Эмэгтэйчүүдийн хөх, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдахын ач холбогдлыг таниулах “ЯГААН ТУУЗ АЛХАЛТ-2023” арга хэмжээг энэ сарын 3-нд зохион байгуулна. Монгол эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хорт хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байна. 2021 оны байдлаар манай улсын 100.000 хүн тутамд умайн хүзүүний хорт хавдрын 19.1, хөхний хорт хавдрын 16.8 тохиолдол ногдож буй нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт. Мөн умайн хүзүү болон хөхний хорт хавдрын тохиолдын 49.6 хувь нь III болон IV үедээ хожуу оношлогдож, эмэгтэйчүүдийн хорт хавдрын шалтгаант нас баралтын гуравдугаарт умайн хүзүү, дөрөвдүгээрт, хөхний хорт хавдар тус тус эрэмбэлэгдэж буй нь анхаарал хандуулах үзүүлэлт юм. Тиймээс дэлхий даяар 501 төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Хөхний хавдрын байгууллага анхлан санаачилсан тус арга хэмжээг Ягаан Алхалт Монгол -НҮТББ болон бусад байгууллага, хувь хүмүүстэй нэгдэн гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн “ЯГААН ТУУЗ АЛХАЛТ-2023” арга хэмжээг “ХАМТДАА АЛХЪЯ” уриан дор зохион байгуулах бөгөөд ХСҮТ-ээс Д.Сүхбаатарын талбай хүртэл ягаан өнгийг бэлгэ тэмдэг болгон алхалтын цуваа үүсгэнэ. Мөн энэ үеэр хорт хавдраар өвдсөн эмэгтэйчүүдэд тулгамддаг сэтгэл санаа, эрүүл мэнд, амьдралын дэглэмийг зохицуулах, хувийн ур чадварыг сайжруулах чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх бөгөөд хожуу оношлогдсоноос үүдэн гарах гарз хохирлын талаар анхааруулан сэрэмжүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдолыг ойлгуулах аж. Түүнчлэн хавдрын шинэ эмчилгээний талаар мэдээлэл өгөх өдөрлөг, зохистой хоол хүнсний амталгаат худалдаа, “Эртэч Монгол” ТББ-ын залуустай хамтарсан дасгал хөдөлгөөнийг дэмжих хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагаануудыг төлөвлөжээ.
“ЯГААН ТУУЗ АЛХАЛТ-2023” арга хэмжээнд хандив өгөх, хамтран зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, оролцохыг та бүхэндээ уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна