Турк улсын “Гүвэн” /GUVEN/ эмнэлгийн Гадаад харилцаа хариуцсан захирал Арыз Тубатай ярилцлаа.
-Та Монгол Улсад хэд дэх удаагаа зочилж байна вэ?
-“Монголын Үнэн” сонины уншигчдад энэхүү ярилцлагыг унших өдрийн мэнд хүргэе. Би эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Сүүлийн долоон жилийн хугацаанд “Гүвэн” эмнэлэгт ажиллаж байна. Монголд хоёр дахь удаагаа ирлээ. Эхлээд өнгөрсөн оны аравдугаар сард ирэх үеэрээ улсын эмнэлгүүдэд сургалт явуулсан. Харин энэ удаад хоёр зорилготой Монголд ирсэн. Нэгдүгээрт, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийх. Хоёрдугаарт, Монгол Улстай албан ёсоор хамтарч ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой. Хамтын ажиллагааны хүрээнд эмч нарыг харилцан туршлага солилцуулахаас гадна Монголд эмчлэх боломжгүй хүмүүсийг манай эмнэлэг рүү зуучилж, эмчлүүлэх гэх мэт боломжтой болох юм. Бид Монголд ирээд тав дахь өдрөө ажиллаж байна. Энэ хугацаанд Налайх дүүргийн эмнэлэгт болон ОБЕГ-ын харьяа сэргээн засах “Жаргалант” сувилал дээр үзлэг оношилгоо хийж, шаардлагатай хүмүүст нь эмийн эмчилгээ бичиж өгсөн.
-Үзлэг оношилгоонд хамрагдсан иргэдийн дунд ямар төрлийн өвчлөл зонхилон тохиолдож байна вэ?
-Нэгдүгээрт, элэгний өвчтэй хүмүүс олон байна. Хоёрдугаарт, хавдартай болон хавдрын мэс заслын дараах эмчилгээ үйлчилгээ хийлгэж байгаа хүмүүс их байна. Гуравдугаарт, нуруу нугасны гэмтэл авсан, харвалт өгсөн цаашид олон хоног, сар, жилээр дээд зэргийн сэргээн засах, физик эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүмүүс маш олон байлаа.
-Та манай ушигчдад өөрийн ажилладаг эмнэлгээ танилцуулна уу?
-Манай эмнэлэг Турк улсын хамгийн анхны хувийн эмнэлэг. Анх 1975 онд байгуулагдсан бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл 50 орчим жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор эмнэлэг маань эрдэмтэн доктор, профессор болон олон улсын сертификаттай 170 эмч, мэргэшсэн чадварлаг 300 гаруй сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр бүх төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Эмнэлгийн хүчин чадлын хувьд 48 тасаг, 250 ортой. Манай эмнэлэг төв болон сэргээн засах гэсэн хоёр эмнэлэгтэй.
-Танай эмнэлгийн бусдаас ялгарах онцлог давуу тал юу вэ?
-Манай эмнэлэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмч мэргэжилтнүүдтэй. Тухайлбал, төрөлхийн ясны гажигтай хүүхдэд мэс засал хийж эмчлэн хөл дээр нь гишгүүлсэн тохиолдол бий. Энэ төрлийн мэс заслыг дэлхийд маш цөөхөн эмч хийдэг. Тэдний нэг нь манай эмнэлгийн эмч. Хамгийн сайн, олон улсын хэмжээний мэргэшсэн эмч мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлж, эмнэлэгтээ орчин үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхээс гадна үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгчдэд ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхийг хичээдэг. Эмнэлэгт бус гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг зорьж, тохижилт үйлчилгээндээ анхаардаг. Манай эмнэлэг рүү орж ирэхэд хүйтэн хөндий, таагүй мэдрэмж төрөхгүй. Хүмүүсийн хэлдгээр эмнэлгийн үнэр ч үнэртэхгүй. Тийм ч учраас 2016, 2017 онд Герман болон Францаас олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан, жишиг болохуйц дотоод засал, тохижилттой гэж үнэлж, энэ төрлийн шагналыг олгосон байдаг.
-Сэргээн засах эмнэлэгтээ сүүлийн үеийн ямар төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Сэргээн засах эмнэлэг маань хэд хэдэн төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал, гоо сайхны салон, спа, спортын өрөөтэй. Мөн тус төвдөө роботон физик эмчилгээг нэвтрүүлсэн. Энэ нь харвалт өгсөн, гар хөлөө хөдөлгөж чаддаггүй, олон жил хэвтэрт байсан хүмүүст роботон аргаар физик эмчилгээ хийдэг. Мөн өндөр настнуудад тулгардаг асран хамгаалагчийн асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл, манай сэргээн засах эмнэлэгт хэдэн ч хоног хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийн асрагч нар маань тэдэнд тусалдаг. Яг л гэртээ байгаа мэт тав тухтай байх орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Хүмүүс эмнэлэгт хэвтэхээр ядардаг гэдэг. Тэгвэл манай эмнэлэгт хэд хоног, сар хэвтэж эмчилгээ үйлчилгээ авсан ч ийм мэдрэмж төрөхгүй.
-Танай эмнэлгийн гол зорилго чиглэл юу вэ?
-Манай эмнэлэг Турк улсын эрүүл мэндийн салбарт бүх талаараа анхдагч болсон гэж хэлж болно. Бүх төрлийн эрхтэн шилжүүлэн суулгадаг. Мөн төрөл бүрийн хавдрыг мэс заслын болон мэсийн заслын бус аргаар эмчилдэг. Бидний хамгийн том гол зорилго бол иргэд маань эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гэж гаднын улс орныг зорьж, эдийн засгийн дарамтад орохгүй байх боломж нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Манай эмнэлэг олон улсын стандарт шаардлагыг хангасан. Үүнийг баталгаажуулсан олон улсын сертификат, шагнал урамшуулалтай. Тухайлбал, 2018 онд АНУ-аас JCI ........авсан. Манай эмнэлгээр Турк улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүн, улстөрчид үйлчлүүлдэг. Мөн Турк улсад суугаа 86 улсын Элчин сайдын яамтай бид албан ёсны гэрээтэй ажилладаг тул тус газрынхан манай эмнэлгээс эмчилгээ, үйлчилгээ авдаг.
-Танай эмнэлгээр жилд гадаадын хэчнээн иргэн үйлчлүүлдэг вэ?
-Гадаад харилцаагаа 2010 оноос идэвхжүүлж, цар хүрээгээ өргөжүүлсэн. Ингэснээр өнгөрсөн жил гэхэд манай эмнэлгээр 113 улсын 17 мянган иргэн үйлчлүүлсэн байна.
-Тоног төхөөрөмжийн хувьд ямаршуу хүчин чадалтай вэ?
-Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Бид үйлчлүүлэгчид ямар нэгэн мэс заслыг нээлттэй бус сорви үлдээхгүй аргаар хийлгэхийг зорьдог. Хорт хавдрын тухайд ч гэсэн эрхтэнээ зүсүүлж, тайруулахгүйгээр эмчлүүлэхийг хүсдэг. Тиймээс ийм эмчилгээний арга барил, шийдлийг нэвтрүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.
-Мэс заслын бус эмчилгээ хэр зэрэг үр дүнтэй байдаг вэ. Ялангуяа хорт хавдрын тухайд?
-Үр дүн сайтай байдаг. Жишээлбэл, зарим эмнэлэг хөхний хорт хавдартай хүний хөхийг бүтнээр нь авчихдаг. Тэгвэл бид ийм аргаас аль болох татгалзаж, дурангийн хагалгаа хийж, зөвхөн хавдрыг нь авдаг. Мөн өмнө нь тархины хагалгааг нээлттэй хийдэг байсан бол сүүлийн үед хамраар эсвэл толгойны ар хэсгийн судсаар дамжуулан мэс ажилбар хийдэг шийдлийг нэвтрүүлсэн.
-Танайхаар үйлчлүүлсэн, одоо эмчилгээ хийлгэж буй хавдартай хүмүүсийн эмчилгээний үр дүнгээс хуваалцаж болох уу?
-Сүүлийн үед гаднаас ялангуяа Монгол Улсаас төрөл бүрийн хавдартай хүмүүс манай эмнэлэгт маш их хандаж байна. Хавдартай хүмүүс химийн эмчилгээ хийлгэхээр үс нь унах гэх мэт сөрөг нөлөө ихтэй байдаг. Тэгвэл манай эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэсэн хүний үс огт унадаггүй. Үүнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд буцдаг тохиолдол олон бий.
-Жилд хорт хавдартай гэсэн оноштой хэчнээн хүн танай эмнэлгээр үйлчлүүлдэг вэ?
-Түрүүн хэлсэнчлэн жилд эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй 17 мянган хүний 4/1 нь хорт хавдартай гэсэн оноштойгоор мэс засалд ордог. Харин хими болон туяа эмчилгээ гэх мэт хавдрын чиглэлийн эмчилгээ үйлчилгээг жилд хамгийн багадаа 3000-4000 хүн авч байна.
-Монгол Улсаас хэчнээн хүн танай эмнэлэгт хандаж байна вэ?
-Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудтай албан ёсоор хамтарч ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 30 хүн манай эмнэлгээр үйлчлүүлсэн. Үүний 11 нь хавдрын чиглэлийн эмчилгээ үйлчилгээ авсан. Одоогоор сэргээн засах эмнэлэгт гурван монгол хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний нэг нь автомашины осолд орж, арав гаруй жил хэвтэрт байсан тул одоогоор дээд зэргийн сэргээх засах буюу роботон физик эмчилгээ хийлгэж байна. Нэг нь умайн хүзүүний хавдартай тул туяа болон химийн эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээ үр дүн сайтай, үйлчлүүлэгч маань сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн.
-Танай эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн хүмүүс Монголдоо ирээд эмнэлгийн хяналтад байх шаардлагатай тохиолдолд ямар зохицуулалт хийж өгдөг вэ?
-Бид хамтарч ажилладаг эмнэлгүүд рүүгээ тухайн хүний өвчний түүх, хийлгэсэн эмчилгээ үйлчилгээ, биеийн ерөнхий байдал гэх мэт бүх мэдээллийг нь цахимаар илгээдэг. Ингэснээр тэр хүн маань манай болон Монгол дахь эмнэлгийн хяналтад байх боломжтой гэсэн үг.
-Арав гаруй жил хэвтэрт байсан хүнд роботон физик эмчилгээ хийж байгаа тухай дурдлаа. Тухайн хүн ямар байдалтай очсон бэ. Биеийн байдал нь дээрдэж, эерэг өөрчлөлт гарсан уу?
-Манай эмнэлэгт ирээд маш том эерэг өөрчлөлт гарсан шүү. Өөрөө болон ар гэрийнхэн нь сэтгэл өндөр, баяртай байгаа. Тэр хүн маань манайд ирэхэд хүзүүнээсээ доошоо ямар ч мэдрэлгүй, өөрийгөө удирдаж хөдөлгөөн хийх чадваргүй ирсэн. Энэ хүн манай эмнэлэгт хэвтээд хоёр сар болж байна. Одоо гараа хөдөлгөдөг болсон. Ер нь сэргээн засах эмчилгээний үр дүн богино хугацаанд гарахгүй. Маш удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Ер нь биеийн байдлаасаа шалтгаалж, хамгийн багадаа 4-5 сар хэвтэн эмчлүүлдэг.
-Манай улсын тухайд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг хүмүүст зарим хувийн эмнэлгүүд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг. Танай эмнэлэг үүнтэй ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг үү?
-Даатгалын тухайд бид олон улсын даатгалын 56 байгууллагатай хамтарч ажилладаг. Олон улсын даатгалтай тохиолдолд таны асуусанчлан хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх боломжтой. Гэхдээ уншигчид маань улсын биш хувийн олон улсын даатгал гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй шүү. Монгол Улсын хувьд “Мандал” даатгалтай бид албан ёсоор гэрээ байгуулан, хамтарч ажиллах гэж байгаа. Зөвхөн энэ даатгалын газраар хязгаарлагдахгүй бүх л олон улсын даатгалын байгууллагатай хамтарч ажиллах бүрэн боломжтой.
-Та бид хоёрын ярилцлагыг уншаад танай эмнэлгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн хүн та бүхэнтэй яаж холбогдох боломжтой вэ?
-Фэйсбүүк хаяг маань Güvenhospitalmng Güvenmng. Мөн +905319382832 утсаар холбогдох боломжтой. Бид өвдөж зовж буй монголчуудыг эрүүл болгохын төлөө бүхий л чадлаараа хичээж ажиллах болно. Бидэнд цаг заваа зарцуулж ярилцаж, манай эмнэлэг болон өвчтөн хоёрыг холбох гүүр болж буй “Монголын Үнэн” сонины хамт олонд маш их баярлалаа.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна