ЗАЛУУ НАС ЗУНЫ ШӨНӨ ШИГ БОГИНОХОН ...


                                                                                    (таталбар)

Намайг Дорноговь аймгийн Ардын Депутатутуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Санхүүгийн хэлтэст байцаагчаар ажиллаж байхад нэг өдөр Аймгийн дарга Баярхүүгийн Мижид дуудуулав. Миний дээр хэлтэс, тасгийн дарга нар байсаар байтал тэр том хүн намайг дууддаг нь яавч сайны ёр биш. “За баларчээ. Охинд нь зориулж шүлэг бичсэнийг минь мэдчихэж” гэж санагдах сацуу нөгөө гайтай шүлгийн мөр, бадгууд ар араасаа сэтгэлд орж ирэв. Хонгорзул адис хүртмээр дурлалын бурхан Хоолой дээр зангирсан үг ч үгүй ая ч үгүй янагийн дуу Үзэлгүй яваад үхэх минь яалаа гэж Үйлээ барж үсээ зулгаамаар гоо үзэсгэлэн Алдхан биеэрээ зулын гол ороолгож Амьдаараа шатаалгаж үнэнчээ үзүүлмээр Хажууд нь суугаад гурав хоног дуулмаар Хараад л согтдог усгүй хар архи

Аймгийн даргын эрх нялх охинд ийнхүү эрээ цээргүй налиг шалиг шүлэг бичсэн албан татварын өчүүхэн байцаагч би вээр Хонгорзулд зориулан шүлэг бичсэн болохоос биш ямар тархи толгойг нь эргүүлж сэтгэл санааг нь сандаахаар захидал бичсэн биш гэсэн шүү юм бодож, өөрийгөө бага зэрэг тайвшруулан даргын конторт доор бөхийн орвол Мижид дарга надад нэг бичиг өгөх зуураа:

-Үүнийг уншаад хариугаа хэл дээ гэх нь тэр. Мөнөөх бичгийг авч харвал “Үнэн” сонины толгойтой бланк нүдэнд гялсхийн үзэгдэв.

 “Зохиолч Б.Догмидыг 1989 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Төрийн төв хэвлэл “Үнэн” сонины газар сэтгүүлчээр ажиллуулах болсон тул холбогдох тооцоог хийж, яаралтай шилжүүлэхийг мэдэгдье” гэсэн утгатай, “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Л. Түдэв гуайн гарын үсэг, тамга бүхий албан тоот байлаа.

Дарга надад хандан албархуу дуугаар:

-За, залуу минь чамд тэгээд хот руу шилжих сонирхол байна уу? гэж асуулаа. Би байна ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй, эг магхийн шилээ маажиж:

-Уг нь би хотод суурьшвал миний зохиол бүтээл, ирээдүйд өсч өндийхөд маань хэрэгтэй юм болов уу гэж боддог учраас татгалзах зүйл алга аа гэвэл Мижид дарга нарийн бичгийн даргаа дуудан хоёр аяга цай авчруулаад:


-Манай ихэнх том зохиолчид Дашдооров, Түдэв, Сүрьеэ гуай нар чинь цөм л хөдөө сууцгааж, зохиол бүтээлээ туурвин, тэр л эгэл бор амьдралын дундаас шүр сувд мэт үгсээ шүүрдсэн зохиолчид шүү дээ. Хөдөө нутаг, санхүүгийн ажил хоёр чиний шүлэг зохиолд саад болоогүй байх гэж бодож байна. Танай Санхүүгийн сургуулиас чинь Ц.Гайтав, Б. Явуухулан, Д. Гармаа гээд олон том зохиолчид гарсныг би мэднэ. Харин тоотой ноцолдсон хүний толгойны эргээ эрт гардаг юм биш үү?

-Би нутагтаа одоохондоо сайхан л амьдарч байна. Гэвч ахуй нөлөөлөөд өөдтэй юм хийж чадахгүй байна.

-Энэ чинь юу гэсэн үг вэ?

-Сэтгэл хөглөгдөхгүй, уран бүтээлийн хувьд ганцаардаад байна. Наад зах нь би сургууль төгсч ирээд нутагтаа арваад жил ажиллахдаа аймгийн театрт ганц жүжиг тоглуулж, ганц дуу дуулуулж, ганц томоохон ном улсын төлөвлөгөөнд оруулж төвд хэвлүүлж чадсангүй. Шуудхан хэлэхэд энэ олон үзэл суртал эрхэлсэн дарга нар чинь намайг ойлгохгүй дэмжихгүй, дараад байна гэж хэлээд тавьчихав. Дарга бяцхан урам нь хугарсан янзтай над руу харснаа:

-Чамайг ойлголоо, сонслоо. Тэгвэл тэр ойлгодог дэмждэг нөхөд, Зохиолчдын хороо руугаа оч доо гэснээр бид хоёрыг яриа дуусч, гар барин салав.

  Хотод нүүж ирээд хадмынхаа хашаанд бууж, ойр зуурын гэр орны тавилга, ачаа бараагаа зөөж янзалж байтал, хамар хашааны айлын утсаар Лхагваа намайг дуудуулан ярьж байна. “Үдээс хойш чамайг Ц.Мөнхбаатар /Үнэн сонины орлогч эрхлэгч/ хүрээд ир гэж байна” гэв. Би уулгамч чавганц шиг нүүр гараа хагас дутуу угаасан болоод хувцсаа ч сольж амжилгүй Яармагаас автобусаар сүнгэнүүлэн “Үнэн” сонин дээр гүйж очвол Лхагва намайг усны амьтных шиг том нүдээрээ сонжин харж:

-Чи чинь одоо яаж байгаа юм бэ? Дарга нар уулзана гэсээр байтал ядахдаа хувцсаа ч солчихгүй, түрийтэй гутал, савхин цамц өмсч, зангиа ч үгүй ирдэг нь юу вэ? Чи ганц Мөнхбаатартай уулзах биш бүр “Үнэн” сонины коллегиор орох юм байна шүү дээ. Ядахдаа энэ мөрөө давсан их үсээ ч засуулчихгүй яав даа гэж гаслахаас наахнуур зэмлэлээ.

-Тэгвэл чиний костюм, пиджакийг өмсөөд, зангиаг чинь зүүгээд орчихвол яасан юм бэ?

-За Догмид минь тэгж хотны захад босгосон мануухай шиг юм болж амьтан хүний доог болоод яахав. Миний 58 размерын пиджак чамд дах болно. Барамсайн хувцас өөрт чинь цээжээрээ багтахгүй баривч болно.


-Тэгвэл хоёулаа Их дэлгүүрт очоод шинэ костюм аваад өмсчихвөл яасан юм бэ? Надад мөнгө байна 
гэвэл:

-Коллеги яг хоёр цагаас хуралддаг юм. Одоо хорьхон минут дутуу байна. Чиний наад түрийг нь гармуушигласан тэрэгний морь шиг төмөр тахтай хромон гутал, усан цэргийн морек, далайн дээрэмчнийх шиг хадаас кноп болсон савхин цамцнаас чинь хүмүүс бараг айх байлгүй. Нэгэнтээ ийм хувцастай ирсэн юм чинь яадаг юм, нэг чинжаал хутга олоод зүүчихгүй дээ гээд хэдэн шар шүдээ гарган инээснээ:

-Лочингийн шаахай ч чамд багадна даа. Тэр чинь доголон хөлийнхөө өсгийг бага зэрэг өндөрлөж тах тавиулдаг болохоор өмсөхөд эвгүй байх шүү гэж бүүр сүүлдээ тоглоом тохуу хийн нохойтов.

 -Балдорж чамд ботинкоо өгөхгүй дээ. Тэр чинь хүнд гутлаа өгөх нь байтугай бараг эхнэртэйгээ аягаа сольж цай уудаггүй, цэвэр цэмцгэр эр гэж Лхагвааг марзганаж суутал коллегийн хуралд орох болов.

  Түдэв эрхлэгчийн том өрөөнд коллегийн гишүүд арван дөрөв, таван хүн хүлээн авалтын урт ширээнд сууцгаажээ. Хэргийн учир юу хэмээвээс урьд нь би Лхагваад нэг бус удаа “Чи намайг хот руу дэргэдээ татаж авахгүй бол би энэ хөдөө архи уусаар яваад зохиол байтугай захиа ч бичиж чадахгүй болтлоо зэвэрч гүйцлээ. Чи тэр найз Мөнхбаатар, Түдэв дарга хоёртоо хэлээд миний бичсэн юмнуудаас ганц нэгийг үзүүлээч. Би бол тэр “Үнэн” сонины дагавар сонин “Шинэ хөдөө”-д яг таарах сурвалжлагч болж чадна. Чиний нүүрийг улайлгахгүй байх шүү гэж гуйсны буянаар ийнхүү коллегийн хуралд орох болтлоо "дэвшсэн" билээ. Түдэв дарга ном сонин, бичиг цаасанд хотойтлоо дарагдан, хэвтэж байгаа ачаатай хөгшин тэмээ шиг болсон урт ширээнийхээ араас аажуухан босч:

-Би өнөөдрийн хурлын эхэн дээр холоос, говиос ирсэн Догмид хэмээх энэ зохиолч залууг та бүхэнд товч танилцуулах гэсэн юм. Энэхүү Догмид бол олон жил орон нутагтаа Санхүүгийн алба хашсан бөгөөд, Монголын их утга зохиолын маргаашийн ачааны хүндийг үүрэлцэх авъяастай цөөхөн залуусын нэг гэж би үнэлдэг юм. Догмид малчны гэрт төрж, малын дэргэд өсч өндийсөн эгэл боргил амьдралыг биеэрээ туулсан хүн учраас “Шинэ хөдөө” сонинд маань хөдөөгийн малчид, тариаланчдын эрх ашиг нийгмийн асуудалд нийцсэн шилдэг сайн нийтлэл бичиж өргөн олон түмэнд маань бага ч гэсэн тус нэмэр болно гэж найдаж буй учраас би энэ хүнийг сониндоо ажиллуулахаар хөдөөнөөс татан авчирч байгаа юм. Иймд та бүхэн Догмидоос асууж тодруулах юм байвал асуутугай гэв.

Цагаан цамц, эрээн зангиа алаглуулсан, юм үзэж нүд тайлсан, ном сонинд харц нь нялхарсан тэдгээр том сурвалжлагч, сэхээтнүүдийн дотор миний зүс таних “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгч Минжхайн Гүрсэд, зохиолч Бажуудайн Ганбат, "Үнэн" сонины Мөнхбаатар тэргүүтэй хоёр гурван хүн байсан бөгөөд урьд өмнө нь ийм хувцас хунар, дүр төрхтэй хүн коллегийн хуралд орж ирэх нь байтугай “Үнэн” сонины коридорт явж байхыг ч үзээгүй тэр хүмүүс эвэртэй туулай үзсэн мэт нойр нь сэргэжээ. Гэтэл нэг хүн салхи хагалж:


-За Догмид гуай, төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил юусан билээ? 
гэж асуулаа. -Санхүүгийн техникумын Хөдөө аж ахуйн нэгдлийн нягтлан бодогчийн анги дүүргэсэн. 

-Өөр сургууль курс байна уу? 

-Эдийн засгийн дээд сургуулийн 3 дугаар курсийг дуустал суусан.

 -Яагаад сургуулиа дүүргээгүй юм бэ?

-Эрүүл мэндийн шалтгаанаар... 

-Ямар өвчний учир?

-Зүрх муудсан... 

-Зүрхний өвчтэй учраас сургуульд сууж болохгүй гэсэн эмч нарын зөвлөгөөний шийдвэр танд байгаа юу?

-Байхгүй. 

-Миний сонссоноор таныг хичээлдээ суухгүй гадуур тэнэж, архи уусаар байгаад сургуулиа хаяад явсан тухай сураг дуулсан байх юм. 

-Одоо зүрх чинь зүгээр үү? -Зүгээр.

 -Та уг нь ингэж сонинд орох гэж зүтгэхийнхээ оронд Эдийн засгийн сургуульдаа эргэж ороод төгсвөл дээр биш үү? 

Гэтэл Түдэв дарга ам нээж: -Та нар хувийн жижиг асуудлаар битгий цаг нөгцөөгөөд байгаарай. Догмид хаана ч байдаг дэмий нэг эдийн засагч болсноос зохиолч, сэтгүүлч болсон нь улс нийгэмд хэрэгтэй гэдгийг би мэднэ. Догмидыг ажилд авах уу, үгүй юү гэж та нарын саналыг асуух гэсэн юм биш. Зүгээр л зарчмын хувьд танилцуулж байгаа гэдгийг та бүхэн анхаараарай. Энэ залуу бол зүгээр нэг тохиолдлын хүн ороод ирсэн юм биш шүү гэхэд,

 
-Догмидыг сэтгүүлч болохыг эсэргүүцсэн хүн бидэн дунд алга. Хамгийн гол нь гадаад дотоодын их дээд сургууль, Ломоносов, Горький төгсчихсөн өндөр боловсролтой олон сэтгүүлч, зохиолчид ажилтай ажилгүй гудамжинд явж байхад Төв Хороо, СнЗ-ийн хавсарсан хот суурин газарт шилжих суурьших тухай тогтоолын заалтыг зөрчин хөдөөний нэг сампингийн нягтлан бодогчийг төвд татан авчрах хэрэг байсан юм уу?
 гэхэд сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга шүүмжлэгч, судлаач Бажуудайн Ганбат:

 -Манай сонины нэг дутагдал бол хөдөөний малчдын амьдрал, санаа бодол, дотоод ертөнцийг нь мэдлэгээр түрж ухаж төнхөж бичдэг мэргэжсэн сэтгүүлч цөөхөн байна. Хий хоосон гоёчилж, хуурай магтаал бичиж, сургаал айлддаг тэр үеэсээ бид татгалзах цаг болсон. Ний нуугүй хэлэхэд манай “Шинэ хөдөө” сонинд Догмид шиг хүн нэг биш, хэд хэд хэрэгтэй байна гэлээ. Гэтэл нэг дарганцар:

-Тэгээд ч наад хүн чинь намын гишүүн бус юм байна шүү дээ. Гадна байдал, өмссөн зүүсэн, энэ үс гэзэг, зүс царайг нь харсан ч ямархан ёс суртахуунтай этгээд вэ гэдэг нь нэвт шувт харагдаж байна. Олон жилийн тэртээгээс архины хамааралтай болсон учраас Горькийн сургуульд явах өргөдөл нэг бус удаа өгөөд Төв хороо зөвшөөрөөгүй хэд хэдэн удаа ухарсан нэгэн түүх байдгийг энэ өдөр хэлэх нь зөв байх. Ийм хүн Төрийн төв хэвлэл “Үнэн” сонины дээвэр дор толгой хоргодох гэж үү? гэхэд сонины орлогч эрхлэгч Ц.Мөнхбаатар:

 -Та бүхэн дотор Догмидын бичсэн асуудал дэвшүүлсэн өгүүлэл, уран сайхны нийтлэл, хөрөг, ярилцлага сурвалжлага, эссэ, таталбарыг уншсан хүн цөөхөн байх шиг байна. Хэрвээ энэ бүхнийг уншсан бол та бүхэн саяны хэлсэн үгнүүдээ буцааж авах байсан гэдэгт би итгэж байна. “Шинэ хөдөө” сонины эрхлэгчийн хувьд би Догмидыг дэмжиж байна. Одоо хүнийг хувцсаар нь, номыг хавтсаар нь үнэлдэг цаг өнгөрсөн шүү гэхэд нь миний бие анх удаа коллегийн гишүүдэд хандан:

-Намайг хүлээн авч зөвлөгөө өгч, дэмжсэн та бүхэнд баярлалаа. Би өнөөдөр галт тэрэгнээс гэр бараа ачаа тээшээ буулгах гэсээр байгаад хувцсаа сольж амжилгүй цагт хавчигдан яарч сандарч явсаар ийнхүү хуралд орж ирснийг минь уучлаарай гэв. Түдэв дарга нийтэд хандан тусгай ажил гарсан тул хурал завсарласныг зарлаад сонины тэргүүлэгчдийг гарсны дараа, намайг авч үлдээд:

-Олны дунд биеэ авч явах соёл дутагдсанаас зөв боловсон хувцаслаагүйгээс ямар алдаа гарч, амьдралын амин чухал асуудал хүртэл буруу тийшээ эргэж болдог тухай товч анхааруулаад:

-Төрийн төв хэвлэл “Үнэн” сонины газар хамт олон гэдэг бол том институт. Энд Монголын сор болсон шилдэг сэтгүүлчид улс ардын аж ахуйн салбар тус бүрийн мэргэжилтнүүд өндөр боловсролтой эрдэмтэн мэргэд ажилладаг газар. Бүгд намын гишүүд, коммунистууд гэж хэлж болно. Чи энэ хүмүүсээс богино хугацаанд ихийг суралцах ёстой. Эд нар чамайг байтугай намайг “редакторлах” гэж оролддог улс. Хамгийн гол нь энэ хүмүүсийн дотор чи бид хоёр шиг зохиолч хүмүүс цөөхөн байдаг учраас сэтгэлгээний хувьд зөрүүтэй, хотжсон зүйл, зан үйл олон байдаг юм. Бяцхан хошигнож хэлэхэд усанд орохдоо намынхаа батлахыг биенээсээ салгадаггүй, унтахдаа зангиагаа тайлах дургүй, хэт үзэл сурталжсан “товарищ”-ууд цөөнгүй бий. Энэ гадаа коридорт хар, улаан хоёр самбар байгаа. Сайн дүн авсан “хадаас” материалыг улаан самбар дээр, мууг нь хар самбар дээр тавина. 

Хар самбар дээр олон гарсан сэтгүүлчийн ирээдүй маш бүрхэг болно. Иймд чи улаан самбар дээр гарахын төлөө энэ “аварга”-уудтай өрсөлдөх ёстой. Нас чинь харьцангуй залуу байна. Одоо л өөрийгөө шавхаж юм чаддаг, чаддаггүй хоёроо энэ цөөхөн ард түмэндээ үзүүлэх хэрэгтэй. Хоногт 4 цаг унтахад л хангалттай шүү дээ. Зохиолч сэтгүүлч хүн жирийн хүмүүстэй адилхан 8 цаг унтаад байх юм бол юу ч бүтээж чадахгүй үхнэ гэж мэдээрэй. 

Долоо хоногт хоёроос гурван удаа хэвлэх үйлдвэр дээр очиж “Үнэн” сонины сигналыг уншина. Үг үсэг, утга агуулга, хэл найруулгын алдаа гаргах аваас “Сэлэм гялс. Толгой бөндгөс” болно гэдгийг мартав. “Архи уумаар санагдвал эрүүл байхдаа Далан давхарт очиж өөрийнхөө гараар нүхээ ухчихаад дотор нь авсандаа орж хэвтсэн хойноо хатуухан архиа ахиухан уугаарай. Тэгээд нэг их удалгүй согтох, үхэх хоёр чинь зэрэгцээд зовж зүдрэлгүй нүд аних болно. Гэхдээ би чамайг архи уучихна байх гэж санаа ер зовохгүй байна. Чамайг уруу татах “өгөр” юмнууд хол ойр, хот хөдөөгүй зөндөө бий. Та нар шиг амьтад бол Ж. Лхагватай барьцах хэрэггүй. Ёстой нөгөө галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэдэг шиг юм болно. Лхагваа бол хийдгээ хийсэн шиг хийж, уусан шиг уудаг хүн. Тэр бол архи хийсэн сав шиг хэзээ ч согтдоггүй хүн гэдгийг би мэднэ. Зүгээр л сэтгэлээ хөглөж алиа марзан юм ярьж өөрийгөө зугаацуулахын тулд хатуу дарс таалдаг бараг архины гарз болох гайхал. Сонины сигналыг маш сайн, хичээнгүй унших ёстой юм шүү. Нэг гунигтай жишээ чамд хэлэхэд “Фашизмыг ялсны ... жилийн ой гэхийг фашизмын ялсны” гэж уншаад нэг насаараа амьдрал нь сүйрсэн хүн байдаг юм. Чамайг найдвартай сайн ажиллах юм бол ганц хоёр жилийн дараа толгой хоргодох байр, орон сууцны талаар ч ярьж болох юм шүү гэж хэлээд амжилт хүсч, гарыг минь чанга атгаад гаргаж билээ.

Манай “Шинэ хөдөө” сонины редакцид “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Дэлтэй шувуу” зэрэг хүн бүхний мэдэх олон дууны шүлгийг зохиосон нэрт яруу найрагч Жанчивын Шагдар, “Хар нүдэн” роман, “Гийнгоо” киноны зохиолч Самбуугийн Надмид, орчуулагч Шархүүгийн Батмөнх тэргүүтэй хүнээс хүзүү дутахааргүй Оросоо /Хожим гавъяат зоотехникч билүү малын эмч болсон/ Зөвлөлтөд хэвлэлийн сургууль төгссөн Батсуурь нарын хэдэн сэтгүүлчтэй товхийсэн хамт олон намайг их л баяр хөөртэй угтан авч арай тэмдэглэж архи, дарс болсонгүй.

 Сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Надмид маань бичих, сэтгэхдээ хурдтай мань мэтийг хөлдөө чирэх янзтай. Шагдар ах болохоороо хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдасанд багтаасан Мишигийн Цэдэндоржийн “Морин хуур” шүлгийг санагдуулам мэдэхгүй чадахгүй юм байхгүй, хоньчин баатар Очир гуайтай гурван сар хамт хонь хариулан байж, малчид хийгээд мал зүйчдийн гарын авлага болсон гайхамшигтай баримтат уран сайхны тууж бичиж, ХАА-н яамны сайд дарга нарын зөвлөх хийгээд амьд шүтээн болсон хүмүүн байлаа. Би одоо юу бичих ёстой вэ гэж Надмид гуайгаас асуувал “Малын дэргэд өссөн малчны хүүхэд байж надаас юугаа асуугаад байгаа юм бэ. Хүнд хэрэг болохуйц санаа сэдэв дэвшүүлсэн мал ахуйтай холбоотой мэддэг чаддаг бүхнээ чөлөөтэй бич” гэх нь тэр. “Нохойгүй малчны нойр хүрдэггүй”, “Гар барихын гай, алга ташихын алдас”, “Сүвэгч нь сэтэрсэн зүүг галд хийдэггүй”, “Хонь туулсан усыг чоно долоодог нь худлаа”, “Уургын морь хөөрхий”, “Гал зүүдлэн зүүрмэглэх ган тамга мину”, зарим нэг залуу уяачдад хандаж “Адуу танихгүй байж амьтан бүү тамла” зэрэг асуудал дэвшүүлсэн хэд хэдэн өгүүлэл, нийтлэл, эссэ, сурвалжлага бичсэн маань сонинд шил шилээ даран хэвлэгдэв.

  -Сонин гэдэг чинь хурдан, сайн бичих тусам л өөр илүү сайныг өөдөөс өдөр шөнөгүй нэхэж байдаг шуналтай амаа ангайсан мангас гэсэн үг. Тийм учраас чи нэг их олон юм бичих гэж тооны хойноос хөөцөлдсөний хэрэггүй. Долоо хоногт нэг хоёр чанартай хадаас материал бичиж бай. Аливаа нэг сэдэв гэдэг чинь магазинтай сум шиг ар араасаа үсэрч гараад байдаг эд биш. Саяхан хөдөөнөөс ирсэн болохоор одоохондоо чамд бичих юм элбэг байх шиг бололтой. Өөрийгөө гамнаж, ухаан зарж байхгүй бол чи нэг жилийн дараа гэхэд л хамаг юмаа шавхаад сонинд нийтлэл бичих нь байтугай хүүхнүүдэд ч захидал бичиж чадахгүй болно гэж Лхагваа маань нэг өдөр надад сэтгүүлчийн зовлонг тоочив. Энэ хооронд хот хөдөө, хол ойроос надад “Цаасан малгай” өмсгөсөн захидал бичиг, захиалга, зөвлөгөө намайг дарж тэр бүгдэд хариу бичих цаг үрсэн цаас гарзадсан илүү ажил нэмэгдэв.

  Гучин долоо найман онд бариа тавианы үеэр Батлан хамгаалах яамны хэлтсийн дарга Зөвлөлтөд цэргийн сургууль төгссөн “барон” Дэшзэвэг гэж эрдэм номтой царайлаг сайхан залууг хилсээр хэлмэгдүүлэн шоронд хийж, эхнэрийг нь хүчээр богтлон авч суусан Дотоодыг хамгаалахын офицер Сэржготов гэдэг хүний бодит түүхээр “Эрлэгийн элч” гэдэг баримтат уран сайхны өгүүллэг бичиж, нэртэй устай нь сонинд хэвлүүлчихээд сууж байсан чинь нэг өдөр догшин ширүүн харцтай өндөр янхигар биетэй хар өвгөн хүрч ирээд:
-Чи яахаараа миний тухай худал хуурмаг зохиол бичээд сонинд хэвлүүлчихдэг байна вэ? Би чам шиг юмыг байтугай чамаас цаадхыг нь номхотгож явсан гэх бардам түрэмгий ярианых нь өнгөнд “алж ялж, ард нь гарч явлаа” гэсэн үг тод сонсогдож байлаа.

-Би таныг танихгүй, та намайг мэдэхгүй. Та яахаараа миний энэ өгүүллэгийг өөрийнхөө тухай зохиол гэж ойлгох болов?


-Энэ зохиол дээр чинь миний нэр Сэржготов гээд бэлээхэн байж байна шүү дээ.

-Монголд Сэржготов гэсэн нэртэй хэдэн зуу, мянган хүн байгаа. Гэтэл тэр хүмүүсээс нэг нь ч тань шиг заргалдан над дээр ирсэнгүй. Та үнэхээр ингэж хүн хэлмэгдүүлж, эхнэрийг нь булааж авсан юм уу? гэвэл өнөөх өвгөн дуугаа өндөрсгөн ширээ шааж, миний асуултанд хариулахын оронд:

-Энэ түүхийг чи яаж мэддэг юм бэ? Хаанаас, хэнээс сонсов? гэж намайг байцаав.

-Та ийм үзэшгүй муухай нүгэл хийсэн хүн мөртлөө өнөөдрийн өдрийг хүртэл ертөнцийн шороо хөдөлгөж яваа чинь харин сонин байна. Сэтгүүлч, сурвалжлагч хүн сурвалжлага, нийтлэлийнхээ эх сурвалжийг нууцлах эрхтэй. Энэ бүхэн хуулиар хамгаалагдсан байдаг юм. Би танд юу ч хэлэхгүй.


-Чамайг хэлдэг, хэлүүлдэг газар нь барьж аваачаад байцаахад чи муу өчгөө өгч л таарна.

-Би таны хэлмэгдүүлж Шар хаданд буудуулсан “барон” Дашзэвэг гэдэг хүний Дандар баатар, комиссар Пэлжээ хоёртой авхуулсан зургийг олж үзсээн. Нүд дүүрэн сайхан залуу байсан байна лэй.

 -Би тэр ясны үртэс ч үгүй болсон Дашзэвэгийн нэрийг ч сонсохоосоо дургүй минь хүрч байна.

  -Миний энэ зохиолоор уран сайхны кино хийх санал “Монголкино” үйлдвэрийн хэсэг уран бүтээлчдээс ирсэн. Удахгүй кино болж дэлгэцэнд гарах байхаа. Харин та эдүгээ амьд сэрүүн байгаа болохоороо тэр киноны уран бүтээлчдэд юу болсныг үнэн мөнөөр нь ярьж өгвөл таны нүгэл бага ч гэсэн нимгэрэх байх шүү гэвэл Сэржготов хэмээх өнөөх өвгөн хагартлаа уурлаж:

-Би тэр хуурамч, худалч гүтгэлгийн киног чинь амьд байсан цагтаа гаргуулахгүй таслан зогсоох болно. Тэр байтугай та нарыг бүгдийг баривчлуулж ясыг чинь цайтал гянданд суулгана гэж хашгиртал гаднаас Надмид гуай орж ирээд өвгөнтэй мэндэлбэл Сэржготов гуай мэнд усны ч зөрүүгүй:

-Чи Надмид мөн үү? гэснээ:-Энд ямар элэнцгээ хийж яваа юм бэ? гэж зандрав. -Би энд, энэ сонинд ажилладаг юм.-Тэгвэл танай сонин дээр миний тухай гашуудлын мэдээнээс ч долоон дор хар материал гарсан байна. Энэ бүхнийг чи энэ өрөвгөр, нүдэнд хүйтэн хархүүд хэлж бичүүлсэн байх нь.-Ямар материал?-Аа чи л сонин дээрээ гарсан нийтлэлийг мэдэхгүй байж гэнэ. Одоохон надаас уучлал гуйж, залруулга хийж миний нэр төрийг сэргээн цагаатгаж цайруул. Би чамд тушааж байна. Ойлгов уу? гэхэд Надмид гуай доор тонголзон сонины шинэ дугаарыг гүйлгэн харах зуураа: -Энэ чинь зүгээр нэг зохиол шүү дээ. Тантай ямар ч холбоогүй зүйл.-Миний нэрийг тэр муу эсэргүүн Дашзэвэгтэй холбоод биччихсэн байна шүү дээ.-Та л ийм хэрэг хийгээгүйгээс хойш санаа зовох хэрэггүй. Энэ чинь зохиомол нэрнүүд... Аль олон Дашзэвэг аль олон Сэржготовыг хэлж тоолж барах вэ, энэ бол тохиолдол гэснээ:

-Сэржготов гуай алив хоёулаа манай өрөөнд оръё гэлээ.

Төдхөн бичээч хүүхнийг архинд гүйлгэв бололтой. Цаг хэртэй болоод нөгөөх өвгөн Надмид гуайн өрөөнөөс нэлээд халамцуухан гарч ирснээ намайг зүүний үзүүр шиг харцаараа хатган:


-Чи ингээд зүгээр өнгөрнө гэвэл хол шүү. Намайг оролдсон хүн яадгийг чи үзэх болно оо. Гянданд сүүж чинь цоорч, ухархай чинь ширгээд нүд хөмсгөн дээгүүр чинь бөөс гүйгээд ирэхийн цагт чи хэнтэй шөргөөцөлдсөнөө ухаарна аа
 гэж хэлээд Надмид гуайд “Такси дууд” гэж тушаалаа. Хэдэн мөчийн дараа Надмид гуай өвгөнийг таксинд суулгаад орж ирэхдээ:

-Чи бид хоёр ч одоо өнгөрсөөн. Сониноосоо хөөгдөх ч юу ч биш. Шоронгийн хадаас болж алд биеэрээ нохой бөөс тэжээх ч энүүхэнд. Бодолтойхон байхгүй бол алуучихаж ч мэднэ. Би чамд итгээд зүгээр л нэг зохиол юм байх гэж бодоод сайн уншиж учрыг нь ололгүй сонинд гаргаснаас л хамаг юм баларлаа. Цаад өвгөний чинь гар нь урт. Хүрэхгүй газар байхгүй...-Та энэ хүнийг таньдаг юм уу?-Намайг нормчин байхад манай үйлдвэрийн дарга байсан юм. Дайн дуусч энх амгалан цаг ирсэн тавин хэдэн онд цэргийн дарга нарыг цомхотгоход дээрээс бууж ирсэн офицеруудын нэг. Ренчин гуайн бичсэн Дотоод яамны нөгөө алдартай чекист Мангаа До-гийн үеийн хүн. Чи одоо ямар дэмий юмаа газрын мухар, гадасны нүхнээс олоод биччихсэн юм бэ?

-Хотын захиргааны орлогч дарга Батболд гуайн архиваас олж ирсэн материал.

-Тэр Батболд гэдэг хүн чинь одоо амьд уу?-Байгаа. Иймээ тиймээ хэл ам, хэрүүл тэмцэл гарвал арыг нь би даана гэж надад амласан юм.-Чи мөн гэнэн хүн ээ. Ийм юмыг жинхэнэ нэр усаар нь улаан цагаан бичиж л байдаг.-Энэ хорьдугаар зуун чинь баримтат зохиолын зуун гээ биз дээ? Тэгээд ч хүн бүхэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлнэ гээд энэ нийгмийн бузар булай бүхнийг нуусан хар хөшигний араар их багагүй бүх сэтгүүлчид гүйлдэж яваа биз дээ? -За чи битгий шалдан онол яриад толгой эргүүлэх гээд бай.-Та тэгээд тэр өвгөнд юү хэлээд гаргав даа?-Юу хэлдэг юм бэ? Сэржготов дарга минь санаа сэтгэлээ бүү зовоо. Сонин гэдэг чинь ганц өдрийн настай эд. Тэгээд ч цөөн хувиар хэвлэгддэг. Хүмүүс түүнийг чинь уншсан байлаа ч таныг гэж хэн ч бодохгүй. Өдийд оройн хоолтойгоо холиод идчихсэн. Аль эрт мартацгаачихсан байгаа. Би таны дурсамжийн номыг чинь жинхэнэ сэтгэл гарган засч, редакторлаж өгнө өө гэж хэлээд ганц лонх юм хувааж уугаад саллаа гэж билээ.

  Түүнээс хойш хоёр жил гаруйн дараа миний нөгөө гайтай зохиолоор кино найруулагч Уртнасан /эмэгтэй/ бүрэн хэмжээний уран сайхны кино хийж “Хөлөг” компаний захирал Дорноговийн Алтаншанд санхүүжүүлж “Учрах тавилан” нэртэйгээр дэлгэцэнд гарсан нь санаснаас зохиолоосоо илүү хөөрхөн кино болж билээ.

  Тэр Дашзэвэг гэдэг залуу Зөвлөлтөд цэргийн дээд сургууль төгссөн бөгөөд өндөр гоолиг нуруутай, нүд хөмсөг болсон царайлаг сайхан хүн байснаас гадна цэргийн офицер хувцас гоё зохидог, Оросын эзэн хааны үеийн угсаа залгамжилсан хэргэмтэн лугаа адил эрхэмсэг хээнцэр, дэгжин шаавай хувцасалдаг учраас үеийн нөхөд нь түүнийг “Барон” хэмээн өргөмжилсөн юмсанж. Эхнэр нь хүрээ, хороогоор алдартай сайхан бүсгүй байсан бөгөөд хожмоо Монгол улсын хүний гавъяат эмч цол хүртсэн эрүүл мэндийн армийн тэргүүлэх нэгэн “жанжин”, олон түмэндээ нэр хүндтэй ачтан байжээ.

 Батболд гуай нэг удаа нэрийг нь хэлж байсан ч миний бие цагийн уртад юм юманд самгардаж яваад алдрайхан түүний нэрийг нь мартчихжээ. Түрүүчийн хэрэг намдаагүй шахам байхад дараа нь бас нэг дуулиантайхан өгүүлэл бичиж, Монгол улсын Төрийн шагналт уурхайчин, БОХЯ-ны сайд Мавлетийг сандал ширээ, албан тушаалаас нь буулгахад багагүй нэмэр, нэрмээс оруулсан.

Тэр нэгэн өвөл Батлан Хамгаалах яамныхан армийн хүнс хоол бэлтгэхээр Байгаль Орчныг Хамгаалах яамнаас зөвшөөрөл авч Урал, ЗИЛ-131, цас элсэнд суудаггүйгээр нь газар уснаа явагч Ветер хэмээх зургаан дугуйтай хүчит техник хөлөглөн Дорнодын талд очиж 10,000 лааны хүчин чадалтай, агаарт нисч яваа онгоцыг харанхуйд гэрэлтүүлэн буудаж унагадаг прожектор хэмээх лазерын туяанаас дутуугүй хүчтэй зэвсгээр шөнийн цагт талын цагаан зээр гэдэг гэм хоргүй хөөрхий амьтныг гэрэлтүүлэн АКА, Винтов, тасгийн пулемётоор шүршин эр эм, янзага шаргачингүй хүйс тэмтрэн хядаж, хэд хоног хээрийн сургууль хийхээс наанагүйгээр тэрхүү амар амгалан хээр талыг түйвээснээс болж олон зуун зээр, адуу малын нүд сохорч, энд тэндгүй нохой, шувууны хоол болж, хөдөөгийн малчин ардуудын амар амгалан байдал, монгол ёс заншил, ан амьтнаа хайрлах сэтгэлийг сандааж хэдэн зуун км газарт гай гамшиг авчирсны буруутан нь Батлан Хамгаалах яам, Байгаль Орчныг Хамгаалах яам болж, “Зуд ирвэл хуц ухнанд” гэгчээр эхний ээлжинд энэрэлгүй хүйтэн сэтгэл гаргаж эх орон, газар шороо, ан амьтнаа ёс бусаар хөнөөлцсөн Мавлет сайд огцорсон ч тэр нэгэн цагийн нүдэт амьтанд харуулж, чихт амьтанд сонсгошгүй эмгэнэлт түүхийг өнөөдөр ч нутгийн малчид ард иргэд мартаагүй билээ.

  “Үнэн” сонинд бичсэн “Цагаан зээр цагаан мөртэй”, өөр нэг сонинд “Харалган сайдын хар санаа” нэртэй цуврал өгүүлэл гарч, тухай үедээ амжилтанд хүрч, улаан самбар дээр тавигдаагүй ч Түдэв эрхлэгчээсээ урмын үг анх удаа сонсч билээ. 

Маргаашийнхаа сонины “хадаас” материалыг бичих гэж өдөр, шөнө өглөө, үдэшгүй ширээний чийдэн мэт толгой дээш татахгүй тонгойж суусаар нэг мэдэхүл сонины ажилтан болоод хоёр жилийг үдэж, охин маань нэг ой хүрчээ. Тийн байтал нэг өдөр Түдэв дарга дуудав. Яваад орвол над руу нэгэн хуудас цаас сарвайж:

-Энэ бичгийг бариад Хотын Намын Хорооны дарга Лантуу дээр оч. Очихдоо өөрийнхөө бичсэн ном зохиол, сүүлийн жилүүдэд сонин сэтгүүлд гаргасан шүлэг, гайгүй нийтлэлүүдийнхээ хайчилбарыг хүртэл авч очоорой. Чи чинь сүүлийн хэдэн жилийн турш уран зохиолын улсын уралдааны бүх түрүүг хамсан учраас зохиолуудынхаа шагналын гэрчилгээ, баярын бичиг юу байдаг юм бэ, бүгдийг аваад оч. Үзүүлэх юмгүй бол чамайг хэн бэ гэдгийг тэр хүн яаж мэдэх вэ. Би наад тодорхойлолт дээр чинь, чиний тухай товч боловч тодорхой бичсэн байгаа гэх нь тэр. 

Мөнөөх тодорхойлолтыг гүйлгэн харвал “Орон сууц олгож туслахыг хүссэн бичиг” байлаа. Өглөө эрт очиж үүдэн дээр нь сахисаар суугаад үдийн завсарлагаа болохын өмнөхөн арай чүү амжиж орвол зулай дээрээ туг цагаан үстэй, бахимхан чийрэг биетэй хар хүн сууж байна. Улаанбаатар хотын Намын Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга гэдэг өндөр албан тушаалаас нь сүрдсэн би вээр арайхийн амар мэндийг нь асуугаад, тодорхойлолт, өргөдөл хоёроо өгвөл:-Наадах чинь юу юм бэ? гэж байна. -Тодорхойлолт, өргөдөл хоёр. Намайг Түдэв дарга тань руу явуулсан юм гэвэл тодорхойлолтыг маань авч гүйлгэн хараад:-Цаана чинь ардчилал мандаад, хүний эрх, ил тод байдлыг толгойтой бүхнээс шаардаж байхад бид мэт нь “Орон сууц олго” гэж цохох нь байтугай хэзээ тамга, түлхүүр хоёроо хүлээлгэж өгөхөө мэдэхгүй болчихоод сууж байна. Юун байртай мантай гээд яриа дууссан гэсэн янзтай өргөдлийг минь өөдөөс түлхлээ. Надад хэлэх ч үг олдсонгүй өргөдлөө авах гээд өндийтөл:-Чи зохиол бичдэг хүн юм биз дээ? Тэгээд юуны тухай бичдэг юм бэ дээ? Авгай хүүхэн, алиа марзан юм бичих үү?-Би голдуу мал, малчин, хөдөө нутгийн тухай өгүүллэг бичдэг гэвэл:-Чи тэгвэл тэр хөдөөнөө л хөдөөгөө бичээд сууж байхгүй, юу гэж хот руу зүтгээд байр сууц нэхээд байгаа юм бэ? Танай аймгийнхан чинь галт тэргээр нааш цаашаа залардаг улс. Тэгээд чамд төмөр замын тухай бичсэн юм байна уу? гэх нь тэр. -Би цүнхээ яаран уудалж, жил гаруйхны өмнө 40 жилийн ойг нь тэмдэглэсэн, Төмөр замын уралдаанд түрүүлсэн өгүүллэгээ, дипломтой нь хамт гаргаж үзүүлэв. Дарга сандлаа урагш татаж:


-Зөв хө. Энэ уралдаанд түрүүлсэн “Тэрэгтийн тал” өгүүллэгийг чинь би уншсан юм байна. Чи энэ төмөр замын ажлыг яагаад ийм сайн мэддэг юм бэ? 
гэв. -Би анх 505-ын оросууд төмөр замын далангийн шороог самосвалаар зөөн асгаж байхад хажууд нь “Тэрэгтийн талд” жаахан хүү хурга хариулж явсан юм. Лантуу дарга над руу нэг том харснаа:-Чи сайхан өгүүллэг бичсэн байсан шүү гэснээ: -Алив тэр өргөдлөө наашаа аваад өг гэж хэлээд хажуу булан дээр нь “Энэбиш-д” гэж бичсэнээ “Олон жил шилдэг уран бүтээл туурвисан Догмидод орон сууц олгохыг дэмжиж байна” гээд гарынхаа үсгийг зурав. Олон жил орох орон сууцны бараа харалгүй явсан би баярлахдаа арай л Лантуу гуайг барьж үнссэнгүй.-Баярлалаа, дарга аа гэж хэлээд гадагш гарах гэтэл: -Баярлах болоогүй шүү. Орон сууц хүссэн хүмүүсийн өргөдөл Хотын захиргаан дээр хэдэн зуугаараа хураалттай хэвтэж байгаа. Тэнд орон сууцны комисс гэсэн эрх мэдэл бүхий их бага олон дарга нар бий. Олон олон даваа давж байж орон сууцны босгоор алхана гэж мэдээрэй гэлээ. 

Хожим сонсохноо Лантуу гуай олон жил Улаанбаатар төмөр замын даргын албыг хашсан галт тэрэгний машинист шахуу хүн байж билээ. Хүнээс асуувал хотын дарга Энэбиш долоо хоног бүрийн дөрөв дэх өдөр Элдэв-Очир кино театрын баруун талын хөндлөн байшинд хөдөлмөрчдийг хүлээж авдаг гэнэ. Очер гэж замбараа байхгүй. Шөнө очиж дугаарт зогссон хүн хоёр хоноод ч орж амжаагүй байна гэсэн ам дамжсан яриа чих дэлсэв. 

Дараачийн долоо хоногийнх нь дөрөв дэх өдрийн өглөө эрт яваад очсон чинь энгэрээрээ дүүрэн одон медальтай, хөдөлмөрийн баатрын тэмдэг зүүсэн казах өвгөн эмгэн хоёр тэргүүтэй арваад хүн өнөөх гурван давхар байшингийн гаднах цоожтой хаалганы үүдэнд дугаарлаад зогсч байлаа. Очерлосоор их ч удалгүй хоёр цаг хэртэй болоод Энэбиш дарга дээр орлоо. Ганц ширээ, хэдэн явган сандал тавьсан ханхай жижигхэн өрөөнд урьд өмнө зүс хараагүй давхраатай алаг нүдтэй дөрвөлжин бор хар хүн урдаа цаас, харандаа тавьчихсан сууж байсан нь Энэбиш дарга байжээ.

  -Дорноговиос “Үнэн” сонинд ажиллахаар ирсэн зохиолч Догмид гэдэг хүн байна. Хөдөө, аймгийн захиргаанд санхүүгийн алба хашиж байсан гэвэл мань эр олзуурхангуй зөөлөн дуугаар:-Аа, зохиолч Догмид гэдэг чинь чи юм уу? Тэгээд “Үнэн” сонинд хэний урилгаар ирэв дээ?-Түдэв даргын...-Сайн байна. Баяр хүргэе! Би чиний зохиолыг зүгээр нэг тохиолдлоор уншдаг хүн биш. Бүр эрж хайж олж уншдаг таны фен байна. Хувийн орон сууц, хашаа байшин байгаа юу?-Одоохондоо орон сууц бүү хэл, стол ширээ ч үгүй л явж байна. Сургууль төгссөнөө эс тооцвол насаараа л нутагтаа суулаа гэж нохойд барьдаг мод шиг урдаа барьдаг улиг болсон үгээ хэлбэл:-Чи хотод шилжиж ирдэг чинь их зөв. Зохиолч, уран бүтээлч хүн олны дунд орохгүй бол зэвэрнэ шүү.-Би чамд орон сууц өгнө өө. Өгөх өгөхдөө хотын төвд, Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн урд барьж байгаа гурван өндөр байшингийн дунд талынхад нь оруулна. Тэнд манай улсын сор болсон уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид, театр чуулгын дуучид, хөгжимчид нэртэй том зохиолчдод зориулсан байр барьж байгаа юм. Дубэн шалтай тал талдаа тагттай. Шинэ жилийн өмнөхөн ашиглалтанд орно. Удаан хүлээх бололцоогүй, байр сууцгүй яараад байвал түүнээс урагш Орос ах нарын барьж байгаа есөн давхар байшин наадмаас өмнөхөн улсын комисст хүлээлгэн өгнө. Тэнд орсон ч болно гэж итгэхийн аргагүй үлгэр зүүдний бэлэн зэлэн юм ярилаа. Надаар тоглоод байгаа юм биш байгаа гэж бодогдовч байдал төрхийг нь ажвал арай ч үгүй бололтой.-Та тэгээд аль байшинг нь сонгов доо?-Эхэлж ашиглалтанд орох байшинд нь захиалга өгье гэж бодож байна.-За Догмид гуай та бид хоёр энэ асуудлыг нэгэнт шийдсэн болохоор ингээд ажлаа өндөрлөх үү дээ. Гадаа үүдэнд хүмүүс хүлээгээд байна. Баяртай гэж хэлээд Энэбиш дарга миний гарыг атгаж билээ. 

Энэ эрх мэдэлтэй том дарга өчүүхэн миний цөөн өгүүллэгийг олоод уншчихдаг ямар сонин юм бэ? Бүхэл бүтэн улсын нийслэл энэ том хотын дарга бас уран зохиол уншдаг байх нь ээ. Аль эсхүл надад урам хайрласан юм болов уу гэж бодсоор би гадагш гарахад их хотын хөгжил, алхаа айзамтай хөл нийлүүлсэн нэгэн сайхан хөгжим гудамжны “Цагаан хоолой”-гоор эгшиглэж байж билээ.

  Ажилдаа дарагдан шүлэг зохиолдоо үүртэж түүртэн явтал нэг өдөр утас хангинаж “Та Догмид гуай мөн үү?” гэх нь тэр. “Мөөн” гэтэл “Та ...-р контор дээр ирж байшингийнхаа түлхүүрийг авна уу” гэж нэгэн эмэгтэй дуулгалаа.

  Шинэ байрныхаа хаалганд түлхүүрийг нь итгэлгүйхэн шургуулаад зөөлөн эргүүлвэл эргэж байна аа. Хаалгыг нь татан дотогш орвол будаг маажин нь ханхалж, шил толь нь гялалзсан төөрч үхмээр гал тогооноосоо гадна гурван том өрөө, коридор, ариун цэврийнх нь тасалгааны тохилог саруул гэж жигтэйхэн гоё, хааны өргөө л гэсэн үг. Би хүн болсоор хэзээ ч ийм сайхан байшингийн эзэн болж, түлхүүрийг нь гардаж явсангүй. Төрсөн газар дээрээ ирсэн мэт тал шиг том өрөөний нь голд шалан дээр нь хувцсаа тайлан хөрвөөж төрийнхөө сүлдэнд мөргөлөө.

  Аймагтаа би алдаж онож, унаж босч явсан ч сайн хамт олныхоо буянаар тийм ч муугүй амьдарч байсан боловч өөрийн нутгийн хүмүүст орон сууц олгодоггүй, өгдөггүй байж. Зах хязгаар говь нутагт сургууль ном дүүргэсэн боловсон хүчин, мэргэжлийн хүмүүс дутагдалтай байсан учраас өөр газраас айлын авгай оргуулан оргож босч ирсэн хүн ч мэргэжилтэй л бол шууд байшинд ордог тийм гаж тогтолцоо, бичигдээгүй хууль байлаа. 

Миний бие гэртээ аав, ээж, ах дүү нар олуулаа учраас зохиол бүтээл туурвихад ахуй нөлөөлөөд орой үдэш сууж юм хийх газар, ширээ сандал олдохгүй байна гэж аймгийн даргад хүртэл улиглаж дуулсан нь үнэн билээ. Монгол гэрт бусдыгаа унтуулж амраахгүй шөнөжин гэрэл асаачихаад цаас цоохорлож суух үнэндээ түвэгтэй хэцүү байсан. Гэтэл одоо Сайншандын гудамжинд согтуу гэлдэрч явсан хөөрхий муу Догмид Улсын нийслэл Улаанбаатар хотод Түдэв даргынхаа буянаар уригдаж ирчихээд сэрүүн Сэлбийн хөвөөнд гурван өрөө шинэ шилэн өргөөнд заларч, шүлэг зохиол тэрлэж суугаа маань зүүд мэт санагдах үе цөөнгүй байв. 22а гэдэг тэр сайхан байранд ороод миний бие зохиолыг ёстой нэг бичих шиг л болсон. Сүүлийн дөрөв, таван жилийн уран зохиол, сэтгүүл зүйн улсын уралдааны тэргүүн байрыг Д.Цоодол бид хоёр л бүгдийг ээлж халаагүй хамсан.

 Ойролцоогоор 20 гаруй удаа түрүүлсэн байдаг юм. Дараа нь улсын салбар салбарын сайчуултай уралдан хэдэн жил “марафонд” гүйж радио, телевиз, сонин хэвлэлээр сурталчлагдан ард түмэн, өргөн олон уншигчдын дунд явуулсан санал асуулгаар тэргүүлсээр яваад 1993 онд Төр засгаараа хөдөлмөрөө үнэлүүлэн Монгол Улсын Төрийн соёрхол хэмээх өндөр алдар цол хүртэж, аймаг орон нутгийнхаа нэрийн хуудас болж, алдрын алтан жолоо өргүүлэн айраг, сүүгээр мялаалгаж билээ.Суудаг байшингий минь сураглаад очвол Цувраа гурван цагаан байшингийн дунд талын шилэн байшин хө хө Уудаг усыг минь сураглаад асуувал Урд талын гурван худагны дунд талын алтан шанд аа гэж дээр үеийн хүрээ хорооны үеийн гангачуулын нэгэн сайхан дуу байдагсан.Ард түмнийхээ дунд алтан гартай “амьд бурхан” хэмээн алдаршсан Ардын эмч, хөдөлмөрийн баатар Жалилын Хайрулла, их яруу найрагч Долгорын Нямаа, Зундуйн Дорж, хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж, эдүгээ цагийн бий бүжгийн ханхүү Хөдөлмөрийн баатар Сэвжидийн Сүхбаатар нартай нэгэн зэрэг зиндаанд үнэлэгдэж Монгол улсын Төрийн соёрхол хүртсэндээ миний бие баярлан мөнгөн сарны дор мөнхийн усыг уугаагүй ч мөнхрөхийн хутгийг олсон зохиол бүтээлээрээ бахархаж явдаг юм. Өмнө зүгийн нутгаар бороотой гэж араажаваар зарлахад нэг их мал хөрөнгөө нутагтаа орхичихоод ирсэн хүн шиг өндөлзөн баярладаг өвгөн бичээч миний бие дөрвөн уулын дундаа усны тунгалгийг алтан аягаар хүртэж сууна. Харамсалтай нь залуу нас зуны шөнө шиг богинохон юм даа ...

                                                                                                        2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 06 минут.

Эх сурвалж: Төрийн шагналт, Ардын уран зохиолч Балжирийн Догмидын ФБ хуудсанаас...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22