​ Сайн бас саар мэдээ дагуулсан долоо хоног



Усны шувууд нутаг сэлгэж, ургац хураалт жигдэрч, хаа сайгүй хадлан тэжээлээ базааж, алтан намрын амсхийх завгүй өдрүүд үргэлжилж байна. Монгол Улс энэ онд сүүлийн 10 жил хураагаагүй их ургац авна гэсэн таатай мэдээлэл байгаа ч цаг агаар муудаж, цасанд тариагаа даруулчихвий гэсэн болгоомжлол олон хүнийг түгшээж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт улс төрийн амьдрал харьцангуй нам гүм өнгөрөв. Ерөнхийлөгч Америк руу нисэж, Ерөнхий сайд аймгууд тойроод завгүй явна.  

Хэрвээ хамгийн түргэн шуурхай хүнийг шалгаруулбал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаалтыг өнгөлөхөөр байна. Тэрбээр долоо хоногт гурваас дөрвөн аймагт ажиллаж, Засгийн газрын хуралдааны үеэр ажлын тайлангаа тавьж, бас асуудлыг газар дээр нь шийдэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л дөрвөн аймагт ажиллаж,  иргэдийн өөрсдийнх нь эрэмбэлсэн томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг ирэх оны төсөвт тусгуулахаар болсон юм. Тухайлбал, Дархан-Уул аймагт ес, Сэлэнгэ, Архангай аймагт тус бүр долоон томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Одоогоос гурван жилийн өмнө цар тахлаас шалтгаалан -4.6 хувиар агшсан эдийн засаг сэргэж, 2023 оны жилийн эцэст төсвийн орлого 1.8 орчим их наяд төгрөгөөр давж биелэх тооцоо гараад байгаа. Тиймээс Ерөнхий сайд ирэх онд мөнгөө үр дүнтэй зарцуулахын тулд иргэдээс санал авч, уг саналын дагуу бүтээн байгуулалтын ажлуудад хөрөнгө оруулалт хийхээр 2024 оны төсөв хэлэлцэхээс өмнө 21 аймгийг бүтэн тойрохоор шийджээ. 

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурал ширүүхэн болж өнгөрсөн.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн 107 компанийг 2023 онд “Хар жагсаалт”-д оруулж хяналт шалгалт хийж байна. Үүнээс гадна тендерт ялсан компаниудыг шалгахаас захиалагчдад ч хатуухан сануулга өгч хувийн хэвшлүүдэд чирэгдэл учруулахгүй ажиллахыг  анхааруулжээ. 

Мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн нэг асуудал бол сэргээш. “Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн төлөөлөл “Монада” гэх байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Гэвч “Монада” -ийн үйл ажиллагаа доголдсон, сэргээшийн асуудлаас болж ирэх жил Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн учраас Ерөнхий сайд яаравчлан ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулах шийдвэр гаргалаа.

Үндэсний бөхчүүд сэргээш хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг маргаан жил бүр л гарч, монголчууд бид талцаж, нутгархаж хэрэлддэг. Энэ удаад  сэргээшийн сорьцын шинжилгээний хэрүүлээс болж дэлхий нийтэд шившгээ дэлгэж магадгүй байна. Хэдхэн хоногийн дараа Дэлхийн допингийн эсрэг агентлагийн зөвлөлийн хурал болно. Энэхүү хурлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй “Монада” байгууллагад тавьсан зургаан шаардлагын хэрэгжилтийг авч үзээд, хангалттай эсэх асуудлыг хэлэлцэх учраас Засгийн газар ч сандарч байгаа бололтой. 

Сошиал орчинд Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ тариалангийн талбайг хашаажуулах ажлыг дэмжихээр амласан, “Гацуурт” ХХК-ийн тариалангийн талбайг есөн тэрбумаар хашиж өгөх гэж байна гэдэг цуурхал дэгдэж багагүй хэрүүл маргаан дагуулав. Гэвч энэ мэдээлэл ор үндэсгүй гэдгийг баталж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Татвар төлөгчдийн мөнгөөр хувийн компанийн хашаа барихгүй” гэж хатуухан мэдэгдлээ. 

Хэд хоногийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн ажил хаялт зарлаж, цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан. Тэгвэл багш нар ч бас ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байна. Тэд эхний ээлжид Засгийн газрын төлөөлөлтэй уулзана. Зөвшилцөлд хүрэхгүй бол ирэх сарын 5-ны өдөр буюу Багш нарын баярын өдрөөр орон даяар ажил хаяна гэж сануулж байна. 
Өнгөрсөн долоо хоногт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 21 дүгээр их хурал боллоо. Энэ байгууллага уг нь төрийн бус байгууллага. Гэхдээ төрийн хуультай, хамгийн том төрийн бус байгууллага бөгөөд жилдээ хэдэн саяар яригдах ам.доллар тус байгууллагын дансанд цуглардаг. Тийм ч учраас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга хэн болох вэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж, бизнес эрхлэгчид хүч чадлаа сойж хамгийн нөлөө бүхий “MCS” компани ялалт байгууллаа. 
Намрын сар дундаа орж, сонгууль ойртож байгаа ч намуудын амьдрал  харьцангуй нам гүм байна. 

МАН-ынхан хөдөө орон нутагт ажиллахаар сум бүрд төлөөлөгч илгээжээ. Тэд иргэдийн саналыг сонсож, идэвхтэн гишүүдтэйгээ ээлж дараалан уулзалт хийж байгаа юм. Харин АН-ыхан дахиад л дарга цэргээ солихоор толхилцоод эхэлсэн сурагтай. Энэ удаа Нийслэлийн АН-ын даргын суудлаас Э.Бат-Үүл баатрыгаа авч хаях том ажил өрнүүлж, Ц.Баатархүү, М.Тулгат, Д.Бадарсан нарын нэр яригдаж эхэллээ. 

Мөн тус намын эмэгтэйчүүд Дээд чуулганаа зарлаж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхийлөгчийн албаа өгнө гэдгээ мэдэгдлээ. Энэ үеэр АН-ын дэд дарга С.Баярцогт тун сонин мэгдэгдэл хийв. Тэрбээр “Миний хэрэг Монголын шүүхээр дөрвөн түвшинд шийдэгдсэн. Хилс хэрэг байсныг Монголд, Швейцарын холбооны улсад ч шийдсэн. Би Монгол, Швейцар, Австрали, Хонконгийн хүчний байгууллагад шалгуулсан. Үүнтэй холбоотойгоор намайг Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Үндсэн хуулийн Цэц шүүхийн зүгээс хууль зөрчсөн зүйл алга байна хэмээн шийдвэр гаргасан. 

Миний эсрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг хүн ойлгомжтой. Энэ бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Намын даргын сонгууль, намын үйл ажиллагаа идэвхжих болгонд намайг харлуулдаг” гэж ярив. Тэгвэл ХҮН намынхан Удирдах зөвлөлийн гишүүдийнхээ тоог огцом нэмж, дандаа гадаадад боловсрол эзэмшсэн залуучуудыг оруулж иржээ. Гэхдээ Т.Доржханд даргын энэ шийдвэр олон залуусын сэтгэлийг гонсойлгож, ХҮН намд хүн шиг харагдахын тулд заавал  гадаадад сургууль төгссөн байх ёстой юм байна гэсэн бухимдлыг төрүүлжээ. 
Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар, Баянзүрх дүүргийн шүүхэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Эрдэнэс Таван­толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүнд холбогдох шүүх хурал эхэллээ. Шүүгдэгчид бүгд л өөрсдийгөө өмгөөлж хамгаалж, хаанаас яаж мөнгө олсноо  янз бүрээр л тайлбарлах гэж оролдож байна. Зарим нь шуудангийн марк, эрэгтэй хувцас зарж хадгаламждаа их хэмжээний мөнгөтэй болсон гэж ярьж байхад нэг хэсэг нь манай гэр бүлийг хамгаалалтад авах юм бол нүүрсний хулгайг илчилнэ хэмээн мэдүүлж байх юм. 

Нүүрсний хулгайн хэрэгтэй тэмцэхээ ил тод зарласан Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-д ажиллаж байгаа. Хууль зүйн сайд Хятад руу зугтаж гараад нүүр ам, царай төрхөө өөрчилчихсөн нүүрсний хулгайчийг авчрахаар болсон тухай мэдээлэл цацагдаад байна. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, ЭТТ-ын Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой хамтран бусдад авлига өгөхийг завдсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа. Д.Ариунболд гэгч этгээд царай зүсээ хувиргасан учраас хилээр оруулж ирэхэд асуудал үүсээд байгаа сурагтай. 

  Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24566/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Европын холбоо БНХАУ-тай харилцаагаа зузаатгахыг хүслээ 19 минутын өмнө
Б.Солонгоо: СДМЭХ-ноос “Реформ ба эмэгтэйчүүд” сургалтыг орон даяар зо… 31 минутын өмнө
Нотлох баримтаар далд эдийн засаг, нууц эздийг илчилсэн нүүрсний сонсг… 37 минутын өмнө
Малчид, тээвэрчид, ард, иргэдийн анхааралд! 40 минутын өмнө
Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна 41 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 44 минутын өмнө
Монгол Улс анх удаа боловсролын чанараа үнэлүүлэв 2023/12/08
Б.Анар: Эрүүл мэнд, байгаль орчны салбарт процессын дахин инженерчлэл … 2023/12/08
Ү.Төмөрхуяг: “Дулааны цахилгаан станц-4”-т эрсдэл хуримтлагдаад байна 2023/12/08
Эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хийж буй ажлууд 2023/12/08
Яагаад эрчим хүчээ хэмнэх ёстой вэ 2023/12/08
П.Товуудорж: Хэмнэлтийг дадал болгох үүднээс “Тогоо тохируулъя 17-22” … 2023/12/08
Ид ачааллын үе эхлээгүй ч “ДЦС-3” бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна 2023/12/08
М.Баярмагнай: Эрчим хүчээ хэмнэвэл оргил ачааллыг хүндрэлгүй давахад д… 2023/12/08
Э.Түвшинчулуун: Эрчим хүчний салбар 2023 онд 74 орчим тэрбумын алдагда… 2023/12/08
Эх оронч сэтгэл эрчим хүчээ хэмнэхээс эхэлнэ 2023/12/08
Шинэ жилийн баярууд, ширүүхэн маргаантай 7 хоног 2023/12/08
ШУУД: Хүний эрхийн үндэсний форум болж байна 2023/12/08
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллы… 2023/12/08
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний шат өндөрлөв 2023/12/08