“Мед эстетика” арьс, гоо заслын эмнэлгийн их эмч Л.Байгалмаатай ярилцлаа.
-Арьс гоо заслын эмч нар мэргэжлийн учраас гоо сайханчдаас шал өөр түвшин гэдэг нь ойлгомжтой. Эстетик эмнэлэг, гоо сайхны салоны ялгааг бид төдийлөн мэддэггүй. Та энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн эмчийн хувьд нарийн тайлбарлаж өгнө үү?
-Арьсны өвчин эмчилгээний гоо засал бол анагаах ухааны нэгэн том салбар. Арьсны гоо заслын салбар 2000-аад оноос манайд илүү эрчимтэй хөгжиж байна. Эстетик эмнэлгийн онцлог, гоо сайхны салоноос ялгаатай нь арьсны мэргэжлийн эмч нар ажилладаг. Олон улсын жишигт арьсны эстетик эмнэлэгт мэргэжлийн эмч ажиллаж, эмчилгээ, зөвлөгөө өгөх ёстой. Эрүүл мэндийн холбогдох хууль журам, стандарт гэж улс бүрд бий. Манай улсынхад ч арьсны гадаргууг цоолох, нэвтлэх эмчилгээг тусгай зөвшөөрөл авсан эрх бүхий мэргэжлийн байгууллага хийнэ гэж заасан байдаг. Гэтэл гоо сайхны салонууд тийм орчин бүрдээгүй, мэргэжлийн эмч ажилладаггүй, эмчтэй байсан ч стандарт шаардлага хангасан тусгай зөвшөөрөл гэдэг шалгуурыг хангаагүй бол дээрх үйлчилгээг үзүүлэх эрхгүй гэсэн үг юм.
Миний хувьд Анагаах Ухааны Их Сургуулийг 1993 онд төгссөн. Энэ онд манай төгсөлтийн 30 жилийн ой болох гэж байна. Арьс гоо засал, БЗХӨ чиглэлээр 1996 онд мэргэшиж, магистрантурт суралцсан. 1999 онд анх арьс, өнгөний хувийн эмнэлэг байгуулж байлаа. Тэр үед бэлгийн замын халдварт өвчин хүртэл үзнэ. Эмнэлгээ жил гаруй ажиллуулаад гадагшаа явсан юм. Эх орондоо ирснийхээ дараа 2004 онд арьс гоо заслын “Мед Эстетика” арьс, гоо заслын клиник эмнэлгээ байгуулсан. Хүнд мэдээлэл болоосой гэж цахим орчинд зөвлөгөө бичдэг. Мезотерапи буюу арьсанд гоо заслын зориулалтаар тарьж хэрэглэдэг бүтээгдэхүүн нэвтэрснээр манай салбарт том өөрчлөлт авчирсан.
-Мэргэжлийн эмчийн хувьд гоо сайхны үйлчилгээ хийхдээ ямар философи баримталдаг вэ?
-Би их хуучинсаг талдаа. Төрөлх байдлаа учиргүй өөрчлөх шаардлагагүй гэж үздэг. Хүн бүрийн гоо сайхны үнэлэмж өөр. Өөртөө сэтгэл ханамжгүйгээс сэтгэл зүйн дарамтад орсон, ямар нэг өөрчлөлт, согогтой бол гоо заслын үйлчилгээ тухайн хүнд эмчилгээ болж чадна. Ер нь бол хийж буй ажил маань хүний биен дээр хийгддэг боловч гоо засал нь тухайн хүнийхээ хүсэл, сэтгэл санаанд л суурилдаг. Одоогийн төрх нь хөөрхөн байхад “Би ингэж өөрчилмөөр байна” гэж стрессээ тайлах арга мэт ханддаг, илүү гоё болох гэж шунадаг нь бүсгүйчүүдийн зан. Тэгсэн атлаа эмчийн зөвлөсөн, өөрт хэрэгтэйгээ хийлгэдэггүй. Хүн ер нь буруу юманд дурладаг гэмтэй. Би хүний түр зуурын сэтгэл хөдлөл, буруу шунал дээр дөрөөлж нүгэл хийдэггүй гэх юм уу даа. Хөгшрөлтийг энгийнээр хэлбэл эд эсийн шингэн ус багасалт, агшилт, нөхөн сэргэх чадвар муудах, бодисын солилцоо удаашрах гэж хэлж болно.
-Гоо сайхнаасаа авах таашаал сэтгэл ханамжтай огтлолцож байж өөрт итгэх итгэл нэмэгдэх нь ээ?
-Үйлчлүүлэгчийнхээ хэлсэн, хүссэн бүх үйлчилгээг хийдэг мэргэжлийн эмч байхгүй л болов уу. Хамраа засуулахаар хандсан хүний асуудал нь уруул, завьж, эрүүний хэсэгт байж болно. Үзүүлэн болгомоор гоё төрхтэй ч арьсны өнгө гундуу бол үзэсгэлэнтэй харагдахгүй. 40, 50 наснаас хойш зовхины арьс унжиж, өргөх мэс засал хийлгэдэг. Үнэхээр зарим нь маягтайдаа биш, эрүүл мэндийн шаардлагаар хараагаа хамгаалж хийлгэж буй хэрэг. Хүний нүд 180 градусаар хардаг шүү дээ. Гэтэл унжсан зовхи харааны хил, үзэгдэх орчныг хязгаарлаж ориентацид нөлөөлнө.
Мөн хэт унжсан арьсыг бага зэрэг сойгоод оёход буруудахгүй. Арьсан дээр насжилтын өөрчлөлт бага зэрэг илрэх нь өөрөө гоо сайхан шүү. Хүний насыг зөвхөн нүүрний арьсны үрчлээс, унжилтаар хэмждэггүй. Бие галбир, яс, булчин, махбодоороо насждаг. Хөгшрөлтийг энгийнээр хэлбэл агшилт. Уг нь нүүр насжаад агшаад, суугаад ирэх нь ичих зүйл биш, гоё гоо үзэсгэлэн юм. Насан туршдаа 18 настай охин шиг булцгар байх гээд элдэв дүүргэлт хийлгэвэл нүүрний булчин, арьс даахгүй, гоё харагдахгүй. Нэг ёсондоо гоё сууж өөрийн мэт харагдахгүй. Үүнээс л болж гоо сайхны мэс засал, ажилбаруудын золиос болсон мэт хүмүүс мэр сэр харагддаг. Ойр ойрхон мэс засал хийлгэхийн хэрээр арьсан дорх сорвижолт ихсэж,инээх нь уурлаж байгаа юм шиг, ярихад уруул хөдлөхгүй гэх мэтчилэн булчингийн хөдөлгөөн зөв илрэхгүй эвгүй төрх үүсдэг. Тэгэхээр хүнийхээ нас, нүүрний онцлогийг маш сайн мэдэрч үнэлж ажилбарууд хийх хэрэгтэй болдог.
Арьс бол эко систем
-Нүүрнийхээ арьсанд анхаарч хөөрхөн байхыг хүсдэггүй эмэгтэй бараг л байхгүй. Гэхдээ мэргэжлийн байгууллагад хандаагүй, сургаар очоод хохирох нэг нь байна. Нөгөөтэйгүүр гоо сайхны бизнес ашигтай гээд танай салбар руу хошуурдаг юм болов уу?
-Хүзүүнээс дээш эрүү, нүүр хүний хамгийн эмзэг, мэдрэг хэсэг. Амтлах, үнэрлэх, харах, сонсох бүх мэдрэх эрхтэн, амин чухал тархи байрладаг учраас нүүрэндээ гоо засал хийлгэхдээ хариуцлагатай хандах хэрэгтэй. Яагаад эмнэлэгт асуумж бөглөдөг билээ. Архаг хууч өвчин, чихрийн шижинтэй эсэх, харшилдаг эм тариа гээд эмч нар олон асуулт тавьдаг нь өвчтөний дараагийн эрсдэлээс сэргийлж эм тариа сонгох, хийх үйлдлээ шийдэхэд нөлөөлдөг.
Ялангуяа эрүүл мэндийн шаардлагаар бус, гоёлын зорилгоор хийж буй гоо заслын үед эрсдэлтэй бол эмч татгалздаг. Хэдийгээр бид ариун нөхцөлд хийсэн ч цусан дахь сахарын хэмжээ ихэсвэл шархны эдгэрэл удаан. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ нэг алхмын өмнө бодож хийх хэрэгтэй. Эмчилгээгээ шатрын нүүдэл шиг бодож хийдгээрээ эмч нар бусдаас ялгарна. Филлер бол арьсан дор суулгац суулгадаг бага хэмжээний мэс засал. Хүний эрүүл мэндтэй холбоотой аюултай, эрсдэлтэй үйлдэл. Заримдаа гоо засалчид “Хараад сурчихсан” гээд арьс арчилгааны туршлагадаа суурилаад ботокс, филлер эмчилгээ хийж байна. Яахав тэд судалдаг л байх л гэж найдаж байна. Гэхдээ мэргэжлийн эмчийн хэмжээнд яагаад ч хүрэхгүй нь ойлгомжтой.
Алдаа гарвал, сошиалд дуулиан дэгдээгээд мэргэжлийн бус учраас зөрчлийн хуулиар торгуулаад дуусна. Дуулианы шуурганд мэргэжлийн эмч нар, эмнэлгүүд хэлмэгдээд өнгөрдөг. Хэрвээ мэргэжлийн эмч байсан бол үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндэд ноцтой гэмтэл, хүндрэл учруулахгүй, учирсан ч авах арга хэмжээгээ авч чадна. Нөгөөтэйгүүр гоо сайхны салбар ашигтай гэж тооцоолоод бизнесийн зорилгоор орж ирсэн газрууд мэр сэр байх шиг байна. Хэтдээ зүгширнэ гэж найддаг.
-Арьсны онцлог бүтцээ шилжилтийн наснаасаа мэддэг байх хэрэгтэй болов уу гэж боддог. Монголчууд арьсаа арчлахдаа ямар нийтлэг алдаа гаргадаг юм бол?
-Хүүхэд үе дуусаж насанд хүрэхэд бие махбодод явагдаж буй өөрчлөлтийг шилжилтийн нас гэж энгийнээр ойлгож болно. Сар, өдрөөр биш хэдэн жил үргэлжилдэг физиологийн үйл явц. Арьсны өсөлт, төлжилт явагдаж, гадаргуугаас авах ачаалал нэмэгдэнэ. Хүүхэд бага нярайгаасаа өсвөр насанд хүрэхдээ шүдээ угааж, усанд орж, хумсаа авч сурдагтай адил арьсаа арчилж сурах нь эрүүл мэндийн суурь мэдэгдэхүүн. Арьс арчлахад шаардлагатай хэрэглэгдэхүүнийг эцэг эх нь авч өгөх ёстой. Хүүхдүүд савандаж угаавал сайн, батга гарахгүй гэж ойлгодог. Миний ажигласнаар эх газрын салхитай, хуурайшилттай манай орны нөхцөлд савандаж угаавал арьсанд нэмэлт ачаалал өгдөг. Нүд, хамар, амны хөндий гээд бүгд рH буюу өөрийн гэсэн орчинтой. Арьс ч адилхан өөрийн орчныг бүрдүүлдэг, орчныг нь зөв байлгавал эд эс нь ажлаа зөв хийгээд арьс эрүүл байна.
Орчин нь эвдэгдвэл тослог чийгшилтээ зохицуулж чадахгүй, арьс өнгөө алдаж өвчилнө. Хүн бүрийн арьс, үс ондоо ч нийтлэг арьсанд тохирдог арьсны орчинг эвдэхгүй үйл ажиллагааг нь дэмжих арчилгааг зөвлөдөг. Юун түрүүнд үйлчлүүлэгчдэдээ савандаж угаахыг зогсоож, сүүн шингэнээр зөөлөн цэвэрлэгээ хийхийг зөвлөдөг. Хүмүүс арьсыг даавуу шиг бохирдлоо шингээдэг гэж өрөөсгөл ойлгодог. Даавууг угааж, гүвж бохирыг нь арилгана. Эд материалаар зүйрлэвэл арьс бол хатуу гадаргуу шиг зүйл. Бохирдол нь гадаргуу дээр л наалдана, цаашаа нэвчихгүй. Арилжааныхан арьсаа гүн цэвэрлэж, тосны нүх сүвийг нээнэ гэж сурталчилгаа хийгээд олон нийтэд төөрөгдөл үүсгэдэг. Тосны сүв сөрөг урсгалтай. Тослогийг зөвхөн гадагшаа ялгаруулдаг. Бидний организм гайхалтай ухаалаг. Даанч бид буруу ойлголтоороо, өөрийн санаснаар байлгах гээд буруу арчлаад өөрийнх нь физиологийн үйл ажиллагааг дарангуйлаад байдаг. Арьсны эс төрөлхийн өнгө рүүгээ тэмүүлж, өөрийн хэвийн бүтцийг нь хангахын төлөө ажилладаг, бүхэл бүтэн эко систем.
Даавар, фермент, шүүрлээрээ зохицуулдаг, гэтэл төрөл бүрийн саван гэх мэт химийн найрлагаар цочроогоод орчноо бүрдүүлэх, нар салхи гаднын сөрөг хүчин зүйлээс хамгаалах ажлаа бүрэн гүйцэд хийх нөхцөл бүрдүүлдэггүй. Гэмтсэн, өвчилсөн, өнгө зүс алдаж сэвх, нөсөө гарсан тохиолдолд харин ч үйл ажиллагааг нь дэмжих арчилгаа хийгээд өгвөл хурдан төлжинө. Арьсыг төлжих хугацаанд тааруулж арчилгаа хийхийг мэргэжлийн эмч зөвлөдөг. Насанд хүрсэн хүний арьсны эс дунджаар 14 хоногт хуваагддаг. Гэтэл өдөр бүр гэртээ скраб хэрэглээд байвал нөхөн төлжиж амжихгүй, гүйцэхгүй. Чийглэг уур амьсгалтай газар гуужилт манайхаас эсрэгээрээ удаашраад байдаг. Энэ нь бас элдэв өвчинд өртөх эрсдэлтэй. Тиймээс япон, солонгосууд үрж, угааж цэвэрлэдэг. Араас нь чийгшүүлэх, тос нөхөх бүтээгдэхүүнээ хэрэглэдэг. Тэр арга манайд тохирдоггүй. Ойр ойрхон үрж, зүлгэсэн арьс хүчтэй салхи, наранд амархан гэмтдэг, өнгө зүс нь гунддаг.
Моодонд орж буй монгол төрхөө давуу тал болго
-Нарны туяа хортой, арьсаа хамгаалах ёстойг хүмүүс мэддэг болжээ. Нарны туяанаас өөр арьсыг цочроож гэмтээдэг түгээмэл зүйл юу вэ?
-Нарны тосыг нялх балчир үеэс нь түрхэж хэвшүүлээрэй. Агаар мандлын байдлаас болж нарны туяа хортой нөлөөлдөг болсон гэж ярьдаг. Зарим нь үүнийг үгүйсгэдэг. Гэхдээ үнэн мэдээ гэвэл арьсны хавдрын бүртгэл дэлхий нийтээр нэмэгдсэн. Үүнд арьс арчилгааны бүтээгдэхүүн бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж би хувьдаа боддог. Албан ёсоор батлаагүй зүйлийг эмч хүн дур зоргоороо ярьж болохгүй тул ингэсгээд орхиё. Миний ажигласнаар арьс, үсийг өдөр бүр төрөл бүрийн химийн орцтой бүтээгдэхүүнээр цочроох нь зохисгүй. Тэгээд сүүлийн үед арьс арчилгааны, ариун цэврийн эко органик бүтээгдэхүүнүүд тренд болоод байгаа нь үүнтэй бас холбоотой.
-Бид дэлхийгээсээ халиад сар гараг эрхсийг судалдаг атлаа өөрсдийгөө бүрэн таниагүй гэдэг. Монголчууд бид байгальтайгаа хамгийн ойр үндэстэн гэж ярьдаг ч сүүлийн үед солонгосуудын гоо сайхны хэмжүүрээр тэмүүлээд байх шигээ.
-Бид өвөг дээдсээсээ ширүүн амьсгалд дасан зохицсон хатуу ястай, булчингийн масстай, бие галбир өөр. Бас л хүний үүсэлтэй холбоотой олон мянган жилийн хөгжлийн явц шүү дээ. Олон мянган жилээр мах идэж ирснээс эрүү, завьжны булчин хамгийн сайн хөгжсөн. Хацар ч булцгар байдаг. Чийглэг орны хүмүүс бидэн шиг мах идвэл өмхийрөөд сүйд болно. Солонгосууд цагаан будаагаа үндсэн хоол гэдэг. Монголчууд магнай хага ташим хүйтэн гэж ярьдаг. Нүүрний яс, булчин сайтар хөгжсөн учраас хүйтэнд салхи сөрөөд алхахдаа хөлддөггүй, чамайг хамгаалсан дасан зохицол. Байгаль эх биднийг ингэж бүтээсэн. Олон зуун жил зөөлөн уур амьсгалд амьдарсан хүмүүсийн яс нь хүртэл нимгэн, арьсан доорх өөхлөг бага. Алганд багтам нарийхан нүүртэй учраас хамраа өндөрлөж, духандаа филлер, нүдэндээ давхраа хийлгэхээр хүүхнүүдийн мөрөөдөл болсон гурвалжин төрх үүснэ. Бид мэс засал хийлгээд солонгос хүүхэн шиг шөвийсөн болохгүй. Монголчууд дотроо нарийхан нүүртэй ч гаднынхантай харьцуулахад өргөн л байдаг. Тэдэнтэй адилхан болох хэрэг байна уу. Өөрийнхөө төрхөөрөө гоё бай.
-Тэгэхээр монгол хүүхнүүд булцгар хацар, эрүү нүүрээ гололтгүй байх нь ээ?
-Эдээрээ оролдвол эвдэхийн цондон гэдэг шиг нүүрээрээ хамаагүй оролдвол эвгүйдэхийн л цондон. Эд эрхтнээ тайван амгалан байлгах хэрэгтэй. Өөрийгөө хүүхэлдэй угсрахтай адилтгаж болохгүй. Дэлхийн загварын тайзнаа монгол төрхтэй хүүхнүүд эрэлттэй болж. Моодонд орж буй төрхөө давуу тал болго. Хүн төрөлхтний ихэнх хувийг азиуд эзэлдэг. Азийн орнууд Европоос соёл, шинжлэх ухаанаар нэг хэсэг хоцорч байсан. Одоо гүйцчихлээ. Шинжлэх ухаанаараа түрүүлж алхаж байгаа газар дэлхийд ноёлдог юм байна. Тэрийг дагаж хүний хөгжил явагддаг.
-Таны удамд эмч хүмүүс байв уу. Яагаад арьс судлалаар дагнасан юм бэ?
-Аав, ээж минь эрүүл мэндийн салбарт хамааралгүй, энгийн хүмүүс. Өөрийнхөө сонирхлоор л эмч болсон. Авга ах минь эмч хүн байдаг. Би эмээ өвөөтэйгөө өссөн. Өвөө барилгын инженер, эмээ барилгын төсөвчин. Үлгэр жишээ хөдөлмөрч хүмүүс. Аав ээж хоёр маань ажилчин, социализмын материал, техникийн бааз байгуулж байсан тэр үед бүх л таван жилийн гавшгайчид байлаа.
-Мэргэжлээрээ 30 жил ажиллажээ. 1990, 2000, 2010, 2020 гээд дөрвөн арванд монголчуудын гоо сайхны хандлага өөрчлөгдсөн болов уу?
-Хэдэн жилийн өмнө хөмсөг, уруул, контур шивүүлээд уран зураг шиг зурмал будмал байлаа. Энэ хандлага хоцорчээ. Одооны охид нүүрээ будахгүй, арьсныхаа өнгийг гоё хадгалъя гэдэг хандлагатай болсон. Нүүрээ будахгүйдээ гол нь биш арьсаа хамгаалах нь чухал. Гадаа ажилладаг хүмүүс хэтрүүлж будсан мэт харагддаг ч арьсаа хамгаалж үлдсэн байдаг. Ажил мэргэжлийн онцлогоос хамаарна. Будалт хийнэ гэдэг нүүртэйгээ ажиллаж, ажиглаж, хүрэлцэж байгаа хэрэг. Хүрэхдээ зөв хүрэх хэрэгтэй.
Манайхан хэтрүүлэх гээд байдаг. Элдэв бусын зүйлээр зүлгэж, үрээд, янз бүрийн маск тавьж, хорвоо дэлхийн арилжаан дээрх бүхнийг туршдаг хүмүүс байна. Хамгийн гол нь арьсны эрүүл мэндээ мэддэг байх хэрэгтэй. Бүтээгдэхүүний орц, найрлага чухал болохоос брэндийн нэр хамаагүй. Арьсаа нөхөн төлжихөд, хэвийн байхад тустай бүтээгдэхүүн сонгоорой. Гоо сайхны элдэв ажилбарын золиос болсон хүмүүс манай эмнэлэгт хааяа ирдэг. Гадаадад үнэтэй гоо засал хийлгэсэн ч үр дүнд хүрээгүй, ямар эмчилгээ хийлгэж, юу тариулснаа мэдээгүй үйлчлүүлэгч ч байна. Эрүүл мэнд бол хувь хүний хариуцлага. Болзошгүй эрдэлээс сэргийлж даатгалд хамрагдаж, даатгалаараа эмнэлгийн үйлчилгээ авдаг механизм дэлхийд тогтчихсон. Гэтэл манайхан “Миний эрүүл мэнд бол эмчийн ажил” гэж боддог. Зарим талаараа иргэдийн эрүүл мэндийн боловсрол социализмын үеэс муудсан гэж хардаг. Тэр үед гэхдээ эмнэлгийн шинжлэх ухаан одоогийн түвшинд хүрээгүй байсан. Цаашид ч хөгжиж, өнөөдөр ярьж байгаа бүхэн хоцрогдох байх.
-Хүн төрөлхтөн өвчнийг ялан дийлж байгаа тухай сүүлийн үед бичих болсон. Та эмч хүний хувьд үүнтэй санал нийлэх үү?
-Алсдаа өвчин гэж байхгүй болно гэж ярьдаг. Гентэй холбоотой, бэртэл гэмтлээс бусад ихэнх өвчнийг хүн төрөлхтөн ялж байна. Тэгээд өвчингүй болоод ирэхээр хүн гоё сайхан байхдаа түлхүү анхаарна. Анагаахын шинжлэх ухаан корекц-зохицуулах анагаах ухааны хөгжил өндөр байр суурьтай болсон. Хүнийг бүтээдэг болж. Эхийн хэвлийд бойжих ургийн гажгийг тодорхойлдог боллоо. Тэр ч байтугай хүүхдийнхээ үс, нүдний өнгө, өндөр нам болох генийг сонгоод ямар ч гажиг, согоггүй үрийг шилж суулгаж чадаж байна. Өвчин ихэслээ гэж ярьдаг. Цаг нь муудсандаа биш хүн амын тоо ихсэх тусам өвчний давтамж нэмэгддэг. 40 жилийн өмнө хүн амын тоо бага байхад 10 мянган хүн тутамд давтагдах давтамж цөөн, хэвлэл мэдээлэл ч хаалттай байсан. Гэр бүлээрээ зовоод, шаналаад л туулдаг байж. Урьд байгаагүй өвчлөлүүд иргэншлийн өөрчлөлттэй холбоотой болов уу.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна