МҮХАҮТ нь “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах” MONMAP төслийн багтай зөгийн балын кластер байгуулах болон орон нутагт хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг дэмжих туршилтын төсөл хэрэгжүүлэх үндсэн хоёр чиглэлээр хамтран ажиллаж байна.
Тус төслийн хүрээнд Зөгийн балын экспортын кластер байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Монгол Улс дахь Япон Улсын ЭСЯ-ны Дэд тэргүүн Кикүма Шигэрү, MONMAP төслийн мэргэжилтэн Акио Нишиами, “Зөгийн балын кластер” ТББ-ын гүйцэтгэх захирал Ибукуро Томоко, УЗ-ийн дарга М.Нарантуяа болон нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын төлөөлөл оролцов.
“Зөгийн балын кластер” ТББ-ын УЗ-ийн дарга М.Нарантуяа тус кластер нь кластерын гишүүддээ олон улсын зах зээлд нэвтрэх, экспорт хийхэд техник, технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, сургалт, үзэсгэлэн зохион байгуулах, олон улсын болон бусад эх үүсвэрүүдээс санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг авахад зориулсан төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана гэлээ. Мөн Монголын зөгийн бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд 2025 он гэхэд жилд 20 тонн зөгийн бүтээгдэхүүн экспортлохыг зорьж байна гэж хэлэв.
“Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах” MONMAP төслийн мэргэжилтэн Акио Нишиами төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудынхаа талаар товч танилцуулаад, Зөгийн балын кластерын үйл ажиллагаанд тулгарах сорилтуудыг даван туулахад дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
“Зөгийн балын кластер” ТББ-ын гүйцэтгэх захирал Ибукуро Томоко Монгол Улсаас экспортод гарч буй зөгийн балын хэмжээ маш бага, импортын хэмжээ их байна. Үүнд нөлөөлж буй хүчин зүйл нь дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалтын чадавх, тогтолцооны боловсронгуй бус байдал юм.
Экспортын эрэлтийг хангах нийлүүлэлтийн системийг бий болгох замаар энэ байдлыг залруулж, сайжруулахыг зорьж байна. Үүнд холбогдох төрийн байгууллагууд болон нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын оролцоо чухал гэлээ.
Европын Холбооны Монголын худалдааг дэмжих TRAM төслийн хүрээнд байгуулагдсан Монголын экспортын кластерын сүлжээ болон Чацарганын бүтээгдэхүүнийг Европын холбооны улсууд руу экспорт хийсэн тухай эксперт Карл Клрюг танилцууллаа. Тэрээр ЕХ-ны импортын гаалийн тарифын хөнгөлөлт олгох систем буюу “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем”-ийн дагуу Монголоос ЕХ-руу Зөгийн бүтээгдэхүүнийг экспортлоход гаалийн татвараас 70% хөнгөлөгдөх боломжтойг танилцуулаад хүнсний бүтээгдэхүүний чанарын өндөр шаардлагыг хангах хэрэгтэйг онцлов.
Мөн энэ үеэр “Михачи” ХХК-ийн менежер Б.Билгүүн Зөгийн балын экспортын үйл явцын талаар, ХХААҮ судалгаа хөгжлийн төвөөс Зөгийн балын мушгилтын системийн талаар тус тус танилцуулсан юм.
Нээлтийн арга хэмжээний төгсгөлд нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын дунд “Зөгийн балын экспортод бид бэлэн үү?” хэлэлцүүлгийг өрнүүллээ.
Эх сурвалж: МҮХАҮТ