хувийн урьдчилгаатай орон сууцны зээл олгодог. Үүний дагуу л байраа авсан. Ер нь монгол залуу хүний хувьд би хувьдаа тансаг хэрэглээнд дургүй талдаа хүн л дээ. Бусдын жишгээр жирийн монгол айлд өссөн, дундаж хэрэглээтэй хүн учраас гадаадад байхдаа хадгаламж сайн үүсгэсэн. Найз нөхдийн зүгээс ч хуримтлалтай болох, цаашлаад орон сууц авахыг зөвлөж байсан. Энэ зөвлөгөөг ч дагасан. Нөгөө талаас миний ХОМ-ийг харвал зээлийн түвшин өндөр байгаа. Ипотекийн зээл маань мөн л ам.доллароор учраас хөрвүүлбэл өндөр тоо гарна гэсэн үг.
Монгол руугаа ирэхдээ байраа түрээслээд үлдээсэн. Одоо түрээсийн орлогоор зээлээ төлж, амьжиргааны зардалдаа нэмэрлэдэг. Миний хувьд Дэлхийн банканд үндсэн ажилтан байсан учраас нийгмийн баталгаа өндөр байсан. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тэтгэмж сайн байсан учраас ажлаас гарахад нэгдсэн байдлаар олгодог. Энэ мөнгөөрөө Монголдоо ирээд орон сууц худалдаж авсан. Одоо Ховд руу нүүсэн учир Улаанбаатар дахь байраа түрээслүүлээд л явж байгаа. Бусдын л адил зарчмаар эдийн засгаа зохицуулаад явж байгаа л залуу хүн.
-Хэдхэн жилийн дотор АНУ-аас Улаанбаатар, Улаанбаатараас Ховд гэсэн маршрутаар ажиллаж, амьдарчээ. Шинэ орчиндоо хэр дасаж байна, ажлаа хүлээн авснаас хойш юунд анхаарав, шинэхэн Засаг даргын ажлын төлөвлөгөөг сонсъё?
-Миний хувьд хөгжиж буй болон хөгжингүй орнуудад зөндөө ажилласан. Миний хувийн сонирхол энэ л дээ. Яг тухайн газарт нь очиж, орчин нөхцөлтэй нь танилцаж ажиллах илүү дуртай. Энэ утгаараа Монголдоо, тэр дундаа орон нутагт ажиллах нь илүү сонирхолтой. Тиймээс энэ бол нэг бодлын үнэхээр мөрөөдлийн ажил. Засаг даргыг би улс төрийн ажил гэхээс илүү яг хөгжлийн бодлогын чиглэлийн ажил гэж харж байгаа. Засаг дарга бүрд өөрийн гэсэн зовлон бий. Миний хувьд санаснаас илүү их улс төржилт хөдөөд байдаг юм шиг санагдсан. Ерөөсөө шат шатанд улс төржиж байна. Сум, багт бүр илүү байх жишээтэй. Яг газар дээр нь ажиллахад энэ их улс төржилт улс орны хөгжлийг арагш татаад байна уу даа гэдэг айдас төрсөн. Үүнийг өөрчлөхийн тулд ажиллаж байна. Иргэдийн амьдралын чанарын тухайд хаягдсан зүйл их байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавихаас гадна цаашид юунд анхаарах вэ гэдгээ тайлагнаад аймгийнхаа бүх сумаар тойроод дууслаа.
Э.Болормаа: Шүүмжлэлд тааруулж өөрийгөө өөрчлөх хэрэггүй.
-Бүх сумаар тойрч ажилласан гэхээр таны цаашдын хийх ажил иргэдийн саналд тулгуурлах нь ээ?
-Ерөөсөө ямар ч ажилд иргэдийн оролцоо хамгийн чухал. Ингэж байж үр дүн зөв гарч, хэрэгжилт хангагдана. Засаг даргын хувьд би цаашид гурван зүйлд анхаарч, төвлөрч ажиллана. Нэгдүгээрт, амьдралын чанар, хоёрдугаарт, шударга ёс, гуравдугаарт, Шинэ сэргэлтийн бодлого буюу эдийн засгийн тусгаар тогтнол гэсэн гурван багц асуудалд анхаарна. Амьдралын чанарын тухайд хөдөө орон нутагт яг иргэдийн амьдралд хэрэгтэй зүйлсийг хаягдуулж иржээ. Ялангуяа төсвийн бодлогын хүрээнд. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр орон нутагт байшин барилга бариад байдаг.
Гэтэл хөдөөд халуун усны газар, тохижилт, нийтийн тээврийн үйлчилгээ, хогны асуудал тулгамдчихсан байна. Ерөөсөө иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ, хэрэгцээнд тулгуурласан бодлогоо орхигдуулсан байна. Ганцхан жишээ, өнгөрсөн жилийг хүртэл Ховд аймагт зундаа халуун ус байхгүй байсан. 100-200 сая төгрөгт багтаагаад шийдчих боломжтой асуудлыг өнгөрсөн зуныг хүртэл шийдээгүй ирсэн. Гэсэн атлаа жил бүр хэдэн тэрбумаар байшин бариад байж. Сумдаар тойрч явахад зарим Засаг дарга сургууль руугаа дагуулж ороод харуулж байна. Сургууль, цэцэрлэгийн барилгын дээврээс ус гоожоод, хүүхдүүд халаалтгүй нөхцөлд хичээллэж байхад хэдхэн алхмын зайд Нутгийн удирдлагын байр нь цоо шинэхэн байх жишээний. Хэдийгээр энэ нь тухайн сумын Засаг даргын мэдлийн хүрээнээс хальсан асуудал боловч том зургаараа бид үүнд шүүмжлэлтэй хандах ёстой.
Иргэдийнхээ хэрэгцээг нэн тэргүүнд тавиад үлдсэнийг нь ар араас нь эрэмбэлэх учиртай юм. Ерөөсөө манай төсвийн төлөвлөлтийн том соёлын асуудал. Тиймээс цаашид ийм байдлаа халах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн оролцооны соёлд ч анхаарах цаг болсон юм байна гэж хардаг. Засгийн газар нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд өөрчлөх алхмыг эхлүүлсэн гэж ойлгож байна. Тэр ч утгаараа энэ удаагийн төсвийг олон нийтээр хэлэлцүүлэх алхмыг эхлүүлсэн шүү дээ. Хоёрдугаарт, төр иргэний хоорондох итгэл суларсан хандлагыг анзаарлаа. Энэ бол нэг өдрийн биш олон жилийн турш хуримтлагдсан асуудал. Мэдээж манай монголчууд аль Хүннү гүрний үеэс эхлээд л төрт ёсыг бий болгож ирсэн, төрөө дээдэлдэг ард түмэн. Гэтэл төрд итгэх итгэл суларсан байгаа юм шиг, үүнээс үүдэлтэйгээр хардалт сэрдэлт маш их болчихож.
Миний нэн тэргүүний зорилт бол аймгийнхаа насанд хүрсэн иргэн бүрд 0.07 га газар олгох. Манай аймгийн 90 мянган хүний зөвхөн 14 хувь нь л 0.07 га газраа өмчилж авсан байна. Монголчууд бид азтай, нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт жагсдаг. Хуулиараа хүн бүр үнэгүй 0.07 га газар өмчлөх эрхтэй.
Бид 0.07 га гээд нэршээд сурчихсан ч яг хуулиараа бол аймгийн төв, сумдад арай өндөр хэмжээгээр олгох эрхтэй байдаг. Гэтэл тэр эрхийг нь төр хангаж өгөөгүй байна шүү дээ. Тиймээс би аймгийнхаа насанд хүрсэн хүн бүрд 0.07 га газрыг олгохыг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байна. Ирэх жилээс газар олголтыг ил тод, нээлттэй, шударга зарчмаар олгоно. Өмнөх мэдээллийг харахад манай аймагт жилд цөөн тооны иргэн 0.07 га газраа авчээ. Гэтэл иргэдийн нүдэн дээр дандаа дарга нар, эрх мэдэлтэй хүмүүс 20, 30, 40 га газар аваад тор татсан байхад жирийн иргэн гэр бүлийн хэрэгцээний газраа авч чадалгүй өдийг хүрсэн байх жишээтэй.
-Иргэд газар авах хүсэлт гаргахгүй байна уу, эсвэл ирүүлсэн хүсэлтийг хангахгүй байгаа хэрэг үү?
-Аймгийн төвд гэхэд 0.07 га газраа өмчилж авах 4000 шахуу хүсэлт хүлээлтийн байдалтай байна. Тэгэхээр үүнийг цогцоор шийдэх нь миний нэн тэргүүний зорилт. Ганцхан жишээ татахад, аймгийн ойн бүсэд мод үржүүлгийн зориулалтаар авсан газраа амралтын газар ажиллуулж байна. 37 иргэн, аж ахуйн нэгж мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмшдэг бол 24 нь зориулалтын бусаар ашигладгийг тогтоогоод эрхийг нь цуцалж байна. Үүнээс үүдэлтэйгээр над руу сөрөг дайралт их ирж байна. Том зургаараа бид шударга нийгмийг бий болгох ёстой. Залуучуудад итгэл хэрэгтэй байна. Би хөдөлмөрлөж чадвал улс эх орондоо амжилттай ажиллаж, амьдарч болно гэдэг итгэлийг өгмөөр байна шүү дээ. Гуравдугаарт, эдийн засгийн тусгаар тогтнол маш чухал байна. Монгол Улсын эдийн засаг тэлж байж бид өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийг даван гарах боломжтой. Тусгайлан нэг анхаарах зүйл нь хот, хөдөөгийн сэргэлт. Бид зун хөдөө явж сайхан байгальд аялж, сэтгэлээ сэргээгээд ирдэг. Гэтэл хөдөөгийн хөгжлөө бид нэлээд хаягдуулжээ. Нүүдэлчин соёл аж ахуйтай монголчууд бидний сэтгэл зүрх хөдөө байдаг болов уу. Энэ бол монгол хүний үндсэн мөн чанар. Гэтэл бидний үзүүлдэг төрийн үйлчилгээ нүүдэлчин соёлдоо биш суурьшмал соёлд зориулсан байна.
Монголчууд суурьшмал соёлд шилжээд ердөө 200 хүрэхгүй жил болж байна шүү дээ. Тиймээс бид төрийн үйлчилгээ үзүүлдэг аргаа өөрчилж яагаад болохгүй гэж. Өөрөөр хэлбэл, иргэддээ яавал илүү хүрч ажиллах вэ гэдгээ бодох хэрэгтэй байгаа юм. Жишээ нь өнөөдөр сум бүрд улсын бүртгэлийн байцаагч байдаг. Тэр хүн өдөрт магадгүй нэг л хүнд үйлчилдэг. Ийм байхад төрийг төлөөлсөн нэг хүн тэнд өдөржин суухын оронд явуулын үйлчилгээ үзүүлдэг байвал ямар вэ. Энэ бодлогын хүрээнд бид ирэх жилээс эрүүл мэндийн үйлчилгээг явуулын байдлаар хүргэж ажиллахаар судалж байна. Ингэхдээ жилд хоёр удаа бүх сумаар тойрч, эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх юм. Энэ тухайд ганц жишээ татахад суманд шүдний эмч бараг алга. Ингээд бүхэлдээ хөдөөд амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээ орхигдсон. Иргэдээ ирж үзүүлэхийг нь хүлээгээд аймгийн төвд сууж байхын оронд очиж үйлчилье. Монгол нүүдэлчин соёл ахуйдаа таарсан төрийн үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй. Хөдөө орон нутагт тулгардаг нэг том асуудал нь зургаан настай хүүхдээ сургуульд сургахын тулд залуу гэр бүл тусдаа амьдарч байна. Ээж нь хүүхдээ дагаад сумын төвд, аав нь малаа малладаг. Үүнээс болоод гэр бүл салахаас эхлээд олон сөрөг үр дагавар гардаг. Нэг хүүхдийг сургуульд сургахын тулд нэг гэр бүлийг бараг хүчээр шахуу салгаад байна шүү дээ. Гэтэл энэ нь эргээд нийгмийн олон асуудал дагуулдаг. Тиймээс бага ангийн боловсролыг яагаад гэрээр өгч болохгүй гэж. Хүүхдийг боловсрол эзэмшүүлэх нь чухал. Гэхдээ тэр хүүхэд эцэг, эхтэй бүтэн гэр бүлд өсөх нь илүү чухал. Үүний тулд боловсролыг багийн, өрхийн түвшинд олгох боломж, жишиг дэлхийд байна.
-Та орон нутагт тулгамдсан асуудлуудыг илүү детальчлан олж харжээ. Тэгвэл өргөн утгаараа хот, хөдөөгийн тэнцвэр хэр алсарсан байна вэ?
-Анх Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулж байхдаа бид нэлээд ярьж байсан. Хот, хөдөөгийн хөгжил үнэхээр алсарчихсан. Хүмүүсийн төрөөс хүлээн авч байгаа аливаа үйлчилгээнээс эхлээд бизнес, худалдаа, аж ахуй. Үүнийг дагаад хотын соёл гэдэг ойлголт ч бий. Гэхдээ хүмүүсийн аливааг хүлээж авах чадвар өөр биш. Хөдөө орон нутагт байгаа иргэд маань нүүдэлчин соёл, аж ахуй, өвийг тээж байгаа хүмүүс. Монгол Улсын хүн амын тал нь нийт газар нутгийнхаа 0.3 хувьд нь амьдарч байна. Нэг хувь хүрэхгүй газар нутагт хүн амын маань тал нь амьдраад байдаг. Энэ нь манай улсад маш том асуудал болчихоод байгаа юм. Тийм ч учраас Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хотоос хөдөөг чиглэх урсгалыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Үүний тулд хөдөөд амьдралын чанарыг сайжруулах ёстой. Аймаг, орон нутагт хотынхны өмнө маш том асуудал болчихсон түгжрэл гэдэг зүйл алга. Заавал хотод түгжирч амьдрах шаардлага байна уу. Орон нутагт нийгмийн үйлчилгээ хотын зарим дүүргээс илүү байхыг ч үгүйсгэхгүй. Манай Ховд аймагт гэхэд бүсийн оношилгоо эмчилгээний төв байна. Аймгийн төвд ерөнхий боловсролын долоон сургууль байна. Аравхан минут яваад сайхан агаарт гарчихаж байна. Амьдралын чанар хөдөөд байгааг олж харах хэрэгтэй.
М.ӨНӨРЖАРГАЛ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24528/