Ж.Алдаржавхлан: Орон нутгийн сонгуулийн системд түүхэн өөрчлөлт хийх цаг болсон


Хан-Уул дүүргийн Засаг дарга, тус дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Алдаржавхлантай ярилцлаа. 

-Өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүргийн хэмжээнд өрнүүлж, олон нийтийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн томоохон хэмжээний бүтээн бай­гуулалтын ажлаас яриагаа эхлүүлье? 

-Дүүргийн хэмжээнд салбар бүрд чиглэсэн томоохон олон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэж байна. Энэ удаад зөвхөн нэг салбарт өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлын тухай онцлон дурдъя. 

Манай Хан-Уул дүүрэг одоогоос долоон жилийн өмнө буюу 2016 онд 147 мянган хүн амтай байсан бол энэ тоо нэмэгдэж 260 мянгад хүрээд байна. Нэг аймгийн хүн амын тоотой тэнцэхүйц нэмэгдсэн байгаа юм. Ингэснээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон нийтийн үйлчилгээний  бусад хүрэлцээ хангамж багасаж, тэр хэрээр ачаалал эрс нэмэгдэж байна. 

Өөрөөр хэлбэл, хүн амын тоо нэмэгдсэн ч төрийн үйлчилгээ үзүүлдэг барилга байгууламж, ажилтан албан хаагчдын тоо өмнөх шигээ хэвээр байгаад л гол учир бий.  Тиймээс  бид хамгийн түрүүнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч эхэлсэн. Энэхүү зорилтын хүрээнд бид 2017 оноос хойш ерөнхий боловсролын 11 сургууль, 21 цэцэрлэг барьж байгуулан ашиглалтад оруулаад байна. 

Энэ жилийн тухайд  1040 хүүхдийн ортой долоон цэцэрлэг ашиглалтад оруулсан. Удахгүй  2000 гаруй хүүхдийн суудалтай гурван сургуулийг шинээр ашиглалтад оруулах гэж байна. Мөн 1939 онд байгуулсан Нисэхийн долдугаар сургуулийг нийслэл, дүүргийн хөрөнгөөр шинэчлэн барих ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна. 

Гэхдээ боловсролын салбарт хийж буй эдгээр бүтээн байгуулалт бол хүн амын өсөлтийг гүйцэх хэмжээнийх биш. Цаашид илүү олон цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг шинээр ашиглалтад оруулах, заримыг нь өргөтгөж хүчин чадлыг нь нэмэгдүүлэх зэргээр зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай.  

-Боловсролын салбарын буюу сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна дэд бүтцийн тухайд ямар ахиц дэвшил гарсан бэ? 
-Бид өнгөрсөн долоон жилийн хугацаанд дүүргийн дэд бүтцийг сайжруулж, нэмэгдүүлэхэд анхаарч томоохон хөрөнгө оруулалт хийж ирсэн. 

Сүүлийн зургаан жилийн хугацаанд таван том гүүрэн байгууламжийг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, Яармаг, Сонсголон, Шувуун фабрикт шинэ гүүр барьж байгуулан ашиглалтад оруулсан. Мөн Биокомбинатад 60 жил болсон гүүрийг шинэчилж, барьсан. 

Түүнчлэн Зайсангийн гүүрийг 50 жилийн дараа хос болгон шинэчилж, ирэх сард ашиглалтад оруулах гэж байна. Мөн Яармагаас хойш Хархорин зах руу Монголд анх удаа зургаан эгнээтэй гүүр мөн зам тавих ажлыг гүйцэтгэж байгаа. Энэ мэтээр дүүргийнхээ дэд бүтцийг өргөжүүлэн, сайжруулж байна. 


-Танай дүүргийн хувьд Зайсан орчмын айл өрхөд ундны усны асуудал, бэрхшээлтэй байдаг. Тухайн хэсгийн айл өрхийг төвийн шугамд холбох ажил ямар шатандаа явж байна вэ? 
-Зайсан орчимд амьдардаг 30 мянган айл өрх төвийн шугамд холбогдоогүй байдаг. Тиймээс цэвэр устай холбоотой тодорхой хэмжээний асуудал гардаг тул үүнийг шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн. Энэ орчмын айл өрхийг төвийн шугамд холбох ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай тул түүнийг нь хоёр хувааж, төсөвт суулгасан. Ингэснээр тухайн ажлыг хоёр жил дамнуулан  төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байна. 


-Хан-Уул дүүрэг “Эко” гэдэг тодотголтой болсон. Та бүхэн энэхүү тодотголыг бодит болгохын тулд ямар зохион байгуулалттайгаар, хэрхэн ажиллаж байна вэ? 
-Энэхүү зорилтын хүрээнд шат шатандаа томоохон олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

 Үүний хүрээнд стандартын шаардлагад нийцсэн хог ачилтын 30 орчим машиныг БНСУ-аас худалдан авч, парк шинэчлэлт хийлээ. Энэ бол эко, хоггүй дүүрэг болох эхлэл суурийг тавьж буй томоохон бодит хөрөнгө оруулалт. 

-Засгийн газраас барьж буй бодлого буюу Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг дүүргийн хувьд хэрхэн ханган ажиллаж чадаж байна вэ? 
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд шат шатандаа олон өөрчлөлт шинэчлэлт, мөн хэмнэлтийг хийж байна. Бид 2016 оны үед жилд найман тэрбум төгрөгийн хөрөнгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг байсан бол энэ онд 160 тэрбум төгрөгийг нийлүүлэх гэж байна.

 Энэ нь Хан-Уул дүүргийн эдийн засгийн хүчин чадал, орлого нэмэгдэж, тэр хэрээр хэмнэж чадаж буйн илэрхийлэл юм. Дүүргүүд дөрөв биш нэг орлогчтой болох гэх мэтээр бүтэц, зохион байгуулалтын хувьд ч цомхон болж, хэмнэж чадсан. Гэхдээ цаашид төрийн том данхайсан бүтэц, зохион байгуулалтыг шат дамжлага багатай, илүү цомхон, иргэндээ хүрч үйлчлэх чадамжтай болгох бүрэн боломж бололцоо бий. 


-Тухайлбал, Хан-Уул төдийгүй бусад дүүргийн хэмжээнд тулгамдаж буй нийгмийн асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэх ямар гарц, шийдэл байна вэ? 
-Сүүлийн нэг жилийн хугацаанд миний хөндөн ярьж буй асуудал үүний хариулт гэж хэлж болно. Тодруулбал, орон нутгийн ИТХ-ын байгууллагыг нэгтгэх санал дэвшүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сумынхыг аймагтай, дүүргийнхийг нийслэлтэй нэгтгэж, том ганцхан ИТХ-тай байх нь хамгийн оновчтой шийдэл. Цахим зуун гэгдэж буй орчин үед бид шат болгондоо хуралтай байх ямар ч шаардлагагүй. Яагаад гэвэл, Улаанбаатар хотын иргэн Доржийг дүүргийн болон нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч хоёулаа төлөөлдөг. 

Тухайн хоёр байгууллагын зорилго, үүрэг чиглэл нь нэг. Хоёулаа л нийслэлийн иргэн Доржид үйлчлэх ёстой. Тэгэхээр тухайн хоёр байгууллага тусдаа байх ямар ч шаардлага байхгүй. Тиймээс үүрэг чиглэл нэгтэй байгууллагыг нэгтгэж, данхар бүтцийг багасгах, улмаар төсөв хөрөнгө хэмнэх бүрэн боломжтой. Ийм өөрчлөлт хийх цаг нь ч болсон.

 Иргэдээс “Та аймаг, сум, нийслэл, дүүргийнхээ ИТХ-ын төлөөлөгчийг таних уу. Тэд ямар шийдвэр гаргаж, хэрхэн ажилладаг вэ” гэж асуухад тэдний 90 орчим хувь нь “Танихгүй, мэдэхгүй” гэж хариулдаг. Өөрт нь үйлчлэх, хамгийн ойр байх төлөөлөгчөө танихгүй байгаа нь тэдний буруу биш. Харин бидний буруу. Иргэдэд хүрч үйлчилж чадахгүй, нэр төдий яваад байна гэсэн үг. 

Тиймээс бид  30 жилийн турш ашигласан бүтэц зохион байгуулалтаа орчин үеийн арга барилаар өөрчилж, иргэнд, нийгмийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Тэгэхгүй одоогийн энэ бүтцээрээ байгаад байвал өнөөдрийнхөөс ч илүү хүнд хэцүү, саад бэрхшээлтэй нүүр тулна. 

-Та ярилцлага эхлэхийн өмнө нийслэлийн дүүргүүдийн тоог нэмэх тухай дурдсан. Яг ямар өөрчлөлт хийх тооцоолол гаргаад байна вэ? 
-Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх бас нэг гарц, шийдэл бол дүүргүүдийг задалж, тоог нь нэмэх. Ийм зохицуулалт хийхгүй бол тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүй, мөн хүндээ хүрч үйлчлэхгүй байна шүү дээ. 

Яагаад гэвэл, одоогийн есөн дүүргийг байгуулахдаа тухайн үеийн хүн амын тоо, төвлөрөлд уялдуулж, төрийн бүтэц бүрэлдэхүүнийг бий болгосон. Гэтэл одоо хүн ам хэд дахин өсөж, төвлөрөл ямар хэмжээнд хүрээд байгаа билээ. Гэтэл бид 30 жилийн өмнөх бүтэц зохион байгуулалтаараа зүтгэсээр байгаад эцэст нь эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй, сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага, цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэйгээ тэмцэж чадахгүй, нийгмийн халамжийн үйлчилгээ нь хүндээ хүрэхгүй, иргэн төрөөс нэг үйлчилгээ авах гэж хороо, дүүрэг, нийслэл гээд олон шат дамжлага дамждаг гэх мэт олон хүндрэл бэрхшээлтэй нүүр тулж байна. 

Бид дээд шатандаа буюу УИХ-ын түвшинд гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэх зэргээр том өөрчлөлт шинэчлэлт хийсэн хэрнээ дунд, доод шатныхаа бүтэц зохион байгуулалтыг өмнөх 30 жилийн хуучин арга барил, системээр нь хэвээр үлдээж болохгүй. 

-Зорилго, чиг үүрэг нэгтэй орон нутгийн ИТХ-ын байгууллагыг нэгтгэх шийдэл байж болох хувилбар шиг санагдлаа. Харин нийслэлийн дүүргүүдийн тухайд тоог нь нэмснээр төсөвт илүү ачаалал үүсгэх юм шиг? 
-Бид олон улсын жишиг, туршлагыг судалсан. Жишээлбэл, Австралийн Канберра хотын хувьд нэг дүүргийн хүн амын дээд хязгаар 80000 гэж тогтоосон байдаг юм билээ. Хэрэв, хүн ам нь үүнээс илүү нэмэгдвэл дүүргээ задалж, хуваах жишээтэй.  

Одоогийн нөхцөлд тоо бус чанар хамгийн чухал болоод байна. Миний хэлж буй саналыг шууд утгаар нь хүлээж авахад олон дүүрэгтэй болох мэт боловч цаагуураа илүү чанар, чадамжтай болох юм. Одоогийн есөн дүүрэг, 204 хороо бүр Засаг даргатай. Үүний дээр нийслэлийн Засаг даргыг нэмэхээр нийт 214 Засаг даргатай байгаа. Гэтэл эдгээрээс ердөө арав нь л асуудал шийдэх хэмжээний эрх мэдэл, чадамжтай. Тиймээс олон улсын жишигт нийцүүлж, 4-5 хороог нэгтгэх байдлаар 40-50 мянган хүн тутамд нэг дүүрэг байгуулах хэрэгтэй.

 Ингэснээр Улаанбаатар хот чанар, чадамжтай 40 дүүрэгтэй болно гэсэн үг. Эдгээр дүүргийн удирдлагууд тухайн хэсгийнхээ ахуйн бүх асуудлыг хариуцаж, ямар нэгэн шат дамжлагагүйгээр шууд шийдвэрлэдэг байх боломж бүрдэнэ. Харин нийслэл нь дүүргүүдийн ахуйн асуудалтай зууралдахгүй дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх зэрэг том асуудлаа хариуцдаг болох юм.  


-Ийм байдлаар бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулс­наар ямар хэмжээний хэмнэлт гарах тооцоолол байна вэ? 
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд орон нутгийн ИТХ-ын үйл ажиллагааны зардалд 300 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Энэ бол цоо шинэ 800 автобус худалдаж авах хэмжээний мөнгө. Хамгийн багадаа ерөнхий боловсролын 20 сургууль аль эсвэл 60 цэцэрлэг барих боломжтой. 

Ийм их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг хэрнээ орон нутгийнх нь оршин суугчид тэднийг танихгүй, юу хийдгийг нь мэддэггүй. Төрийн бүтэц зохион байгуулалт хэтэрхий том, данхайчихсан учраас гамшгийн үед ч хариу арга хэмжээ түргэн шуурхай авч чадахгүй байна шүү дээ. Хамгийн сүүлд Дарь-Эх орчимд үер болоход дүүрэг, нийслэлийн онцгой байдлын хэлтсийнхэн хугацаа алдаж очиж байх жишээтэй. 

Хэрэв тухайн хэсэг дүүргийн зохион байгуулалттай байсан бол их хэмжээний хохирол амсаж, хүний амь нас эрсдэхээс өмнө маш хурдан хариу арга хэмжээ авах боломжтой байх байсан. Тиймээс түрүүний хэлсэнчлэн шат дамжлагагүй, чадамжтай дүүрэгтэй болсноор иргэн ямар нэгэн хүлээгдэл, чирэгдэлгүйгээр төрийн бүх үйлчилгээг түргэн шуурхай авна. Шат дамжлага буурч, хүнд суртал арилна. Хамгийн гол нь гамшгийн менежмент илүү сайжирна. 


-Эрүүл мэндийн салбарын үйлчилгээнд хүндрэл доголдол үүсгэхгүй байх ямар зохицуулалт, шийдэл байна вэ? 
-Хороодыг нэгтгэж нэг дүүрэг болгож байгаатай адил өрхийн эмнэлгүүдийг мөн нэгтгэж, бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг дүүргийн хэмжээний эмнэлэг болгох боломжтой. Иргэд өрхийн эмнэлгүүд тариа хийхээс өөр юм хийдэггүй, нэг шинжилгээ өгөх гэж заавал хоёр, гуравдугаар шатны эмнэлэг рүү явдаг гэж шүүмжилдэг. Тиймээс энэ мэт асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн үйлчилгээний шат дамжлага багасаж, иргэн чанартай үйлчилгээг цаг алдахгүй авах бүрэн боломж бүрдэх юм. 

Мөн бид анхан шатны байгууллагуудаас авдаг төрийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай хүргэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтарч, 400 метр тутамд нэг “Хурдан төв” байгуулах санал гаргаж байгаа. 

-Таны энэхүү санал шийдэл ажил хэрэг болох тухайд ямар ахицтай байна вэ? 
-Нийслэл, дүүрэг, аймаг, сумын ИТХ-ын байгууллагыг нэгтгэх тухайд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Харин нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан нийслэлийн бүтцийг задалж, нэгтгэх ажлын багийг би өөрөө ахлан ажиллаж байна. 


-Хоёулаа ярилцлагаа Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны ажил үйлсийн талаар өндөрлүүлье. Энэ дүүргийн намын хороог ямар бодлого зарчимд тулгуурлан олон жил ажилттай удирдан ажиллаж байна вэ?
-Дүүргийн хэмжээнд хийж буй ажил, хэрэгжүүлж буй арга хэмжээ бол Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны санал санаачилга.  Өөрөөр хэлбэл, бид сонгуулиар иргэдэд өгсөн амлалтаа биелүүлж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байна гэсэн үг. 

Би Хан-Уул дүүргийн МАН-ын хороог удирдаад арван жил болж байна. Энэ хугацаанд би дүүргийнхээ намын хорооны баг бүрэлдэхүүнийг удирдан манлайлж, УИХ болон орон нутгийн дөрөв, Ерөнхийлөгчийн хоёр удаагийн сонгуульд оролцсон. Эдгээрээс таван сонгуульд бид бүхэн амжилттай оролцож, ялалт байгуулсан. Бид бүхний баримталдаг зарчим бол эв нэгдэл, сахилга бат. Манай намын хорооныхон өнгөрсөн хугацаанд энэхүү жанжин шугамаасаа нэг ч удаа хазайж байгаагүй. Цаашид ч хазайхгүй гэдэгт итгэлтэй байна.

 Мөн бид бүхэн  ямар ч ажлыг мөнгө, хүч, эрх мэдлээр бус сэтгэл зүтгэлээр хийж болдгийг харуулж чадаж байгаа. Ямар нэгэн тэмдэглэлт баяраар мөнгө төгрөг тараах бус тухайн өдрийг нь мартагдахааргүй дурсамж дүүрэн, туршлага солилцох, алдаа оноогоо дүгнэж, гарц шийдлийн тухай ярилцах байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх боломж нөхцөлийг нь бүрдүүлж ажилладаг. Биднийг мөнгө, эрх мэдэл, албан тушаал нэгтгээгүй үзэл санаа, сэтгэлээрээ нэгдсэн хүмүүс шүү дээ. Тиймээс бид өнгөрсөн арван жилийн хугацаанд нэг цул болж ажилласаар ирлээ. Цаашид бид тоо бус чанарыг чухалчилж, мөн цахим намын хороо болох зорилго дэвшүүлэн ажиллаж байна. 

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/


0
angry
1
care
0
haha
7
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 25 минутын өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 29 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 34 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22