И.Сарангэрэл
/Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны МАН-ын хорооны дарга/
-Манай дүүргийн намын хорооны хувьд эмэгтэйчүүдээ дэмжиж ажилладгаараа онцлог давуу талтай. Миний хувьд залуу хүнийхээ хувиар 2018 оноос эхлэн улс төрийн ууган хүчин болох МАН-ын болон бодлогынх нь нэгээхэн хэсэг болж ажиллахаар болсон. Ажлын гараагаа намын анхан шатны байгууллагаас эхлүүлсэн нь намынхаа бодлого, ажиллах зарчим, бүтэц зохион байгуулалт зэргийг анхнаас нь маш сайн суралцах, ихээхэн туршлага хуримтлуулах боломж гэж хардаг. Түүнчлэн хамгийн чухал нь намын гишүүд, дэмжигчидтэй хамгийн ойр ажиллах ёстой, үүрэгтэй хүмүүс байдаг.
Би 2021 оноос эхлэн нэгдүгээр хорооны МАН-ын хорооны даргаар ажиллаж байна. Намын анхан шатны байгууллагад залуу эмэгтэй ирсэнд манай хорооны намын гишүүд сайшаалтай хандаж, цаашлаад олон үүрэг даалгавар хариуцлагыг хүлээлгэсэн юм.
Манай намын хорооны хувьд гишүүдийн дийлэнхийг улс эх орны онцгой, чухал салбар бүрд хийж бүтээж явсан ахмадууд маань эзэлдэг. Хэзээнээсээ 120 мянгат, XIX хороололд амьдарч аж төрдөг иргэд, аж үйлдвэрийн салбарт гар бие оролцож, залуу нас, сэтгэл зүрхээ зориулсан бүтээгч хүмүүс байдгаараа онцлогтой. Мөн сүүлийн үед шинэ залуучууд намд элсэх хандлага ажиглагдаж байна. Гэхдээ залуучуудыг үзэл бодолдоо үнэнч байж аль нэг нам эвслийг дэмжиж элсэхдээ “Миний хүсэж байгаа нийгмийг бүтээхэд хэн нэгэн хүнийг хүлээхийн оронд өөрөө тэр өөрчлөлтийн дуу хоолой, оролцогч болох ёстой юм байна” хэмээн бодож элсдэг байгаасай гэж хүсдэг. Намд элсэж орсноос хойш улс төрд оролцогч эсвэл тоглогч байх хоёр асар их ялгаатай мэт санагддаг болсон. Өөрчлөлтийн төлөө дуу хоолой болъё гэвэл өөрийн гэсэн үнэт зүйл, ёс зүй болон бүхий л зүйлд ХАРИУЦЛАГА гэдэг зүйлийг өөртөө маш сайн төлөвшүүлэх нь зүйтэй гэдгийг ойлгосон.
Ер нь залуу хүмүүс үргэлж шинийг санаачилдаг, байнга сурч боловсордог байгаасай гэж хүсдэг. Өнгөрсөн хавар Койка олон улсын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үндэсний хэмжээний сургагч багш болсон. Энэхүү сургалтад шийдвэр гаргах түвшинд төлөөлөн ажиллаж буй Монголын улс төрийн намуудад тодорхой хэмжээний хамрагдах тоо өгч, сургагч багш нарыг намын байгууллага дотор нь бэлдэх зорилготой томоохон хэмжээний сургалт болсон юм. Үүний нэг хэсэг болж дүүргээ төлөөлөн сургагч багш болсондоо баяртай байдаг. Учир нь тэнд сонсож сурч мэдсэн бүхнээ бусадтайгаа хуваалцах боломж надад олдсон юм. Ер нь мэдлэг гэдэг гагцхүү өөртөө хуримтлуулах бус бусадтайгаа хуваалцахад үнэ цэн нь оршиж байдаг шиг санагддаг.
Цаашид намын анхан шатны байгууллага дээрээ тогтвортой ажиллаж гишүүд, дэмжигчдийнхээ оролцоог илүү сайн анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Өөрсдийн итгэл үнэмшил дээрээ тулгуурлан дэмждэг гишүүд, дэмжигчид бол намын хамгийн үнэт зүйл байдаг учраас байнгын ажиллагаатай байлгахад анхаарч, эргэх холбоотой ажиллаж чадвал журмын нөхдүүд болон намын үйл ажиллагаа ч тасралтгүй тогтвортой үргэлжилсээр байх болно гэдэгт итгэлтэй байдаг. МАН-аас залуу үеэ дэмжих бодлогыг баримталж буй энэ цаг мөчид бидний үеийн залуучууд өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж хамтдаа оролцож нэгдээсэй гэж хүсэж байна. Мэдээж улс төрийн ажил бол насан туршийн ажил албан тушаал биш ч хэзээ нэгэн өдөр чиний, миний, бидний хийсэн бүхэн үр хүүхэд, үлдэж буй хэн бүхэнд хамгийн зөв зам болсон байх тийм л нийгмийг хамтдаа бүтээсэн байх нь хамгийн том амжилт билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна