Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчнээ чадавхжуулж, нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд анхаарч байна


Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяртай ярилцлаа.

 -Та батлан хамгаалахын салбарыг удирдаад багагүй хугацаа өнгөрлөө. Сайдын хувьд энэ салбарт ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ. Ер нь батлан хамгаалах салбар ямар бодлогод тулгуурлаж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?

-Батлан хамгаалахын сайдаар томилогд­соноос хойш гурван жил гаруй болжээ. Энэ хугацаанд Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болох “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого зэрэгт батлан хамгаалах чиглэлээрх бодлого, зорилтууд болон хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ нарийвчлан тодорхойлж тусгуулан, хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч ирлээ. Миний бие Батлан хамгаалахын сайдаар томилогд­сон өдрөөсөө эхлэн Зэвсэгт хүчнээ хөгжүүлж чадавхжуулах, цэргийн зэвсэглэл, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, түүн дотроо үндэсний цэргийн үйлдвэрлэлийг эхлүүлэх, хөгжүүлэх, нэгтгэл, анги, салбаруудын бэлэн байдлыг дээшлүүлэх, улс орны стратегийн бүтээн байгуулалт болон олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох орол­цоог нэмэгдүүлэх, алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, сал­барынхаа төсөв, алба хаагч­дынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэр тусмаа нийт бие бүрэлдэхүүний сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор “Хандлагаа өөрчилье, хариуцлагаа өндөржүүлье” гэсэн бодлого, чиглэлийг баримтлан ажиллаж байна.

Аливаа улсын батлан хамгаалах бодлого тухайн улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэснийхээ язгуур эрх ашигтай нягт уялдаатай байдаг. Энэ ч утгаараа уламжлал, шинэчлэлийн нэгдлийг хангаж, өөрчлөгдөн боловсронгуй болохын зэрэгцээ тасралтгүй үргэлжилдэг процесс. Тиймээс батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, 2016 оноос хойш тодорхой хуулиудын өөрчлөлтийг УИХ-аар батлуулсан нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бас нэгэн түүхэн шинэчлэлийн нэг болсон. Бид Монгол Улсын Зэвсэгт хүчнийг 2050 он гэхэд цэргийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчин болсон байна гэж “Алсын хараа”-гаа тодорхойлсон, түүнд хүрэхийн төлөө зорин ажиллаж байна.

-Батлан хамгаалах салбар өргөн хүрээг хамардаг. Салбар удирдсан цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд онцлох ямар ажлуудыг амжуулав?

-“Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлнэ” гэсэн үндсэн зорилтын хүрээнд өнгөрсөн хугацаанд олон ажлыг, бодитоор хэрэгжүүлээд байна. Тухайлбал, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний хөгжлийн асуудлаар ҮАБЗ, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын түвшинд 100 гаруй асуудлыг хэлэлцүүлэн, холбогдох шийдвэр гаргууллаа. 2020 онд Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтад ЗХЖШ-ын “Тусгай хүчний цэргийн командлал”, “Кибер аюулгүй байдлын цэргийн командлал”, “Барилга-инженерийн цэргийн удирдах газар”-ыг шинээр байгуулж, шинэ төрлийн цэргийн командлал, удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааг жигдрүүлсэн нь түүхэн арга хэмжээ болсон. 2022 онд Тагнуулын байгууллагын тухай хуулийг батлуулж, Цэргийн тагнуулын газрыг ЗХЖШ-ынхаа бүтцэд дахин шилжүүлж, өмнө нь гаргасан гажуудлыг залруулсан. Бид “Хэрэглэгч салбараас бүтээн байгуулагч, үйлдвэрлэгч салбар болох” зорилго дэвшүүлэн зэвсэгт хүчинд цэргийн зориулалттай техник, тоног төхөөрөмжийг бүтээх туршилт, судалгааны долоон төв байгуулсан. Тухайн төвүүдээ түшиглэн сэргээн сайжруулалт, туршилт судалгааны ажлуудаа эрчимтэй хэрэгжүүлж байна. Энэ оны онцлох томоохон ажлын нэг нь Зэвсэг, галт хэрэглэлийн үйлдвэр байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, үндэсний сум, галт хэрэглэлээ дотооддоо үйлдвэрлэж эхлэхээр ажиллаж байна. Энэ бол маш том амжилтын эхлэл. 

-Салбарын төсвийг нэмэгдүүлэх ямар гарц, шийдэл байна вэ. Байнгын бэлэн байдалд ажилладаг хүмүүст нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор шийдвэрлэх нь аль аль талдаа чухал байх?

-Дэлхийн тэргүүлэгч орнууд энэ оноос батлан хамгаалах салбарынхаа төсвийг үлэмж нэмэгдүүлсэн. Улс орнууд батлан хамгаалах төсвөө ийнхүү нэмэгдүүлж байгаа нь бүс нутгийн болон даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд тодорхой эрсдэл сорилтыг бий болгох магадлалтайг судлаачид үздэг. Энэ нь батлан хамгаалах салбарын хувьд анхаарах асуудал. Батлан хамгаалах салбартаа зарцуулдаг төсвийн үзүүлэлтээр Монгол Улс 145 орноос 115 дугаарт ордог. Мөн улсын төсөвт эзлэх хувь нь 2.0-2.4, дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6 хувийг эзэлж байгаа нь өмнөө тавьсан зорилт, олон улсын жишгээр батлан хамгаалах салбарыг зохих түвшинд хөгжүүлэхэд чамлалттай үзүүлэлт. Энэ нь Монгол Улсын ҮАБ-д сөргөөр нөлөөлөх, улс орны батлан хамгаалах чадавх сулрах, зэвсэгт хүчний бэлэн байдал алдагдах зэрэг эрсдэлийг дагуулж байгааг анхаарч, батлан хамгаалах салбарын төсвөө нэмэгдүүлэх цаг гарцаагүй болсон. Батлан хамгаалах төсвийн дийлэнх буюу 95 гаруй хувийг үйл ажиллагааны зардал эзэлж, зөвхөн урсгал хэрэглээг хангах төдий л байна. Бид зүгээр суулгүй, батлан хамгаалах салбар бүтээгч үйлдвэрлэгч байх зорилт тавьж ажилладаг. Тиймээс батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулахын зэрэгцээ зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг салбараа бэхжүүлэхэд бүрэн зарцуулдаг байх бодлогыг баримтлан ажиллаж байна. 

-Салбарын нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ. Хаа сайгүй хүний нөөцийн дутагдалд ороод байгаа энэ үед батлан хамгаалах салбар боловсон хүчнээ хадгалж үлдэхийн тулд ямар бодлого барьж байна вэ?

-Нийгмийн хамгааллын тухайд миний бие Батлан хамгаалахын сайдаар томилогдсон өдрөөс эхлэн зэвсэгт хүчнээ хөгжүүлж чадавхжуулах олон зорилт, арга хэмжээ дэвшүүлсний нэг нь алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг эрс сайжруулах, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, салбарынхаа төсөв, алба хаагчдынхаа цалинг нэмэгдүүлэх бодлого, зорилтыг дэвшүүлэн ажиллаж ирсэн. Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчин маань байнгын бэлэн байдалд улс, эх орныхоо аюулгүй байдлыг хангаж ажилладгаараа онцлогтой. Тиймээс цэргийн алба хаагчдыг нийгмийн асуудлыг аль болох шийдвэрлэж байх учиртай нэн тэргүүний асуудал. Ингэснээр мэдээж хэрэг алба хаагчдын сэтгэл хоёрдохгүй үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдэж, бэлэн байдал хангагдах чухал ач холбогдолтой. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын нэмэгдлийг харьцуулан үзэхэд цэргийн алба хаагчийн цалингийн хэмжээ харьцангуй бага байсан. Үүнтэй холбоотойгоор цөөнгүй алба хаагч ажлаасаа гарч, зарим нь шилжсэн харамсалтай тоо баримт бий. Бид өөрсдийн бэлтгэсэн хүний нөөцөө тогтвортой ажиллуулахын тулд хийсэн томоохон алхмын нэг нь цалингийн зэрэглэлийг үе шаттайгаар хоёр ч удаа дотооддоо шинэчилсэн асуудал. Түүнчлэн Засгийн газраас алба хаагчдын цалингийн хэмжээг 2023 онд хоёр удаа нэмэгдүүлэн тогтоосноор цэргийн алба хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгаалал тодорхой түвшинд дээшилж, бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын цалин хөлстэй ижил хэмжээнд хүрлээ. Салбарын хувьд алба хааж буй офицер, ахлагч нарынхаа нийгмийн баталгааг дээшлүүлэх хүрээнд Засгийн газрын шийдвэрээр зарим анги, байгууллагын орон сууцыг амьдарч байгаа офицер, ахлагч, ахмад дайчдад үнэгүй хувьчилж, мөн албан тушаалын 570 орчим айлын орон сууцны үнийг өнөөгийн зах зээлийн үнэ ханшаас 30-50 хувиар бага байхаар тогтоон, оршин сууж буй офицер, ахлагч нарт хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлсэн. Үүнээс гадна офицер, ахлагч, ахмад дайчдад орон сууц, гэр, байшин худалдан авахад нь зориулж 500 орчим сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлж, алба хааж байгаа бие бүрэлдэхүүнийг албан тушаалын орон сууцаар хангах, гэр олгох, эдэлбэр газартай болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Түүнчлэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулж Зэвсэгт хүчний хөгжлийн санд бүтээн байгуулалтаас олсон орлогыг төвлөрүүлэн салбарын өмнө тулгамдаад байгаа нийгмийн хамгааллын асууд­лыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. 

-Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцоод олон жил болж байна. Одоогоор хэчнээн улс оронтой энэ чиглэлээр хамтран ажиллаж байна вэ. Ер нь салбарын гадаад хамтын ажиллагаа ямар түвшинд байдаг юм бэ?

-Өнөөгийн хувьд Монгол Улсын батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Үүний нэг үндсэн чиглэл нь манай улсын энхийг дэмжих ажиллагааны оролцоо. 

Энхийг дэмжих ажиллагааны оролцоог нэмэгдүүлж, 2022 онд манай цэргийн алба хаагчид ТАБНУ, Мали Улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн бол энэ оноос Ливанд энхийг сахиулах ажиллагааны олон улсын цэргийн эмнэлэгт манай цэргийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үүрэг гүйцэтгэж эхэллээ. Цаашид Монгол Улсын зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”, “Барилга инженерийн рот”, “Түргэн байрлах хүчний рот”, “Мотобуудлагын батальон”-ыг оролцуулахаар НҮБ-ын бэлэн байдлын чадавхын системд бүртгүүлэн, ажиллагааны газар оронд илгээх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 21 жил өнгөрчээ. 2002 онд Монгол Улс цэргийн ажиглагч анхны хоёр офицерыг Конго руу илгээснээс хойш өнөөг хүртэл НҮБ-ын мандаттай болон олон үндэстний цэргийн эвслийн 20 шахам ажиллагаанд давхардсан тоогоор 21000 гаруй цэргийн алба хаагчаа оролцуулсан. Энэ үзүүлэлтээрээ манай улс энхийг дэмжих ажиллагаанд илгээсэн цэргийн алба хаагчийнхаа тоогоор тэргүүлдэг 24 орны нэг болсон. Бид өнгөрсөн хугацаанд зөвхөн цэрэг хандивлахаас гадна энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургалт, дадлагуудыг цэргийн хамтын ажиллагаатай орнуудтай харилцан зохион байгуулах замаар цэргийн алба хаагчдынхаа үүрэг гүйцэтгэх дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд багагүй амжилт гаргалаа. Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлал, бусад томоохон бодлогын баримт бичиг, холбогдох хууль тогтоомж, үйл ажиллагааны хөтөлбөрт Зэвсэгт хүчний оролцоог төрөлжүүлэх, чанаржуулах замаар нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сард НҮБ-ын 76 дугаар чуулганд оролцохдоо Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог 15 хувьд хүргэх зорилтыг 2027 он гэхэд биелүүлэх боломжтой гэж зарласан. Үүнтэй уялдуулж Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчдын мэдлэг, чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, энхийг дэмжих ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадамжийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан баталгаажуулахаар ажиллаж байгаа юм. Мөн 2022 оны зургадугаар сард “Олон улсын эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт”-ыг амжилттай зохион байгуулж, 30 орны 100 орчим энхийг сахиулагч эмэгтэйчүүд анх удаа Монгол Улсад чуулсан. 

-Намрын цэрэг татлага удахгүй эхэлнэ. Залуучууд нэг үе цэргийн албанаас зугтаадаг байлаа. Энэ байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ. Та салбарын сайдын хувьд цэргийн алба хаах ач холбогдлыг хэрхэн тодорхойлох вэ? 

-2023 оны II ээлжийн цэрэг татлагыг тун удахгүй эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуульд заасны дагуу эх орноо хамгаалах үүрэгтэй. Иргэдийг цэргийн алба хаалгах, иргэн бүрийг батлан хамгаалах бэлтгэлжилттэй болгох том асуудлыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб хариуцдаг. Хугацаат цэргийн алба бол залуусыг эх орноо хамгаалахад бэлтгэх, цэргийн мэргэжил эзэмшүүлэх үндсэн зорилготой. Цэргийн анги, цэргийн алба бол иргэнд цэргийн боловсрол, мэргэжил олгодог тусгай институт. Цэргийн алба хаах талаар 1990 оноос өмнөх үетэй харьцуулахад цэргийн дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тоо, хэмжээ жил ирэх тусам буурч байна. Хугацаат цэргийн алба хаах залуучуудын тоо багассан. Иймд хэрэгцээтэй үед бэлэн байх цэргийн бэлтгэл нөөц, тоо хэмжээг зохистой хэмжээнд байлгах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Өнөө цагт залуучууд цэргийн алба хаах хүсэл эрмэлзлэлтэй, эх орноо хамгаална гэсэн итгэл үнэмшилтэй, сэтгэлтэй байгаа нь судалгаагаар болон бодит амьдрал дээр ажиглагдсан. Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний бүтцэд шинэ төрлийн цэргийг бий болгосноор цэргийн алба хаах давуу талууд жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм.

Тухайлбал, залуус цэрэгт явснаар цэргийн болон энгийн мэргэжил давхар эзэмших, алба хааж байхдаа эзэмшсэн мэргэжлээрээ улс орны бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон ажиллах, тодорхой хэмжээний хуримтлалтай болох, үргэлжлүүлэн цэргийн гэрээт алба хаах, төрийн албанд ажилд орох үүд хаалга нээгдэх, офицерын болон ахлагчийн албанд ажиллах боломж олгодог болсон. Мөн энэ жилээс эхлэн цэргийн албаа биеэр хааж байгаа оюутнуудад өөрийн сургуульдаа нэгтгэл, ангиасаа онлайнаар үргэлжлүүлэн суралцах боломжийг бүрдүүлж өгөхөөр ажиллаж байна. Цаашлаад хугацаат цэргийн албанаас халагдаад ирэхэд ажлын байраар хангах, өмнө нь эрхэлж байсан ажлын байрыг нь хадгалах талаар бодлогоор анхаарч байгаа. Үр дүнд нь нийгэмд цэргийн албаны нэр хүнд өсөж, цэргийн алба залуучуудад илүү үр өгөөжтэй болж, алба хаах сонирхол нь нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр Монгол Улсад жилд ойролцоогоор 25 мянга орчим иргэн цэргийн алба хаах насанд хүрч, нийт 200 мянга орчим цэргийн насны залуучууд байна гэсэн статистик судалгаа гардаг хэдий ч тэдний маш бага хувь нь цэргийн алба хааж байна. 

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 11 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 16 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22