Онцгой дэглэм, онцгой бүрэн эрхт төлөөлөгчтэй долоо хоног


Уулын орой цантаж, Туулын хөвөө жавар­лаж, хэзээ мөдгүй хүйтрэхийг сануулж байна. Гэвч дүн өвлөөр монгол­чууд гал алдахвий гэсэн болгоомжлолтойгоор шинэ долоо хоногийг угтлаа. Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар цар тахлын үед хамгийн хүнд ачааг үүрч, монголчууд цахилгаан, дулаан, уураа үнэ төлбөргүйгээр хэрэглэсэн. Эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оролгүйгээр дөрвөн жил өнгөрч байна. Энэ хугацаанд ам.долларын ханш, усны үнэ, шатахуун, шатах, тослох материалын үнэ огцом нэмэгдэж, эрчим хүчний компаниуд алдагдал хүлээж эхэлжээ. 

Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны алдагдал 2019 онд 59.3 тэрбум, 2020 онд 88.8 тэрбум, 2021 онд 77.8 тэрбум төгрөг байсан бол 2022 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байгаа юм. Тиймээс ирэх сарын 1-нээс эрчим хүчний үнэ тарифыг нэмэх, ингэхдээ айл өрхүүдийн эрчим хүчний үнийг нэмэхгүйгээр албан байгууллагуудын үнэ тарифт өөрчлөлт оруулах шийдвэр гаргаснаа салбарын сайд мэдэгдлээ. 


Өнгөрсөн долоо хоногт “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон энэ чуулганд хөдөө орон нутгаас малчид ирж оролцон, санал бодлоо илэрхийлсэн. Монгол Улс 67 сая малтай. Гэхдээ энэ 67 сая малыг 300 гаруй мянган малчин маллаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцолж, 2021 онд л гэхэд 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялаг бүтээсэн малчдаа төрөөс онцгой анхаарч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм. Төрийн ордонд төсөв тойрсон маргаан, мэтгэлцээн үргэлжилсээр байна. 

Зарим гишүүн Монгол Улсын Засгийн газраас 2023 онд төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн атлаа Барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээвэр хөгжлийн яамны урсгал зардлууд нэмэгдсэнд багагүй бухимдалтай байгаа. Тиймээс холбогдох яамд тайлбар мэдээлэл өглөө. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Салбарын сайдын багц өссөн дүнтэй байгаагийн гол шалтгаан нь Хөшигийн хөндий буюу “Шинэ зуунмод” хотын бүтээн байгуулалтын ажилд 171.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг туссантай холбоотой. Үүнээс 2023 онд 66.9 тэрбум, үлдэгдэл нь 2024 онд санхүүжихээр төлөвлөсөн” гэж мэдэгдсэн юм. 

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 228 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлсэн. Тухайлбал, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 41 тэрбум, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд 40 тэрбум, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 67 тэрбум, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд 17 тэрбум төгрөг гээд нийтдээ 228 тэрбум төгрөгөөр урсгал зардал нэмэгдсэн гэдэг тайлбар өглөө. 

Төрийн албан хаагчид Улсын Их хурлын Төрийн байгуу­лалтын байнгын хороогоор хэлэлцэж байгаа Төрийн албаны тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төслийг тун анхааралтай ажиглаж байна. Энэ хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад сум, тосгон, багт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад таван жил тутамд нэг удаа буцалтгүй тусламж олгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай заалтууд орж байгаа учраас арга ч үгүй биз. Нийслэл болон аймгийн төвд төрийн албанд ажилд орох гэж бараг л “дайн” болдог. Тэгвэл хөдөө орон нутаг, сумдад төрийн албан хаагч олдохгүй байгаа гэнэ. Улсын хэмжээнд төрийн 1338 албан хаагчийн орон тоо сул байгаа юм байна. 


Өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан яалт ч үгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой асуудал байлаа. Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хуга­цаатай онцгой дэглэм тогтоож, онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ. 

Хил гаалиар ямар ч бүртгэлгүй машинууд нүүрс тээвэрлэж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн хавраас эхлэн цацагдаж, АТГ-ынхан Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч н.Доржжүгдэр нарыг цагдан хорьж байсан удаатай. Тиймээс Засгийн газрын хуралдаанаас тогтоо­сон онцгой дэглэм томоохон авлига, албан тушаалын гэмт хэрэгт­нүүдийг илчлэх боломж олгоно гэж олон хүн ярьж байна. Учир нь, Засгийн газраас онцгой бүрэн эрхт тө­лөө­лөгч томилохдоо “Тавантолгой нүүрсний ордоос нүүрс ачиж, тээвэрлэх, хил нэвтрүүлэхэд бүхий л хяналтыг сайжруулах, компанийн үйл ажиллагаанд иж бүрэн хам­тар­сан хяналт шалгалт хийх, шаардлагатай бол холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрхийг олгоод байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт цаг­даагийн байгуулж нийслэл хотын хэмжээнд нууц, далд аргаар зохион байгуу­лагдаж байгаа хуулиар хориг­лосон мөрийтэй тоглоомуудыг илрүүлэн таслан зогсоох, урьд­­чилан сэргийлэх зо­рил­­­гоор хяналтын арга хэм­жээ зохион байгуулсан. Шалгалтын явцад Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо “LC tower” байрны тоот гурван өрөө байрын Б гэгчээс түрээс­лэн, мөрийтэй /покер/ тог­лоом тоглож байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Тухайн байранд мөн хар тамхи, мансууруулах бодис байс­ныг эд мөрийн баримтаар хураан авч, шалгаж байна. Энэ хэрэгт Ж.Энхжаргалан, АН-ын дарга С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс, Гавьяат тамир­чин Б.Наранбаатар нар холбогд­сон тухай мэдээлэл сошиал орчинд шуугиан тарьж байна. 

АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга Д.Ганбат энэ долоо хоногт ээлжит хурлаа уламжлал ёсоор хийлээ. Гэхдээ ямар нэг шинэ содон мэдээлэл хийсэнгүй. Тэрбээр энэ удаа бас л намынхаа нөхдийг баалж, “АН үнэт зүйл, үзэл баримтлалдаа нэгдье гэдэг ч манай намын зарим хүн МАН-ын дарга нарын үүдэнд сууж байгаад АН-ын дарга болох гэсэн бодолтой байдаг. 

АН-ын бүлэг хэвийн үйл ажиллагаа явуулж чадахаа больсон” гэдэг учир битүүлэг ч гэмээр гомдлоо дахин илэрхийлээд авлаа. Уг нь Засгийн газраас 2023 оны улсын төсөвтэй холбогдуулан АН-тай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч хоёр тамгатай, хоёр даргатай болчихоод байгаа АН энэ удаа бас л тамга тэмдгийнхээ хэрүүлээс болж энэ ажлаас хойш сууж байх шиг байна. 

Ардчилсан залуучуудын холбооноос Авлигатай тэмцэх газарт шаардлага хүргүүлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нь “Ардчилсан намын Ерөн­хий нарийн бичгийн дарга И.Мөнх­жаргалд албан бичиг явуулсан. албан ёсны тамга, гэрчилгээгүй, Ард­чил­сан намыг төлөөлөх эрх­гүй этгээ­дэд албан бичиг өгчих­лөө” гэж гомдоод АТГ-т гом­дол гаргаж байгаа юм байх. АН-ын дарга хэн бэ гэдгийг АН-ын дарга нар нь ч өөрсдөө мэдэ­хээ больсон гэдэг үг хий хоосон худал үг биш бололтой. 

 Б.Нүүдэл

 Эх сурвалж: Монголын үнэн №042/24523/


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эх… 5 цагийн өмнө
Хамтын ажиллагааны талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ 15 цагийн өмнө
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” к… 15 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 15 цагийн өмнө
“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжэ… Өчигдөр
Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалт… Өчигдөр
Д.Сарандулам: Бид таныг дэлхийн боловсрол эзэмшихэд гүүр болж чадна Өчигдөр
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй 2024/09/17
Монголбанк инфляцыг таван хувь болгох зорилт дэвшүүлжээ 2024/09/17
Амьдралын тойрог буюу “Хорооллын нас” 2024/09/17
Энэ жил 429 мянган тонн улаанбуудай хураан авахаар тооцоолжээ 2024/09/17
Л.Баяр: Дэлхийн II дайн Халхын голд эхэлсэн юм 2024/09/17
“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ 2024/09/17
Нарны эрчим хүчийг ашиглан цөлжилтийн эсрэг төсөл хэрэгжүүлжээ 2024/09/17
Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анха… 2024/09/17
УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь… 2024/09/16
Сөүлийн бүсгүй ба "Ягсүг" 2024/09/16
​ Ойд төөрсөн бич ба зэрлэг хүн 2024/09/16
Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа 2024/09/16
Б.Мөрөн: Сонгодог урлагт бага багаар уусан дурлаж байна 2024/09/16