Х.Нуркен: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог бодлогоор дэмжвэл соёлын ялгаатай байдал арилна


Баян-Өлгий аймгийн Монгол ардын намын дэргэдэх СДМЭХ-ны тэргүүн Х.Нуркентэй ярилцлаа. Аавынхаа залгамж халаа болж оюутан ахуйгаасаа МАН-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон тэрбээр багш, нийгмийн ажилтны мэргэжил эзэмшихийн зэрэгцээ төрийн удирдлагын менежерээр мэргэшсэн. Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн Улаан загалмайн хороонд арга зүйч, бүсийн менежерээр эхлүүлсэн бөгөөд өдгөө аймгийнхаа МСҮТ-ийн захирлаар ажиллаж байна.  

 -Таныг Баян-Өлгий аймгийн СДМЭХ-ны гишүүн болсон үеэс эхлэн ярилцъя. Ямар зорилго, сэтгэлээр энэ хамт олны нэг төлөөлөл нь болохыг хүссэн бэ? 

-Аавтай минь холбоотой. Миний аав Т.Хозыхан намын сонгуульт ажилд идэвхтэй оролцдог ууган гишүүдийн нэг. МАН-ын XXVI Их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан хүн бий. Аавынхаа тууштай, зүтгэлтэй зан чанарыг багаасаа мэдэрч, үйл хэргийг нь харж өссөн. Энэ нь надад нөлөөлж оюутан байхаасаа Ардын намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох итгэлийг  төрүүлсэн юм.

Улс төрийн ажлын гараагаа 19 насандаа эхлүүлж, 2016-2020 онд Өлгий сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Тухайн үед сонгогдсон тойргийнхоо ард иргэдийн дуу хоолойг төрд хүргэн олон ажил хийж, улс төр дэх байр сууриа олохын зэрэгцээ 2020 оны Орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Шийдвэр гаргах түвшний эмэгтэй гишүүний хувьд улс төрийн аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож  Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны даргын үүрэгт ажлыг хариуцан ажилладаг. Түүнчлэн 2020 оноос аймгийнхаа СДМЭХ-ны тэргүүнээр сонгогдон ажиллахын сацуу Намын хорооны тэргүүлэгч гишүүн, бүлгийн дэд даргаар ажиллаж байна.

 

2024 оны сонгуулиар шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх зорилготой

-Холбооны эмэгтэйчүүд охид бүсгүйчүүдийнхээ дунд ороод ажиллахаар тэдэнд юу шаардлагатай нь мэдрэгдсэн байх.Таны хамгийн түрүүнд  хийхээр зорьсон ажил юу байв?

-Баян-Өлгий аймгийн  МАН нийт 20500 гишүүнтэйгээс 51 хувь буюу 10455 нь эмэгтэй. Сүүлийн дөрвөн удаагийн УИХ, АИТХ, сумын ИТХ-д нэр дэвшигчдийг хүйсээр нь судалж үзэхэд Баян-Өлгий аймгийн хүрээнд 2022 оны гуравдугаар сард сонгогдсон Намын хорооны Бүгд хурлын  330 гишүүний  57 нь эмэгтэй байна. Аймгийн хэмжээнд 99 багийн зөвхөн гуравд нь эмэгтэйчүүд Засаг даргаар томилогдон ажилладаг. Аймгийн хэмжээнд  шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо ердөө 15 буюу жендэрийн эрх тэгш байдал хангалтгүй байгаа тоон үзүүлэлтийг олж мэдсэн. Аймгийн хэмжээнд СДМЭХ-ны гишүүдийн тоогоор илүү мөртлөө шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд тун цөөн байна. Энэ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, 2024 оны сонгуулиар шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.

Намын дэргэдэх СДМЭХ-ны Баян-Өлгий аймгийн салбар холбоо нь 2023 онд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийтдээ 20 төрлийн ажлыг тэргүүлэгчдийн хурлаараа хамтран төлөвлөж "Хүний эрхийг дээдэлсэн нам" зорилтын хүрээнд нийгэм олон нийт, эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон төрлийн  үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Багагүй хугацаанд ажиллаад аймгийнхаа эмэгтэйчүүдэд тулгамдаж буй зүйлийг олж харж эхнээс нь ажил хэрэг болгож байна.Тэдгээрийн заримаас манай уншигчдад танилцуулж болох уу?

-Би СДМЭХ-ны Баян-Өлгий аймгийн салбар холбооны тэргүүний ажлыг 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаас хойш нэлээд ажил хийж, хэрэгжүүллээ. Юуны түрүүнд зөв хандлага, эерэг үзэл бодолтой, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг эмэгтэйчүүдээр багаа бүрдүүлэн эрч хүчтэй ажилласан. Дараагаар нь холбооныхоо эмэгтэй гишүүдийн судалгааг шинэчлэн, баг тус бүрээр нь гаргаж судалгааны баазыг бүрдүүлснээрээ онцлогтой. Баян-Өлгий аймгийн 13 сум, нэг тосгоныг тойрон ажиллаж, үе үеийн намын гишүүдийг, сонгуульт ажилтныг шагнан урамшуулж, салбар холбооны дарга нарыг шинээр томилсон. МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан “Зууныг бүтээлцсэн ээж” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, нийт 100 эмэгтэйд энгэрийн тэмдэг, тууз, гарын бэлэг гардуулж, 100-107 нас насалсан долоон настан бууралдаа хүндэтгэл үзүүллээ.

-Нийгмийн шинж чанартай олон ажил зохион байгуулсан. Тэдгээрээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарьсныг тань санаж байна?

-Тийм ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд манай аймгийн СДМЭХ-ны тэргүүлэгчид болон сум, багийн салбар зөвлөлийн тэргүүлэгчидтэй нэгдэн оролцлоо. Түүнчлэн нийгмийн чанартай ажлуудын заримаас дурдвал, ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг чадавхжуулах, ажлын байр бий болгох зорилгоор Аймгийн халамж үйлчилгээний газартай хамтран 97 эмэгтэйг талх, нарийн боов тогооч, үсчин гоо сайхны чиглэлээр сургаж, дадлагажуулсан. Эмэгтэйчүүд маань мэргэжлийн үнэмлэхтэй болсноос гадна 16 эмэгтэйг Халамж үйлчилгээний газраас олгож байгаа зээл, төсөл хөтөлбөрт хамруулаад байна.

-Хамгийн сүүлд “Энэрэнгүй эмэгтэй”өгүүллэгийн уралдаан зохион байгуулсныг харсан. Одоо ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Эмэгтэйчүүдийнхээ дунд уран зохиолын үргэлжилсэн үгийн төрлөөр зохион байгуулсан “Энэрэнгүй эмэгтэй” сэдэвт өгүүллэгийн уралдаан амжилттай болсон. Баян-Өлгий аймгийн эмэгтэйчүүдийн нийгэм, гэр бүл дэх үүрэг, өвөг дээдсээс уламжлал болсон эх хүний ёс заншил, ариун нандин чанарыг ард түмний дунд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, залуу үеийнхэнд өвлүүлэх нь уг уралдааны зорилго байлаа. Бид энэхүү уралдааныг СДМЭХ-ны Баян-Өлгий аймгийн салбар холбооны зөвлөл болон аймгийн Зохиолчдын холбоотой хамтран зохион байгуулсан.

 

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах түүхэн мөчид  манай аймгийн эмэгтэйчүүд дуу хоолойгоо хүргэж ажилласан

 -МАН хүний эрх, жендэрийн тэгш оролцооны хүрээнд багагүй ажил зохион байгуулж байна. Танай СДМЭХ-ны гишүүдэд энэ талаар мэдээлэл хэр хүрч байна вэ?

-Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайлал, эрхийг хамгаалах чиглэлийн хүрээнд олон улсын төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна. МАН-аас зохион байгуулж буй  “Шинэ зуун-Тэгш боломж” төсөл хөтөлбөрт  манай аймгаас шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийг оролцуулан, тэднийг чадавхжуулах, зоригжуулах сургалт-семинарт оролцуулж байгаа.  Шийдвэр гаргах түвшинд улс төрд оролцох эмэгтэйчүүд “Дэм дэмэндээ” төслийн хүрээнд зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийн хамтын манлайлалд та бидний оролцоо” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн СДМЭХ-нд ил захидал илгээснээс гадна Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах түүхэн мөчид манай аймгийн эмэгтэйчүүд дуу хоолойгоо хүргэж ажилласан.

-Та манай эмэгтэй манлай­лагчдын нэг. Тиймээс улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх таны байр суурийг сонсъё?

-Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ нам харгалзахгүй дэмжин гэдэг боловч цагаа тулж ирэхэд нэг нэгнээ дэмждэггүй. Үүнийг хэвшмэл ойлголттой холбон тайлбарлаж болно. Аймгийн онцлогийг шингээсэн эмэгтэйчүүдийн улс төр хийхэд сөрөг нөлөө үзүүлдэг асуудлуудыг нээж ил захидал хэлбэрээр илгээснээр үндэсний хэмжээнд  улс төрд оролцох эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх боломжтой. Үүнийг намын бодлогоор дэмжих шаардлагатай. Ингэж ажилласнаар эрэгтэйчүүд эмэгтэй гишүүдийг дэмжих боломж бүрдэнэ гэж би хувьдаа дүгнэдэг.

-Сүүлийн үеийн ярианы сэдэв сонгуульд улс төрийн нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчдийн харьцаа, дарааллын талаар яриа өрнөж байна. Харин та эмэгтэйчүүдийн квотын талаар ямар үзэл бодолтой байна вэ?

 -Шийдвэр гаргах түвшний эмэгтэй төлөөллөөр Монгол Улс дэлхийд сүүлээсээ дөрөв­дүгээр байрт ордог. Цаг үе хурдацтай хөгжиж байгаа өнөө үед шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн дуу хоолой маш бага байна.  Аливаа зүйлийг хатан ухаанаараа зөөлрүүлэн шийдвэрлэдэг эмэгтэйчүүдийн дуу хоолой төрд дутагдаж байгаа учир эмэгтэйчүүд маань “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-гээр хамтран ажиллаж, эвлэлдэн нэгдэн, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд өөрсдийн дуу хоолойг хүргэн ,эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар батлахад нөлөөлж чадлаа. 

Баян-Өлгий үндэсний онцлогтой аймаг. Үүний тулд үндэсний цөөнх рүү чиглэсэн бодлого баримтлан ажиллах нь зөв гэж боддог. Нэг үгээр хэлбэл, УИХ-д манай аймгаас шийдвэр гаргах түвшний эмэгтэй улстөрчдийг бодлогоор дэмжин жагсаалтаар оруулж, соёлын ялгаатай байдлыг эергээр шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь зүйтэй гэж боддог. Эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвшвэл тэдний санхүүжилтийн асуудлыг 50-70 хувь хүртэл бууруулах шийдвэр гаргавал эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд зоригтой орох боломж нээгдэнэ. Мөн шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийг жагсаалтаар оруулахдаа  эмэгтэй улстөрчдийн мэдлэг чадвар болон манлайлах чадвараар үнэлж дүгнэх нь зөв байх гэж боддог.

-“Дэм дэмэндээ” 50\50 клубийг намын эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор  байгуулсан  уу. Ажиглахад сэдэвчилсэн  хэлэлцүүлэг, сургалт нь их үр өгөөжтэй санагдсан?

-СДМЭХ-ны Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлийн идэвхтэн гишүүд 2022 оны арваннэгдүгээр сарын 14-нд Ховд аймагт болсон бүсийн сургалтад Баян-Өлгий аймгаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван хүн хамрагдсан. Үүний дараа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон БНСУ-ын КОЙКА ОУБ-аас зарласан “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг удирдамжийн дагуу  боловсруулан, намын дотоод соёл, хандлагыг өөрчлөх зорилгыг агуулсан “Дэм дэмэндээ” төсөл 21 аймгийн төслийн сонгон шалгаруулатад тэнцэн 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл төслөө амжилттай хэрэгжүүлсэн.

 Бичил төслийн хэрэгжилтийн  явцад зорилтот зургаан багийн хүрээнд “Дэм дэмэндээ” 50\50  клубээ байгуулсан бөгөөд цаашдаа Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын 13 баг болон 13 сум, нэг тосгонд клубээ  байгуулах зорилт тавин ажиллаж байна.

Бид том зорилгын хүрээнд ойлголтоо нэгтгэн, Монголын төрд дуу хоолойгоо хүргэх чухал цаг үетэй тулгарч байна. Нэг үгээр хэлбэл, жендэрийн бодлогыг иргэн бүрд ойлгуулахыг хичээн ажиллаж байгаа юм. Эмэгтэйчүүд эв эеийг эрхэмлэн аливаа зүйлийг зөөлөн аргаар хянамгай шийдвэрлэдэг онцлогтой. Тиймээс манай төр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээ дэмжих ирээдүйгээ харсан бодлого барьж байгаа нь зөв. Гагцхүү бид үүнийг л хөрсөн дээрээ зөв буулгах ёстой. Аливаа үйл ажиллагаанд жендэрийн тэгш эрхийн зарчмыг баримтлах нь зөв гэж боддог. Манай 50\50 клубээс зохион явуулсан хэлэлцүүлгүүдийг энэ зарчмаар  өрнүүлснээрээ онцлогтой.

-Цаашид СДМЭХ-ны гишүүдээ дэмжсэн ямар ажлыг зохион байгуулахаар  төлөвлөж байна вэ?

-Намын анхан шатны гишүүддээ сонгогчийн боловсрол олгох сургалт-семинар болон төсөл хөтөлбөрт хамруулах, тэднийг чадваржуулах үйл ажиллагааг “Дэм дэмэндээ 50\50 клубээрээ дамжуулан зохион байгуулах зорилго тавьж байна. Эмэгтэйчүүд бид  нөлөөллийн ажлуудыг олон удаа хийж хэрэгжүүлснээр аймаг болон улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж, эмэгтэйчүүдийн манлайллыг түгээн дэлгэрүүлэн, хэвшмэл ойлголтыг халж, шийдвэр гаргах түвшинд очтолоо тууштай улс төр хийдэг эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх боломжтой. Бусад аймагт “Дэм дэмэндээ” 50\50 клубийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх томоохон зорилго тавин ажиллаж байна. Тиймээс Монголын өнцөг булан бүрд байгаа охид бүсгүйчүүд, ээжүүддээ таны дуу хоолойг төр засагт хүргэн төлөөлөл болж ажиллах эмэгтэйчүүдээ дэмжээрэй гэж уриалъя.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24555/

 



0
angry
2
care
0
haha
8
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 8 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 11 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 11 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 11 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 11 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 11 цагийн өмнө
SDY Calling you... 11 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 11 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 12 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 12 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 12 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22