Т.Отгонболд: Намын хорооны үнэт зүйл нь гишүүд дэмжигчид байдаг


Багануур дүүргийн ИТХ-ын дарга, МАН-ын хорооны дэд дарга Т.Отгонболдтой ярилцлаа.

-Улаанбаатар хот есөн дүүрэгтэй. Багануур бол  алслагдсан дүүрэг. Бусад найман дүүрэгтэй харьцуулахад танай дүүрэг  өрсөлдөх чадварын хувьд  ямар түвшинд байна вэ?
-Юуны өмнө “Монголын  үнэн” сониныхоо уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Багануур дүүрэг Улаанбаатар хотоос 130 км зайтай алслагдсан. 1980 онд үүсэн байгуулагдаж 43 жилийн хугацаанд Улаанбаатар хотын ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4, Амгалан дулааны станц зэрэг томоохон станцыг нүүрсээр хангадаг уурхайгаа түшиглэсэн хот. 8662 өрхийн 29341 хүн амтай. Нийт хүн амын 71 хувийг 18-36 насны залуучууд эзэлдэг. Залуучуудын хот гэж хэлж болно. Дүүргийн иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан зэрэг сумын иргэдэд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээг давхар үзүүлдэг,   зүүн бүсийн уул уурхай, дэд бүтэц хөгжсөн томоохон дүүрэг л дээ. 2017 онд олон улсын байгууллагаас дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгаа хийхэд Багануур дүүрэг маань есөн дүүргээс тавдугаар байрт орж байсан. Энэ судалгааг хийхдээ амьдралын чанар, аюулгүй байдал, амьдрах орчин, засаглал, эдийн засаг гэсэн таван үзүүлэлтээр тогтоодог юм билээ. Бид эдгээр үзүүлэлтээ сайжруулж, 2019 онд өрсөлдөх чадвараараа нийслэлд тэргүүн байр эзэлсэн. Амьдралын чанарын үзүүлэлтээр есөн дүүргээс нэгдүгээрт, аюулгүй байдал, амьдрах орчны үзүүлэлтээр хоёрдугаарт, засаглалын үзүүлэлтээр нэг, эдийн засгийн үзүүлэлтээр наймдугаарт орсон байгаа юм. “Багануур” ХК төдийгүй зүүн болон говийн аймгуудыг цахилгаан эрчим хүчээр найдвартай тасралтгүй хангаж байгаа “Баруун, зүүн, өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Багануурын салбар, “Багануур дулааны станц” зэрэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тооцогддог  чухал ач холбогдол бүхий обьекттой дүүрэг.  


-Дүүргийн МАН-ын хорооны гал тогоог хариуцан ажиллаж байна. Намын хороод үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж, үр бүтээлтэй ажиллахад хамгийн чухал нь юу гэж та үздэг вэ?
-Манай дүүргийн намын хороо  өөрийн гэсэн хэв маягтай, олон жил намын ажлыг сэтгэл зүрхээрээ хийсэн, чадварлаг баг хамт олон байдаг. Шударга, эв нэгдлийг эрхэмлэн, нэг ч гэсэн намын гишүүний асуудлыг шийдвэрлэн ажиллахыг чухалчилдаг. Манай намын хорооны хамгийн үнэт зүйл бол намын гишүүд. Тийм ч учраас бид ямагт  гишүүдээ  сонсон, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвшсэн. Ер нь хорооны намын хороо, үүрүүд тогтвортой том жижиг гэлтгүй үйл ажиллагааг байнга зохион байгуулдаг. Жишээлбэл, тэмдэглэлт баярын өдрүүд, намын гишүүдийнхээ дунд зун болон намрын цугларалт, урлаг, спортын арга хэмжээ, төрсөн өдөр, ар гэрийн гачигдлаас гадна  хэвтэрт байгаа ахмадуудаа эргэх, шинээр төрсөн ээжүүдээ эргэх, шагнал авсан гишүүддээ хүндэтгэл үзүүлэх гэх мэтээр гишүүддээ зориулсан цаг, завыг тогтмол гаргаж ажилладаг.


-Дүүргийн ИТХ-ын даргын хувьд МАН-ын хорооны дэд даргаар  ажиллахад ачаалал ихтэй байдаг байх. Энэ хоёр албан тушаалыг давхар хашихын  давуу талыг та хэрхэн хардаг вэ?
-Аливаа ажлыг хийхэд анхан шатны нэгжийн уялдаа холбоо туйлын чухал. Улс төрийн албан хаагчийн хувьд намын ажлаа давхар хийгээд явахад олон талын ач холбогдолтой. Нутгийн удирдлагын байгууллагаас гарч байгаа бодлого, шийдвэрүүдийг хөрсөн дээрээ буусан, ард иргэдэд хүртээмжтэй, амьд байлгахад ач холбогдол их бий шүү. Манай дүүргийн хувьд намын болон төрийн ажлыг хийхдээ залуучуудаа ажлын багаас нь эхлүүлж, дэвшин дээшлүүлэх чиглэлээр зарчим, бодлогоо барьж ажилладаг. Олон жил хамтарч ажилласан баг хамт олон байдаг болохоор харцаараа ойлголцож, ажлаа хурдан шуурхай явуулахыг эрэмлздэг.


-Дүүрэгт бүх шатанд ялалт байгуулсан намын хорооны дэд даргын хувьд үүрэг, хариуцлагаа хэрхэн ухамсарлан ажиллаж байна вэ?
-Улс төрийн намын гол зорилго бол шат шатны сонгуульд ялах. Тиймээс “Сонгуулийн маргааш сонгууль” гэсэн уриатайгаар 2024 оныхоо бэлтгэл ажилд орчихоод  байна. Хэдхэн хоногийн өмнө дүүргийн Намын хорооноос намын гишүүдийнхээ дунд “Намрын цугларалт-2023” тайлант өдөрлөгийн үйл ажиллагааг 1000 гаруй гишүүнийхээ дунд амжилттай зохион байгууллаа. Мөн өдөрлөгийн үеэр намаас томилогдсон 43 байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудын ажлын тайлан мэдээллийг сонсон, байгууллагуудаас ажлын байрны сул орон тооны захиалга авч, шаардлага хангасан  намын  18 гишүүнийг ажлын байртай болоход нь зуучлан ажилласан. Хувь хүн талаасаа бус манай баг хамт олон гэж ярих нь илүү зохимжтой байх. Бид бүхэн дүүрэг, орон нутгийнхаа хөгжлийг хурдасгах, шинээр орон сууц барих, дэд бүтцийг хөгжүүлэх, өргөтгөх, ажлын байр бий болгох, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын өргөтгөл, орон сууц болон гэр хорооллын айл өрхийн тохижилт, гэрэлтүүлэг зэрэг ажлыг бодлогоор үе шаттай шийдвэрлэн ажиллахаар хичээж байгаа. Намын гишүүдийн, удирдлагын итгэл найдвар, гэдэг асар том хариуцлага байна. Үүнийг алдахгүйн төлөө хичээнгүйлэн ажилладаг.


-УИХ-ын намрын чуулганаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулахаар  санал авч байгаа. Анхан шатанд ажиллаж байгаа хүний хувьд танд ямар санал байна вэ?
-Энэ бол маш чухал хууль. Анхан шатанд ажиллаж байгаа бид бүхний хувьд энэ хуулиар бүхий л харилцаа зохицуулагдаж байдаг. Миний хувьд тусгайлсан хэд хэдэн санал байна. Нэгдүгээрт, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг иргэд сонгогчидтойгоо уулзах, сонгогдсон тойрогтоо ажиллах нөхцөл боломжоор хангах зорилгоор үйл ажиллагааны болон чадавхжуулах зардлыг хуульчилж тусгах. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааны хэвлэлийн зардлыг бууруулах, аль болох хэвлэмэл цаасан материалаас татгалзаж, цахим сурталчилгааг дэмжин хуульчлах. Гуравдугаарт, нэр дэвшигчийг шүүхээр эцэслэн тогтоогдоогүй асуудлаар ам болон цахимаар гүтгэх, илт гутаан доромжлох үйлдлийг таслан зогсооход чиглэсэн заалт тусгах. Дөрөвдүгээрт, Аймаг, нийслэлийн  ИТХ-ын   сонгуулийг зохион байгуулахгүйгээр сум, дүүргийн ИТХ-ын  сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдүүлдэг байх гэсэн зарчмын саналуудаа танай сониноор дамжуулан илэрхийлье.  

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24566/


0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Отгонбаяр:янз бүрийн “изм”-ээр зурж туршилт, тоглолт хийх дуртай 21 минутын өмнө
Бүтээлч school police эерэг хандлага түгээж байна 1 цагийн өмнө
“Хэл-Хил”-ээр монгол бахархлыг бүтээхүй 1 цагийн өмнө
В.Путин Персийн буланд айлчиллаа 1 цагийн өмнө
“Google” тэргүүлэгчээ батлан, Тэйлор Свифт оны хүнээр шалгарчээ 1 цагийн өмнө
Европын холбоо БНХАУ-тай харилцаагаа зузаатгахыг хүслээ 2 цагийн өмнө
Б.Солонгоо: СДМЭХ-ноос “Реформ ба эмэгтэйчүүд” сургалтыг орон даяар зо… 2 цагийн өмнө
Нотлох баримтаар далд эдийн засаг, нууц эздийг илчилсэн нүүрсний сонсг… 2 цагийн өмнө
Малчид, тээвэрчид, ард, иргэдийн анхааралд! 2 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна 2 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 2 цагийн өмнө
Монгол Улс анх удаа боловсролын чанараа үнэлүүлэв 2023/12/08
Б.Анар: Эрүүл мэнд, байгаль орчны салбарт процессын дахин инженерчлэл … 2023/12/08
Ү.Төмөрхуяг: “Дулааны цахилгаан станц-4”-т эрсдэл хуримтлагдаад байна 2023/12/08
Эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хийж буй ажлууд 2023/12/08
Яагаад эрчим хүчээ хэмнэх ёстой вэ 2023/12/08
П.Товуудорж: Хэмнэлтийг дадал болгох үүднээс “Тогоо тохируулъя 17-22” … 2023/12/08
Ид ачааллын үе эхлээгүй ч “ДЦС-3” бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна 2023/12/08
М.Баярмагнай: Эрчим хүчээ хэмнэвэл оргил ачааллыг хүндрэлгүй давахад д… 2023/12/08
Э.Түвшинчулуун: Эрчим хүчний салбар 2023 онд 74 орчим тэрбумын алдагда… 2023/12/08