Улс орноо, хандлагаа өөрчлөх реформд нэгдэхийг Ерөнхий сайд уриаллаа


Засгийн газраас өргөн бүрэлдэхүүнтэйгээр орон нутагт ажиллаж байгаа юм.  Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Боловсрол, Эрүүл мэнд, Эдийн  засаг, Уул уурхай, Сангийн сайд нар томилолтод багтсан бөгөөд орон нутгийн иргэдэд холбогдох мэдээ мэдээллийг өгсөн юм.   Түүнчлэн Ерөнхий сайдын болон Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлаас гадна гол бодлогоо танилцуулан, цаашид төлөвлөсөн зарим ажлаасаа ч мэдээлсэн юм. Говь-Алтай, Увс, Ховд аймагт хийж хэрэгжүүлж буй томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажилтай танилцсан бол өчигдөр Дорноговь аймагт ажиллалаа. Энэ талаарх мэдээллийг багцлан хүргэе.

Говь-Алтай ногоон эрчим хүчээр хэрэглээгээ хангасан анхны аймаг болов

Томилолтын эхний өдөр Ерөнхий сайд болон албаны хүмүүс Говь-Алтай аймагт ажиллав.  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзахдаа  “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл тавьж, иргэдийн санал хүсэлтийг сонссон юм.  Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж, авлигын эсрэг тэмцлийг идэвхжүүлэн, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох зэрэг олон арга хэмжээ авсны үр дүнд  олон талын эерэг үр дүн гарч эхэлсэн. Тухайлбал,  2020 онд Монгол Улсын эдийн засаг-4.6 хувьтай байсан бол 2023 оны хоёрдугаар улиралд 6.4 хувьд хүрч өсжээ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ч өсөж 2022 онд анх удаа 5000 ам.долларт хүрээд байна. Засгийн газраас бүс нутаг, хөдөөгийн хөгжилд онцгойлон анхаарч 2022 онд “Мянганы зам” төслийн хүрээнд 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууссан бол цаашид 21 аймгаа бүсчлэн хөгжүүлж бүх аймаг, боомтуудаа авто+замаар холбон, дулаан цахилгаанаар бүрэн хангах зорилт тавьж буйг Ерөнхий сайд танилцуулав. Энэ үеэр иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны төлөөх тэмцэл, нээлттэй үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлэн, Шинэ сэргэлтийн бодлогыг бодит амьдралтай уялдуулан хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, малын түүхий эдийг үнэд хүргэх, тэтгэврийн шударга тогтолцоо, орон нутгийн бичил уурхай эрхлэлтэд анхаарахыг хүсэж байв.  Ерөнхий сайдын зүгээс төрийн алба улс төржихгүй хуулийн хүрээнд ажиллах, зөрчвөл хатуу хариуцлага тооцдог байх зарчим үйлчлэх ёстойг  энэ үеэр мөн тодотгосон. Харин улсын төсөв боловсруулж буйтай холбогдуулан   Говь-Алтай аймгийн иргэдийн санал асуулгаар тус аймагт нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлыг  эрэмбэллээ. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх Шинэ сэргэлтийн бодлогыг хамтран хэрэгжүүлж улс орноо, хандлагаа өөрчлөх реформд нэгдэхийг Алтай хотын иргэдэд уриалсан юм.

Говь-Алтай аймаг 58257 хүн амтай. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, ногоон эрчим хүч, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл болон БНХАУ-ын Ганьсу муж, Шинжаантай хиллэдэг тул хил орчмын худалдаа, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.  Тиймээс Засгийн газраас тус аймгийн Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулахаар судалж байгаа аж.  Одоогийн байдлаар  Тайширын УЦС-ыг төвийн бүсийн эрчим хүчний системтэй холбосноор 44 сум, суурин газрыг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа бол  шинээр тус аймагт “Сэрвэн” нарны цахилгаан станцыг  ашиглалтад оруулж, эрчим хүчний хосолсон эх үүсвэртэй болсон юм.  Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сум дахь  “Сэрвэн” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг  Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд барьж байгуулсан байна.  Ингэснээр  эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэх зорилтын хүрээнд тус  нарны цахилгаан станцыг Азийн хөгжлийн банкны 10.4 сая ам.долларын санхүүжилтээр “М Си Эс интернейшнл” ХХК барьж гүйцэтгэснээр ийнхүү ашиглалтад оруулсан юм.   “Сэрвэн” нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянган иргэний цахилгаан хангамжийг сайжруулж, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж. Жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэхийн зэрэгцээ төслийг дагаж 10-12 ажлын байр бий болж байгаа юм. Мөн Тайширын УЦС ашиглалтад орсноор 2008-2020 онд 250 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 43 сум суурин, 1000 орчим аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаанаар хангаж байна. Уламжлалт буюу дизель станцтай харьцуулахад нэг кВт цаг тутамд 700-750 төгрөгийн хэмнэлт хийж улсын төсөвт 175-200 тэрбум төгрөгийн боломж үүсгэн, эдийн засгийн хувьд анх байгуулсан өртгөө бүрэн нөхөж, дахин хоёр УЦС барих хэмжээний хэмнэлт бий болгожээ. Монгол Улс ийнхүү  давуу талаа ашиглан эрчим хүчний хараат байдлаас гарах, эдийн засгаа тэлэх бүрэн боломжтойг  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон. Энэ тухайд  Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг эрчим хүчний томоохон төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг анх удаа орон нутагт байгуулав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт ажиллах үеэр МАН-ын даргын хувиар нэгэн чухал мэдэгдлийг хийлээ. Тэрбээр ирэх онд болох УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг  гаргахдаа тусгай хэ­рэгцээт иргэдийн төлөөллийг эхэнд эрэмбэлнэ гэдгээ зарласан юм.  Ховд аймагт ажиллах үеэр зарласан түүний энэхүү мэдэгдлийг орон нутгийн иргэд  таатай хүлээн авсан бөгөөд  нийгмийн бүхий л бүлгийн  төлөөллийн тэгш оролцоог хангах МАН-ын бодлогыг дэмжихээ илэрхийллээ.  Түүнчлэн энэ үеэр Ерөнхий сайд  Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон “Хөгжил” политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутагт байгуулсан нь энэ юм.  Тус төвийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгуулжээ. Улсын хэмжээнд Хөвсгөл, Ховд, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Архангай аймагт ийм төв барих ажил эхэлж анхных нь Ховд аймагт ашиглалтад орсон юм.  Энэхүү төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг сэргээн засах, эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сэтгэл зүй болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, ашиглах зөвлөгөө өгөх, тохируулах, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Тус төвийг ашиглалтад оруулснаар Ховд аймаг төдийгүй баруун бүсийн аймгийн иргэд ч тусламж, үйлчилгээ авах боломж бүрдлээ. Орон нутагт 30 гаруй ажлын байр бий болж байна. Энэ үеэр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллаж, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Монгол Улс, бидний амьдарч буй нийгэм бүгдэд тэгш хүртээмжтэй байж иргэн бүр улс орныхоо хөгжилд оролцоотой, нэгдэн нягтарч хамтдаа урагшлах ёстой”-г онцлов. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлаг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн удирддаг байх, аймаг бүрд олон улсын стандарт хангасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв байгуулахаар боллоо.

Түүнчлэн Ерөнхий сайд Ховд аймагт ажиллахдаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Ховд хотод “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлын явцтай  танилцлаа. “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркт арьс шир, ноос, ноолуур боловсруулах болон мах боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, бүтээгдэхүүнээ экспортод гаргах аж. Одоогоор баруун бүсэд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй аж ахуйн нэгж үйлдвэр байгуулах төслөө ирүүлжээ. Эдгээрээс сонгон шалгаруулалт хийх юм. Дэд бүтцийн хувьд улсын төсвийн 19.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдаж 5.9 тэрбум төгрөгөөр төслийн бэлтгэл ажлууд хийж байна. Нэмэлт санхүүжилт 21.6 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт тусгуулахаар санал өгчээ. Төсөл ашиглалтад орсноор 30 орчим үйлдвэр байгуулагдаж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ экпортолж, жилд 300 гаруй тэрбум төгрөгийн орлого олж, 2200 байнгын ажлын байр бий болно гэж тооцоолж байгаа ажээ.

Засгийн газар хил дамнасан малын хулгайн асуудалд онцгой анхаарна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймагт ажиллаж иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонсохын зэрэгцээ  “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, бодлогын реформын талаар иргэдэд мэдээлэл өгөв. “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ авлигын эсрэг тууштай тэмцэхээ Ерөнхий сайд онцолж иргэдээ хамтран тэмцэхийг уриаллаа. Засгийн газраас хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, орон нутагт шилжин суурьшигчдыг дэмжих бодлого явуулж байна. Орон нутагт шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон ажлын байр нэмэгдүүлбэл уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх, шилжин суурьшсан иргэдэд гурван хувийн ипотекийн зээл олгох, шилжин үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгох, дулаан цахилгаан үйлдвэрлэсэн төслүүдэд орлого олж эхэлсний дараагаас эхний гурван жил татвараас 90 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөхөөр шийдвэрлээд байна. Өнөөдрийн байдлаар улсын төсөвт орлого төвлөрүүлдэг зургаан аймаг байгаа бол төсвөөс дэмжлэг авдаг 13 аймаг байна. Цаашид аж үйлдвэр, эдийн засгийн чөлөөт бүсийг орон нутагтай уялдуулах нь тухайн аймгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ хэмээн танилцууллаа.

Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариулсан юм. Увс аймгийн иргэдийн зүгээс баруун бүсэд улаан буудайн агуулах барих, сүүлийн хоёр, гурван жил дараалан ургац алдсан тариаланчдын өр зээлийн асуудалд дэмжлэг үзүүлэх, ургац, мал сүргээ зах зээлд борлуулах гарц, бүтээгдэхүүн болгож боловсруулах үйлдвэр хэрэгтэй байгааг дуулгасан.  Мөн хил дамнасан малын хулгай Увс аймагт гаарч хил орчмын сумдын малчдын амьдралд хүнд дарамт учруулж буйд Засгийн газар арга хэмжээ авах, тэтгэврийн зөрүү, мэргэжлийн ялгааг арилгах, орон нутагт төрийн бодлогууд хангалттай хэрэгжихгүй, улс төржиж буйд анхаарахыг хүслээ. Шинэ сэргэлтийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлснээр багш, эмч нарынхаа цалин хөлсийг нэмэхээс эхлээд олон эерэг өөрчлөлт гарах тул иргэдийг оролцоотой байхыг хүслээ. Түүнчлэн улс төржилт, талцал хуваагдал орон нутагт ажиглагдаж байгаа тул төр, олон нийтийн эрх ашгаас давсан улс төржилт, талцал байж болохгүйг санууллаа.

Ерөнхий сайд  “Шивээ-Овоо” ХК-ийн санхүүгийн алдагдлыг бууруулахыг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт говийн аймгуудаар үргэлжиллээ. Тэрбээр өчигдөр  Говьсүмбэр аймагт ажилласан бөгөөд энэ үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсний 30 хувийг хангадаг. Жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулдаг байна. Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлж байна. Өнгөрсөн онд тус компани 67.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Тус компани нэг тонн нүүрсийг олборлох зардал нь 45 мянган  төгрөг байдаг бол эрчим хүчний үйлдвэрүүдэд борлуулах өртөг нь 39 мянга. Үүнээс болж “Шивээ-Овоо”ХК алдагдалтай ажиллаж байгаа аж. Өнгөрсөн онд 18.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны алдагдал 15 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн санхүүгийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Санхүүгийн алдагдлыг бууруулах нэг зам нь “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 200 МВт-ийн цахилгаан станц барих юм. Үүнийг судалж үзэхийг Ерөнхий сайд даалгалаа. Мөн  “Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсийг дулааны цахилгаан станцад нийлүүлэхээс гадна экспортод гаргах боломж байгаа юм байна. Ойрын хугацаанд экспортод гаргахаар судалж байгааг “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт хэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцав. Боловсролын багц хуулийн өөрчлөлтөөр энэ хичээлийн жилээс Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс коллеж болон өөрчлөгджээ. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 1-3 жилээр сургалт явуулж байна. Говьсүмбэр аймгийн Политехник коллежийг жилд 250 гаруй суралцагч төгсөж 70-80 хувь нь ажлын байртай болдог байна.   Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт Дорноговь аймагт үргэлжилнэ.   

Х.Өлзийжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 минутын өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 32 минутын өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 36 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 41 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22