“Хэрэв хугацаа алдсан бол өдийд би ингээд тантай яриад сууж байхгүй байсан” хэмээн толгой сэгсрэн ярих энэ хүн бол 58 настай, Говь-Алтай аймгийн малчин С.Галбадрах. Тэрбээр өнгөрсөн хавар Баянгол дүүргийн Сайнчагнуур өрхийн эмнэлэгт хандаж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдаж, ходоодны хорт хавдартай гэсэн онош сонсжээ. Цочирдом энэ мэдээнд “Таны өвчин III шатандаа орсон байна” гэх үг түүнд давхар хүнд цохилт өгчээ. Гэхдээ эмч үргэлжлүүлэн “Үүнээс илүү хугацаа алдаж, хожуу мэдсэн бол эрсдэлтэй, амь насанд тань ч аюултай байх байлаа” гэж хэлэхийг сонсоод бага ч болов итгэл төрсөн хэдий ч эрт эмнэлэгт хандаагүйдээ өөрийгөө буруутгасан тухайгаа ярилаа. Тэрбээр “Япон-Монголын хамтарсан эмнэлэгт хэвтэж, мэс засал хийлгэсэн. Одоо эмчийн зааврын дагуу хоолны дэглэм барьж, эм ууж, химийн эмчилгээ хийлгэж байгаа. Өмнө нь ходоод зовиурлаж, өвдсөн үед нь өвчин намдаах эм, тан уудаг байсан. Өвдсөн хойноо эмнэлэгт хандах бус урьдчилан сэргийлж, үзүүлж харуулж байх нь чухал гэдгийг биеэр мэдэрч сууна. Миний энэ хариуцлагагүй үйлдэл бусдад ялангуяа залуучуудад сургамж, дохио болоосой гэдэг үүднээс өөрийн түүхээ хуваалцаж байна. Төр засгаас бидний эрүүл мэндийн төлөө хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулж, улсын хэмжээнд зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт заавал хамрагдаарай” хэмээн уриаллаа.
Эрт илрүүлэг энэ хүнд амьдрал бэлэглэжээ. Ийм жишээ олон бий. Тухайлбал, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр ходоодны хорт хавдрыг эрт оношлуулсан 40 гаруй хүний тухайд амьдралынх нь хугацааг уртасгасан, цагаасаа эрт нас барахаас сэргийлсэн, улмаар ажил, хөдөлмөр эрхлэн 6.3 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэсэн тооцоолол гаргажээ. Үүнээс харахад аливаа өвчнийг эрт илрүүлснээр тухайн улс оронд хүний нөөцийн хангамж, эдийн засгийн асар их ач холбогдолтойгоос гадна хувь хүн, гэр бүлийг ядуурлаас сэргийлэх бүрэн боломжтойг харуулж байна.
Сайн жишиг, зөв хөшүүрэг
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог улсын хэмжээнд эхлүүлснээс хойш жил гаруй хугацаанд нийт хүн амын 30 гаруй хувь нь хамрагдаж буйн нэг шалтгаан бол иргэдийн энэ талаарх оролцоо ойлголт, мэдээлэл дутмагтай холбоотой. Жишээлбэл, “Эрт илрүүлэх ажил хэвийн үргэлжилж байсныг мэдсэн бол эрүүл мэндийн даатгалаа ашиглаж улсын эмнэлэгт хандаж, багц шинжилгээнд хамрагдах байсан юм. Гэхдээ одоо яах вэ эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийлээ” хэмээн ярих энэ хүн бол санаачилгаараа хувийн эмнэлэгт хандаж, 400 орчим мянган төгрөгөөр өнгөрсөн сарын 24-нд багц шинжилгээнд хамрагдсан 37 настай, Баянзүрх дүүргийн иргэн Л.Лхагва. Тэрбээр шинжилгээгээр ходоодны шархтай гарсан ч эмч нар түүнийг цаг алдалгүй ирсэн гэдгийг тодотгож, гурван сар хоолны хатуу дэглэм баримтлахыг анхааруулсан тухай ярилаа. Тэрбээр “Бидний насныхан эрт илрүүлэгт хамрагдах шаардлагагүй гэж бардах хэрэггүй юм билээ. Манай гэр бүл оройн хоолоо 17:00-18:00 цагийн хооронд иддэг. Аль болох эрүүл зөв хооллохыг хичээдэг ч ходоодоо гэмтээсэн байна. Агаар, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал, зохисгүй хэрэглээ гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. 35-аас дээш насныхан ходоодоо жил бүр дурандуулах, хөхний үзлэгт орж, эход харуулах, мөн умайн хүзүүний хавдраас сэргийлж шинжилгээнд орох хэрэгтэй. Залуучууд эрүүл мэнддээ анхаарч, эрт илрүүлэгтээ хамрагдаарай. Эрүүл л байвал бүх зүйл болно доо” гээд өглөөний цайгаа уухгүй гардаг оюутан охиндоо санаа зовж буйгаа хэллээ.
Түүний охин Герман Монголын хамтарсан сургуульд сурдаг бөгөөд тус сургуулийн дотуур байрны удирдлагууд “Эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан оюутныг авна” гэсэн шаардлага тавьсан тул охиноо үзлэг шинжилгээнд хамруулжээ. Тухайн байгууллагын энэхүү сайн жишиг, зөв хөшүүргийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хэрэгжүүлж, иргэдийг эрт илрүүлэгт хамруулахад хувь нэмэр оруулах боломжтойг энэхүү жишээ харуулж байна.
ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өнөөдөр зарцуулж буй нэг ам.доллар ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 5-40 ам.долларыг хэмнэнэ гэж зөвлөдөг. Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтээс нас барсан насанд хүрсэн арван хүн тутмын ес нь зүрх судасны эмгэг, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний шалтгаантай байдаг аж.
Нэг хэсэг нь дээр дурдсан иргэн шиг мэдээлэл дутмаг байдаг бол нөгөө хэсэг нь олон хоног хүлээдэг, нааш цааш нь явуулдаг, шат дамжлага, хүндрэл чирэгдэл ихтэй гэх зэргээр цааргалж хойш суух тохиолдол бий. Тэгвэл газар дээрээ нөхцөл байдал ямар байгааг эрт илрүүлэгт хамрагдаж буй иргэдээс тодруулав. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвөөр үйлчлүүлж буй иргэд эрт илрүүлэгт хамрагдахад ямар ч саад бэрхшээл байхгүйг хэлж байлаа. Түүний нэг нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн М.Баттулга. Тэрбээр “Эрт илрүүлэгт хамрагдах хүсэлтээ илэрхийлж, эхлээд өрхийн эмнэлэгтээ бүртгүүлсэн. Удалгүй хоёр, гурав хоногийн дараа өрхийн эмнэлгээс холбогдож, шинжилгээ өгөх өдөр хэлж өгсөн. Тухайн өдөр нь дурангаас бусад бүх шинжилгээгээ өгсөн. Харин одоо шинжилгээнийхээ хариуг авч байна. Би бусдын адил эрт илрүүлэгт хамрагдахад хүндрэлтэй гэсэн буруу ойлголттой явж байсан. Гэтэл тийм биш байж. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн шинжилгээндээ хамрагдаж, хожим гарах эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай” гэлээ.
Эрт илрүүлгийг эрчимжүүлэх зорилгоор, Эрүүл мэндийн сайдын тушаалаар улсын төв нэг, хоёр, гуравдугаар эмнэлгийн явуулын баг бүрэлдэхүүн орон нутагт ажиллаж байна. Тухайлбал, УНТЭ-ийн багийнхан Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Өмнөговь аймагт ажилласан бөгөөд удахгүй Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллахаа тус эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Б.Доржханд хэллээ. Тэрбээр “Одоогоор манай төвд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зарим хорооны 5500 гаруй иргэн үйлчлүүлээд байна. Өдөрт 30-35 хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Ерөнхийдөө эрт илрүүлэгт 46-60 насныхан идэвхтэй хамрагдаж байгаа бол 18-30 насныхан идэвх багатай байна” гээд эрт илрүүлэгт хамрагдах гэж буй хүмүүс сүүлийн таван жилийн эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх ёстойг анхаарууллаа.
Төрийн Бодлого, иргэний идэвхийн нэгдэл
“Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд бүх иргэнээ эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг улсын хэмжээнд өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нд эхлүүлсэн. Өнгөрсөн сарын байдлаар нэг сая 110662 хүнийг хамруулсан бөгөөд тэдний 40 гаруй хувь нь эрэгтэйчүүд, үлдсэн нь эмэгтэйчүүд аж. Өвчлөлийн тухайд ихэвчлэн хоол боловсруулах, дотоод шүүрэл, тэжээлийн болон бодисын солилцоо, зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгджээ. Харин хорт хавдрын 200 гаруй тохиолдлыг шинээр оношилсон бөгөөд үүний 29 нь онош батлагдсаны дараахан нас барсан нь хожуу шатандаа илэрч буйг илтгэж байна. Тиймээс аливаа өвчнийг ялангуяа хорт хавдрыг эрт үед нь оношлох шаардлагатайг энэхүү тоон мэдээлэл харуулж байна.
ДЭМБ-аас өвчлөх эрсдэлд тухайн хүний амьдралын хэв маяг, дадал зуршил, зан үйлээс 55 хувь, бусад салбарын үйл ажиллагааны үр дагавраас 25, эрүүл мэндийн үйлчилгээнээс 15, удамшлын хүчин зүйлээс таван хувь нь хамаардаг болохыг тогтоосон байдаг. Энэ нь халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх бүрэн боломжтойг илтгэж байна. Гагцхүү тухайн улс орны төр засгийн бодлого, иргэдийн идэвх санаачилга нэгдэж байх учиртай. Төр засгаас бодлогоор томоохон ажлыг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн тул үүнийг эрчимжүүлэх, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд иргэн хүний идэвх санаачилга, үүрэг хариуцлага чухал гэдгийг олон жишээ, тоо баримт илтгэж буй.
Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй” гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлд Иргэн эрүүл мэндээ хамгаалах асуудлыг үүрэгжүүлж, эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх гэж заасан байдгийг энд тодотгоё.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна