​ Өрөө төлж, хүнсээ базаав



Уулын орой шаргалтаж, Туулын ус  захаасаа зайрмагтан, хүйтний ам наашилсныг хүн бүрд сануулж байна. Монголын улс төр, нийгмийн амьдрал өнгөрсөн долоо хоногт нам гүмхэн өнгөрөв. Баруун аймгаас томилолтоо эхлүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт зүүн аймагт ажиллалаа. Тэрбээр  “МАН ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана” гэдгээ зарласан. Тэгвэл түүний энэ үг бусад намын дарга нарын ч анхаарлыг татжээ. АН-ын тэргүүн дэд даргаар томилогдоод удаагүй байгаа Ц.Баярцогт хэвлэлийн бага хурал хийж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулна” гэдгээ мэдэгдэв. Ямартаа ч парламентад суудалтай намууд ирэх сонгуульд өрсөлдөх  мөрийн хөтөлбөрөө бичиж эхэлснийг үүнээс харж болохоор байна. Харин парламентад суудалгүй намууд нэг л эвээ олохгүй байгаа бололтой. 


Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн үүсгэн байгуулсан “Ардын чуулган” намыг бүртгэж авахаас татгалзжээ. Учир нь, намын гишүүн гэсэн 844 хүний 808-ынх нь овог нэр, регистрийн дугаар зөрүүтэй байсан аж. Үүнээс гадна “Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам” гэдэг шинэ нам байгуулснаа иргэн Д.Уламбаяр зарласан. Монгол Улс 36 намтай. Хэрвээ Улсын Дээд шүүх иргэн Д.Уламбаярын энэ хүсэлтийг хүлээж авбал 37 намтай болох нь.


Нүүрсний гэх тодотголтой хэргийг тойрсон хэрүүл маргаан өнгөрсөн долоо хоногт багагүй дуулиан тарив. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нар холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Гэвч шүүгдэгчид шүүгчээс татгалзаж, шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Хурлын үеэр шүүгдэгчид бүгд л өөрсдийгөө “Гэм буруугүй” хэмээн мэдэгдэж амжлаа. Мөн өнгөрсөн долоо хоногт Улсын Дээд шүүх хуралдаж “Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг нэг хувийн шимтгэлийг үндэслэлгүй” гэх шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Нэгэнт шүүх арилжааны банкуудын авсан шимтгэлийг үндэслэлгүй гэж үзсэн учраас банкууд хууль бусаар авсан мөнгөө харилцагч нартаа буцааж олгох ёстой гэсэн хүлээлт иргэдийн дунд бий болоод байна. Гэвч Монголын банкуудын холбооноос “Мөнгө өгөхгүй” гэсэн агуулгатай мэдэгдэл гаргасан нь бас л багагүй маргаан дэгдээгээд байна. Монгол Улсад ипотекийн зээлтэй 115 мянган иргэн бий. Эдгээр иргэн зээл авсныхаа төлөө банканд төлсөн шимтгэлээ эргүүлж авахын тулд дахиад л шүүхэд хандах хэрэгтэй болж байна. 


Өнгөрсөн долоо хоногт арга хэмжээ ихтэй, хурал цуглаанаар амьсгалсан долоо хоног байлаа. Хэнтий аймагт  цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицеруудын чуулга уулзалт”  болж, энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож “Шилдэг офицер” шалгаруулах тэмцээний ялагчдад хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан байна. Тэгвэл Монгол, Хятадын бизнес эрхлэгчид хилийн цаана, Хөх хотод цугларч, дөрөв дэх экспогоо амжилттай зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд 36 улсын төлөөлөгч оролцож, Монголын 500 бизнес эрхлэгч бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ.  


Одоогоос хэдэн жилийн өмнө 27 настай Ц.Пүрэвтүвшин гэгч залуу гэнэт гарч ирж,  Монголын хамгийн том үйлдвэр болох “Эрдэнэт”-ийн 49 хувийг 500 сая ам.доллароор худалдаж авсан  хэмээн шуугиан тарьж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан удаатай.  

Тэгвэл  “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэгдэж байсан  Ц.Пүрэвтүвшин гэгч залуу өнгөрсөн долоо хоногт дахин гарч ирлээ. Энэ удаа тэрбээр Монгол Улсын газрын ховор элементийн нийт нөөцийн 33 хувийг дангаараа эзэлдэг “Халзан бүрэгтэй”-н сав газрын хайгуулын лицензийг барьсаар гарч ирэв. Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” хочит Д.Эрдэнэбилэг, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хамгийн ойр дотнын хүн гэгддэг Ц.Пүрэвтүвшин “Халзан бүрэгтэйн орд нь эдийн засгийн үр өгөөж багатай. Эрдэнэт үйлдвэрийн нэг жилийн олборлолттой л тэнцэх нөөцтэй” хэмээн ярилцлага өгч, олныг гайхшируулаад байна.


Засгийн газар хуралдаж Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.  Анх   Газрын тос боловсруулах үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг 236 сая ам.долларын төсвөөр барьж байгуулахаар төлөвлөж байсан ч ам.долларын өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн зөрүүгээс болж 422 орчим сая ам.доллароор нэмэгдэж нийт 648 сая ам.доллар болжээ. Иймд Засгийн газар гидрокрекинг, хүхэр ялгах байгууламж, устөрөгчийн үйлдвэр гэсэн гурван байгууламжийн ажлыг шуурхай эхлүүлэх үүднээс эхний өртөг болох 236 сая ам.долларын зээлийн гэрээг баталгаажуулж, санхүүжилтийн хүсэлтийг БНЭУ-ын Экспорт-Импорт банканд хүргүүлэхээр болжээ.

 Өнгөрсөн долоо хоногийн хамгийн таатай мэдээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун дуулгалаа. Монголчууд энэ намар 480 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.8 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн  тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, таван мянган тонн жимс жимсгэнэ хураан авна. Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрджээ. 


Нүүрсний гэх тодотголтой хэрэг мандахаас өмнө Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тус компанийн засаглалыг сайжруулан, олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр БНХАУ-ын “Чалко” компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг энэ сарын 12-ны өдөр  хүүгийн хамт бүрэн төлж барагдуулснаа зарлалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8, экспортыг 2.3, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байна.
Ямартаа ч өнгөрсөн долоо хоногт Засгийн газар өрөө төлж хүнсээ базаасан гэдгээ дуулгалаа.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 минутын өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 33 минутын өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 37 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 42 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22