Д.Цогбадрах: Өвлөгдсөн мэдрэмж, олсон мэдлэгээрээ олон хүнийг өвдөлтөөс салгах нь миний үүрэг


Галын домч, бариач Д.Цогбадрахтай ярилцлаа.

-Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Би Завхан аймгийн Нөмрөг сумынх. Ам бүл арвуулаа. Айлын отгон хүүхэд. Намайг зургаан настай байхад аав, ээж нутгаасаа гарч, Эрдэнэт хотод суурьшсан. Би хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч мэргэжилтэй. Энэ мэргэжил маань бариачтай холбогддог. Гэхдээ сүүлд энэ мэргэжлээрээ бус бариа заслаараа дагнан ажиллаж байгаа. ОБЕГ-ын харьяа “Жаргалант” сувилалд 2021 оны хоёрдугаар сард уламжлалтын бариа засалчаар орж, өдийг хүртэл ажиллаж байна. Одоогоор хувийн шалтгаанаар ажлаасаа урт хугацааны чөлөө авчихсан байгаа.

-Та бариа засалч болох эхлэл сууриа хэдэн настайдаа тавьсан бэ?

-Бариа засалч болох увдист чанар надад удам дамжсан. Миний өвөө нутаг усандаа “яс бариач” гэдгээрээ алдартай бариач байсан. Бас ээж маань бариач, үзмэрч хүн байсан. Ээжийг маань хүмүүс “Бүдүүн эмээ” гэж авгайлдаг. Энэ нэрээр нь нутаг усныхан маань, бас Эрдэнэтийнхэн анддаггүй байлаа. Ээжид үзүүлж бариулах гэсэн хүмүүсийн цуваа тасардаггүй. Заримдаа дугаарлаад хүлээгээд суучихдаг байсан. Тиймээс ээждээ туслах зорилгоор өөрийн мэдрэмжээрээ барьж эхэлсэн. Ээж маань ч зааж сургадаг байлаа. Тухайн үед би арван настай байсан. 

Ээжийн надад зааж зөвлөдөг байсан нь одоогийнхоор бол сургалт гэж болно. Уламжлалт анагаах ухаанд оношилгоо-бариа гэж бий. Бариач нар өөр өөрийн онцлог, арга барилтай. Ээж маань зөвхөн барих бус барьж байх явцдаа тухайн хүний өвчнийг оношилж, эмчилдэг чадвартай байсан. Хүн аливаа зүйлийг эхлээд харж, дараа нь өөрөө хийж үзэж байж сурдаг. Ээж мэргэлж, үзэж харж, судас барьж,  бариа засал хийдэг нь бидний өдөр тутмын амьдралын хэв маяг. Үүнийг би ухаан орсон цагаасаа л харж өссөн. Би уламжлалт анагаах ухаанд сонирхолтой тул өөрийн хүслээр энэ төрлийн ном судар их уншиж судалдаг байлаа. Сонирхолдоо хөтлөгдөн энэ салбарт багаасаа хөл тавьсан учраас улам л гүн рүү нь орохыг хүссэн. Тиймээс гарт өвлөгдсөн мэдрэмж, толгойд суулгасан мэдлэгээ улам гүнзгийрүүлж, албажуулах зорилгоор “Оршихуйн үндэс” гэдэг сургалтад хамрагдаж, анхан шатнаас эхлүүлэн бүх шатыг нь дүүргэсэн.

-Нэг үеэ бодвол бариа засал гэсэн хаягтай газрууд нэлээд нээгдэж, түүгээр үйлчлүүлэгчид ч нэмэгдэх болсон. Ер нь сайн бариач эсэхийг хэрхэн тодорхойлж болох вэ?  

-Уламжлалт анагаах ухаанаар уламжлагдан ирсэн эмчилгээний бариа засал гэдэг маш чухал. Эмчилгээний бариа засал бол иллэг массаж, алжаал тайлах барианаас огт өөр арга барил, техниктэй байдаг. Ээжийн маань ярьж байснаар хоёр сударны дунд үс хийж, тэнд хэдэн үс байгааг тэмтрүүлж, бариачийн чадварыг шалгадаг байсан юм билээ. Бариач бол энгийн хүнээс хэд дахин илүү мэдрэмж өндөртэй буюу хурууны өндөгний зургаа дахь мэдрэхүйтэй байдаг.

Дээр үеийн ахмадууд нуруунд их ач холбогдол өгдөг байсан. Ууц нуруунаасаа даарч болохгүй гэдэг. Судар номонд нурууг алтан багана гэж нэрлэж бичдэг байсан. Мэдрэлийн 31 хос судас нуруунаас салаалж, эрхтнүүд рүү очдог. Эдгээр судсанд нөлөө үзүүлдэг зүйл бол нуруу дагасан загас мах буюу булчин. Энэ булчин чангарч буйн шалтгаан хөдөлгөөний дутагдал. Нуруу бол дүлий эрхтэн. Өвдөлт нь хурдан, хүчтэй мэдрэгддэггүй. Нурууны ямар нэгэн өвчлөлтэй хэдэн ч жил явдаг аюултай. 

Булчин чангарч, судас зангирч улмаар үрэвсэл үүсэж, тэжээлийн дутагдалд орсноор хурдан хөгширдөг, эд эрхтэн үрэвсэж, өвчилж эхэлдэг. Нурууны өвчтэй олон жил явсан хүнд эмчилгээний бариа хийхэд өвдөлт мэдэрдэг. Гэтэл зарим хүн “Тэр бариач чанга барьж, өвтгөдөг” гэдэг буруу ойлголттой байдаг. Өвдөлт хаана байна өвчин тэнд байдаг, хэдий хэмжээний өвдөлт мэдэрнэ төдий хэмжээний өвчин задарч, хэвийн байдал руугаа шилжиж байдаг. Харин эрүүл хүнийг яаж ч барьсан өвдөхгүй.

-Сүүлийн үед залуучуудын дунд нурууны өвчлөл газар авч байна. Энэ төрлийн өвчлөл юунаас үүдэлтэй байна вэ?

-Аливаа өвчний гол үндсэн шалтгаан судасны зангирал ба булчингийн чангарал. Сул байсан булчин чангарснаар судсанд даралт өгч, улмаар судас зангирч эхэлснээр эрхтэнд очих цусан хангамж багасдаг. Үүнээс үүдэн янз бүрийн өвчлөл бий болдог. Намайг бага байхад ээжээр бариулахаар ирсэн хүмүүсийн дийлэнх нь толгой өвдсөн, гар хөлөө гэмтээсэн, савны хийх гаргуулах гэх мэт шалтгаантай байдаг байсан бол одоо намайг зорьж ирж буй хүмүүсийн дунд нурууны өвчлөлтэй хүн олон байна.

 Булчингийн чангарал, нурууны суулт, муруйлт гэх мэт суудлын өвчин элбэг болж буй нь амьдралын буруу хэв маягтай холбоотой. Энэ төрлийн өвчлөлд нас ямар ч хамаагүй. Бага насны хүүхэд ч өвчлөх эрсдэлтэй. Булчингийн чангарал өсвөр насны хүүхдүүдийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг аюултай. Хөдөөгийн болон хотын хүүхдүүдийн биеийн өсөлт өөр, ханиад томуу тусах, өвчлөх зэрэг нь харилцан адилгүй байдаг нь хөдөлгөөн, агаар, хоол хүнстэй холбоотой. Хөдөөний хүүхдүүд морь унах, хонь малд явах, аргал түлш түүх, ус авах гэх мэтээр тогтмол хөдөлгөөнтэй байдаг. Тоглоом наадгай нь хүртэл гүйж харайх гээд хөдөлгөөнтэй байх жишээтэй.

 Гэтэл хотын хүүхдүүдийн хувьд хичээл сургуульдаа машинаар хүргүүлдэг, буйдан дээр сууж зурагт, утас үздэг. Энэ бол нийтлэг дүр зураг. Үүн дээр нэмээд Улаанбаатар хотын агаар бохирдолтой. Булчингийн тэжээл бол хүчилтөрөгч буюу цэвэр агаар, мөн шим тэжээлтэй хоол хүнс. Тиймээс залуучууд гэлтгүй бүх насныхан маань хөдөлгөөн хийхээс гадна хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй.

-Бүх насныханд түгээмэл тохиолдож буй энэ төрлийн өвчлөлийг бариа заслаар бүрэн эмчлэх боломжтой юу?

-Боломжтой. Хүнийг өвчлүүлдэг, хамгийн аюултай үрэвсэл гэдэг зүйлийг тоохгүй орхиж болохгүй. Борооны дараа энд тэнд тогтсон ус, цөөрөм эхлээд гоё харагддаг ч хэсэг хугацааны дараа өмхийрчихдөг шүү дээ. Үүнтэй яг адил эргэлтэд орохгүй зогсонги байдалд ороод удчихсан цус үрэвсэж, улмаар хэвийн цус руугаа нэвчиж үрэвсүүлж эхэлдэг.

Сайн бариач зогсонгишсон цустай олон жил явсан хүнийг оношилж, эмчилгээний бариа хийхэд тэр хэсэгт нь хөхрөлт үүсдэг. Гэхдээ хэр баргийн бариач үүнийг хийж чадахгүй. Мэдрэмж, зөв арга техникээр булчингийн цэг, ширхэгийг олж барихгүй бол эрсдэл дагуулна. Булчин өөрөө гадуураа нимгэн хальстай байдаг. Тэр хальсийг гэмтээвэл булчин задрах аюултай. Би энэ нарийн арга техникийг бариач найз нөхөддөө зааж өгдөг ч тэд сурдаггүй. Яаж ч зааж зөвлөөд сурахгүй юм билээ. Тэгэхээр ер нь удам дамжсан, гарт өвдөгдсөн арга барил, мэдрэмж байдаг юм байна гэж боддог.

-Эмчилгээний бариа засал хийлгэхэд хэд хоногт үр дүн мэдрэгдэх вэ?

-Ерөнхийдөө эхний үр дүн тав хоногт гарна. Гэхдээ тухайн хүний биеийн онцлог, нас, өвчлөл ямар хэмжээнд байгаагаас шалтгаалж, харилцан адилгүй хугацаа шаардлагатай. Манай сувилал долоо хоногийн таван өдөр амрагчдад бариа засал хийдэг. Удирдлагууд “Үйлчлүүлэгчид танай бариач чанга барьдаг, өвтгөдөг гэж гомдол мэдүүлж байна” гэж анхааруулж, сануулдаг байсан.

 Би эхлээд тухайн хүний өвчлөл, булчингийн чангарал хаанаа байна, тэр нь ямар түвшинд байгааг хэлж, хэд хоног бариа засал хийх ёстой, гарах үр дүн, эхний гурав хоногт өвдөлттэй байж, дараа өдрөөс нь багассаар тодорхой хугацааны дараа ямар ч өвдөлтгүй болох талаар тайлбарладаг. Өвчтөн сэтгэл санааны бэлтгэлтэй байж бариулахгүй бол “Өвдөж байна” гээд шантарч болих тохиолдол байдаг. Ийм шийдвэр гаргаж татгалзаж буй хүмүүс хаана өвдөлт мэдэрч байна тэнд өвчлөл бий гэдгийг ойлгохгүй байгаа нь харамсалтай.

Бариач чанга, зөөлөн барих нь чухал биш. Харин хүний биеийн онцлогт тохируулж, мэдэрч барих л хамгийн чухал. Ахмад настан, залуу хүн, хүүхдийг  өөр өөр арга техникээр барьдаг. Үүгээр ч зогсохгүй жин их, багатайгаараа ч ялгаатай байдаг. Өөрийн мэдлэгтээ суурилж, мэдрэмждээ хөтлөгдөж барьдаг. Энгийн иллэг бариа бол арьс, мах хоёрт өгч буй тааламжит мэдрэмж. Амтлах мэдрэмж гэдэг шиг энэ бол хүрэхүй мэдрэмж. Ийм бариа хийлгэхэд тэрхэн хугацаандаа хүн амарч, тайвширдаг. Гэтэл өвчин арьс, махны цаана булчингийн дотор талд үүсдэг учраас эмчилгээний бариа заслаар тэр цэгийг нь олж дарахаар өвдөлт мэдрэгддэг.

-Та ажлын шугамаар болон албан бусаар янз бүрийн шалтаг шалтгаантай олон хүнтэй учирч байсан байх. Заримаас нь онцолж, хуваалцана уу? 

-Бид хамгийн гол тулгуур багана болсон эрхтэн болох нурууг мартаж, зөвхөн таван цул эрхтнээ л үзүүлж харуулж, эмчлүүлдэг. Бариулдаг, огт бариулж байгаагүй хоёр хүн газар, тэнгэр шиг ялгаатай байдаг. Сүүлийн үед уламжлалт анагаах ухаан нэлээд хөгжиж, хүрээгээ тэлж байна. Хүмүүс ч эмгүй эмчилгээ гэдэг утгаараа нь сонирхож, бариа засал нэлээд хийлгэж, эрүүл мэнддээ анхаардаг болжээ. 

Германд ажиллаж, амьдардаг эхнэр, нөхөр хоёр Монголд ирээд нурууны суулттай, булчингийн чангаралтай гэсэн оноштойгоор нэг томоохон эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн юм билээ. Ингэхдээ сайн гэсэн эм тариа болгоныг дотоод, гадаадаас авч хийлгэсэн тухайгаа ярьсан. Эмнэлгээсээ гарсны дараа манай сувилалд хэвтсэн байсан. Намайг оношийн бариа хийж эхлэхэд наад захын булчингууд нь суларч, өвдөлт нь намдсан байсан хэдий ч гүний булчингууд чангарсан, өвдөлттэй хэвээр байсан. Эхний гурав хоногт нэлээд өвдөлттэй байсан ч дөрөв, тав дахь өдрөөс өвдөлт нь багасаж, булчингууд нь суларч, бие нь хөнгөрч эхэлсэн гэдгээ надад хэлсэн. Тэгээд нөхөр нь “Ах аа би эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгээд өөрийгөө эдгэрсэн гэж хуурч байсан юм байна. 

Тариа тарилга хийлгээд бие хөнгөрөөд их л сайхан болох шиг болсон. Гэтэл энэ бол түр зуурынх байж. Цаад үндэс шалтгааныг нь олж эмчлүүлэх ёстой юм байна” гээд баярласан сэтгэлээ илэрхийлсэн. Тэр залуугийн нурууны нэг булчин нь өвдсөн, нөгөөх нь гайгүй байсан. Тиймээс бариа засал хийхэд чангарсан булчин нь илүү их өвдөлттэй байсныг ялгаж мэдэрсэн байсан. Хэвийн булчин 20 орчим см байдаг бол чангарч, өвчилсөн булчин түүнээс тав, арван см-ээр багасаж, ясаа мурийлгаад татчихдаг. Хүний нурууны яс уян хатан учраас чөлөөтэй хөдөлдөг. Тэгэхээр булчин чангарч, агшаад татчихаар нуруу түүнийг дагаад муруйчихдаг гэсэн үг.

-Таныг таван настай хүүхдийг бариа заслаар хөл дээр нь босгосон гэж сонссон. Энэ тухайгаа хуваалцаж болох уу?

-Тэр таван настай хүүхдийн эмээ нь манай сувилалд амарч, надаар бариа засал хийлгэсэн юм. Тэгээд эмээ “Хөл дээрээ гишгэж чаддаггүй, явж чаддаггүй таван настай зээгээ бариулмаар  байна” гээд санал тавиад би очиж үзсэн. Тэгэхэд доод мөчний булчин нь чангарч, үрэвссэн байдалтай байсан. Ажлын бус цагаараа арав гаруй хоног бариа засал хийхэд нөгөө хүүхэд маань юм түшээд босож ирдэг болсон. Дараа нь хүний гараас атгаад алхаж, улмаар тэнцвэрээ олоод өөрөө ганцаараа зогсдог болсон. Гэхдээ одоохондоо өөрийгөө удирдаж, явж чадахгүй байгаа. Таван жил суугаа байдалтай байсан учраас богино хугацаанд хэвийн болж, сэргэхгүй. Тууштай, тэвчээртэй байсны эцэст л үр дүнд хүрнэ шүү дээ.

-Таныг оношийн бариа хийхээс гадна гал засал хийдэг гэсэн. Ийм заслаар хүнийг эмчилж, анагаах боломжтой юу?

-Зарим хүн өвдөлт мэдэрч чаддаггүй, түүнийг дааж давж гарч чадахгүй тохиолдол байдаг. Тиймээс эмчилгээний бариа засал хийлгэхээс татгалздаг. Ийм хүмүүсийг яаж эрүүлжүүлэх вэ гээд судалж үзээд Хятад улсаас гаралтай, 5000 жилийн түүхтэй гал заслын аргатай танилцсан. Энэ бол тухайн үед Хятадын хаад ноёд, хатдад хийдэг байсан домын арга юм билээ. 

Шинжлэх ухаан хүний биеийг эсийн түвшинд хүртэл судалж, энерги болохыг тогтоосон. Энерги гэдэг бол дулаан. Тиймээс галыг хүний биед хийхэд тэр нь эсийн түвшинд хүрч үйлчилдэг. Эсийн дотор энерги байгаа учраас гаднаас гал өгөхөөр эс өөрөө сэргэж, хөгжиж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, дархлааны систем сэргэж байна гэсэн үг. Ингэснээр элдэв янзын үрэвсэл, өвчлөлийг устгаж, дарангуйлдаг.

Монголчууд бүх талаараа галтай холбогддог. Бид галыг шүтэж тахиж ирсэн ёс заншилтай ард түмэн. Дээр үед хөгшид хөл гар, үе мөч нь өвдөхөд тослоод галд ээдэг, хүүхэд айж, уйлж цочиход гал руу давс хийж ширгэлдэг байсан шүү дээ. Одоо ч зарим хүн энэ ёс заншлыг амьдрал ахуйдаа хэрэгжүүлсээр байна.  Хоёр л зүйл хүнийг ариусгадаг гэдэг. Нэг нь ус, нөгөөх нь гал. Гал хүнийг эс, үе, генийн түвшинд цэвэрлэж, ариусгадаг. Гэхдээ мөн л тухайн хүний бие организмын онцлог, нас, өвчлөл зэргээс шалтгаалж галын заслыг тусгай арга техникээр хийдэг.

-Таны цаашдын зорилго зорилт юу вэ?

-Би аливаа зүйлийг учир жанцантай, өгөгдөлтэй гэж ерөөлөөр хүлээж авдаг. Би өөрөө хутагт хувилгаадын нутгийн хүн. Халхын 13 хутагтын ес нь Завхан аймгийнх. Тэдний зургаа нь манай нутгийн Ойгон нуурыг тойрж төрж, өссөн түүхтэй. Би найз нөхөдтэйгээ хамтарч бизнес хийх гэх мэтээр өөр чиглэлээр ажиллах гэж оролддог ч нэг л мэдэхэд эргээд бариа засалтай холбогдчихдог. Намайг хүссэн хүсээгүй цаанаас нь л бариа засал руу чиглүүлж, оруулдаг. Тиймээс би өөрт байгаа өгөгдлөө, мэдрэмж, мэдлэгээ ашиглаж, олон хүнийг өвдөлтөөс нь салгаж, эрүүлжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар шийдсэн. Өвлөгдсөн мэдрэмж, олсон мэдлэгээрээ олон хүнийг өвдөлтөөс нь салгаж, эрүүлжүүлэх нь миний үүрэг, хувь тавилан гэж ойлгодог. 

Нэр: Галын домч, бариач Д.Цогбадрах

Фэйж хуудас: Galiin domch Bariach Tsogoo

Холбоо барих утас: 89090003

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24562/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22