Амьсгалын замаар дамжин халдварладаг, бага насны хүүхэд зонхилон өвдөх эрсдэлтэй улаанбурхан, улаанууд халдварын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Өнгөрсөн онд 182 улсад улаанбурхан өвчний 172 мянган тохиолдол бүртгэгдсэн бол он гарснаас хойш ОХУ, БНХАУ, Энэтхэг, Индонез, Филиппин зэрэг 130 гаруй улс оронд энэ төрлийн өвчний дэгдэлт нэлээд их бүртгэгдээд буй. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард хил залгаа ОХУ-ын Буриадын Хиагт хотод улаанбурхан халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улсын хувьд одоогоор энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөн орж ирэх, тархах эрсдэл өндөр байгаа тул үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү нэмэлт дархлаажуулалтыг өнгөрсөн хавар эхлүүлсэн. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2023 оны тавдугаар сарын 26-ны өдрийн А/188 болон Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын А/86 тоот тушаалын дагуу энэхүү нэмэлт дархлаажуулалтыг өнгөрсөн хавар буюу тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 23 хүртэлх хугацаанд зохион байгуулж, арван сартайгаас найман нас хүртэлх хүүхдүүдийг хамруулсан. Тухайн үед улаанбурхан, улаануудын халдварын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдаагүй үлдсэн хүүхдүүдийг энэ удаад хамруулж байгаа юм.
Бага насны хүүхдүүдэд улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакциныг жил бүр хийдэггүй. Харин өвчний халдвар гарч, дэгдэлт нэмэгдсэн тохиолдолд нэмэлт дархлаажуулалтыг зорилтот насныхны дунд зохион байгуулдаг байна. Энэ жишгийн дагуу тухайн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нэмэлт дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгтэйгээ хамтран зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг анхан шатны байгууллага буюу өрхийн эрүүл мэндийн төв ямар зохион байгуулалттай, хэрхэн ажиллаж буйтай танилцахаар Баянгол дүүргийн XXII хорооны “Сайнчагнуур” өрхийн эрүүл мэндийн төвийг зорилоо. Тус төвийн тухайд өөрийн харьяанд байдаг 1250 хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ёстойгоос өнгөрсөн хавар 550 орчмыг нь хамруулжээ. Харьцангуй цөөн тоогоор хамрагдсан нь тухайн үед ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг амарсан байсантай холбоотой аж. Тиймээс тус өрхийн эрүүл мэндийн төвийнхөн байнгын болон явуулын цэг буюу айл өрхүүдээр явж зорилтот насны хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан байна.
Г.Үүрцайх: улаанбурханы вакцин халдвараас сэргийлнэ
Баянгол дүүргийн XXII хорооны “Сайнчагнуур” өрхийн эрүүл мэндийн төвийнхөн энэ удаад ямар зохион байгуулалттай ажиллах талаар болон вакцинтай холбоотой зарим зүйлийг тус төвийн их эмч Г.Үүрцайхаас тодрууллаа.
-Та бүхэн энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтыг ямар зохион байгуулалттай хийж гүйцэтгэх гэж байна вэ?
-Одоогоор ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгээс энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдийнхээ тоо, мэдээллийг авах, мөн вакцинаа татах зэргээр бэлтгэл ажлаа хангаж байна. Ирэх долоо хоногоос вакцинаа хийж эхэлнэ. Манай эмнэлэгт XXII хорооны өрх айлууд харьяалагддаг тул бид ерөнхий боловсролын 113 дугаар сургууль дээр очиж, ажиллана. Ингэхдээ тухайн сургуулийн эмчээс вакцинд хамрагдах насны хүүхдүүдийн нэрсийг авч, шүүж үзээд өнгөрсөн хаврын нэмэлт дархлаажуулалтад хамрагдаагүй үлдсэн хүүхдүүдийг энэ удаад хамруулна.
-Эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрлийг ямар байдлаар авч байгаа вэ?
-Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг ямар шалтгаан үндэслэл, албан тоот, тушаалын хүрээнд зохион байгуулж буй тухай мэдээллийг багтаасан танилцуулах хуудас бий. Түүнтэй эцэг эх, асран хамгаалагчид танилцаж, зөвшөөрсөн тохиолдолд гарын үсэг зурж баталгаажуулна. Үүний дараа тухайн хүүхдэд вакцин хийнэ.
-Товлолт вакциндаа буюу есөн сар болон хоёр настайдаа энэ төрлийн өвчний эсрэг вакцин хийлгэсэн тохиолдолд яах вэ. Дахиж нэмэлтээр хийлгэх шаардлагатай юу?
-Хэрэв товлолын дагуу хоёр настайдаа улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг вакцин хийлгэсэн бол тухайн настнууд дахиж нэмэлтээр хийлгэх шаардлагагүй. Хоёр настайдаа хийлгэсэн хэрнээ одоо гурав юм уу дөрвөн настай болсон бол тухайн хүүхэд нэмэлт дархлаажуулалтад хамрагдана гэсэн үг.
-Улаанбурханы халдварын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхэд тухайн өвчнөөр өвдсөн тохиолдолд ямар эрсдэл гарах бол?
-Тухайн хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалж халдварын явц харилцан адилгүй хүнд, хөнгөн, хэвийн гэсэн гурван хэлбэрээр явагддаг. Вакцин хийлгэсэн хүүхдийн хувьд улаанбурханы халдвар тусах магадлал маш бага, 99 хувь хамгаална гэж үздэг. Вакцин хийлгэсэн тохиолдолд энэ өвчнөөр өвчилбөл халдварын явц хөнгөн байна.
-Ханиадны эсрэг вакциныг хэзээ хийж эхлэх вэ. Ер нь вакцин тухайн халдварт өвчнөөс бүрэн хамгаалж чаддаг уу?
-Томуу, томуу төст халдварын эсрэг вакциныг аравдугаар сард хийж эхэлнэ. “Вакцин хийлгэсэн ч гэсэн ханиад хүрдэг юм билээ” гэж эцэг эхчүүд дургүйцдэг. Томуу өөрөө вирусээр үүсгэгддэг өвчин. Гэтэл вирус тодорхой хугацаанд өөрийнхөө хэв шинжийг өөрчилж, хувьсаж өөрчлөгддөг. Тэгэхээр тухайн вакцин маань томуу үүсгэж буй үндсэн, тодорхой хэдэн нэр төрлийн вирусийн эсрэг үйлчилж, хамгаалдаг. Харин бусад хүрээний, өөр төрлийн вирусээс хамгаалах боломжгүй гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ер нь иргэд, олон нийтийн дунд “Вакцин хийлгэх шаардлагагүй. Манай хүүхэд ингэсэн, тэгсэн” гэх мэт өрөөсгөл ойлголт их байдаг. Вакциныг 3-10 жилийн хугацаанд эмнэлзүйн туршилт, судалгаа, тандалт гэх мэт бүх үе шатаар дамжуулж, хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд хэрэглээнд нэвтрүүлдэг. Тиймээс ам дамжсан үндэслэлгүй ярианд итгэж, вакцинаас татгалзаж, хүүхдийнхээ эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг анхааруулж, товлолт болон нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.
-Вакцин хийлгэсэн тохиолдолд хэдэн жилийн дархлаа тогтдог вэ?
-Ерөнхийдөө дийлэнх вакцин тухайн хүнд 20-25 жилийн дархлаа тогтооно гэж үздэг. Ямар нэгэн вакцинд хамрагдсан хүмүүс ХӨСҮТ-д шинжилгээ өгч, дархлаа тогтсон эсэхийг шалгуулж болдог. Хэрэв дархлаа тогтоогүй эсвэл суларсан тохиолдолд нэмэлт дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Товлолт вакцин хийлгэсэн хоёр настан нэмэлт дархлаажуулалтад хамрагдахгүй байж болно
Манай улс улаанбурхан өвчний эсрэг нэг цэн вакциныг 1973 онд, улаанбурхан, улаануудын эсрэг буюу хоёр халдварт өвчний эсрэг вакциныг нэвтрүүлээд 34 жил болжээ. Сүүлийн 15 жилд улаанбурхан, гахайн хавдар, улаанууд гэсэн гурван халдварт өвчний эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулж буй. Ингэснээр буюу 1989 оноос хойш тухайн халдварын дэгдэлтийн тоо буурчээ. Үүнээс өмнө улаанбурхан өвчний дэгдэлт 1973-1989 онд гурваас дөрвөн жилийн давтамжтай бүртгэгдэж байжээ.
Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 15 нас хүртэлх хугацаанд товлолын вакцинд хамруулдаг. Үүнд улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг вакцин багтдаг тул тус вакцины нэгдүгээр тунг есөн сартайд, хоёрдугаар тунг хоёр настайд нь хийдэг байна. Энэхүү товлолын дагуу тус вакциныг хийлгэсэн хоёр настнууд нэмэлт дархлаажуулалтад хамрагдахгүй байж болох юм. Мөн сүүлийн нэг сарын дотор бусад төрлийн вакцин тариулсан бол улаанбурхан, улаанууд халдварын эсрэг вакцин хийлгэхгүй гэдгийг эцэг эх, асран хамгаалагчдад өгч буй мэдээллийн хуудаст анхааруулжээ. Улаанбурхан, улаанууд халдварын эсрэг вакцин хийлгэсэн тохиолдолд тухайн хүүхдийн биеийн онцлогоос хамаарч бага зэрэг халуурахаас өөр ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүйг холбогдох мэргэжлийн хүмүүс тодотголоо. Мөн вакцин хийлгэснээс хойш гурав хоногийн хугацаанд хүүхдээ усанд оруулахгүй, дааруулахгүй, хүйтэн зүйл идүүлж, уулгахгүй байх, 37.5 хэмээс дээш халуурсан тохиолдолд эм өгөх эсвэл лаа хийхийг зөвлөв.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24566/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна