М.Бат-Эрдэнэ: Үйлдвэрлэгч, нийлүүлэгч, хэрэглэгч гурав эргэх холбоотой ажилладаг


Монгол Улсын эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, засвар үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэхэд хувь нэмрээ оруулах том зорилго өвөртлөн одоогоос таван жилийн өмнө үүд хаалгаа нээсэн “Биомед Трейд" ХХК-ийнхан өдгөө дэлхийн шилдэг компаниудын албан ёсны борлуулагч, борлуулалтын дараах засвар үйлчилгээ үзүүлэгч компани болон үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Богино хугацаанд боломжит бүх талаараа өргөжин тэлж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл болон оношилгооны бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж буй тус компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал М.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. 

 

-Танай компани аль улсаас ямар нэр төрлийн бараа бүтээг­дэхүүн импортолж байна вэ?

-Манай компани 2014 оноос эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 2017 оноос өөрөө энэхүү компаниа хариуцаж, үйл ажиллагаагаа илүү идэвхжүүлсэн. Мэдээж бид эхэндээ цөөхөн нэр төрлийн, жижиг тоног төхөөрөмж, энгийн ажиллагаатай тоног төхөөрөмжүүдийг оруулж ирдэг байсан. Харин одоо арав орчим улсаас салбартаа тэргүүлэгч үйлдвэрлэгчүүдийн 100 гаруй нэр төрлийн эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн буюу эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг импортолж байна. Тухайлбал, эмнэлгийн тоног төхөөрөмжийн дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчид болох “Mindray”, “Masimo”, “Planmeca”, эмийн “Merck” компанийн албан ёсны онцгой эрхтэй борлуулагчаар ажиллаж байна.

-Та бүхэн ямар шаардлага шалгуур хангасан үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлдэг вэ?           

-Эрчимт эмчилгээ, хагалгааны төрлийн тоног төхөөрөмжийн тухайд бид дэлхийд дээгүүрт бичигддэг  Хятад улсын топ үйлдвэрлэгч “Mindray” компа­нийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгодог. Энэхүү компанийн бүтээгдэхүүн арав гаруй жилийн өмнөөс Монголд орж ирж байсан учраас эмч, мэргэжилтнүүдийн танил болсон, чанар баталгаатай, үнэ ханш боломжийн, танилцуулга мэдээлэл сайтай гэх мэт давуу талтай. Дэлхийн хэмжээний том компани учраас тэндээс эрүүл мэндийн салбартай холбоотой олон шинэ зүйлийг сурч, турш­лага хуримтлуулж, түүнийгээ Монголынхоо хөрсөнд нутагшуулан хэрэгжүүлэх боломжтой байдаг. Манайх энэ компанийн Монгол дахь онцгой эрхтэй дистрибьютерээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, тус компанийн үйлдвэрлэж буй тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлэх, борлуулалтын дараах сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ, сургалт мэдээллээр хангах ажлыг хариуцан гүйцэтгэдэг.

-Танай компанитай хам­тарч ажиллах хүсэлтэй байгуул­ла­гуудад та бүхэн ямар баталгаа, үйлчилгээ үзүүлдэг вэ? 

-Ямар тоног төхөөрөмж гэдгээс шалтгаалж, үйлдвэрээсээ нэгээс хоёр жилийн баталгаа өгдөг. Бид баталгаат хугацаанд бүх сервис үйлчилгээг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэдэг. Манай компа­ниас худалдаж авсан тоног төхөө­рөмжийг нь суурилуулж, ажиллах эмч, мэргэжилтнүүдийг нь сургал­тад хамруулдаг. Бид сервис үйл­чилгээ үзүүлдэг мэргэжлийн багтай учраас баталгаат хугацаа дууссаны дараа, мөн манайхаас худалдаж аваагүй тоног төхөө­рөмжид ч гэсэн энэ төрлийн үйл­чилгээг хамгийн боломжит бага үнээр үзүүлдэг. Үйлдвэрлэгч компанийн Хэрэглэгчийн төвөөс тухайн тоног төхөөрөмжийн ажил­­лагаа, ашиглалтын талаар сэт­гэл ханамжийн судалгаа ав­даг. Үйлдвэрлэгч, нийлүүлэгч, хэрэглэгч гурав байнга эргэх холбоотой ажилладаг.

-Тухайн эмнэлэг танайхаас ямар нэгэн төрлийн тоног төхөө­рөмж авах хүсэлт гаргахад хэр хугацааны дараа нийлүүлэх бо­ломжтой вэ?

-Талууд харилцан санал солилцож, тоног төхөөрөмжөө сонгоод гэрээ байгуулсан үед манайхаас үйлдвэрлэгч рүү захиалга өгдөг. Үйлдвэрлэж дууссаны дараа Монголд ирэх хугацаа нь ямар тээврээр авахаас шалтгаалж 30-45 хоног байдаг. Бид ашиг орлогоо бодохоос илүүтэй тухайн эмнэлгийн үйлчилгээний хүчин чадал, цар хүрээ зэрэгт үндэслэж, хамгийн тохиромжтой тоног төхөөрөмжийг санал болгодог. Өөрөөр хэлбэл, тухайн эмнэлэг нийслэл, орон нутгийнх уу, ямар чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ, өдөрт, сард хэчнээн хүнд үйлчилгээ үзүүлдэг гэх мэт бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж байж аль улс, үйлдвэрийн ямар хүчин чадал, үзүүлэлттэй тоног төхөөрөмж шаардлагатайг судалж, санал болгох зарчмаар ажилладаг. 

Хэрэглэгч эмнэлэг, байгууллагад нийлүүлсэн тоног төхөөрөмж маань доголдох үед үйлдвэрлэгчээс тоног төхөө­рөмжийг удаан зог­соохгүй, хэвийн ажиллагааг тасалдуулахгүйн үүднээс шаард­лагатай сэлбэг хэрэгслийг 5-7 хоногт түргэн шуурхай нийлүүлдэг.

-Манай улсын төр, хувийн хэвшлийн эмнэлгүүд сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа хэр зэрэг  нэвтрүүлж байгаа бол?

-Ер нь сүүлийн үед яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж өвчтөний аюулгүй байдлыг хангасан, эмч, мэргэжилтнүүдийн ачааллыг хөнгөвчлөх зэрэг нэмэлт давуу талтайгаар шинэчлэгдэж байна. Тухайлбал, ногоон хагалгааны өрөөг бий болгох шийдлүүдтэй болж шинэчлэгдсэн мэдээгүйжүүлгийн аппаратыг бид хамгийн сүүлд “Сонгдо”, “Интермед” эмнэлэгт нийлүүлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн төхөөрөмжид  ашигладаг бодис нь  хагалгааны өрөөнд ажиллах эмч, мэргэжилтнүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, мөн тухайн аппаратын параметрийг өвчтөнд ямар хэмжээтэйгээр тохируулж тавих зэргийг өөр дээрээ автоматаар тооцоолж гаргаж ирдэг. Бас нэг онцлох, сүүлийн үеийн шийдэлтэй тоног төхөөрөмж бол төвийн хяналтын мониторингийн систем. Үүнийг бид хоёр жилийн өмнөөс Монголын зах зээлд таниулж, улмаар эмнэлгүүдэд нийлүүлж байна. Энэхүү төхөөрөмж маань тухайн эрчимт эмчилгээний тасаг дахь бүх өвчтөний мэдээлэл буюу биеийн хяналтын үзүүлэлтийг нэгтгэж эмч эсвэл сувилагчийн өрөөн дэх дэлгэцэд харуулдаг, тэндээсээ шаардлагатай үзүүлэлтийг шинэчлэн үзэх зэргээрээ онцлог, давуу талтай. Ингэснээр эмч, сувилагч ор, өвчтөн бүрийн хажууд очиж мэдээллийг нь харж, даралтыг нь хэмжих шаардлагагүй болж байгаа юм. 

-Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүний эрүүл мэнд, амь настай холбоотой, онцгой бараа бүтээгдэхүүн учраас ажилтнуудаа нарийн ойлголт мэдээлэлтэй болгож мэргэшүүлэх чиглэлд хэрхэн анхаарч, ямар шат дамжлагаар бэлтгэдэг вэ?

-Би өөрөө эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэ­жилтэй. Их сургууль төгссөнөөс хойш эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ ажиллаж байна. Манай компанид ч гэсэн тоног төхөөрөмжийн мэргэжлийн инженерүүд ажилладаг. Ялангуяа борлуулалт буюу төхөөрөмж суурилуулах, сургалт зохион бай­гуулах, сервис засвар үйл­чилгээ хариуцдаг инженер мэр­гэжилтнүүдийг цахим болон биечилсэн сургалтад тогтмол хамруулдаг. Тухайлбал, “Mindray” компанийн тоног төхөөрөмжийг суурилуулж, хэрэглэгчдэд ашиг­лалтын талаарх сургалт мэдээллийг өгөхийн тулд эхлээд өөрсдөө үйлдвэр дээр нь очиж сургалтад хамрагддаг. Энэ нь энгийн сургалт бус түвшин тогтоох шалгалт авч, сертификат олгодог олон улсын мэргэшүүлэх сургалт юм.

 Мөн манай инженерүүд өөрсдийн тусгай кодоор үйлдвэрлэгчийн сургалтын флатпорм руу нэвтэрч, шинэ бүтээгдэхүүний талаарх цахим сургалтад байнга оролцож, өөрсдийнхөө мэдлэгийг бататган, цэнэглэж байдаг. Ирэх аравдугаар сард хоёр инженер маань үйлдвэр дээр нь очиж, сургалтад хамрагдах гэж байна.

-Эрчимт эмчилгээ болон хагалгааны тоног төхөөрөмжөөс гадна тухайлбал, эмнэлгийн ямар төрлийн багаж хэрэгсэл, эм оруулж ирдэг вэ?

-Эрүүл мэндийн салбарт маш олон төрлийн, чиглэлийн эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл байдаг. Бидний нэг зорилго маань төрөлжсөн байдлаар, дэлхийн тэргүүлэгч, Монголын зах зээлд хамгийн боломжтой байх эмнэлгийн хэрэгслүүдийг ханган нийлүүлэх юм. Энэ ч утгаараа бид эмнэлгийн хэрэгслээр, дурангийн оношилгоо, хагалгаанд ашигладаг багаж хэрэгсэл, эрчимт эмчилгээ, хагалгааны үед ашиглагдах хэрэгслүүдийг эмнэлгүүдэд нийлүүлж байна. Мөн зүрхний бичлэг, ургийн бичлэг, ЭХО зураг зэргийг хэвлэдэг зориулалтын цаасыг бүх хэмжээ, төрлөөр нь оруулж ирж байгаа. Эмийн тухайд одоогоор Итали улсаас элэгний хатуурлын үед уудаг эмийг оруулж ирж, эмийн сангуудаар дамжуулан даатгалаар олгож байгаа. Мөн үр шилжүүлэн суулгах эмийг дэлхийд тэргүүлэгч “Меrck” эмийн үйлдвэрээс татан авч, Монгол Улсад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдэд нийлүүлж байна.

-Энэ чиглэлээр ажиллаж буй компаниудаас та бүхэн ямар бодлого, зарчмаар ялгарахыг зорьдог вэ?

-Бид хэд хэдэн зарчим ба­римталж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг зорьдог. Нэгдү­гээрт, үйлчлүүлэгчид зөвлөн туслах. Тухайн эмнэлгийн хэрэгцээнд бүрэн нийцээгүй, үнэтэй тоног төхөөрөмж худалдан авах санал тавихаас илүүтэй бодит нөхцөлд нь тулгуурлаж, тав, арван жилийнх нь зорилго зорилттой уялдуулж сонголтыг хамтдаа хийдэг. 

Хоёр­дугаарт, сургалт сервисийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд тогтмол үзүүлэх. Зөвхөн тоног төхөөрөмж гэлтгүй бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн яаж ашиглах тухай мэдээллийг өгч, эргэх холбоотой ажилладаг.

Гуравдугаарт, нийлүүлэгч, хэрэг­лэгч үйлдвэрлэгч гэсэн байнгын эргэх холбоотой байх зарчимтай. Эмч, мэргэжилтнүүд маань тухайн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг үйлдвэр болон түүнийг ашигладаг эмнэлгүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, туршлага хуримтлуулж, эргэж ирээд өөрийн эмнэлэгтээ хэрэгжүүлэх бо­ломж бүрдүүлж өгөхийг хичээдэг.

 Мөн манай компанийн хийдэг уламжлалт онцлог үйл ажиллагаанууд байдаг. Үүнд, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний “Service Week” буюу “Сервисийн 7 хоног” аян зарлаж, инженер техникийн ажилтнуудын хомстолтой эмнэлгүүдэд очиж, сервис үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг уламжлалтай. Аяны хүрээнд ихэвчлэн орон нутгийн эмнэлгүүдийг сонгож байна.

2023 ондоо нэвтрүүлж буй шинэ үйлчилгээ маань шалгалт тохируулгын ажил байх юм.  Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас батал­гаажуулсан төхөөрөмж ашиглан тухайн багаж үнэн зөв ажиллаж буй эсэхийг шалгадаг. Үүнтэй яг адил бид Швейцар улсын үйлдвэрлэгчийн анализатор төхөөрөмжийг худалдан авч, өөрсдийн нийлүүлсэн тоног тө­хөөрөмж үнэн зөв ажиллаж байгаа эсэхийг шалгаж байна. Энэхүү ажлын хүрээнд үйлдвэрлэгчийн инженер Монголд ирж, манай инженерүүдтэй хамтран эмнэл­гүүдэд ажилласан. Тоног төхөө­рөмж нийлүүлдэг хувийн аж ахуйн нэгж өөрсдийн боломж нөхцөлийг ашиглан шалгалт тохируулгын ажлыг хийж буй нь том  дэвшил.


С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/


0
angry
2
care
0
haha
12
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22