Л.Оюун-Эрдэнэ: Социал демокатрууд тэнцвэртэй нийгмийг бүтээдэг
/МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд/
Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Зүүн, Говийн бүсийн чуулганыг энэ сарын 7,8-ны өдөр Дорноговь аймагт зохион байгуулав. Тус бүсийн чуулганд Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 500 гаруй зочин төлөөлөгч оролцсон юм.
Энэ өдрүүдэд Дорноговь аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус бүсийн чуулганд оролцож, эмэгтэйчүүддээ хандан үг хэллээ. Тэрбээр “Монголчууд бидний хувьд эх, эхлэл гэдэг үгийн үндэс гуравхан зүйл байдаг. Энэ дэлхийгээ бид эх дэлхий гэж хайрладаг, улс орноо бид эх орон гэж хүндэлдэг, ээж хүнийг бид эх хүн гэдэг. Тийм учраас эх орны ирээдүйн хөгжил цэцэглэлт, энэ цаг үеийн тэнцвэрийг хангахад эмэгтэйчүүд та бүхний хувь нэмэр их. Социал демокатрууд тэнцвэртэй нийгмийг бүтээдэг.
Шинэ сэргэлтийн бодлого бол шинэ оролцоо, шинэ хандлага, бидний хамтын реформ. Тиймээс эмэгтэйчүүд та бүхэн идэвхтэй оролцох ёстой. Монгол Улсыг монголчууд хөгжүүлнэ. Монгол хүн өөрсдөдөө итгэж байж хүнд хэцүүг давна. Бид Монгол Улсаас хаана ч очсон дэлхийн хоёр дахь хүн байсаар байна. Бид богино хугацаанд социал демократ үзэл баримтлалаар Монгол Улсаа тэнцвэртэй хөгжүүлэх хэрэгтэй. Үүнд эмэгтэйчүүд та бүхэн манлайлах хэрэгтэй” хэмээн онцлов.
Засгийн газар хот, хөдөөгийн ялгааг арилгахаар ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн жилүүдэд хот, хөдөөгийн тэнцвэр алдагдсаныг засаж, залруулахаар Шинэ сэргэлтийн бодлогодоо тусган ажиллаж байна. Засгийн газрын тэргүүн “Бид малчин залуучуудаа дэмжих ёстой. Хөдөө амьдарч байгаа бүсгүйчүүдээ дэмжихээр Засгийн газар ажиллаж байна.
Цаашдаа Монгол Улсын төсвийг бид хэлэлцүүлэг хийж шийднэ. Учир нь бид тэнцвэрээ хадгалах ёстой. Орон нутгийн оролцоонд тулгуурласан төсвийг хэрэгжүүлнэ. Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг, залуу гэр бүлийг дэмжих орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Социал демократ эмэгтэйчүүд та бүхэн хамгийн зөв цагт, хамгийн зөв үзэл баримтлал дээр нэгдсэн байна. Яагаад гэвэл монголчууд эх дэлхийтэйгээ ойр, нинжин сэтгэлтэй, ахмадаа хүндэлдэг, эх хүнийг хайрладаг, байгалиа шүтдэг нүүдэлчин ард түмэн. Тийм учраас социал демократ бол тусгаар тогтнолын, ардчилал, хүний эрх, тэнцвэртэй хөгжлийн төлөөх үзэл санаа. Энэ агуулга хүйсийн тэнцвэртэй байдал дээр ч харагддаг” хэмээв.
Х.Булгантуяа: тогтвортой хөгжлийг дэмжих саналыг ажил хэрэг болгоно
/СДМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд/
Зүүн болон Говийн бүсийн чуулганыг 2023 оны ажил үйлсээрээ үндэсний хэмжээнд тэргүүлсэн Дорноговь аймгийн СДМЭХ-ны салбар холбоо зохион байгууллаа. СДМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа чуулганыг нээж, үг хэлэв. Тэрбээр чуулганы ажиллагаанд өндөр ач холбогдол үзүүлж, оролцоогоо ханган, бэлтгэл сайтай хүрэлцэн ирсэн долоон аймгийн СДМЭХ-ны гишүүд, удирдлагууд, нийгмийн төлөөлөл болсон салбар бүрийн эмэгтэйчүүдэд талархаж байгаагаа илэрхийлээд “Та бүхний хамтын ажиллагаа, идэвх санаачилгын үр дүнд орон нутаг дахь салбар холбоо, зөвлөлийн үйл ажиллагаа эрчимжиж байна. Энэ жилийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн байна.
Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын ерөнхий хуульд эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулах чухал заалтуудыг тусгасан. Мөн Сонгуулийн тухай хуульд 2024 онд эмэгтэйчүүдийнхээ квотыг 30 хувь, 2028 онд 40 хувьд хүргэх эрх зүйн шинэчлэлийн түүхэн шийдвэр гарлаа. Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг шинэ шатанд гаргаж буй нэн чухал цаг үед энэ чуулган зохион байгуулагдаж байна” хэмээн онцоллоо.
Энэ жилийн бүсийн чуулганаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, уг бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх “, Шинэ сэргэлтийн бодлогыг олны хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэх тогтвортой хөгжлийг дэмжих санал, санаачилгыг ажил хэрэг болгохоор зорьжээ.
Эдгээр эмэгтэйчүүд бүс нутгийн хөгжил ямар байна, Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх талаар санал солилцож байгаагаараа онцлогтой. Тиймээс бүсийн чуулганаас гаргасан саналуудыг нэгтгэн, аймаг, орон нутгийн мөрийн хөтөлбөрт тусгах, Засгийн газрын хөгжлийн бодлогод заалт болон оруулахад анхаарч ажиллахаа СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа илэрхийлэв.
М.Мандхай: Анхан шатны байгууллагууддаа хүрч ажиллахыг зорьж байна
/СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/
СДМЭХ энэ онд эмэгтэйчүүдийн эрх, оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, МАН-ын социал демократ үзэл баримтлал болон намын жендэрийн бодлогыг гишүүдэд танилцуулж сургалт зохион байгуулсан байна. Мөн нийгэмд чиглэсэн “Эрт илрүүлэг”, “Жендэрийн эрх тэгш байдалд -Таны оролцоо” эсээ бичлэгийн уралдаан зохиож, Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд “Сакурагийн төгөл”, “Дөрвөн улирлын хүлэмж” аяныг өрнүүлж, төслийг тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, МАН хамтран зохион байгуулсан эмэгтэйчүүдийн нийгэм дэх манлайллыг дэмжих, чадавхжуулах “Манлайлагч-350” сургалт хөтөлбөрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан юм.
Түүнчлэн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээр”, Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал, Хятадын Коммунист нам болон гадаад харилцааны удирдлагуудтай уулзаж, тус намын эмэгтэйчүүдийн холбоотой хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалт, БНСУ-ын Ардчилсан намын эмэгтэйчүүдийн хорооны дарга, баг бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн улс төр, шийдвэр гаргах түвшинг нэмэгдүүлэх талаар олон ажлуудыг хамтран хийх уулзалтыг тус тус зохион байгуулсныг СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай тайлан илтгэлдээ дурдлаа.
Тэрбээр “Бид өнгөрсөн хугацаанд салбар хороодтойгоо цахимаар байнга холбогдож, үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Ажлын алба салбар холбоодтой хамтарч Ногоон хөгжлийн уулзалт нийслэлд хийсэн. Манай Ажлын алба Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн хүрээнд аян зохион байгуулж байна. Бид одоо үндэсний хэмжээнд бүсийн чуулган хийгээд эхэллээ. Холбооны удирдлагын зүгээс анхан шатны байгууллагууддаа хүрч ажиллахыг эрхэмлэж байна. Эмэгтэйчүүдийн амьдралыг сайжруулах хууль, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна” гэв.
Орон нутагт дутагдалтай ажлын байранд эмэгтэйчүүдийг сургаж, бэлдэхийг нийгэм шаардаж байна
Бүсийн чуулганаар социал демократ үзэл баримтлал, хүүхэд, гэр бүл хөгжил, хамгаалал, эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Тухайбал, Стратеги академийн захирал, МУИС-ийн дэд профессор, доктор Д.Бумдарь социал демократ үзэл баримтлалын талаар тавьсан илтгэлдээ “Хүмүүс хамтдаа хөдөлмөрлөж, зүтгэвэл эв санааны нэгдэлд хүрдэг. Социал демократ үзэл бол шударга ёс, эрх чөлөө, эв санааны нэгдэл юм. Засаглалын бодлогыг ил тод явуулснаар шударга ёсыг тогтооно” гэсэн бол Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ш.Чинбат “Хүүхэд хөгжүүлэх орчныг бүрдүүлэх, эцэг, эх бүр хүүхэдтэйгээ ярилцаж, зөвлөлдөж байх хэрэгтэй”-г гэр бүлийн харилцаа, хүүхэд хамгааллын асуудлаар илтгэлдээ дурдаад, орон нутагт хүүхдийг хөгжүүлэх орчныг бүрдүүлэхийг Баянхонгор, Төв аймгаар жишээлэн уриалав.
Бүсийн чуулганаар орон нутагт эмэгтэйчүүдийн оролцоо ямар байгаа, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр ямар үр дүн гарах талаар аймгуудын төлөөлөл санал солилцов. Тэд хамгийн хүнлэг энэрэнгүй, тулгамдсан асуудлаа жигд шийдсэн, авлигагүй нийгмийг бүтээхэд эмэгтэйчүүдийн оролцоо чухал гэдгийг Скандинавын орнуудаар жишээлэн ярьж байлаа. Социал демократ үзэл баримтлалыг чиг баримжаагаа болгосон улс орнууд нь хөгжлийн бодлогоо жендэрийн тэгш харьцаанд суурилан шийдэж чадсанаар амжилт олсон байна. Дорноговь аймгийн тухайд төрийн албаны гүйцэтгэх түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарч иржээ. Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, ИТХ-ын Нарийн бичгийн даргыг томилохдоо жендэрийн тэгш байдлыг харгалзсан байна.
Дорноговь аймгийн СДМЭХ-ны салбар холбооны дарга Д.Сансардулам “Төрийн албанд эрүүл мэнд, боловсрол, үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд олноороо ажиллаж байна.
Жендэрийн эрх тэгш харьцааг чиг баримжаагаа болгосон, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн өнөө цаг үед гүйцэтгэх албанд ажилласаар байх уу. Эрүүл мэнд, боловсрол, үйлчилгээний салбар бол хамгийн их ачаалалтай, хамгийн бага цалинтай салбар. Мөн сумдад бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд маш цөөн харагдаж байна. Эмэгтэй, эрэгтэй ажлын байрны ялгааг арилгах, ажлын байранд тавигддаг шаардлага, цалин хөлс бодолтыг “ажилтан хүн” гэдэг утгаар нь эрх тэгш болгох хэрэгтэй.
Хувиараа хөдөлмөр эрхлэх болон бусад ажлын байранд дэвшилтэт техник технологи нэвтрүүлж, орон нутагт дутагдалтай ажлын байранд эмэгтэйчүүдийг дахин сургаж бэлдэхийг нийгэм биднээс шаардаж байна. Технологийн салбарт эмэгтэйчүүдийг оролцуулах, бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх гэх мэт орон нутгийнхаа хэмжээнд төлөөллийн байгууллагадаа өөрсдөө санаачилгатай оролцож, бие биеэ дэмжин хамтардаг байх хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй.
Эмэгтэйчүүд эзэмшсэн боловсрол, мэдлэг, ур чадвар, ажил амьдралын туршлагаа гэр бүлээсээ гаргах боломжийг дэмжин илүү нийгэмдээ чиглэсэн бүтээлч хөгжлийн төлөөх хөдөлмөрт зориулах нь чухал. Өнөөдрөө болгохоосоо илүүтэйгээр ирээдүйгээ харж амьдрахад оюун санаа, дуу хоолойгоо өргөж, оролцоотой байхыг уриалж байна” гэсэн юм.
Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Зүүн болон Говийн бүсийн чуулган салбар хуралдаанаар үргэлжилж, Монгол хүн бүрд ээлтэй нийгмийг цогцлооход эмэгтэйчүүдийн оролцоо, итгэл үнэмшил, үнэ цэн, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар уриалга, зөвлөмж гаргалаа. СДМЭХ аймгийн салбар холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, СДМЭХ-ны гишүүд дэмжигчдийн санал бодлыг сонсож, бодлого шийдвэрээ таниулан, тэдний хүсэлт тэмүүллийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
Ирэх өдрүүдэд Хангай, Төвийн бүсийн аймгуудын салбар холбоодын чуулган Дархан-Уул, баруун аймгуудын салбар холбоодын бүсийн чуулган Ховд аймагт тус тус зохион байгуулагдах юм. Ийнхүү СДМЭХ-ноос зохион байгуулж буй бүсийн чуулганы үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/
Сэтгэгдэл (1)