Л.Энхээ: Эмнэлгийн ерөнхий орчин эерэг уур амьсгалтай, хүнд итгэл найдвар төрүүлэхүйц байх ёстой


 

Жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг “Дэлхийн хөгжмөөр эмчлэх өдөр” болгон зарласан байдаг. Манай улсаас Хавдар судлалын үндэсний төв өнгөрсөн жил нэгдсэн бөгөөд Монголдоо анхдагч болсон билээ. Дэлхийн 60 гаруй оронд хэрэгжүүлдэг энэ хөгжмийн эмчилгээ заслын аргыг эх орондоо нэвтрүүлснээр мянга мянган өвчтөн, тэдний ар гэрийнхэнд эерэг нөлөө үзүүлж байгааг өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаа харуулжээ. Хавдар судлалын үндэсний төв хөгжим заслын булантай болоод нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ. ХСҮТ хөгжмөөр эмчлэх өдөрлөгийг амжилттай зохион байгуулж ирсэн бол хэдхэн хоногийн өмнө Улсын хоёрдугаар төв эмнэлэг ийм булантай болжээ. ХСҮТ-д долоо хоног бүрийн лхагва гарагт 11:00-12:00 цагийн хооронд төгөлдөр хуураас эхлээд бүх төрлийн хөгжим тасралтгүй эгшиглэдэг. Эндээс өвчтөнүүд болон тэдний ар гэрийнхэн тайвшрал авдаг байна. Тиймээс бид энэ удаад ХСҮТ-ийг зорьж сурвалжилга бэлтгэлсэн юм.


Гадаа цастай ч цаг агаар тогтуун өдөр таарлаа. Цаснаар хүн бүр элдвийг бодон алхана. Зарим нь автобус, машины цонхоор ширтэн хаа нэг тамхины утаа суунаглах аж. Хавдар судлалын үндэсний төвийн байр дөхөх тусам сэтгэл хөндүүрлэж, эмзэглэл төрнө. Бүх төрлийн хавдрын нарийн эмчилгээ, үзлэг, оношилгоо хийдэг Монголын цорын ганц эмнэлэг учраас хүний хөл хөдөлгөөн их. Эмнэлгийн үүдээр орлоо. Ёстой л түм түжигнэж, бум бужигнаж байна. Эмч нар амрах ч завгүй ажилладаг болохыг дугаарлан зогсоо иргэдээс харж болно. Тэдэнд цайны цагаараа л 60-хан минут амсхийх зав гардаг бололтой. Хөгжмийн заслын буланг зорин очиход хаан төгөлдөр хуур залжээ. Хананд нь “Урлаг биднийг хэн болох, бидэнд юу тохиолдсон, тэр нь бидний амьдралыг хэрхэн өөрчилж байгааг өгүүлдэг...” гэсэн өгүүлбэр байна. Эргэн тойрноо ажиглавал төгөлдөр хуурын баруун талд өвчтөнүүдийн ар гэрийнхний хүлээлгийн өрөө байх аж. Хиймэл цэцгээр хоёр талаас нь хана босгосон байх юм. Тэгвэл өвчтөнүүд зөөдөг цахилгаан шатны хажууд хавдрыг даван туулсан нэгэн эмэгтэй “Наран ижий заяа” төрийн бус байгууллага байгуулж “Бай” эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулж өгөхийг төр засгаас хүсэж, иргэдээс гарын үсэг цуглуулж байна.

Хиймэл ч гэсэн цэцэг, навч хараад тайвшруулах сэдэл өгсөн бололтой. Эмчийн үзлэгийн өрөөний үүдэнд хүмүүс битүү. Хөгжим эмчилгээ нь нийгэм, танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, бие махбодийн асууд­лыг тодорхойлох, шийдвэрлэхэд нь туслах зорилгоор эмчилгээний үйл явцын хүрээнд хөгжмийг ашигладаг нотолгоонд суурилсан арга хэмжээ юм байна. ХСҮТ-ийн 60 жилийн ойд зориулан “Монос”-ын хамт олон хөгжмийн хаан төгөлдөр хуур бэлэглэжээ. Дан ганц төгөлдөр хуур байлгахыг хүсээгүй тул хэсэг газарт бага зэрэг тохижилт хийснээр хөгжмийн булантай болсон байна. Ингээд урлаг, соёлын байгууллагуудтай хамтрах санал тавихад урлагийнхан уриалгахан хүлээж авснаар долоо хоног бүрийн лхагва гарагт ХСҮТ-д Монголын болон дэлхийн сонгодог хөгжмүүд эгшиглэх болсон юм. Үндэсний урлагийн их театр, ДБЭТ, Улсын филармони, СУИС, Монгол Улсын Консерваториос эхлээд 12 байгууллага ХСҮТ-тэй хамтран ажиллаж, уран бүтээлчид нь хөгжмийн гайхамшгийг мэдүүлсээр бүтэн нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Өнгөрсөн хугацаанд 35 удаагийн тоглолт зохион байгуулсныг ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээ дурдлаа. Тэрбээр ярихдаа “Монос” эмийн үйлдвэрээс манай эмнэлэгт энэ сайхан төгөлдөр хуур, урлагийн орчныг тохижуулж, бүтээж өглөө. Эмнэлэг дотор төгөлдөр хуур байхаар үйлчлүүлэгчдэд сонирхолтой санагдаж магадгүй. Гэтэл дэлхийн өндөр түвшний эмнэлгүүдэд эмийн бус эмчилгээний маш олон арга нэвтэрсэн байдаг. Хавдар судлалын үйлчлүүлэгчид, ажилтнуудын хувьд энэ эмчилгээний хэрэгцээ шаардлага их. Яагаад гэвэл хөгжим хүнийг тайвшруулах увдистай. Хүн өөрийнхөөрөө мэдэрдэг, өөрийгөө чагнадаг. Ингэснээр гадагшаа тухайн хүнээс гарах, нийтэд хандах харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн хөгжим эмчилгээний үр нөлөөг дэмжих үйлчилгээтэй. Ялангуяа хавдрын онош сонсчихоод айж сандраад явж байгаа хүн сайхан хөгжим сонссоноор тодорхой нэг агшинд өвчнийхөө талаар төвлөрч бодох, яг өнөөдрийн байр сууринд “би хэн болчихоод байна вэ” гэдгээ байгаа үнэлгээнээс арай дээр өнцгөөр дүгнэж хардаг. Тэгэхээр айж сандрах биш, асуудлын гарц, шийдлийн төлөө  эрмэлзэх боломж бий болдог гэсэн үг. Мөн хими, туяа гээд нэрийг нь ч сонсоогүй эмчилгээнүүдээс айж эхэлдэг. Гэтэл хавдрын эмчилгээ нь дэлхийн жишигт нийцжээ. Эдгээр эмчилгээтэй холбоотой янз бүрийн гаж нөлөө гардаг. Түүнийг засахад хөгжим эмчилгээ, урлаг эмчилгээ өндөр үр нөлөөтэйг мэргэжлийн байгууллагууд судлаад гаргасан. Тэгэхээр үүнийг Монголдоо нутагшуулах эмнэлгийн үйлчилгээнд нэмэх анхны алхмыг ХСҮТ хийсэн” гэв. СУИС-ийн багш, оюутнууд гурав болон дөрөвдүгээр сард уран бүтээлээрээ өвчтөнүүд болон ажилтан, албан хаагчдын сонорыг мялааж буй. Тэгвэл энэ удаад СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн морин хуурын багш Д.Намсрайжав гурван оюутныхаа хамт иржээ. Тэд ямар бүтээлүүд тоглохоо хүртэл хоорондоо ярилцаад сонгосон байх юм. Хөгжмийн зохиолч Д.Ариунболдын “Нар тоссон нутаг”, Х.Алтангэрэлийн “Нутгийн зүг”, Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн говь минь”, Ц.Сүхбаатарын алдарт “Үүлэн бор” тэргүүтэй 10 бүтээлийг тоглохоор бэлтгэжээ. Эдгээр аялгууг сонгосон шалтгааныг асуухад “Хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудтайгаа ХСҮТ-ийн “Хөгжмөөр эмчилье” хөтөлбөрт оролцлоо. Бидний тоглож буй аялгуунаас хүмүүс тайтгарал авч байгаа гэдэгт итгэж байна. Үзэгч, сонсогчдод хүргэж байгаа хөгжмийн зохиолууд уул, ус, газар нутгийн сайхныг дүрслэн харуулсан утгатай юм. Ер нь сайн сайхныг бэлгэдсэн аялгуунууд. Тиймээс иргэдийг тайвшруулж, тэдний сэтгэлийг сэргээж, галыг нь асааж, итгэл үнэмшлийг төрүүлж чадна. Ийм бодлоор цоглог хэмнэлтэй хөгжмүүдийг голчлон сонгосон” хэмээн ярилаа. Тоглож буй хөгжмөө сонгоход хүртэл учир жанцан хэрэгтэй нь энэ буй за. Ц.Сүхбаатарын алдарт “Үүлэн бор”-ыг сонссон хүн бүрийн сэтгэл хөвсөлзөж, нутаг усаа санагалзах нь дамжиггүй. Магадгүй нутгийнхаа наадмын хурдан морины уралдаан, бага насаа санадаг байж болох юм. Тэгвэл Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн говь минь” аялгууг сонссон хүмүүсийн нэг хэсэг нь бодолхийлж, заримынх нь нүдэнд нулимс цийлэлзэн харагдана. Бодвол гэрээ, эх нутгаа санасан биз. 60 минут гэдэг дэндүү богино хугацаа юм. Нэг л мэдэхэд тоглолт дуусан, ХСҮТ-ийн бужигнасан амьдрал эргээд эхлэх нь тэр. ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээтэй цөөн хором ярилцлаа.

-Хөгжмөөр эмчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ямар өөрчлөлт гарав. Үр дүнгээс танилцуулна уу?

-Анагаах ухаан, эмнэлгийн тусламж үйлчилгээ хаашаа чиглэж байна вэ гэхээр хүнийг цогцоор нь, бүхлээр нь эрүүл байлгахад оршдог. Монгол Улсын хэмжээнд энэ бол шинэ юм. Гэтэл дэлхий нийтэд хүнийг цогцоор нь эмчлэх тухай асуудал өргөн тархсан байна. Өвчтөнийг зөвхөн эм, тариагаар эмчлэх нь хангалтгүй. Сэтгэл санаанаас эхлээд бүгдийг нь эрүүл байлгахын тулд бид хичээх ёстой юм байна. ДЭМБ-ын тодорхойлолтод хүртэл байдаг. Бие махбодийн хувьд зовуурь шаналгаагүй төдийгүй сэтгэл санааны хувьд төгс байгаа хүнийг эрүүл гэж дүгнэнэ. Тэгвэл хавдар маш эмзэг. Оношоо сонсох төдийд л  сэтгэл санааны гүн хямралд ордог. Хавдрын өвчний үйл явц төдийгүй эмчилгээ нь олон жил үргэлжилдэг учраас энэ хугацаанд сэтгэл санааг нь өргөх, тайвшруулах нь зайлшгүй чухал. Өвчин хожуу илрэх тусам хугацаа уртасч, эмчилгээ хүндэрдэг. Ингэхээр хавдар бол зөвхөн өвчтөний асуудал бус ар гэр, асран халамжлагчдад хүртэл хамааралтай. Тиймээс манай албанаас “Хөгжим эмчилгээ”-г өнгөрсөн оноос хэрэгжүүлсэн. Манай албанд сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, хоолзүйч ажиллаж байна. Мэргэжилтнүүд өвчтөнд бүхлээр нь үнэлгээ хийж, шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг. Өвчтөн үйлчлүүлж байгаа үед эмнэлгийн ерөнхий орчин эерэг уур амьсгалтай, хүнд итгэл найдвар төрүүлэхүйц байх ёстой.

-Урлаг, соёлын байгууллагуудтай хэрхэн холбогдсон бэ. Тэд яаж хүлээж авав?

-Жил бүрийн гуравдугаар сарын 1-нд “Дэлхийн хөгжим эмчилгээний өдөр” тохиодог. Үүнийг угтаж, төгөлдөр хуураа үзүүлэн болгохгүйн тулд  орчноо тохижуулсан. Ингээд 2022 оны гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийхдээ урлаг, соёлын байгууллагуудад саналаа хэлэхэд уриалгахан хүлээж авсан. Товлосон өдрүүдэд 12 байгууллагын 100 гаруй уран бүтээлч манай эмнэлэгт ирж тоглосон. Дэлхийн төдийгүй Монголын сонгодог бүтээлүүд эгшиглүүлсэн нь өвчтөн, тэдний асран хамгаалагчид, эмч, эмнэлгийн ажилчдын сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлсэн.

 

 

Энэ ташрамд, төгөлдөр хуур бэлэглэсэн “Монос” групп, уран бүтээлээ хүргэж, бидэнтэй найрсгаар хамтран ажиллаж буй урлагийн байгууллагууд, СУИС, Монгол Улсын Консерваторийн хамт олонд талархал илэрхийлье. Хөгжим бол эмчилгээ юм гэдгийг шинжлэх ухаанаар нотолсон учраас энэхүү хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байх болно.

-Хөгжим тоглохтой зэрэгцээд судалгаа авч байх шиг байна. Судалгааны үр дүнгээс танилцуулж болох уу?

-Ер нь энэ төрлийн судалгааг илүү гүнзгийрүүлж хийх ёстой. Анхан шатны судалгааг өнгөрсөн жил хийсэн. Судалгаанд оролцсон хүмүүсийн 87 хувь нь эмнэлгийн орчинд хөгжим эгшиглэх нь маш таатай байна. Ийм эмчилгээ бидэнд хэрэгтэй гэсэн хариу өгсөн байна билээ. Үүнээс харахад бид зөв ажил эхлүүлж, үйлчлүүлэгчдэд таалагдсан гэж дүгнэж болох юм. Бид ч урам авлаа. Эмнэлгийн орчинд эгшиглэж буй бүхий л хөгжим өвчтөнийг эдгэрүүлэх, урам өгөх, сэтгэлийн дэм хайрлахад зориулах ёстой. Өвчнийхөө тухай сонсоод урвайж, гуниглаж байсан хүнд инээмсэглэл бэлэглэсэн ая эгшиг л энд эгшиглэнэ. Түүнээс биш дурын хөгжим эгшиглүүлнэ гэсэн үг биш. Урлагийн байгууллагынхан ч бидэнд зөвлөдөг учраас тоглох бүтээлүүдээ сонгож, хамтдаа ярилцдаг юм.

-ХСҮТ бол Монголд ганц эмнэлэг шүү дээ. Өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байна вэ?

-Манай төв бол үндэсний хэмжээнд хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг цор ганц эмнэлэг юм. Өдөрт 5000 хүн дунджаар үйлчлүүлдэг. Тэдгээрийн 2000 гаруй нь өвчтөн, эмчлүүлэгсэд. Үлдсэн нь ар гэрийнхэн, асран хамгаалагчид байдаг. Өнөөдөр Монгол Улсад жилд 6000 орчим хавдрын шинэ тохиолдлыг бүртгэж байна. Сүүлийн 20 гаруй жилийн үзүүлэлтийг харвал 70-аас илүү хувь нь өвчний хожуу үедээ хорт хавдартай гэдгээ мэдэж байгаа юм. Хүндэрсэн үед өвчтөн ганцаараа явах боломжгүй учраас ар гэрийн оролцоо зайлшгүй шаардлагатай. Энэ нь ХСҮТ-өөр өдөртөө үйлчлүүлдэг хүний тоог олшруулж байгаа юм. 

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24546/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22